2000–2009
Хэдийгээр тэгэхгүй байсан ч …
2004 оны 4-р сар


Хэдийгээр тэгэхгүй байсан ч …

Хүмүүн Их Эзэнд итгэж, Түүний зарлигуудыг сахиж, Их Эзэн тэднийг хэрхэн төлөвшүүлж байгааг мэдэхгүй ч итгэлээ хөгжүүлснээр гайхамшигт зүйлсийг гүйцэлдүүлдэг.

Би залуу эрэгтэй байхдаа 8-р ангийн сагсан бөмбөгийн тэмцээнээс урам хугарч, сэтгэлээр унан, бухимдсаар харьсан юм. Би ээждээ “Бид яагаад хожигдсоныг ойлгохгүй нь ээ—Хожно гэж итгэж байсан юм сан!” гэж шууд хэлж орхив.

Тухайн үед би итгэл гэж юу болохыг мэддэггүй байснаа одоо ойлгосон.

Итгэл нь бусдад гайхуулдаг зориг биш, хүсэл мөрөөдөл эсвэл найдвар төдий зүйл биш юм. Жинхэнэ итгэл нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Есүс Христэд итгэж найдах явдал байдаг бөгөөд Түүнийг дагахад хөтөлдөг.1

Олон зууны өмнө Даниел болон түүний нөхдийг гэрээс нь гэнэт авч явж, үл мэдэх, айж сүрдмээр газарт аваачжээ. Шадрах, Мешах, Абеднего нар хааны босгосон алтан хөрөгт сөгдөж, мөргөхөөс татгалзсан учир хилэгнэсэн Небухаднезар хаан тэдэнд тушаасны дагуу мөргөхгүй байвал дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана гэж хэлсэн. “Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ?”2

Тэр гурван залуу эр итгэлтэйгээр “[Хэрэв та биднийг зууханд хаявал] бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна” хэмээн даруй хариулсан. Энэ яг л миний наймдугаар ангид байх үеийн итгэл шиг сонсогдож байгаа. Гэхдээ тэд итгэл гэж юу болохыг бүрэн ойлгосноо дараа нь харуулсан юм. Тэд цааш нь “Хэдийгээр тэгэхгүй байсан ч, … бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй”3 гэв. Энэ нь жинхэнэ итгэлийг харуулдаг.

Тэд найдаж байснаар нь болохгүй байсан ч Бурханд итгэж болно гэдгийг мэдэж байсан.4 Тэд итгэл бол санал нийлэхээс, Бурхан амьд гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс ч илүү гэдгийг мэдэж байв. Итгэл бол Түүнд бүрэн итгэх явдал.

Итгэл бол Түүний ойлгодог бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. Итгэл бол бидний хүч чадал хязгаарлагдмал боловч Түүнийх тийм биш гэдгийг мэдэж байхыг хэлнэ. Есүс Христэд итгэх итгэл нь Түүнд бүрэн дүүрэн найдахаас бүрдэнэ.

Шадрах, Мешах, Абеднего нар Түүний төлөвлөгөөг болон Тэр өөрчлөгддөггүй гэдгийг мэдэж байсан болохоор Түүнд үргэлж найдаж болно гэдгийг мэдэж байсан.5 Тэд бидний адил мөнх бус амьдрал нь байгаль дэлхийн санамсаргүй алдаа биш гэдгийг мэдэж байв. Энэ нь хайрт Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн охид, хөвгүүд болох бидэнд Өөрийн таалдаг тэрхүү адислалуудыг хэрэв бид хүсвэл хүртэх боломжийг өгдөг агуу төлөвлөгөөний багахан хэсэг юм.6

Тэрээр мөнх бус амьдралын зорилгыг өмнөх амьдралд бидэнд заасан гэдгийг тэд бидний адил мэдэж байсан. “Дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно; мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно.”7

Тиймээс энэ амьдрал бол сорилт. Энэ дэлхий бол мөнх бус эмэгтэй, эрэгтэйчүүдийг сорих газар юм. Бид энэ бүхэн Тэнгэрлэг Эцэгийн маань биднээс авч буй шалгалт гэдгийг, Тэрээр биднийг Өөрт нь итгэж, бидэнд туслах боломжийг Өөрт нь олгоосой хэмээн хүсдэг гэдгийг ойлгосон цагтаа бид бүх зүйлийг илүү сайн олж харах болно.

Тэрээр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал” бол Түүний ажил мөн алдар суу хэмээн бидэнд хэлсэн.8 Тэрээр бурханлаг мөн чанарыг аль хэдийн олж авсан. Одоо Түүний цорын ганц зорилго бол бидэнд туслах буюу Түүнд эргэн очиж, Түүнтэй адил болж, Түүний амьдралаар мөнхөд амьдрах боломжийг олгох явдал юм.

Энэ бүгдийг мэддэг болохоор гурван еврей залууд шийдвэр гаргахад хэцүү байгаагүй. Тэд Бурханыг дагаж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхээр шийдсэн. Тэд хэдийгээр тэгэхгүй байсан ч, … Тэрээр тэднийг чөлөөлөх байсан бөгөөд бид энэ түүхийн төгсгөлийг мэднэ.

Их Эзэн бидэнд шийдэх эрх, үүрэг болох сонгох эрхийг өгсөн билээ.9 Тэрээр бидэнд соригдох боломжийг олгосноор биднийг шалгаж, хэрээс маань хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрөхгүй гэдгээ батлан хэлсэн.10 Гэвч бид агуу сорилтууд агуу хүмүүсийг бий болгодгийг ойлгох хэрэгтэй. Бид зовлон бэрхшээлийг эрэлхийлдэггүй ч тэдгээрт итгэлээр хариу үзүүлэх юм бол Их Эзэн биднийг хүчирхэгжүүлнэ. Тэр бидэнд туслахгүй байх цаг үе нь гайхалтай адислалууд болох нь бий.

Төлөөлөгч Паул хэдэн арван жилийн турш номлолын ажил хийснийхээ дараа энэ чухал сургамжийг мэдэж аваад, “[Бид] зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон тэвчээрийг; тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй”11 гэж тунхагласан.

Их Эзэн түүнд “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог”12 хэмээн айлдсан.

Паул хариуд нь “Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. … Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг”13 гэж хэлжээ. Паул Их Эзэний арга замаар сорилтуудыг даван туулахад итгэл нь өсөн нэмэгдсэн билээ.

Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв.”14 Абрахам агуу итгэлийнхээ улмаас тэнгэрийн оддоос ч илүү олон үр удамтай болохоор амлагдсан бөгөөд үр удам нь Исаакаар дамжин ирэх байлаа. Абрахам Их Эзэний зарлигийг тэр даруй дагажээ. Бурхан Өөрийн амлалтыг Абрахамын хүссэн арга замаар биелүүлэхгүй байсан ч тэр Түүнд бүрэн итгэж байсан юм.

Хүмүүн Их Эзэнд итгэж, Түүний зарлигуудыг сахиж, Их Эзэн тэднийг хэрхэн төлөвшүүлж байгааг мэдэхгүй ч итгэлээ хөгжүүлснээр гайхамшигт зүйлсийг гүйцэлдүүлдэг.

Итгэлээр Мосе … Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.

Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.

Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. …

Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. …

Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. …

Итгэлээр Иерихогийн [хэрэм] … нуржээ.”15

Хүмүүс “итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, … амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,

галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.”16

Гэхдээ эдгээр үйл явдалд оролцогчдын найдсан, хүсэн хүлээсэн энэ бүх гайхамшигт үр дүнгийн зэрэгцээ Түүний туслаагүй цаг үе үргэлж байсан.

“Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.

Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.” 17

“Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урьдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.”18

“Бидний судрууд болон түүх Бурхан өөрсдийг нь чөлөөлнө гэдэгт итгэдэг, хэдийгээр тэгэхгүй байсан ч Түүнд итгэж, үнэнч байдлаа харуулдаг Бурханы агуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн түүхээр дүүрэн байдаг.

Түүнд чөлөөлөх хүч байдаг, харин энэ нь бидний сорилт юм.

Их Эзэн сорилт бэрхшээлийн талаар биднээс юу хүсэн хүлээдэг вэ? Тэрээр биднээс чадах бүхнээ хийхийг хүсдэг. Тэр үлдсэнийг нь хийдэг. Нифай “Учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу”19 гэж хэлсэн.

Бид Шадрах, Мешах, Абеднего нарын адил итгэлтэй байх ёстой.

Бидний Бурхан элэг доог, хавчлага мөрдлөгөөс биднийг чөлөөлнө, хэдийгээр тэгэхгүй байсан ч. … Бидний Бурхан өвчин, эмгэгээс биднийг чөлөөлнө, хэдийгээр тэгэхгүй байсан ч … Тэр биднийг ганцаардал, гутрал эсвэл айдсаас чөлөөлнө, хэдийгээр тэгэхгүй байсан ч. … Бидний Бурхан сүрдүүлэг, буруушаалт, аюултай байдлаас биднийг чөлөөлнө, хэдийгээр тэгэхгүй байсан ч. … Тэрээр хайртай хүмүүс маань үхэл эсвэл гэмтэл хохирол амсахыг үзэхээс биднийг чөлөөлнө, хэдийгээр тэгэхгүй байсан ч … бид Их Эзэнд итгэх болно.

Бидний Бурхан биднийг шударга ёс, тэгш байдалд байхыг харах болно, хэдийгээр тэгэхгүй байсан ч. … Тэр биднийг хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байхад анхаарах болно, хэдийгээр тэгэхгүй байсан ч. … Бид төгс хамтрагч, зөв шударга, дуулгавартай үр хүүхэдтэй болно, хэдийгээр тэгэхгүй байсан ч, … бид хэрэв чадах бүхнээ хийвэл Түүний цаг хугацаа, арга замын дагуу чөлөөлөгдөж, Түүнд байгаа бүхнийг хүлээн авах болно гэдгээ мэдэж авч, Их Эзэн Есүс Христэд итгэлтэй байх болно.20 Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.