2000–2009
Ямар ч эдийн засгийн үед хамаарах хоёр зарчим
2009 оны 10-р сар


2:3

Ямар ч эдийн засгийн үед хамаарах хоёр зарчим

Бидний зан чанарыг төлөвшүүлж, хувь тавиланд нөлөөлдөг шийдвэрлэгч ач холбогдол бүхий сургамжийг сорилт бэрхшээлээс олж авах нь олонтоо тохиолддог.

Бид дэлхий даяарх Сүмийн гишүүдийнхээр айлчлах үедээ, санваарын удирдагчдаар дамжуулан гишүүдийнхээ нөхцөл байдлын талаар болон тэдэнд тохиолдож буй сорилт бэрхшээлийн талаар анхан шатны мэдээллийг авдаг. Олон жилийн туршид манай олон гишүүн байгалийн болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий даяар үүссэн гамшгуудад нэрвэгдсээр ирсэн. Өрх гэрүүд зардлаа багасгах шаардлагатай болж мөн эдгээр хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулах талаар санаа зовж байгааг бид ойлгож байна.

Ах нар аа, та бүхэн бидний сэтгэл зүрхэнд ойр дотно байдаг. Бид та нарт хайртай бас та нарын төлөө үргэлж залбирдаг. Би амьдралынхаа туршид хангалттай сайн мууг үзсэн болохоор өвөл нь шинэ хаврын урин дулаанд төдийгүй найдварт өөрийн эрхгүй зам тавьж өгдөг гэдгийг мэднэ. Би ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй. Ах нар аа, өөрсдийнхөө талаас, бид тууштай найдан, бүхий л хүч чадлаараа хөдөлмөрлөж, Бурханд итгэх ёстой.

Тодорхой бус ирээдүйнхээ талаар сэтгэл зовнин түгшиж байсан, амьдралынхаа тэр нэгэн цаг үеийн талаар би сүүлийн үед бодож байв. Тэгэхэд би 11 настай, Германы Франкфуртын ойролцоох фермийн нэгэн байшингийн дээврийн хөндийд гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байлаа. Бид хэдхэн жилийн дотор хоёр ч удаа дүрвэж, өмнөх гэр орноосоо хол, шинэ газарт төвхнөх гэж хичээж байв. Бид ядуу байсан гэж хэлж болох ч бүр тартагтаа тулчихсан байсан гэх нь ч хаашаа юм. Орнуудаа тойроод гарчих зайгүй, жижигхэн умгар өрөөнд бид бүгдээрээ унтдаг байлаа. Нөгөө нэг жижигхэн өрөөнд хэдэн энгийн тавилга, ээжийн маань бидэнд зориулан хоол хийдэг байсан зуух байдаг байв. Нэг өрөөнөөс нөгөө рүү орохын тулд бид фермийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр дүүрэн агуулах дундуур гардаг байсан. Мөн яс модноос дүүжилж, ангилсан мах, хиамны үнэр ходоодыг маань улам хоржигнуулдаг байж билээ. Бидэнд угаалгын өрөө байгаагүй. Шатаар доош бууж, 15 метр орчим хол явж жорлонд хүрдэг байсан ба өвлийн цагт бүр хол болсон мэт санагддаг байв.

Би дүрвэгч байснаас гадна мөн зүүн Германы аялгаар ярьдаг байсан болохоор намайг бусад хүүхэд шоолж тохуурхан, янз бүрийн нэр хочоор дууддаг байсанд ихэд гомддог байлаа. Миний өсвөр үеийн бүхий л цаг үеэс энэ цаг үе л хамгийн шантармаар үе байсан гэдэгт би эргэлздэггүй.

Тэр цагаас хойш хэдэн арван жилийн дараа, эдүгээ би тэр үеийг туршлага суусан хүний нүдээр арай зөөлрүүлэн эргэн хардаг. Би цөхөрч, гомддог байснаа санадаг ч тэр үед харж чадахгүй байсан юмыг одоо харж байгаа нь, тэр жилүүд бол хувийн агуу өсөлт хөгжлийн үе байсан явдал юм. Тэр жилүүдэд манай гэр бүл бие биетэйгээ улам дотноссон. Би аав, ээж хоёроо ажиглан харж, тэднээс суралцсан. Аав, ээж хоёрынхоо өөдрөг үзэл, тэсвэр хатуужлыг би бахдан биширч байлаа. Итгэл, зориг, тэсвэр хатуужлаар бэрхшээлийг даван туулж болдгийг би тэднээс сурсан юм.

Би та нарын зарим нь сэтгэл санааны түгшүүр, цөхрөлийг туулж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор амьдралын маань энэхүү өсөлтийн үед надад тусалсан хоёр чухал зарчмын талаар өнөөдөр ярихыг хүсэж байна.

Эхний зарчим бол ажил хөдөлмөр юм.

Дэлхийн II дайны дараа бүх зүйлээ алдсан ч манай гэр бүлийнхэн хэрхэн ажиллаж байсан нь өнөөдөр ч миний гүн гайхширлыг төрүүлдэг. Аав минь боловсролтой, туршлагатай боловсролын ажилтан байсан ч нүүрсний болон ураны хүдрийн уурхайд уурхайчин, механик, ачааны машины жолооч зэрэг нэлээд хэдэн хүнд хүчир ажил хийдэг байв. Аав минь гэр бүлээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын тулд өглөө эрт бараг үүрээр ажилдаа явж, шөнө харанхуй болсон хойно ирдэг байлаа. Ээж хувцас угааж, биеийн хүчний ажил хийн, хоёр нарны хооронд борви бохис хийлгүй ажилладаг байв. Ээж минь эгч бид хоёрыг өөрийнхөө ажилд туслуулдаг байсан. Би дугуйгаа унаад, угаалгах хувцас очиж авдаг мөн угаасан хувцас хүргэж өгдөг байв. Гэр бүлдээ бага ч болов тусалдаг байсан нь надад сайхан санагддаг байсан ба тэр үедээ мэдээгүй ч биеийн хөдөлмөр хийж байсан маань миний эрүүл мэндийг бас адисалсан билээ.

Амархан байгаагүй ч ажил хөдөлмөр маань биднийг нөхцөл байдлынхаа хүнд хэцүү дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй байхад тусалсан. Бидний нөхцөл байдал тэр даруй өөрчлөгдөөгүй ч эцэст нь өөрчлөгдсөн. Ажиллаж хөдөлмөрлөхийн амт шимийг хүртэнэ гэдэг бол энэ шүү дээ. Бид тууштай, тогтмол байх юм бол юмс сайжран дэгжих нь дамжиггүй.

Ажиллаж хөдөлмөрлөхийг мэддэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдээр би хэчнээн их бахархдаг гэж санана! Их Эзэн хөдөлмөрлөгчдөд хэчнээн их хайртай байдаг гээч! “Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ”1 Хөдөлмөрлөгч нь хөлс шангаа хүртэх нь зохистой бөлгөө2 хэмээн Тэрээр хэлжээ. Мөн Тэрээр “хадуураараа бүх сэтгэлээрээ хадагтун, мөн нүглүүд чинь чамд өршөөгдсөн авай”3 хэмээх амлалтыг өгсөн. Ханцуйгаа шамлан, зөв зохистой зорилгын төлөө өөрсдийгөө үл хайхрахаас айдаггүй хүмүүс гэр бүл, нийгэм, улс орон, Сүмээ адисалдаг.

Чадлынхаа хэр хэмжээнээс хэтрүүлэн ажиллахыг Их Эзэн биднээс шаарддаггүй. Тэрбээр бидний хүч чармайлтыг бусдынхтай харьцуулдаггүй (бид ч бас ингэх ёсгүй). Тэнгэрлэг Эцэг биднээс өөрсдийн чадах бүхнийг хийхийг мөн их, бага хамаагүй, өөрсдийн бүхий л чадавхаар ажиллаасай хэмээн хүсдэг билээ.

Ажил хөдөлмөр бол сэтгэл санааны зовлонг эдгээгч, уй гашууг илааршуулагч, боломжийг нээгч үүд хаалга. Эрхэм хүндэт ах нар минь, амьдралын нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран чадах бүхнээ хийж, хийж байгаа бүхэндээ гарамгай гэдгээ харуулцгаая. Шинэ өдөр бүрийн авчрах ажил хөдөлмөрийн агуу боломжинд оюун ухаан, бие махбодоо бэлдэцгээе.

Тэрэг маань шаварт суулаа гэхэд, дуу хадаан, уран цэцэн үгс урсган залбирч байгаа хүнд биш, харин тэргээ араас нь түрэхээр бууж байгаа хүнд Бурхан туслах нь илүү магадлалтай болов уу. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Зөвхөн хүчин чармайлт гаргахыг хүсээд, бид хичээх болно гэж хэлэх хангалтгүй. … Бид зөвхөн бодсоноор биш, гол нь хийснээр зорилгоо гүйцэлдүүлж чадна. Бид тавьсан зорилгоо үргэлж хойшлуулаад байвал биелэгдэхийг нь хэзээ ч харахгүй4 гэжээ.

Ажил хөдөлмөр хүнийг өөд татаж, хөгжүүлж, амьдралын хэрэгцээт зүйлсээр хангадаг ч “хэрэгцээг чинь хангаж чадахгүй зүйлд хөдөлмөрөө бүү үр”5 хэмээсэн Иаковын сэрэмжлүүлгийг санаарай. Бид гэр бүл, сүнсний өсөлт хөгжлөө гаргуунд нь хаяж, дэлхийн эд баялаг цуглуулан, олны дунд нэрд гарахын төлөө хамаг байдлаа зориулах юм бол мунхаг хүний наймаа хийснээ тун удалгүй ухаарах болно. Бидний гэр орондоо хийдэг зөв шударга ажил үйлс хамгаас эрхэм ариун бөгөөд үр нөлөө нь мөн чанараараа үүрд мөнхийнх юм. Энэ ажлыг өөр хүнээр хийлгүүлэхээр даалгаж болохгүй. Энэ бол санваар атгагч бидний ажлын үндэс суурь юм.

Бид энэ дэлхий дээр зөвхөн түр хугацаагаар аялж яваа гэдгээ битгий мартаарай. Бурханы өгсөн авьяас чадвар, эрч хүчийг гагцхүү дэлхийд хэрэгтэй зангууг суурилуулахад зориулахгүйгээр, харин өөрсдийн өдрүүдийг сүнсний өсөлт хөгжлөө дээд зэргээр хангахад зориулцгаая. Бүхнээс Дээд Бурханы хөвгүүдийн хувьд биднийг тэнгэрийн шинэ мандалд хүртэл элин халин нисгэхийн тулд бүтээсэн.

Одоо над шиг ахмад настай ах нартаа хандаж хэдэн үг хэлье. Тэтгэвэрт гарна гэдэг Их Эзэний аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг биш шүү. Нас, бие махбодын чадвараас үл хамааран санваарын хариуцлагаас чөлөөлдөг хүндэтгэлийн буюу тэтгэврийн насныханд зориулсан хөтөлбөр гэж байхгүй. “Хорвоог элээж, хийх юмаа хийсэн хүн” гэдэг үг зам дээр тэшүүрээр гулсахаас зайлсхийх, мотоцикл унах урилгыг хүлээж авахгүй байх эсвэл зоогийн газарт халуун ногоотой карри идэхгүй байх шалтгаан байж болох ч өөрсдийн цаг зав, авьяас чадвар, нөөц боломжийг Бурханы хаант улсын ажилд зориулах гэрээний хариуцлагаасаа зайлсхийх шалтгаан байж таарахгүй.

Олон жилийн турш Сүмд үйлчилснийхээ дараа, бусад хүн ажлын хүндийг нугалж байх хооронд би хэсэг хугацаагаар амрах эрхтэй гэж зарим хүн боддог байж магадгүй. Шулуухан хэлэхэд, ах нар минь, иймэрхүү бодолтой байх нь Христийн шавийн хувьд зохисгүй юм. Энэ дэлхий дээрх бидний ажлын томоохон хэсэг бол эцсээ хүртэл баяр баясгалантайгаар, амьдралынхаа өдөр бүр тэвчих явдал шүү дээ.

Одоо, боловсрол эзэмшиж, мөнхийн ханиа эрж олох шударга зорилгоо биелүүлж яваа Мелкизедек санваартан залуухан ах нартаа хандаж хэдэн үг хэлье. Ах нар минь, эдгээр нь зөв зорилгууд. Гэвч ах нар минь, Их Эзэний жимсний цэцэрлэгт шаргуу хөдөлмөрлөх нь та бүхэнд илүү их боломж олгоно гэдгийг мөн энэ нь дээрх хоёр зохистой зорилгодоо амжилттай хүрэх боломжийг тань нэмэгдүүлнэ гэдгийг санаарай.

Та хамгийн залуухан дикон байна уу, хамгийн өндөр настай дээд санваартан байна уу хамаагүй, хийх ажил байна шүү.

Хоёр дахь зарчим бол суралцах

Дайны дараа Германы эдийн засаг хүнд нөхцөл байдалтай байх үед боловсрол эзэмших боломж одоогийнх шиг элбэг дэлбэг байгаагүй. Боломж хязгаарлагдмал байсан ч би сурах хүсэл эрмэлзлээр ямагт дүүрэн байдаг байлаа. Нэг өдөр би дугуйгаараа угаасан хувцас хүргэж өгөхдөө ангийнхаа нэг хүүхдийн гэрт орсноо санаж байна. Нэг өрөөнд хоёр жижигхэн ширээг хананд тулган тавьсан байлаа. Тэр нь ямар сайхан харагдсан гээч! Тэр хүүхдүүд өөрсдийн гэсэн ширээтэй, ямар азтай хүүхдүүд вэ! Би тэр хүүхдүүдийг ширээнийхээ ард суугаад, даалгавраа хийж, хичээлээ давтан, ном уншиж байгаагаар төсөөлөн бодож билээ. Өөрийн гэсэн сурагчийн ширээтэй байх нь дэлхий дээрх хамгийн сайхан зүйл мэт надад санагдаж байсан.

Тэр хүсэл минь биелэгдэх хүртэл би удаан хүлээх хэрэгтэй болсон юм. Би олон жилийн дараа, маш том номын сантай нэгэн судалгааны хүрээлэнд ажилд орлоо. Чөлөөт цагийнхаа ихэнхийг уг номын санд өнгөрөөдөг байснаа санаж байна. Тэнд би ширээний ард ганцаараа суугаад, номуудаас авч болох бүхий л мэдээлэл, мэдлэгийг авч суралцаж чадаж байлаа. Би унших, сурч мэдэх ямар дуртай байсан гээч! Боловсролтой болох нь хувинд ус хийгээд дүүргэж байгаатай огт адилгүй, харин гал түлэхтэй адил юм гэсэн хуучны үгийг би тэр үед биеэрээ ойлгосон.

Сүмийн гишүүдийн хувьд боловсролтой болох нь зөвхөн сайн санал зөвлөмж биш, харин зарлиг юм. “Тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн дэлхий доорх зүйлүүдийн тухай, байсаар ирсэн зүйлүүд, байгаа зүйлүүд, удахгүй тохиох зүйлүүд; гэрт байгаа зүйлүүд, хол байгаа зүйлүүдэд”6 бид суралцах ёстой.

Иосеф Смитэд албан ёсны боловсролтой болох боломж бага байсан ч тэрээр сурч мэдэх маш дуртай байсан. Тэрээр баяр хөөртэйгээр суралцаж өнгөрөөсөн үеийнхээ тухай өдрийн тэмдэглэлдээ дурдаж, сурч мэдэх хүсэл сонирхлоо олонтоо илэрхийлж байв.7

Мэдлэг бол бидний мөнх бус байдал дахь аяллын маань зайлшгүй шаардлагатай хэсэг мөн. Учир нь “хүмүүн нь мэдлэг хуримтлуулснаар илүү түргэн аврагддаггүй,”8 харин “бид энэ амьдралд оюун билгийн ямар ч түвшинд хүрлээ гэсэн энэ нь амилуулалтанд бидэнтэй хамт сэргэн босох болно”9 гэдгийг Иосеф гэгээнтнүүдэд заажээн. Бэрхшээл сорилтын үед суралцах нь бүр илүү чухал. “Мэдлэг нь харанхуй байдал, эргэлзээ, мөн түгшлийг арилгадаг; Учир нь эдгээр зүйлс нь мэдлэг байгаа газарт оршин тогтнож чаддаггүй”10 хэмээн бошиглогч Иосеф заасан.

Ах нар аа, чадлынхаа хэрээр сурч мэдэх нь та бидний үүрэг юм. Гэр бүл, чуулгын гишүүдээ мөн хүн бүрийг сурч, илүү их боловсрол эзэмшихэд урамшуулаарай. Албан ёсны боловсрол эзэмших боломжгүй байгаа бол энэ байдлыг боломжтой бүх мэдлэгийг олж авахад тань саад болохыг битгий зөвшөөр. Иймэрхүү нөхцөл байдалд нэг талаар хамгийн шилдэг номууд та нарын “их сургууль” буюу хүссэн бүгдийг оруулдаг нээлттэй анги чинь болдог юм шүү. “Ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай”11 бүхнээр мэдлэгээ тэлэхийг хичээ. “Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.”12 Даруу сүнс, харууссан зүрх сэтгэлээр эрж хайгтун.13 Та бүхэн суралцахад итгэлийнхээ сүнслэг хэмжүүрийг ашиглахдаа, бүр дэлхийн зүйлүүдэд ч гэсэн ашиглахдаа оюуны чадвараа тэлж чадна. Учир нь “та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүх л бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн … бүх зүйлийг ухамсарладаг”14 болно.

Бид суралцах явцдаа илчлэлтийн эх сурвалжийг хайхрахгүй өнгөрч болохгүй. Судрууд болон орчин үеийн төлөөлөгч, бошиглогчдын үгс мэргэн ухаан, бурханлаг мэдлэгийн болон амьдралын аливаа бэрхшээл, сорилтуудад хариулт олоход бидэнд туслах хувийн илчлэлтийн эх сурвалж болдог билээ. Христийн талаар суралцацгаая. Амар амгалан, үнэн, мөнхийн нууцууд өөд хөтлөх мэдлэгийг эрэлхийлцгээе.15

Дүгнэлт

Ах нар аа, Германы Франкфуртэд ирээдүйнхээ төлөө сэтгэл зовон түгшиж, найрсаг бус хахир үгсийг зүрх сэтгэлдээ мэдэрч явсан 11 настай хөвгүүнийг би эргэн санаж байна. Энэ үеийг би сэтгэлийнхээ гүнд ялимгүй гуниг тээн, дурсаж явдаг. Зовлон зүдгүүр, бэрхшээл сорилтын тэр он жилүүдийг амьдралд минь дахин тохиохыг хүсдэггүй ч тэр үеийн сургамж намайг ирээдүйн боломжуудад бэлтгэсэн, зайлшгүй шаардлагатай бэлтгэл байжээ гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Бидний зан чанарыг төлөвшүүлж, хувь тавиланд нөлөөлдөг шийдвэрлэгч ач холбогдолтой сургамжийг сорилт бэрхшээлээс олж авах нь олонтоо тохиолддогийг би эдүгээ, олон жилийн дараа баттай мэдэж байна.

Ирэх он жил, саруудад бид өөрсдийн цагийг мөн өдрүүдийг зөв шударга ажил үйлсээр дүүргээсэй хэмээн би залбирч байна. Бид үнэний цэвэр эх булгаас амтархан ууснаар оюун ухаан, зүрх сэтгэлээ төгөлдөржүүлж, үргэлж сурч мэдэхийг эрэлхийлэхийн төлөө би залбирч байна. Хайр, адислалаа би та бүхэнд Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.