2010–2019
Хүсэл
2011 оны 4-р сар


2:3

Хүсэл

Бид мөнхийн хувь тавиландаа хүрэхийн төлөө мөнх хүмүүн болоход тавигддаг шаардлагуудыг хангах хүсэлтэй байж, зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх ёстой.

Би хүслийн ач холбогдлын талаар ярихыг сонгосон. Бидний хүн нэг бүр зүрх сэтгэл рүүгээ өнгийж, юу хүсэж байгаагаа болон хамгийн чухал хүслээ хэрхэн эрэмбэлэхээ тодорхойлно гэж найдаж байна.

Хүсэл бидний эн тэргүүнд тавьдаг зүйлсийг тогтоон барьж, эн тэргүүнд тавьдаг зүйлс сонголтод маань нөлөөлдөг. Мөн бидний сонголт үйлдлийг маань тодорхойлдог. Бидний үйлдэл болгосон хүсэл бидний хэрхэн өөрчлөгдөж, юунд хүрэх, тэрчлэн ямар хүмүүс болохыг тодорхойлдог.

Эхлээд би зарим нийтлэг хүслийн талаар ярья. Мөнх бус хүмүүний хувьд бидэнд бие махбодын үндсэн хэрэгцээ гэж байдаг. Эдгээр хэрэгцээг хангах хүсэл нь тодорхой сонголтуудыг хийхийг тулгаж, үйлдлүүдээ тодорхойлоход хүргэдэг. Дараах гурван жишээгээр бид хэрхэн эдгээр хүслээ өөрсдийн илүү чухал гэж үздэг хүслээс дээгүүр тавьдгийг тайлбарлая.

Нэгдүгээрт, хоол. Бидэнд хоол идэх үндсэн хэрэгцээ байдаг боловч хэсэг хугацаанд бид энэ хүслээ мацаг барих илүү хүчтэй хүслээр дарж болно.

Хоёрдугаарт, хоргодох газар. Би 12 настай байхдаа ойд нэг шөнийг өнгөрүүлэх Хөвгүүдийн Скаутын шаардлагыг биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн учраас хоргодох газар үлдэх хүслээ ялан дийлсэн. Би тохилог майхнаа орхин, байгалийн зүйлсээр хоргодох газар, ор дэвсгэр хийх арга олсон цөөн хэдэн хөвгүүний нэг нь байсан.

Гуравдугаарт, нойр. Энэхүү үндсэн хүслийг ч гэсэн илүү чухал хүслээр түр зуур дарж болно. Юта мужийн Үндэсний Харуулын залуу цэрэг байхдаа би үүний жишээг байлдааны дадлага туршлагатай нэгэн офицероос сурсан юм.

Солонгосын дайны эхний саруудад Юта мужийн Ричфилд Харуулын их бууны ангийг идэвхтэй үүрэгт ажилд дуудав. Ахмад Рэй Коксоор удирдуулсан энэхүү их бууны анги 40 орчим мормон эрчүүдээс бүрдсэн байв. Нэмэлт бэлтгэл сургуулилт хийж, өөр газруудаас ирсэн чөлөөнд байсан цэргүүдээр хүч нэмсний дараа тэднийг Солонгос руу илгээсэн бөгөөд тэд тэрхүү дайны хамгийн ширүүн зарим тулаантай нүүр тулсан юм. Тэд бусад их бууны ангийг устгасан дайралттай адил нэгэн тулаанд дайсны олон зуун явган цэргийн шууд довтолгоог няцаах ёстой байв.

Энэ нь унтах хүслийг даван туулахтай ямар холбоотой вэ? Нэгэн түгшүүртэй шөнө, дайсны явган цэргүүд их бууны ангийн байрлаж байсан урд талын зурвасаар болон арын хэсэг рүү нэвтрэн орж ирэх үед ахмад хээрийн утасны шугамыг майхандаа холбож, олон тооны хамгаалагчдаа бүхэл шөнийн турш цаг тутам түүн рүү утсаар залгаж байхыг тушаав. Энэ нь хамгаалагчдыг сэрүүн байлгасан төдийгүй, ахмад Кокс ч гэсэн нойроо олон удаа хугасалсан гэсэн үг юм. “Та яаж тэгж чадав аа?” хэмээн намайг асуухад, түүний өгсөн хариулт хүслээ дарах хүч чадлыг харуулж байв.

Тэрээр “Хэрэв бид хэзээ нэгэн цагт гэртээ харих юм бол, би жижиг хотынхоо гудамжинд тэр хөвгүүдийн эцэг эхтэй дайралдах л байсан. Командлагчийн үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс минь болоод хүү нь гэртээ ирж чадахгүй болсон бол би тэдний хэнийх нь ч нүүрийг харж чадахгүй байх байсан”1 гэжээ.

Эн тэргүүнд тавих зүйлс, үйлдлүүдийн хувьд хүслээ даван туулах хүч чадлыг харуулсан ямар сайхан жишээ вэ! Бусдын сайн сайхны төлөө хариуцлага хүлээдэг эцэг эх, Сүмийн удирдагчид, багш нар бидний хувьд үнэхээр хүчирхэг үлгэр жишээ үзүүлдэг!

Энэхүү жишээг гүйцээж хэлэхэд, нойргүй хоносон шөнийн маргааш нь өглөө эрт ахмад Кокс эрчүүдээ дайсны явган цэргийн эсрэг довтолгоонд оруулав. Тэд 800 гаруй хоригдол олзолсон ба харин хоёрхон хүн л шархаджээ. Кокс эр зоригийн одон медалиар шагнуулж, түүний их бууны анги ер бусын баатарлаг үйлийнхээ төлөө ерөнхийлөгчийн нэрэмжит Байлдааны гавьяаны одонгоор шагнуулсан юм. Мөн Хиламаны залуу дайчдын адил (Алма 57:25-26-г үзнэ үү) тэд бүгд гэртээ харьж чадсан.2

Мормоны Номд хүсэл ямар чухал талаар олон сургаал багтсан байдаг.

Олон цаг Их Эзэнээс гуйсны эцэст Иносын гэм нүгэл өршөөгдсөн. Тэгээд тэр “[өөрийн] ах дүү нар[ын] төлөө[х] хүслийг мэдэрч эхэл[сэн]” (Инос 1:9). Тэрээр “Мөн … би залбирч мөн бүх хүчээрээ чармайн хөдөлмөрлөсний дараа, Их Эзэн надад: итгэлийн чинь учир, хүслийн чинь дагуу би чамд өгнө хэмээв” (12-р шүлэг) гэж бичсэн. Амлагдсан адислалын өмнө байх хүсэл, хөдөлмөр, итгэл гэсэн гурван чухал зүйлийг анхаараарай.

Итгэлийн талаарх номлолдоо Алма, хэрэв бид “энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг… зөвшөөр[вөл]” итгэл нь “итгэх хүслээс илүү”-гүй байхаас эхэлдэг хэмээн заажээ (Алма 32:27).

Хүслийн тухай, ялангуяа бидний туйлын хүсэл юу байх ёстой талаар өөр нэг агуу номлогч Аароны заасан леменчүүдийн хааны туршлага дээр гардаг. Аароны номлол сонирхлыг нь татахад, хаан “Бурханаар төрж болохын тулд” мөн “тэрхүү мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ?” (Алма 22:15) хэмээн асуудаг. Аарон хариуд нь “Хэрэв та энэ зүйлийг хүсвэл, хэрэв та бүх нүглүүдээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, та хүлээн авах болно гэдэгтээ найдсаар, мөн итгэлтэйгээр түүний нэрийг дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно” (16-р шүлэг) гэж хэлсэн.

Хаан түүний хэлсний дагуу үйлдсэн бөгөөд тэрбээр хүчит залбиралдаа “би таныг мэдэхийн тулд … мөн эцсийн өдөр аврагдаж болохын тулд би бүх нүглүүдээ орхих болно” (18-р шүлэг) хэмээн тунхагласан. Энэхүү амлалт мөн түүний туйлын хүслийн тодорхойлолтын ачаар түүний залбирал гайхамшигтайгаар хариулагдсан юм.

Бошиглогч Алма бүх хүнд наманчлалыг тунхаглах агуу хүсэлтэй байсан хэдий ч, үүнийг хийхэд шаардагдах дийлдэшгүй хүч чадлыг хүсэх ёсгүй гэдгийг ойлгосон, учир нь тэрээр “Шударга Бурхан … тэдний хүслийн дагуу, тэр нь үхэлд эсвэл амьдралд хүргэх байлаа ч … тэдэнд тохоодог” (Алма 29:4) хэмээжээ. Үүний нэгэн адил, орчин үеийн илчлэлт дээр Их Эзэн “бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” (С ба Г 137:9) гэж тунхагладаг.

Мөнхийн Шүүгч маань бидний хүсэж тэмүүлж буй зүйл дээр энэхүү ихээхэн ач холбогдлыг нэмэхэд бид үнэхээр бэлэн байна уу?

Олон сударт хүсэл гэсэн үгийг эрэлхийлэх гэсэн нэр томьёогоор орлуулж бичдэг. “Намайг шамдан эрэлхийлэх тэрээр намайг олох болно, мөн орхигдох нь үгүй” (С ба Г 88:83). “Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл” (С ба Г 46:8). “Хичээнгүйлэн хайгч тэр олох болно” (1 Нифай 10:19). “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (С ба Г 88:63).

Мөнхийн зүйлсэд эн тэргүүнд ач холбогдол өгөхийн тулд хүслээ өөрчилнө гэдэг тийм ч хялбар зүйл биш. Бид бүгдээрээ дэлхийн дөрвөл зүйлсийг буюу эд хөрөнгө, алдар нэр, бардамнал, эрх мэдлийг хүсэхэд уруу татагддаг. Бид эдгээрийг хүсэж магадгүй ч эн тэргүүнд тавих зүйлсээ болгох ёсгүй.

Эд хөрөнгө олж авахыг хамгийн их хүсдэг хүмүүс материаллаг байдлын урхинд ордог. Тэд “Баялгийг болон энэ дэлхийн хоосон зүйлсийг бүү эрэлхийл” (Алма 39:14-ийг мөн Иаков 2:18-ыг үзнэ үү) гэсэн анхааруулгыг үл тоомсорлодог.

Алдар нэр эсвэл эрх мэдлийг хүсдэг хүмүүс “удирдан захирах хүч” эсвэл “дэлхийн нэр төрийн” (Алма 60:36) төлөө үл үйлчилдэг зоригт ахмад Моронайн үлгэр жишээг дагах ёстой.

Бид хүслийг хэрхэн хөгжүүлдэг вэ? Арон Ралстоныг3 өдөөсөн хэцүү мөчтэй тулгарах хүмүүс цөөхөн байх хэдий ч түүний туршлага хүслээ хөгжүүлэх талаар үнэтэй сургамж болдог. Ралстоныг Юта мужийн өмнөд хэсэгт орших алслагдсан хавцлаар явж байх үед 360 кг жинтэй хад гэнэт хөдөлж, баруун гарыг нь хавчжээ. Тэр ганцаараа 5 өдрийн турш өөрийгөө чөлөөлөх гэж тэмцэв. Бууж өгөн, үхлийг хүлээн зөвшөөрөхийн даваан дээр, тэрээр гурван настай нэгэн хүү өөр лүү нь гүйн ирж, зүүн гарт нь өргүүлж буй үзэгдэл үзжээ. Үүнийг ирээдүйн хүүгийнхээ талаарх үзэгдэл, амьд үлдэх баталгаа гэж ойлгосон Ралстон эр зоригоо чангалж, тамир тэнхээгээ барагдахаас өмнө амиа аврахын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авчээ. Тэрбээр хавчуулсан баруун гарынхаа хоёр ясыг хугалж, дараа нь олон үйлдэлт хутгаа ашиглан гараа тасдав. Дараа нь тэр тусламж хүсэхээр 8 км газар алхахад хамаг хүчээ шавхсан юм. 4 Энэ бол агуу хүслийн хүч чадлыг харуулсан үнэхээр тод жишээ! Биднийг хэн болж чадах талаараа төсөөлөлтэй болох үед бидний үйлдэх хүсэл, хүч чадал асар ихээр нэмэгддэг.

Бидний ихэнх нь ийм хүнд хямралтай хэзээ ч тулгарахгүй байж болох ч бид бүгдээрээ өөрсдийн мөнхийн хувь тавиланд хүрэх хөгжлөөс хойш татаж болзошгүй зангатай тулгардаг. Хэрэв бидний зөв шударга хүсэл хангалттай хүчтэй байвал энэ нь бидний мөнхийн хөгжил дэвшилд саад болдог донтолт, бусад нүгэлт дарамт, эн тэргүүнд тавих зүйлс зэргээс өөрсдийгөө чөлөөлөхөд өдөөх болно.

Зөв шударга хүсэл нь өнгөц, түргэн, эсвэл түр зуурынх байж болохгүй гэдгийг бид санах ёстой. Энэ нь чин сэтгэлийн, гуйвшгүй, тогтвортой байх ёстой. Бид ийнхүү өдөөгдсөнөөр, бошиглогч Иосеф Смитийн дүрсэлсэн “[амьдралдаа] тохиолдох хорон муу зүйлсийг даван туулж, нүгэл үйлдэх аливаа хүслийг орхидог”5 байхыг эрэлхийлэх болно. Энэ бол нэн хувийн шинжтэй шийдвэр юм. Ахлагч Нийл А.Максвэллын хэлснээр:

“‘Нүгэл үйлдэх хүслээ хаясан’ хэмээн тодорхойлогдсон хүмүүс бол Бурханыг мэдэхийн тулд ‘бүх гэм нүглээ орхиж,’ буруу хүслээ зориуд хаяхаар шийдсэн хүмүүс юм.”

“Тиймийн тул, цаг хугацаа өнгөрөх тусам бидний цөхрөлтгүй хүсдэг тэр зүйл нь эцэстээ бид ямар хүмүүс болж, үүрд мөнхөд юуг хүлээн авах тэр зүйл юм.”6

Нүгэл үйлдэх аливаа хүслээ орхих нь нэн чухал ч мөнх амьдрал үүнээс илүү ихийг шаарддаг. Бид мөнхийн хувь тавиландаа хүрэхийн төлөө мөнх хүмүүн болоход тавигддаг шаардлагуудыг хангах хүсэлтэй байж, зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх ёстой. Жишээлбэл, мөнх хүмүүс өөрсдийг нь буруутгасан бүх хүнийг уучилдаг. Тэд бусдын сайн сайхныг өөрсдөөсөө дээгүүр тавьдаг. Мөн тэд Бурханы бүх хүүхдийг хайрладаг. Хэрэв эдгээр зүйлийг хийх нь хэтэрхий хэцүү санагддаг буюу энэ нь бидний хэнд нь ч амар биш учраас бид ийм чанаруудыг эзэмших хүсэлтэй байхаас эхэлж, бидний мэдрэмжид туслахыг хайрт Тэнгэрлэг Эцэгээсээ хүсэх хэрэгтэй. Мормоны Ном бидэнд “та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залби[рах]” (Moронай 7:48) ёстой хэмээн заадаг.

Одоо гэрлэсэн болон ганц бие байгаа бүх эрэгтэй, эмэгтэй хүний хувьд эн тэргүүнд тавих ёстой хүслийн талаарх сүүлийн жишээг хэлснээр би үгээ төгсгөе. Хүн бүр мөнхөд гэрлэхийг хүсэж, үүнийгээ хамгаалахын тулд нухацтай ханддаг байх ёстой. Ариун сүмд гэрлэсэн хүмүүс гэрлэлтээ хамгаалан үлдэхийн тулд чадах бүхнээ хийвэл зохино. Ганц бие хүмүүс ариун сүмд гэрлэхийг хүсэж, үүндээ хүрэхийн тулд эн тэргүүний хүчин чармайлт гаргах ёстой. Өсвөр үеийнхэн болон ганц бие залуус гэрлэж, хүүхэдтэй болохын чухлыг үл хүндэтгэдэг улс төрийн хувьд зөв боловч мөнх байдлын хувьд буруу ойлголтыг эсэргүүцэх ёстой.7

Нэгэн ганц бие эгчийн бичсэн, дараах захидал дахь сорилт бэрхшээлийг ганц бие эрчүүд анхаарч үзнэ үү. Тэрээр “Бурханы зөв зохистой охид зохистой хамтрагчаа чин сэтгэлээсээ хайж байгаа боловч эрчүүд Тэнгэрлэг Эцэгийн маань сонгогдсон, гайхалтай охидыг хайх, өөртөө татах, Их Эзэний өргөөнд ариун гэрээг сахих нь тэдний үүрэг мөн эсэх талаар эргэлзэж мөн сохорсон байгаа мэт санагддаг” гээд, “Энд ганц бие ХҮГ эрчүүд гадуур зугаалж, хөгжилтэй байж, мөн болзож, хүмүүстэй цагийг өнгөрөөж байгаадаа баяртай байдаг ч эмэгтэй хүнд амлалт өгөх ямар ч хүсэлгүй байдаг”8 хэмээн төгсгөжээ.

Зохистой гэрлэлт, үр хүүхэд төрүүлэх нь ажил мэргэжил эсвэл бусад мөнх бус зүйлсээс нь хамаагүй доогуур байр эзэлдэг зарим залуу эмэгтэй байдаг гэдгийг нэмж хэлэхийг минь тэсэн ядан хүлээж буй хамтрагчаа хайж буй залуу эрчүүд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь мөнх амьдрал руу хөтлөх зөв шударга хүсэл хэрэгтэй.

Хүсэл бидний эн тэргүүнд тавьдаг зүйлсийг тогтоон барьж, эн тэргүүнд тавьдаг зүйлс сонголтод маань нөлөөлдөг. Мөн бидний сонголт үйлдлийг маань тодорхойлдог гэдгийг санацгаая. Түүнчлэн бидний үйлдэл болон хүсэл биднийг хэн нэгэн буюу жинхэнэ найз, авьяаслаг багш эсвэл мөнх амьдралд тэнцэхүйц нэгэн болох эсэхэд хүргэдэг.

Хайр, сургаал, Цагаатгал нь энэ бүхнийг боломжтой болгодог Есүс Христийг би гэрчилж байна. Бид Түүн шиг болохыг хүсэж, хэзээ нэгэн цагт Түүний баяр баяслын бүрэн байдлыг хүлээн авахын тулд дэргэд нь эргэн очихыг би юу юунаас илүү хүсэн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

  1. Ray Cox, interview by author, Aug. 1, 1985, Mount Pleasant, Utah, 1953 оны үед Юта мужийн Прово хотод надад хэлсэн зүйлийг баталж байна.

  2. See Richard C. Roberts, Legacy: The History of the Utah National Guard (2003), 307–14; “Self-Propelled Task Force,” National Guardsman, May 1971, back cover; Miracle at Kapyong: The Story of the 213th (film produced by Southern Utah University, 2002).

  3. Aron Ralston, Between a Rock and a Hard Place (2004)-ийг үзнэ үү.

  4. Ralston, Between a Rock and a Hard Place, 248.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 238-ыг үзнэ үү.

  6. Neal A. Maxwell, “According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 22, 21.

  7. Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Liahona, Mar. 2011, 32–37; Ensign, Mar. 2011, 12–17-г үзнэ үү.

  8. Letter, Sept. 14, 2006.