Бид нэгэнтээ дахин цугларах үед
Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг болон хэрэгцээг маань ойлгож, анхаарал тавьдаг. Бид энэхүү чуулганд оролцсоноор Түүний Сүнсээр дүүргэгдэх болтугай.
Хайрт ах эгч нар минь, Сүмийн ерөнхий чуулганаар нэгэнтээ дахин цугларч байгаа та бүхнийг тавтай морилохыг урихын сацуу, та нарт өөрийн хайраа илэрхийлж байна. Бид 6 сар тутамд бие биеэ хүчирхэгжүүлж, урам зориг, тайтгарлыг өгч, итгэлээ бэхжүүлэх гэж цуглардаг билээ. Бид энд сонсохоор ирсэн. Та нарын зарим нь өөрсдийн асуултууд болон амьдралын саад бэрхшээлүүддээ хариултыг авахаар ирсэн байгаа. Зарим нэгэн нь сэтгэл гутралыг мөн хайртай нэгнээ алдсанаас гашуудаж байгаа. Бид бүгд Их Эзэний Сүнсийг мэдэрснээр гэгээрлийг олж, урам зоригтой болон тайтгарах болно.
Та нарын амьдралд гаргах ёстой өөрчлөлтүүд байж болно. Энэхүү чуулганы яриануудыг сонссоноор, та нарөөрчлөлтүүдийг хийх урам дэм, зоригийг олох болтугай. Бид Тэнгэрлэг Эцэгийн зохистой охид, хөвгүүд болохын тулд амьдралаа эхлэхээр дахин шийдэх болтугай. Байгаа газар болгондоо хилэнцтийг эсэргүүцэн зогсохоо үргэлжлүүлээрэй.
Дэлхийн он удаан жилийн түүхэн дэх энэ гайхамшигт цаг үед дэлхийд ирсэн бид нар ямар их адислагдсан хүмүүс вэ. Хэдийгээр бид нэг дээвэр дор хамтдаа суух боломжгүй хэдий ч телевиз, радио, кабел, хиймэл дагуулын систем, интернет, тэр бүү хэл гар утсаараа дамжуулан энэхүү чуулганд оролцох боломжтой болсон байна. Бид хэдийгээр өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр газар амьдардаг ч нэг итгэл, нэг сургаал, нэг зорилго дор нэгдэн цугларсан билээ.
182 жилийн өмнө манай сүм дөнгөж байгуулагдаж байсан ч одоо дэлхий даяар тархсан байна. Бидний нэгдсэн энэхүү агуу хөдөлгөөн, яг одоо байгаа шигээ бусдын амьдралыг өөрчлөн адисалсаар урагшлах болно. Дэлхий даяар ямар ч хөдөлгөөн, хүч чадал Бурханы ажлыг зогсоож чадахгүй. Юу ч болж байсан, энэ агуу ажил урагшилсаар байх болно. Та Бошиглогч Иосеф Смитийн бошиглолын үгсийг санаж байгаа байх: “Ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй; хавчлага дарамт гарч ирэн, дээрэмчид нэгдэж, арми цугларч, гүтгэлэг доромжлол ил гарсан ч Бурханы үнэн бүх нутагт айлчлан, бүх оронд нэвтэрч, бүх чихэнд сонсогдож, Бурханы зорилго гүйцэлдэн улмаар Аугаа Иехова ажил дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор, эелдэг зөөлнөөр, бие даан урагшлах болно.”1
Ах эгч нар аа, өнөөгийн энэ дэлхийд маш олон хүнд хэцүү бэрхшээл, сорилтууд байгаа хэдий ч бас сайн сайхан, сэтгэл сэргээх зүйлс олон байна. Итгэлийн арвангурав дахь тунхагт тунхагласнаар “хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг”. Бид үргэлжлүүлэн үүнийг эрэлхийлэх болтугай.
Таны итгэл болон сайн мэдээнд тууштай байдагт тань талархаж байна. Таны бусдад үзүүлдэг хайр, халамжинд талархал илэрхийлье. Тойрог, салбартаа мөн гадас, дүүрэгтээ үзүүлдэг үйлчлэлд тань маш их талархаж байна. Та бүгдийн энэ үйлчлэл дэлхий дээр Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэх боломжийг Их Эзэнд олгодог билээ.
Намайг хаана ч явсан надад үзүүлдэг эелдэг дотно сэтгэлд тань болон миний төлөөх залбирлуудад би гүнээ талархал илэрхийлж байна. Би тэдгээр залбирлуудыг мэдэрдэг бөгөөд үнэхээр их талархалтай байдаг.
Ах эгч нар аа, бид зааварлагдаж мөн удирдагдахаар энд ирцгээсэн билээ. Маш олон захиасыг энэ хоёр өдөр хүргэх болно. Та нарт үг хэлэх тэдгээр ах эгч нар захиасаа бэлтгэхдээ тэнгэрлэг тусламж, удирдамжийг эрэлхийлсэн гэдгийг би баттайгаар хэлж байна. Тэд хэлэх үгс, ярих яриандаа сүнслэг өдөөлтийг хүлээн авсан юм.
Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг болон хэрэгцээг маань ойлгож, анхаарал тавьдаг. Бид энэхүү чуулганд оролцсоноор Түүний Сүнсээр дүүргэгдэх болтугай. Энэ бол миний чин сэтгэлийн залбирал, бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн ариун нэрээр, амен.