Ерөнхий чуулган
Аз жаргалын онцгой тэмдэг
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


12:15

Аз жаргалын онцгой тэмдэг

Есүс Христийн хадан дээр сууриа барих нь бидний аз жаргалын салшгүй нэгэн хэсэг юм.

Хэдэн жилийн өмнө би ажлын шугамаар явж байхдаа, онгоцонд нэгэн нидерланд эрийн хажууд суусан юм. Би залуу номлогч байхдаа Бельги, Нидерландад үйлчилсэн учир түүнтэй ярихыг маш их хүсэж байлаа.

Биднийг танилцаж байхад тэр надад “аз жаргалын профессор” гэсэн онцгой албан тушаалтай нэрийн хуудсаа өгөв.  Би гайхалтай мэргэжлийнх нь талаар дурдаад, түүнээс аз жаргалын профессор юу хийдэг тухай асуулаа. Тэрээр утга учиртай харилцаа, зорилго тогтоож, хэрхэн аз жаргалтай амьдралтай болох талаар хүмүүст заадаг байсан гэж хэллээ. Би түүнээс “Гайхалтай юм аа, хэрэв та үхлийн дараа ч тэдгээр харилцаа нь үргэлжлэх боломжтойг зааж, амьдралын зорилго гэж юу болох, хэрхэн сул талуудаа даван туулах, бид үхсэнийхээ дараа хаашаа явах вэ гэх зэрэг бодгалийн тухай бусад асуултад хариулж чадах байсан бал яах вэ?” гэж асуулаа. Түүнийг эдгээр асуултын хариулт бидэнд байсан бол гайхалтай байх байсан гэж хэлэхэд би хариулт нь бидэнд бий гэж түүнд хэлэхдээ баяртай байв.

Өнөөдөр олон зүйл сонирхол татам ч цөөн хэдэн зүйл үнэхээр чухал хэмээн үздэг энэхүү төөрөлдсөн дэлхийд олонхын зайлсхийж буй жинхэнэ аз жаргалын чухал хэдэн зарчмыг авч яримаар байна.

Алма өөрийн өдрүүдэд, “Учир нь болгоогтун, би ирэх олон зүйл буйг та нарт хэлнэ; мөн болгоогтун, тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй—учир нь болгоогтун Гэтэлгэгч өөрийн хүмүүсийн дунд ирж мөн амьдрах тэрхүү цаг тийм ч холгүй болжээ”1 гэж хүмүүст заасан.

Христийн Хоёр дахь ирэлтийг хүлээж, үүнд бэлтгэхэд энэ захиас нь өнөөдөр ч мөн адил бидний хувьд чухал юм!

Иймд Есүс Христийн хадан дээр сууриа барих нь бидний аз жаргалын салшгүй нэгэн хэсэг гэдгийг би эн тэргүүнд ойлгосон. Энэ бол “бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй”2 суурь юм. Энэ нь амьдралын сорилт бэрхшээлд болон ирэх тэр зүйлүүдэд биднийг бэлтгэдэг.

Олон жилийн өмнө би хүү Жастинтайгаа хамт Скаутын зуслан руу явсан юм. Үйл ажиллагаанууд ид өрнөж байх үед хүү маань найзуудтайгаа хамт байт харвааны зэрэглэлийн тэмдгийг авахыг хүсэж буйгаа баяртайгаар зарлалаа. Энэ тэмдгийг авахын тулд хөвгүүд богино хэмжээний бичгийн шалгалтад тэнцээд, нум сумаар байг онох шаардлагатай байв.

Миний санаа зовж байлаа. Жастин төрснөөсөө хойш цистик фиброз гэдэг өвчинтэй байсан учраас тухайн үед бие нь сул дорой байсан юм. Хүү минь бай руу сумаа харвахуйц хангалттай холоос нумаа татаж чадах болов уу гэж би бодож байв.

Түүнийг найзуудтайгаа байт харвааны хичээлээ дуусгах үед, энэ үйл явдлаас болж хүүгээ ичгэвтэр байдалд битгий ороосой хэмээн би чимээгүйхэн залбирсан юм. Санаа зовоосон хэсэг хугацааны дараа би түүнийг нүүр дүүрэн инээмсэглээд, над руу зорин ирж явааг харлаа. Тэр “Аав аа!” гэж уулга алдав. “Би тэмдгээ авчихлаа! Би бухын нүдийг оночихсон; энэ нь яг миний харвах байны хажууд байсан, гэхдээ би бухын нүдийг оночихсон!” Тэрээр бүх чадлаараа нумаа тэлсэн бөгөөд байн замаа удирдах боломжгүйгээр сумаа харвасан байлаа. “Уучлаарай, буруу байгаа оночихлоо!” гэж хэлэлгүй бусдыг ойлгох чадвартай байсан байт харвааны зааварлагчид би маш их баярласан. Жастины илт хязгаарлагдмал байдал хийгээд сэтгэлээсээ гаргасан хичээл зүтгэлийг хараад, тэрээр “Сайн байна!” гэж эелдэг хариулсан байв.

Хэрэв бид өөрсдийн хязгаарлагдмал байдлаас үл хамааран Христийг болон Түүний бошиглогчдыг дагахыг хамгийн сайнаараа хичээвэл бид ч мөн ийм хариултыг авах болно. Хэрэв бид гэрээнүүдээ сахиж, гэм нүглээ наманчлан, Аврагчид ирвэл “Сайн байна, итгэмжит сайн зарц минь”3 хэмээн хэлэх Түүний магтаалыг баяр хөөртэй сонсох болно.

Биднийг Түүнд очихоор чин сэтгэлээсээ хичээх үед эдгээж, хүчирхэгжүүлж, дэмжин өргөдөг Аврагчийн хүч, гэтэлгэлийн хайрыг болон энэ дэлхийн Аврагчийн тэнгэрлэг байдлыг би гэрчилж байна. Эсрэгээрээ, бид олонхыг дагавал хэзээ ч Есүс рүү дөхөж очих боломжгүй. Аврагч үхэл, өвчин, гэм нүглийг ялсан бөгөөд бид Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ дагавал эцэст нь төгс төгөлдөр байдалд хүргэх арга замыг Тэр өгсөн.4

Хоёрдугаарт, бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг охид, хөвгүүд гэдгээ санах нь аз жаргалын чухал хэсэг гэдгийг би ойлгосон. Энэхүү бодит байдлыг ойлгож, үүнд итгэх нь бүх зүйлийг өөрчилдөг.

Хэдэн жилийн өмнө Сүмийн үүрэг даалгавраа гүйцэтгээд, гэр лүүгээ онгоцоор зорчиж байхдаа Сабин эгч бид хоёр маш том биетэй, ширүүн, өргөн царайтай, халзан толгойныхоо ард 439 гэсэн тоон шивээстэй нэгэн эрийн ард суусан юм.

Газардах үед би “Уучлаарай, эрхэм ээ. Таны толгойны ард шивүүлсэн тооны утга учрыг асуувал та дургүйцэхгүй биз?” гэж асуулаа. Би түүний ширүүн царайны талаар асууж зүрхэлсэнгүй.

Тэрээр “Энэ бол би. Би ийм л хүн. Би энэ газар нутгийг эзэмшдэг: 219 дугаартай!” гэж хэллээ.

Түүний толгой дээр шивүүлсэн дугаар нь яг үнэндээ дөрвөн зуун гучин ес байсан ба өөрийнх нь хувьд чухал ач холбогдолтой байсан дугаараа буруу шивүүлсэнд нь би гайхаж байлаа.

Тэр эрийн мөн чанар, өөрийгөө үнэлэх байдал нь зүгээр л нэг бүлэглэлийн нутаг дэвсгэрээр үнэлэгдэж байгаа нь надад харамсалтай санагдсан. Ширүүн харцтай энэ залуу бусдад хамааралтай, үнэ цэнтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй байсан хэн нэгний бяцхан хүү байсан байх гэж би дотроо бодлоо. Тэр үнэхээр хэн байсан, хэнд харьяалагддаг гэдгээ мөн биднийг “үнэтэйгээр худалдан авсан”5 гэдгийг мэдсэн ч байсан болоосой.

Египетийн ханхүү киноны дуунд “Амьдралаа тэнгэрийн нүдээр хар” гэсэн цэцэн үгс бүхий мөр байдаг.6 Бид хэсэгхэн хугацаанд “толинд бүдэг бадаг хардаг”7 ч бурханлаг угсаа, мөнхийн нөөц боломжоо бодгалийнхаа гүнд ойлгосноор амьдралыг өсөж хөгжиж, суралцах боломжтой баялаг үйл явдлаар дүүрэн, зорилготой харах боломжтой болно.

Гурав дахь аз жаргалын онцгой тэмдэг бол бодгалийн үнэ цэнийг үргэлж санах явдал юм. Бид Аврагчийн “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун”8 хэмээх урилгыг дагаснаар үүнийг хамгийн сайн хийж чадна.

“Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг”9 хэмээн Тэр заасан.

Сургаалт үгсэд “Хийх хүч гарт чинь байх аваас хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз”10 хэмээн бидэнд мэргэн зөвлөгөөг өгчээ.

Бид дэндүү эелдэг байгаадаа хэзээ ч харамсахгүй. Бурханы нүдэнд эелдэг байдал нь агуу шинж чанар гэдэг үгтэй ойролцоо утгатай. Эелдэг байна гэдэг нь уучилж чаддаг, шүүмжилдэггүй байхыг хэлнэ.

Олон жилийн өмнө, бид гэр бүлийн үдшээр кино үзэхээр гэр бүлээрээ явах гэж байлаа. Миний эхнэр Валэри, хөвгүүдийн маань нэгээс бусад нь бүгд машиндаа суучихсан байлаа. Гадаа харанхуй болчихсон байв. Хүү маань хаалгаа хүчтэй нээгээд, машин руу гүйхдээ тагтан дээр байсан муураа санамсаргүй өшиглөчихлөө гэж боджээ. Харамсалтай нь, тэр нь муур биш харин уурласан өмхий хүрнэ байсан ба хүү, эхнэр хоёрт маань уураа гаргаж орхив. Бид бүгд гэр лүүгээ эргэж ороод, тэр хоёр маань усанд орж, өмхий хүрний үнэрийг арилгадаг гэж бодсон аргаар буюу улаан лоолийн шүүсээр үсээ угаалаа. Тэднийг усанд орж, хувцсаа солиход бид бүгд ямар ч үнэргүй болж, кино үзэхээр явахад ЗҮГЭЭР гэж бодов. 

Биднийг кино танхимын арын суудалд суухад эргэн тойрны маань хүмүүс гэнэт нэг нэгээрээ попкорн авахаар явж байлаа. Тэд буцаж ирэхдээ анх суусан суудалдаа буцаж суусангүй.

Бид энэ үйл явдлыг эргэн дурсаад, их инээж билээ. Гэвч бидний гэм нүгэл үнэртэй байсан бол ямар байх байсан бол? Бид шударга бус байдал, шунал, атаархлыг эсвэл бардамналыг үнэрлэж чаддаг байсан бол яах байсан бол? Бидний сул дорой байдал илэрхий байх учраас бид хүмүүст илүү анхаарал тавьж, болгоомжтой харьцаж, үүнтэй адил биднийг өөрсдийн амьдралд шаардлагатай өөрчлөлтийг гаргахад хүмүүс ч гэсэн бидэнд адил хандах байсан болов уу гэж найдаж байна. Би сүмд тамхины үнэр үнэртэхэд харин ч дуртай. Учир нь энэ нь хэн нэгэн өөрчлөгдөхийг хичээж байгааг харуулдаг. Тэдэнд бидний угтан авах гар хэрэгтэй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм”11 хэмээн мэргэн хэлсэн байдаг.

Паул ефесчүүдэд хандан, “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд”12 гэжээ.

Есүс Христийн шавь нар бидний хувьд Тэнгэрлэг Эцэгийг болон Аврагчийг орлуулахыг оролдох биш харин Тэдэнд итгэхийг Тэд биднээс хүсдэг. Есүс Христ хүн бүрийн төгс бус байдлыг мэддэг ба тэднийг төгс шүүх болно.

Аз жаргалын дөрөв дэх онцгой тэмдэг бол мөнхийн талаас нь харах явдал юм. Эцэгийн төлөвлөгөө мөнх амьдралын хугацааг хамардаг. Яг одоо байгаа зүйлдээ төвлөрч, ирэх зүйлсийг мартах нь амар байдаг.

Би энэ сургамжийг олон жилийн өмнө бидний 16 настай охин Жэннифэрээс авсан юм. Охин маань уушги шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байв. Түүний уушгины таван өвчтэй дэлбэнг бүтэн аваад, Христтэй адил гайхалтай хоёр найзын маань хандивласан хоёр эрүүл жижиг дэлбэнгээр солих байв. Энэ нь маш өндөр эрсдэлтэй хагалгаа байсан ба хагалгааны өмнөх орой Жэннифэр бие жижиг ч бэлчээр томтойгоор “Санаа зовох хэрэггүй дээ, аав аа! Маргааш би шинэ уушгитай болоод сэрнэ. Эсвэл илүү сайхан газар сэрнэ шүү дээ. Аль нь ч байсан гайхалтай байх болно” хэмээн надад заасан юм. Энэ бол итгэл; энэ бол мөнхийн талаас нь харах байдал юм! Амьдралыг мөнхийн давуу талаас нь харах нь тод томруун байдал, тайтгарал, эр зориг, найдварыг өгдөг.

Мэс заслын дараа Жэннифэрийг амьсгалахад тусалж байсан амьсгалын хоолойг аваад, агааржуулагчийг унтраах тэрхүү удаан хүлээсэн өдөр ирэхэд бид түүний бяцхан дэлбэнгүүд ажиллах эсэхийг чих тавин хүлээсэн юм. Охин минь анх удаагаа амьсгалаад, тэр даруй уйлж эхэллээ. Бидний санаа зовнисныг хараад, тэрээр “Амьсгалах сайхан байна” гэж тэр даруй уулга алдлаа. 

Тэр өдрөөс хойш би амьсгалах чадварыг надад өгсөн Тэнгэрлэг Эцэгт өглөө, орой бүр талархдаг. Бид тоо томшгүй адислалаар хүрээлэгдсэн бөгөөд хэрэв бид үүнд анхаарлаа хандуулахгүй бол адислалуудаа үл ойшоох нь амархан байх болно. Эсрэгээрээ, юуг ч хүсэн хүлээлгүй, бүх зүйлд талархалтай байх үед амьдрал ид шидийн мэт болдог.

Ерөнхийлөгч Нэлсон “Шинэ өглөө бүр нь Бурханы өгсөн бэлэг юм. Бидний амьсгалдаг агаар хүртэл Түүний хайрын тэмдэг юм. Тэр биднийг өдрөөс өдөрт хадгалан хамгаалж, нэг хормоос нөгөөд шилжих бүрд дэмждэг. Тиймээс эн тэргүүнд өглөө хийх бидний эрхэм үйлс нь талархлын даруухан залбирал байх ёстой”13 гэж хэлсэн.

Түүний хэлсэн энэ үг миний тав дахь буюу сүүлийн зарчимтай холбогдож байгаа юм. Бид хэзээ ч талархалтай байхаас илүү жаргалтай байхгүй.

Их Эзэн “Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно”14 хэмээн тунхагласан. Талархалтай байдал бусад олон ариун журмыг төрүүлдэг болохоор тэр байх.

Бид өглөө бүр өмнөх шөнө нь талархсан адислалуудаа санаж байвал бидний харах өнцөг хэрхэн өөрчлөгдөх бол? Адислалууддаа талархахгүй байх нь сэтгэл хангалуун бус байдлыг бий болгох ба энэ нь талархалтай байдлаас ирдэг баяр хөөр, аз жаргалыг маань булааж болзошгүй. Агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүс биднийг тэмдгээс алсуур хайж, улмаар тэмдгийг бүр анзааралгүй өнгөрөхөд хүргэхийн тулд уруу татдаг.

Бодит байдал дээр мөнх бус байдлын хамгийн агуу аз жаргал ба адислал нь биднийг Бурхантай ариун нандин гэрээнүүд байгуулж, сахих үед ирдэг Түүний нигүүлслээс олддог. Бидний Аврагч Өөрийн цагаатгах золиослолоор дамжуулан биднийг цэвэршүүлж, хүчирхэгжүүлэх ба Түүнийг хүслээрээ дагадаг тэдэнд “Өөрийн эрдэнэсийг сонгож авахаар намайг ирэх тэр өдөр тэд минийх байх болно”15 хэмээн айлдсан.

Бид амьдралаа Есүс Христийн суурин дээр барьж, Бурханы охид, хөвгүүд гэх жинхэнэ мөн чанараа үнэлж, бодгалийн үнэ цэнийг санаж, мөнхийн талаас нь харах байдлаа хадгалж, Христэд ир хэмээх Түүний урилга гэх зэрэг олон адислалд талархалтай байснаар мөнх бус аяны туршид эрэлхийлдэг жинхэнэ аз жаргалыг олно гэдгийг би амлаж байна. Амьдрал сорилт бэрхшээлтэй байх хэдий ч бид мөнхийн үнэнийг ойлгож амьдардаг учраас амар тайван байдал, зорилготойгоор үүнтэй нүүр тулах болно.

Бидний Бурхан, хайраар дүүрэн Эцэг мөн Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёр бодитой оршдог гэдгийг би гэрчилж байна. Би мөн амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг гэрчилж байна. Бид тэнгэрийн зөвлөгөөг Тэднээр дамжуулан хүлээн авах боломжтой байгаа нь ямар их адислал вэ! Аврагч “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”16 хэмээн тодорхой тунхагласан. Есүс Христийн ариун нэрээр, амен.