Сүмийн түүх
Жэйн Элизабэт Мэннинг Жэймс


“Жэйн Элизабэт Мэннинг Жэймс,” Сүмийн түүхийн сэдвүүд

“Жэйн Элизабэт Мэннинг Жэймс”

Жэйн Элизабэт Мэннинг Жэймс

Жэйн Элизабэт Мэннинг Жэймс (ойролцоогоор 1822–1908 он) нь Америкийн Нэгдсэн Улсад ихэнх хар арьстай хүнийг боол байсан тэр үед Коннектикут дахь чөлөөт африк америк гаралтай хосоос төрсөн, хамгийн багаар бодоход таван хүүхдийнх нь нэг байв.1 Залуу байхдаа тэрээр 1841 онд Шинэ Канааны олон нийтийн сүмд нэгдсэн боловч 18 сарын дараа буюу 1842–1843 оны өвөл гэр бүлийн хэдэн гишүүний хамт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртжээ. Жэйн болон түүний гэр бүлийн бусад гишүүн удалгүй Наувугийн гэгээнтнүүдтэй нэгдэхийг хүссэн тул Коннектикутаас Нью-Йорк руу уурын болон сувгийн завиар аялахаар төлөвлөж байв. Гэсэн хэдий ч тэднийг арьс өнгөөр ялгаварласны улмаас завиар аялахыг зөвшөөрөөгүй тул үлдсэн 1300 километрыг явган туулах хэрэгтэй болжээ. Иллинойс мужийн Пеориа хотод орон нутгийн эрх баригчид Мэннингийн гэр бүлийг оргон зайлж буй боолууд байж болзошгүй гэж байцаан, тэднээс чөлөөт байдлаа нотлох бичиг баримт бүрдүүлэхийг шаарджээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Жэйний хувьд бүх амьдралынх нь туршид тулгарах саад бэрхшээл байв.

Жэйн Мэннинг Жэймсийн гэрэл зургийн хөрөг

Жэйн Мэннинг Жэймсийн хөрөг.

Сүмийн Түүхийн номын сан ба Архив

Жэйн Наувуд очсоныхоо дараа Иосеф, Эмма Смит хоёртой даруй нөхөрлөв. Тэрээр тэдэнтэй хамт амьдарч, тэдний гэрт ажиллаж байлаа. Нэгэн удаа Эмма Жэйнийг санваарын лацдан холболтоор Смитийн гэр бүлд үрчлэгдэхийг санал болгосон юм.2 Жэйн шинэ, танил биш заншлын талаар андуу ташаа ойлгож байсан учраас татгалзсан боловч Иосефын бошиглогчийн үүрэгт бат итгэлтэй байв. “Би бошиглогч Иосефыг сайн мэддэг байсан. Тэр бол миний дэлхий дээр харж байсан хамгийн сайн хүн. Би түүнийг бошиглогч гэдэгт итгэлтэй байсан. Яагаад гэвэл, би үүнийг мэдэж байсан юм”3 хэмээн тэрээр хожим гэрчилсэн байдаг.

Жэйн Иосеф, түүний ээж Люси Мак Смит хоёртой ярилцсанаар Мормоны Ном ба үүний орчуулгын талаар илүү их зүйлийг мэдэж авч, ариун сүмийн ёслолуудын талаар ойлгодог, хүндэтгэдэг болсон.

Жэйн Нью-Жерси мужаас ирсэн чөлөөт хар арьстан, хөрвөгч Исаак Жэймстэй гэрлэжээ. Тэд Жэйний хүү Силвестртэй хамт 1846 онд Наувугаас гарч, гэгээнтнүүдтэй хамт баруун зүг рүү явав. Тэр жилийн 6-р сард Жэйн, Исаак хоёрын хүү Сайлас төрсөн. Дараа жил нь тэдний гэр бүл хээр талыг хөндлөн гулд гаталж, 1847 оны намар Солт Лэйкийн хөндийд хүрч ирсэн юм. Исаак, Жэйн хоёр нэмж зургаан хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний зөвхөн хоёр нь л Жэйнээс өндөр насалжээ. Солт Лэйкийн хөндийд анх суурьшсан бусад хүний нэгэн адил Жэйн, Исаак хоёр гэр бүлээ тэжээх гэж шаргуу ажиллаж байсан. Исаак хар ажил хийж, заримдаа Бригам Янгийн морин тэрэгчнээр ажиллаж байсан бол Жэйн Наувуд хийж байсны адилаар даавуу ээрч, хувцас оёж, угаалга үйлддэг байлаа.

1870 онд Гэр бүлийн хүйтэн хөндий байдал нь Исаак, Жэйн хоёрыг салахад хүргэжээ. Хожим нь Жэйн өмнө нь боол байсан Фрэнк Пэркинстэй гэрлэж, ердөө хоёр жил хамт амьдарсан боловч удалгүй ганц бие ээж, эмээ болсон юм. Санхүүгийн хэрэгцээ болон гурван хүүхдээ алдсанаас шалтгаалан Жэйн ахин ажиллаж эхлэх шаардлагатай болсон. Тэрээр саван хийн зарж мөн хоёр хүү нь хар ажил хийж байв. 1890 онд буюу 20 жил хол байсны дараа Исаак Солт Лэйк хотод эргэн ирж, Сүмийн гишүүнчлэлээ сэргээсэн төдийгүй Жэйнтэй найрсаг харилцах болжээ. Үүнээс жилийн дараа түүнийг нас барахад оршуулгын ёслолыг нь Жэйний гэрт үйлдсэн юм.

Хүнд бэрх амьдралынхаа туршид Жэйн сайн мэдээний сургаалд итгэх итгэлдээ үнэнч үлдэж, Сүмийн гишүүнчлэлээ эрхэмлэдэг байв. Тэрээр ариун сүм барих ажилд хандив өргөж, Халамжийн нийгэмлэг, Залуу хатагтай нарын Арвилан хэмнэх нийгэмлэгт хамрагдаж байлаа.4 Жэйн үзэгдэл, зүүд, итгэлээр эдгэрэх, хэлээр ярих зэрэг Сүнсний бэлгүүдийг арвин ихээр мэдэрсэн. “Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл маань анх баптисм хүртэж байхад байсны адил, үгүй ээ тэр үеийнхээс ч илүү хүчтэй байгаа” хэмээн тэрээр хожим нь бичжээ.5

1884–1904 оны хооронд Жэйн Сүмийн удирдагчид болох Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф, Зина Д.Х.Янг, Жозеф Ф.Смит нартай холбоо барьж, ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбогдох зөвшөөрөл хүсэж байв.6 Тэр үед хар арьстай хожмын үеийн гэгээнтэн эрэгтэй, эмэгтэйчүүдийг ихэнх ариун сүмийн ёслолд оролцохыг зөвшөөрдөггүй байжээ. 1888 онд гадасны ерөнхийлөгч Ангус М.Каннон нас барсан садан төрлийнхөө өмнөөс баптисм хүртэх эрхийг Жэйнд олгосон.7 Сүмийн удирдагчид эцэст нь түүнийг Иосеф Смитийн гэр бүлд 1894 онд үйлчлэгчийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр лацдан холбогдохыг зөвшөөрсөн нь өвөрмөц тохиолдол болжээ. Тэрээр амьд ахуйдаа ариун сүмийн хишиг хүртэж, гэр бүлийн лацдан холболтыг хийлгээгүй ч эдгээр ёслолыг 1979 онд түүний өмнөөс төлөөлөн гүйцэтгэсэн юм.8

Тэрээр 1908 оны 4-р сарын 16-нд 95 насандаа өөд болсон бөгөөд үүрдийн итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн хэвээр үлджээ. “Жэйн Мэннинг Жэймсээс илүү итгэлтэй, итгэлдээ үнэнч хүн цөөн байсан бөгөөд даруухан энэ хүн зуу зуугаар тоологдох найз нөхөд, танилтай байжээ” хэмээн Дэзэрэт Ньюст өгүүлжээ.9

Эх сурвалж

  1. Жэйний ээж боолчлогдож байсан боловч Коннектикутын шат дараатай чөлөөлөх хуулийн дагуу чөлөөт болсон. Жэйн төрөхдөө чөлөөт байсан боловч түүнийг мужийг орхих хүртэл тус мужид боолчлол хууль ёсных хэвээр байв. Жэйний амьдралын талаар ерөнхийд нь мэдэхийн тулд Хэнри Ж.Волфингэрийн “A Test of Faith: Jane Elizabeth Manning James and the Origins of the Utah Black Community,” Social Accommodation in Utah (Солт Лэйк Сити: Ютагийн Их сургууль, 1975), 126–175 болон Күинси Д.Ньюэллийн “The Autobiography and Interview of Jane Elizabeth Manning James,” Journal of Africana Religions, vol. 1, no. 2 (2013), 251–291-ийг үзнэ үү.

  2. Зина Д.Х.Янгийн Иосеф Ф.Смитэд илгээсэн захидал, 1894 оны 1-р сарын 15, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лэйк Сити.

  3. “‘Aunt’ Jane James,” in “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, vol. 16, no. 12 (Dec. 1905), 551, 553.

  4. Eighth Ward Relief Society Minutes and Records, 1867–1969, Eighth Ward, Liberty Stake, Aug. 20, 1874; Oct. 20, 1874; Dec. 21, 1874; Jan. 20, 1875; Mar. 22, 1875; May 20, 1875; Nov. 20, 1875, vol. 1, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лэйк Сити [Жэйн богино хугацаанд Пэркинс овогтой байсан]; “Ladies Semi-monthly Meeting,” Woman’s Exponent, vol. 22, no. 9 (Dec. 1, 1893), 66. Жэйн Логаны Сэйнт Жорж ариун сүмийн болон Мантай ариун сүмийн барилгад өргөл өргөсөн бөгөөд Леменчүүдийн (Индиан) номлолд хувь нэмрээ оруулсан. Линда Кинг Ньюэлл, Валийн Типпэттс Эйвэри нар, “Jane Manning James”,Ensign, Aug. 1979, 29-ийг үзнэ үү.

  5. Jane Elizabeth Manning James autobiography, ойролцоогоор 1902 он, Элизабэт Ж.Д.Раундид амаар ярьж өгсөн түүх, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лэйк Сити, 22.

  6. Жон Тэйлорт илгээсэн Жэйн Э.Жэймсийн захидал, 1884 оны 12-р сарын 27, Иосеф Ф.Смитэд илгээсэн Жэйн Э.Жэймсийн захидал, 1890 оны 2-р сарын 7; Иосеф Ф.Смитэд илгээсэн Жэйн Э.Жэймсийн захидал, 1903 оны 8-р сарын 31.

  7. Ангус М.Канноны Жэйн Э.Жэймсд илгээсэн захидал, 1888 оны 6-р сарын 16; Tonya Reiter, “Black Saviors on Mount Zion: Proxy Baptisms and Latter-day Saints of African Descent,” Journal of Mormon History, vol. 43, no. 4 (Oct. 2017), 100–123.

  8. Жэйн Элизабэт Мэннинг Жэймсийн хувийн намтар, ойролцоогоор 1902 он. Жэйн 1902–1908 оны хооронд Солт Лэйк Ситид намтраа ярьж бичүүлсэн; Ronald G. Coleman and Darius A. Gray, “Two Perspectives: The Religious Hopes of ‘Worthy’ African American Latter-day Saints before the 1978 Revelation,” in Newell G. Bringhurst and Darron T. Smith, eds., Black and Mormon (Urbana: University of Illinois Press, 2004), 54. Күинси Д.Ньюэллийн “The Autobiography and Interview of Jane Manning James,” Journal of Africana Religions, vol. 1, no. 2 (2013), 256, 275 (note 34)-ийг үзнэ үү.

  9. “Death of Jane Manning James,” Deseret News, 1908 оны 4-р сарын 16.