2010
Амилуулалтын үнэн бодит байдал
2010 оны дөрөвдүгээр сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Амилуулалтын үнэн бодит байдал

Зураг
President Spencer W. Kimball

Бид хэдэн жилийн өмнө Христийн Мэндэлсний Баяраар Ариун нутагт зочилж, Есүсийн очсон газруудыг үзсэн юм. Бид Гетсеманий Цэцэрлэг хэмээн нэрлэгддэг тэр газарт юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй хэдэн цагийг өнгөрүүлж, Тэрбээр Цовдлолт, Амилалтыг хүлээж байхдаа эдэлсэн зовлон шаналлыг төсөөлөн бодохыг хичээж билээ. Бид Түүний залбирсан газар, баривчлагдсан болон Түүнийг шүүж, ялласан газруудын ойролцоо очиж үзэв.

Бид хотын хэрэмний гадна талд чулуурхаг давстай хөрстэй, жижигхэн хонхорхой нүхнүүдтэй, гавал мэт бөөрөнхий харагдах толгой дээр гарахад, энэ бол Түүнийг цовдолсон Голгота шүү дээ гэж бидэнд танилцуулав. Бид энэ толгойн эгц цохио хадтай талыг тойрч, ар тал уруу нь тахиралдсан замаар бууж, цогцсыг нь тэнд тавьсан гэдэг болхидуухан нүхэлж гаргасан, цонхны хэмжээтэй агуйн ам уруу очлоо.

Бид энэ булшны гаднах жижигхэн цэцэрлэгт хэдэн цагийг өнгөрүүлж, энд болж өнгөрсөн Түүний оршуулга, Амилалтын тухай сайн мэдээний түүхийг шимтэн сонсож билээ. Бид булшин дээр хүрч ирсэн эмэгтэйчүүд, агуйг тагласан хадыг өнхрүүлэн зайлуулсан Их Эзэний тэнгэр элчийн тухай, айн чичирч үхсэн мэт болсон харуулуудын тухай тунгаан бодож, залбиран уншиж билээ.

“Тэр … Амилсан”

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?”

“Тэр энд байхгүй, харин Тэр амилсан” хэмээн Мариад хэлсэн, гэрэлтсэн хувцастай хоёр тэнгэр элчийг бараг л харж байгаа юм шигээр төсөөлөн бодлоо.

“Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой” (Лук 24:5-7) гэж Их Эзэн угтан хэлсэн билээ.

Мариа, тэнгэр элчүүд, Их Эзэний хооронд болсон яриаг санаж байлаа:

“Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр, Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй” гэв.

Тэр ингэж хэлээд эргэхдээ, “Есүсийн зогсож байхыг харсан боловч, тэр нь Есүс байсныг таньсангүй.

“Есүс түүнд, Эмэгтэй чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд, Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв.

“Гэтэл Есүс, Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

“Есүс, Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд, Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно гэдгийг хэл гэлээ (Иoхан 20:13-17). …

Улаан Өндөгний Баярын утга учир

Зарим үед бидний тэмдэглэдэг түүхэн онцгой үйл явдал дэлхийн өнгө төрхтэй болсноос уг үйл явдлыг тэмдэглэж байгаагийн утга учрыг бүрэн ойлгохгүйд хүрдэг. Бидний тэмдэглэдэг Улаан Өндөгний Баярын үнэн дүр төрх нь Их Эзэний Амилалтын гүнзгий утга учрыг тэмдэглэх биш, харин олон талаараа зүгээр л баяр болсонд оршино. Христийн бурханлиг чанар, Хүү бол Эзэн мөн гэдгийг үл ойшоодог хүмүүс үнэн хэрэгтээ аз жаргалгүй хүмүүс юм. Амилалтын оргил гайхамшиг бол үнэхээр түүхэн чухал үйл явдал гэхээс илүүгээр “зөвхөн шавь нарт нь хамаатай, хувь хүний үзэмжийн туршлага юм” гэж үздэг хүмүүст бид харамсдаг.

Энэ бүхэн үнэн бодитойг бид үнэхээр мэднэ. Христ Өөрийнхөө тухай Никодемд:

“Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад, та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй” (Иoхан 3:11) гэжээ.

Мөн Петр ийн гэрчилснийг бид санадаг:

“Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн бас Христ болгосныг Израилын айл бүхэн баттай мэдэгтүн” (Үйлc 2:36).

“Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа…;

“Үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ” (Үйлc 3:14-15).

Петр, Иохан хоёр зөвлөлийн өмнө зоригтойгоор зогсож, дахин хэлэхдээ:

“Та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр, энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израил түмэн мэдтүгэй. …

“Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” (Үйлc 4:10, 12).

Мөрдөн хавчигчдын зөвлөл хоёр Төлөөлөгчийг шүүмжилж, Есүсийн нэрээр ийм зүйлсийг ярих буюу заахгүй байхыг тэдэнд тушаахад, тэд хариулж, хэлсэн нь: “Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.

Учир нь бид үзсэн,сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ (Үйлс 4:19-20).

“Элч нар Эзэн Есүс (Христийн) амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой” (Үйлс 4:33).

Петрийн гэрчлэл

Амилалт үнэн бодитойг бид бас мэднэ. Петр мөшгөн хавчигчдын зөвлөлд:

“Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ. …

“Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна” (Үйлc 5:30, 32) гэжээ.

Гарцаагүй баталгаа хүлээн авсны дараа удирдлагын болон эрх мэдлийн орхимжийг талархалтайгаар өмсөж, сүнсээр өдөөгдсөн эрэлхэг зоригоор жигүүрлэсэн аугаа Петрээс бид сүрдэн биширдэг билээ. Гэгээнтнүүдийг удирдан, дэлхийн бүхий л мөшгөн хавчигчид, үл итгэгчид, саад бэрхшээлтэй учрах үед түүнд ямар хүч чадал байсныг төсөөлөхийн аргагүй. Тэрбээр амийг нь бүрэлгэхийг санаархагч танхайрагч бүлэг, шашны санваартнууд, түшмэдийн өмнө нугаршгүй эрэлхэг зоригтой байж, гарцаагүй үнэн мэдлэгээ дахин, дахин зоригтойгоор давтан өгүүлсэн юм. Амилсан Их Эзэн, Амар амгалангийн Жонон, Ариун агаад Зөвт Нэгэн, амийн Зохиогч, Жонон ба Аврагчаа тунхагласан түүний хатан зоригоор бид бахархан биширч, магтан дуулж байна. Петр үнэхээр бат бөх итгэлтэй, хэзээ ч гуйвшгүй тууштай байсан юм. Бид түүний энэхүү шантаршгүй тууштай чанарыг олж авах ёстой. …

Паулын гэрчлэл

Паулын гэрчлэл нэн их дүгнэсэн шинжтэй юм. Тэрээр амилсан Христийн дууг сонссон юм.

“Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” Ингээд Саул хэн ингэж хэлснийг мэдэхийн тулд, “Эзэн Та хэн бэ?” гээд, “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна” (Үйлc 9:4-5).

Мөн эдүгээ санваараар адислагдан, хүч чадлаа дахин олж авсан, сохорсон нүднийх нь хараа дахин орсон сайхь Паул Дамаск дахь иудейчүүдийг сандарган, синагогуудад “Есүс бол Христ мөн гэдгийг нотлохоор” (Үйлc 9:22) явлаа.

Паул хожим нь Иерусалим дахь Төлөөлөгчид дээр хүрч ирэхэд Барнаб Паулын талаар “тэрээр замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ” (Үйлc 9:27).

Паул цааш нь өгүүлсэн нь:

“Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.

“Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд:

“Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон өдрийн турш үзэгдсэн юм. …

“Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм. …

“Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав” (Үйлс 13:29-31, 33-34). …

Иосеф Смитийн гэрчлэл

Өнөө үеийн бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл Амилалтыг хүмүүст итгүүлж чадсан нь бидэнд сүнслэг нөлөө үзүүлсэн юм. 1844 оны зургадугаар сард, амь насанд нь хэрцгийгээр халдахаас ердөө хэдхэн хоногийн өмнө олон нийтэд хандаж, Иосеф Смитийн хэлсэн сүүлчийн үгнээс Ахлагч Жорж А.Смит эш татсан байдаг.

“Би энэ хүмүүсийн төлөө өргөлд өргөгдөхөд бэлэн байна. Харин бидний дайснууд юу хийж чадах вэ? Тэд зөвхөн махан биеийг л хөнөөж чадна. Үүгээр тэдний хүч чадал дуусна. Найз нар минь бат бөх зогс. Хэзээ ч бүү ай. Өөрсдийнхөө амийг аврахыг бүү эрэлхийл. Учир нь үнэний төлөө үхэхээс айдаг хүн мөнх амийг алдах болно. Эцсийг хүртэл тэвч. Тэгвэл бид амилуулагдаж, Бурхадтай адил болон, селестиел хаант улс, вант улс, мөнхийн эзэмшлүүдэд хаанчлах болно.”1

Иовын асуулт, хариулт

“Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу?” хэмээн Иовын асуусан асуултыг хайртай нэгнийхээ шарилын дэргэд зогсож байгаа сая сая хүмүүс асуудаг (Иoв 14:14).

Уг асуулт тэдгээр хүмүүсийн үй олонд нь хүлээн авч болохуйцаар хариулагдахад, сэтгэл тэнийм, агуу амар амгалан, хурын шүүдэр лүгээ адил тэдэн дээр ирдэг билээ. Тэгээд асар их зовлон шаналалд нухчигдан итгэл найдвараа алдахад хүрсэн хүмүүст амар амгалангийн мэдрэмж амаар тайлбарлан хэлснээс илүүгээр бие сэтгэлд нь мэдрэгддэг юм.

Сэтгэл санааны гүнзгий амар амгалан байдал нь шаналсан зүрх сэтгэлд, өөртөө итгэх нэгэн шинэ дулаахан итгэлийг авчрахад тэрхүү үй олон хүн хайрт Иохантай хамт дараах үгсийг давтан хэлж болно:

“Миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ”.

“Арьс минь устгагдсан хойно ч, би махан биеэрээ Бурханыг харах болой”.

“Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг миний нүд үзэх болно” (Иoв 19:25-27).

Өөрийнх нь гэрчлэл номонд хэвлэгдэж, хойч үеийнхэн нь уншихын тулд чулуунд сийлэгдэх болно гэсэн хүслээ Иов илэрхийлжээ. Түүний хүсэл биелэгдсэн юм. Учир нь түүний бат бөх гэрчлэлийг уншихад олон хүнд амар амгалан ирдэг.

Иоханы үзэгдэл

Төгсгөл болгож, Илчлэгч Иоханы үзэгдлийг уншихыг надад зөвшөөрнө үү:

“Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв”.

“Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр үйлсийнхээ төлөө шүүгдэв” (Илчлэлт 20:12-13).

Дүнсгэр хүйтэн, үхлийг санагдуулам хахир өвлийн дараа амьдрал сэргэсэн, хөхүүн баярт хавар ирэхэд байгаль тэр чигээрээ амилсан Их Эзэний бурханлиг чанарыг, Тэр бол Бүтээгч, дэлхийн Аврагч, гарцаагүй Бурханы Хүү гэдгийг тунхагладаг билээ.

Эшлэл

  1. Иосеф Смит, History of the Church, 6:500.

Есүс түүнд хандан, “Мариа” гэв Виллям Виттейкер, © IRI; Миний гар, хөлийг хар, Харри Андерсон, © IRI

Миний хоньдыг тэжээ, Камилл Корри, © 1998 IRI