2015
Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун
Нохой 2015


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2015 оны 11-р сар

Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун

Бид Аврагчийн үлгэр жишээг дагах үед, бусдын амьдралд гэрэл болох боломж бидэнд ирэх болно.

Ах, эгч нар аа, та нартайгаа дахин хамт байх сайхан байна. Та нарын мэдэж байгаачлан, бид өнгөрсөн 4-р сард уулзсанаас хойш ерөнхийлөгч Боид К.Пакэр, ахлагч Л.Том Пэрри, ахлагч Ричард Г.Скотт нарын гурван хайртай төлөөлөгчөө алдсандаа гашуудаж байна. Тэд тэнгэрлэг гэртээ буцсан. Бид тэднийг үгүйлж байна. Бид тэдний Христийнхтэй адил хайрын жишээнд болон бид бүгдэд үлдээсэн сүнслэгээр өдөөгдсөн сургаалуудад гүнээ талархдаг.

Бид шинээр дуудагдсан төлөөлөгчид болох ахлагч Роналд А.Расбанд, ахлагч Гари И.Стивэнсон, ахлагч Дэйл Г.Рэнланд нарт тавтай морилно уу гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ эрчүүд бол Их Эзэний үйлсэд өөрсдийгөө зориулсан хүмүүс билээ. Тэд дуудагдсан чухал албан тушаалдаа бүрэн тэнцэх хүмүүс юм.

Сүүлийн үед намайг судар уншиж, тунгаан бодох явцад хоёр шүлэг санаанаас минь гарахгүй байна. Бид тэдгээрийг хоёуланг мэддэг. Эхнийх нь “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг”1 хэмээх Уулан дээрх номлолоос авсан шүлэг юм. Хоёр дахь нь намайг эхний судрыг уншаад, тунгаан бодож байхад санаанд минь орж ирсэн. Энэ нь төлөөлөгч Паулын Тимотод бичсэн захидлын хэсэг бөгөөд “Чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол”2 гэсэн шүлэг юм.

Хоёр дахь судрын шүлэг нь эхний шүлгийг хэрхэн хэрэгжүүлэхийг тод томруун тайлбарладаг гэж би боддог. Бид хэл, яриа, энэрэл, сүнс, итгэл ба цэвэр ариун байдалдаа Есүс Христийн сургаалыг дагаж амьдарснаар итгэгчдийн жишээ болж чаддаг. Биднийг тийнхүү үйлдэхэд, бидний гэрэл бусдад харагдахуйц гэрэлтэх болно.

Бидний хүн нэг бүрийг дэлхий дээр ирэхэд Христийн гэрэл өгөгдсөн. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний хэрхэн амьдарч, заасанчлан амьдрах юм бол тэрхүү гэрэл бидний дотор асаж, бусдын явах ёстой замыг гэрэлтүүлэх болно.

Төлөөлөгч Паул гэрлийг маань гэрэлтүүлэх, итгэгчийн зургаан зан чанарыг жагсаасан. Эдгээрийг нэг нэгээр нь авч үзье.

Би эхний хоёр зан чанарыг хамтатгаад, үг хэл ба яриагаараа үлгэр жишээ үзүүлэх талаар дурдъя. Бидний хэрэглэдэг үгс бусдыг дэмжин, сүнслэгээр нөлөөлж, эсвэл гэмтээн шархлуулж, гутааж чадна. Өнөө үед дэлхий дээр эргэн тойронд маань хараал, бүдүүлэг үг хэллэг дэндүү их байх шиг санагддаг. Бурханы нэрийг хайнга, бодлогогүй хэрэглэж байгааг сонсохоос зайлсхийхэд ч хэцүү болжээ. Бүдүүлэг үгс зурагт, кино, ном, дуу хөгжимд түгээмэл байдаг энгийн зүйл болсон байна. Доромжилсон, бухимдсан үгс солилцдог болж. Бүгдээрээ бусадтай хайр хүндэтгэлтэй харьцаж, өөрсдийн хэл яриаг цэврээр нь хадгалан, бусдыг гомдоож, шархлуулах үг хэлэхээс зайлсхийцгээе. Бид тохинууллынхаа туршид найрсаг, хүлээцтэй ярьдаг байсан Аврагчийнхаа жишээг дагах болтугай.

Паулын дурдсан дараагийн зан чанар нь “Христийн цэвэр хайр”3 хэмээн тодорхойлогддог тэрхүү энэрэл юм. Бидний танилын хүрээн дотор ганцаардсан, өвдсөн, зориг нь мохсон хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэдэнд тусалж, тэдний сүнсийг өргөх боломж бидэнд бий. Аврагч итгэл найдвараа алдсан хүнд найдварыг мөн сул дорой хүнд хүч чадлыг авчирдаг байсан. Тэр өвчтөнүүдийг эдгээж; хазгарыг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгосон. Тэрээр үхсэнийг хүртэл амилуулсан. Тэр тохинууллынхаа туршид гачигдагсдад энэрэлтэй ханддаг байсан. Бид Түүний үлгэр жишээг даган дуурайвал бусдын болон өөрсдийн амьдралыг адислах болно.

Дараа нь бид зан хандлагаараа үлгэр жишээ байх ёстой. Миний хувьд энэ нь амьдралдаа найрсаг зан, талархал, уучлал, сайн сайхан зан чанарыг байлгана гэсэн үг. Эдгээр зан чанар нь биднийг өөрсдийн эргэн тойрны хүмүүсийн амьдралд нөлөөлөх сүнсээр хангах болно. Би он жилүүдийн туршид тийм сүнс бүхий үй олон хүнтэй уулзах боломжтой байсан. Бид тэдэнтэй хамт байхдаа онцгой зүйлийг мэдэрдэг ба уг мэдрэмж нь тухайн хүмүүстэй харилцаа холбоотой байж, тэдний жишээг дагах хүслийг бидэнд төрүүлдэг. Тэр хүмүүс Христийн гэрлийг цацруулж, Түүний бидний төлөөх хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг.

Цэвэр ариун, хайраар дүүрэн хүнээс ирдэг гэрлийг бусад хүн хэрхэн мэдэрдгийг харуулахын тулд би олон жилийн өмнө болсон нэг явдлыг та нартай хуваалцъя.

Тэр үед Сүмийн удирдагчид Сүмийн Иерусалим төвийг барих газар түрээслэх гэрээ байгуулахаар Иерусалимын албан тушаалтнуудтай уулзсан юм. Шаардлагатай зөвшөөрлүүдийг олж авахын тулд уг төвд байрлах Сүмийн гишүүд маань шашныхаа талаар гудамжинд бусадтай хуваалцахгүй гэдгийг Сүм зөвшөөрөх ёстой байв. Гэрээ байгуулсны дараа Сүмийг болон Сүмийн гишүүдийг сайн мэддэг Израилийн нэгэн албан тушаалтан, Сүм гудамжинд шашны талаар хуваалцахгүй гэсэн энэ гэрээндээ үнэнч байна гэдгийг би мэдэж байна хэмээн дурдаж билээ. Тэнд сургуульд явах оюутнуудын талаар тэр “Гэвч тэдний нүдэнд гэрэлтэх тэрхүү гэрлийн тухайд бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм биш үү?”4 гэж хэлсэн юм. Тэрхүү гэрэл үргэлж биднээс гэрэлтэж, бусдад танигдаж, бусдын талархлыг хүртдэг байгаасай.

Итгэлийн үлгэр жишээ байна гэдэг нь бид Их Эзэнд болон Түүний үгсэд итгэдэг гэсэн үг юм. Энэ нь бодол санаа, үйл хөдлөлийг маань удирддаг тийм итгэлийг бид эзэмшиж мөн хадгалдаг гэсэн үг юм. Бидний Их Эзэн Есүс Христэд болон Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэл маань бидний хийдэг бүх зүйлд нөлөөлөх болно. Бидний үе дэх эргэлзээ, ухамсрын зөрчилдөөн, өдөр тутмын амьдралын үймээн самуун дунд байнгын итгэл маань бидний амьдралын зангуу болдог. Итгэл, эргэлзээ хоёр нэг оюунд зэрэг оршиж чадахгүй, учир нь нэг нь нөгөөгөө хөөдөг гэдгийг санаарай. Бидэнд ахин дахин сануулсаар байдаг нэгэн зүйлийг би давтан хэлье. Бид өөрсдөдөө хэрэгтэй итгэлийг олж, хадгалахын тулд судруудыг уншиж, судалж, тунгаан бодох нь нэн чухал юм шүү. Залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоотой байх нь зайлшгүй чухал. Дайсан болон түүний туслагчид бидний итгэлтэй байдал буурахыг, хуяг дуулганд маань зай завсар гарахыг зогсолтгүй эрэлхийлж байдаг учраас бид эдгээр зүйлийг ойшоохгүй байж болохгүй. Их Эзэн “Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, мөн та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно”5 хэмээн хэлсэн.

Эцэст нь, бид цэвэр ариун байх ёстой. Энэ нь бид бие махбод, оюун ухаан, сүнсэндээ цэвэр байна гэсэн үг юм. Бидний бие бол бишрэл, хүндэтгэлтэй хандвал зохих ариун сүм гэдгийг бид мэднэ. Бидний оюун санаа урмаар тэтгэгдэн, өөдрөг бодол санаагаар дүүргэгдэж, бохирдуулагч зүйлсээс ангид байх ёстой. Бид Ариун Сүнсийг өөрсдийн байнгын хамтрагч байлгахын тулд зохистой байх ёстой. Ах, эгч нар аа, цэвэр ариун байдал нь бидэнд оюун санааны амар амгаланг авчирч, Аврагчийн амлалтуудыг хүлээн авахад биднийг тэнцүүлнэ. Тэрээр “Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно”6 хэмээжээ.

Бид үг хэл, хэл яриа, хайр энэрэл, зан байдал, итгэл, цэвэр ариун байдлаар үлгэр жишээ гэдгээ нотолсноор, дэлхийд гэрэл нь болоход тэнцэх болно.

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн зарчим, удирдамжуудаас дэлхий улам бүр холдох тусам бид бусдаас өөр учраас олны дундаас ялгагдах болно гэдгийг би та нарт бүгдэд, ялангуяа залуу үеийнхэндээ хэлмээр байна. Бид даруу хувцасладаг учраас бусдаас ялгарах болно. Бид хараал хэлдэггүй мөн биед маань хортой бодисуудыг хэрэглэдэггүй учраас бусдаас өөр байх болно. Бид зохисгүй шог яриа, бусдыг доромжлох зэргээс зайлсхийдэг учраас бусдаас өөр байх болно. Бид гэр орон, амьдралаас маань сүнсийг холдуулдаг, ёс суртахуунгүй нэвтрүүлэг, дуу хөгжмөөр оюун санаагаа дүүргэхгүй гэсэн шийдвэр гаргаснаараа бусдаас өөр байх юм. Бид ёс суртахууны сонголтыг буюу сайн мэдээний зарчим, жишгүүдэд нийцэх сонголтыг хийснээрээ бусдаас онцгойрон ялгарах болно. Дэлхийн олонхоос биднийг ялгаруулдаг энэ зүйлүүд нь улам түнэр харанхуй болж буй дэлхийг гэрэлтүүлэх гэрэл хийгээд сүнсээр биднийг хангадаг юм.

Өөр байж, олны дунд ганцаар зогсох нь ихэнхдээ хэцүү байдаг. Бусад хүн юу гэж бодох бол эсвэл хэлэх бол гэж санаа зовох нь эгэл хүний шинж чанар юм. Дуулал дахь: “Эзэн бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? Эзэн бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?”7 хэмээх үгс биднийг тайтгаруулдаг. Бид Христийг амьдралынхаа төв болгох үед айдас зовнил маань бидний итгэл үнэмшлийн зоригоор солигдох болно.

Бидний хэний маань ч амьдрал төгс биш, заримдаа бидэнд тулгарах зовлон бэрхшээл дааж давшгүй мэт санагдаж гэрлийг маань бүдгэрүүлж болно. Гэхдээ бид Тэнгэрлэг Эцэгийн тусламж ба бусдын дэмжлэгтэйгээр замыг маань дахин гэрэлтүүлж, бусдад хэрэгтэй байж болох гэрлийг өгөх тэрхүү гэрлийг эргүүлэн олж авч чадна.

Үүнийг харуулахын тулд би олон жилийн өмнө анх удаа уншиж байсан дуртай шүлгийнхээ сэтгэл хөдлөм үгсийг та нартай хуваалцъя:

Би шөнийн харанхуйд

Дэнлүү нь унтарсан, үл таних нэгэнтэй дайралдав.

Би түр саатан,

Өөрийнхөө дэнлүүгээр түүнийхийг асаав.

Хожим нь хуй салхи босч,

Газар дэлхийг доргиов,

Харин салхи намжихад,

Дэнлүү минь унтарчихсан байв.

Тэгтэл нөгөө үл таних нэгэн буцаж ирэхэд

Түүний дэнлүү бадран асаж байв.

Тэрээр үнэ цэнэт дөлөө надад ойртуулж,

Миний дэнлүүг асааж өгөв!8

Ах, эгч нар аа, бид өөрсдөө ямар ч нөхцөлд байсан, бусдыг гэрэлтүүлэх боломж биднийг хүрээлэн байдаг. Бид Аврагчийн үлгэр жишээг дагах үед гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстээ, мөн зүс таних төдий юм уу танихгүй хүмүүст ч амьдралд нь гэрэл болох боломж бидэнд ирэх болно.

Та нарын хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүн мөн охин гэдгийг би хэлье. Та нар энэ дэлхий дээр түр хугацаагаар амьдрахын тулд мөн Аврагчийн хайр, удирдамжийн жишээ болж, бүгдэд харуулахын тулд гэрлээ зоригтой гэрэлтүүлэхээр Түүний дэргэдээс холдон ирсэн билээ. Дэлхий дээрх түр зуурын хугацаа дуусах үед та нар хийх ёстой зүйлээ хийсэн л бол, Түүнтэй мөнхөд хамт амьдрахаар буцаж очих алдар суут адислал та нарынх байх болно.

Аврагчийн: “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”9 хэмээх үгс сэтгэлийг ихэд тайвшруулдаг. Би Түүнийг гэрчилж байна. Тэр бидний Аврагч, Гэтэлгэгч, Эцэгийн өмнө өмгөөлөх Өмгөөлөгч билээ. Тэр бидэнд Жишээ үзүүлэгч мөн бидний хүч чадал юм. Тэр бол “харанхуйд гялалзагч гэрэл”10 юм. Миний дуу хоолойг сонсох хүн бүр Түүнийг дагахаар амлаж, тэгснээр дэлхийг гийгүүлэгч гэрэл нь болоосой хэмээн би Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.

Хэвлэх