2017
Зөв шударга байдлаар зэвсэглэсэн
March 2017


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2017 оны гуравдугаар сар

Зөв шударга байдлаар зэвсэглэх нь

Дэлхий дээрх Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон “Өнөөдөр бид урьд хожид байгаагүй ихээр газар аван тэлсэн нүгэл, худал хуурмаг, хилэнцтэй тэмцэхээр зогсож байна”1 хэмээн тунхагласан билээ.

Ерөнхийлөгч Монсон энэ үгээ 50 жилийн өмнө хэлж байсан гэдгийг мэдвэл та нар гайхах уу? Хэрэв бид тухайн үед урьд хожид байгаагүй их нүгэл хилэнцтэй тэмцэлдэж байсан юм бол одоо биднийг үүнээс хэр их нүгэл хилэнц заналхийлж байгаа бол? Их Эзэн манай эрин үеийн талаар “дайсан нэгдээд байна” (С ба Г 38:12) хэмээн тунхагласан нь яахын аргагүй үнэн билээ.

“Бидний тулалдахаар дуудагдсан”2 дайн биднийг энэ дэлхийд мэндлэхээс өмнө эхэлсэн. Энэ нь бүр дэлхий бүтээгдэхээс ч өмнө эхэлсэн. Тухайлбал Сатан бослого гаргаж, “хүмүүний сонгох эрхийг эрэлхийлсэн” (Мосе 4:3) тэр үед буюу мөнх бус байдлын өмнөх оршихуйд хэдэн мянган жилийн өмнө эхэлсэн.

Сатан тэрхүү тулаанд ялагдаж, “дэлхий уруу хаягд[сан]” (Илчлэлт 12:9) бөгөөд энд өнөөдөр ч дайнаа үргэлжлүүлсээр байгаа билээ. Энэ дэлхийд “тэрээр Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг, мөн тэднийг [худал хуурмаг, хууран мэхлэлт, уруу таталтуудаар] тойрон бүсэлдэг ажгуу” (С ба Г 76:29).

Сатан бошиглогч, төлөөлөгчдийн эсрэг болон ариун явдлын хууль, гэрлэлтийн ариун нандин байдлын эсрэг дайтдаг. Тэр гэр бүл, ариун сүм ба сайн сайхан, ариун нандин зүйлсийн эсрэг дайтдаг.

Бид ийм дайсантай хэрхэн дайтах вэ? Бид дэлхийг нөмөрч буй хилэнцийн эсрэг хэрхэн дайтах вэ? Бидний хуяг дуулга юу байх вэ? Бидний талд хэн зогсох вэ?

Хурганы хүч

Бошиглогч Иосеф Смит Сатан биднийг зөвшөөрсөн тохиолдолд л биднийг эзэмдэх хүчтэй байдаг хэмээн заажээ.3

Бидний өдрүүдийн талаар Нифай “Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн бай[хыг]” харсан (1 Нифай 14:14; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Бид өөрсдийгөө зөв шударга байдал хийгээд хүчээр хэрхэн зэвсэглэх вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг сахиж, санваарыг хүндэтгэн дээдэлдэг. Бид ариун нандин гэрээнүүдийг хийн, сахиж, гэр бүлийн түүх дээрээ ажиллаж, ариун сүмд ордог. Бид зогсолтгүй наманчилж, Их Эзэнээс “нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч” (Мозая 4:2) хэмээн гуйдаг. Бид залбирч, үйлчлэн, гэрчилж, Есүс Христэд итгэх итгэлээр үйлддэг.

Бид мөн өөрсдийгөө “амьдралын үгсийг оюундаа ямагт нөөц[лөхийн]” хэрээр зөв шударга байдал хийгээд хүчээр зэвсэглэдэг (С ба Г 84:85). Бид ариун судруудыг болон ирэх ерөнхий чуулгануудаар Их Эзэний хүсэл, оюун санаа, дуу хоолойг илчлэх Их Эзэний сонгосон үйлчлэгчдийн үгсийг судалснаар тэр үгсийг оюундаа нөөцөлнө (С ба Г 68:4).

Бид хилэнцийн эсрэг тэмцэхдээ хөшигний аль ч талаас тусламж авах эрхтэй гэдгээ үргэлж санах ёстой. Бидний талд Бурхан Мөнхийн Эцэг, Их Эзэн Есүс Христ, Ариун Сүнс гурав байдаг.

Мөн харж байгаагүй тэнгэрийн дайчид бас байгаа. Елиша хилэнцэт их цэргийн эсрэг зогсохдоо айж тэвдсэн нэгэн залууд “Бүү айгтун.” “Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм” хэмээн хэлсэн (Хаадын дэд 6:15–16-г үзнэ үү).

Бид айх хэрэггүй. Бурхан гэгэээнтнүүддээ хайртай. Тэр хэзээ ч биднийг орхихгүй.

Бурхан бидний залбиралд хариулан хилэнцээс чөлөөлөх гуйлтуудыг маань биелүүлсэн гэдгийг би мэднэ. Бид Бурхан Эцэг, дэлхийн Аврагч, Ариун Сүнсний тусламжтайгаар бидэнтэй тулгарах ямар ч хилэнцийг тэвчиж ялж гарах хангалттай их хүчийг хүлээн авах болно гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг би гэрчилж байна.

Эцэст нь бид ялагч болох болно гэдэгтээ итгэлтэй байж болохын тулд зөв шударга байдлаар зэвсэглэх болтугай.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Correlation Brings Blessings,” Relief Society Magazine, 1967 оны 4-р сар, 247.

  2. “We Are All Enlisted,” Hymns, 250-р дуулал.

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 214-ийг үзнэ үү.

Хэвлэх