“Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглан тохинуулах нь,” Лиахона, 2020 оны 9-р сар
Тохинууллын зарчмууд, 2020 оны 9-р сар
Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглан тохинуулах нь
Ирээд, Намайг дага танд хэрхэн бусдын амьдралыг өөрчлөхөд тусалж болох вэ?
Та гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа эсэх, Ням гаргийн ангийн багшийн эсвэл суралцагчийн хувьд, эсвэл сургууль, ажил дээрээ гээд хаа ч ямар ч тохиолдолд Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглан, судраас суралцах нь бусдад тохинуулах асар их боломжийг авчрах болно. Эцсийн эцэст, заах нь “Ням гарагт ярилцлага өрнүүлэхээс илүү чухал зүйл юм. Үүнд хайраар тохинуулах, сайн мэдээгээр бусдыг адислах зэрэг нь ордог.”1
Суралцагчидтайгаа холбогдох
Офэлия Трэжо дэ Кардэнас нь Мехико хотын тойрогтоо залуучуудад заахаар дуудагдах үедээ Ням гаргийн ангийн суралцагч бүртэй дотно харилцаатай байвал заах ур чадвар нь дээшилж, хүчирхэгжих болно гэж мэдэрчээ.
“Хэрэв би суралцагчидтайгаа ойр дотно харилцаагүй, тэд миний хайрыг мэдрэхгүй байвал тэд намайг заах эсвэл гэрчлэлээ хуваалцах үед надад итгэхгүй байж мэднэ” гэж тэр хэлэв. “Тэдэнд би зүгээр л нэг Ням гаргийн ангийн багш мэт санагдаж мэднэ.”
Гэхдээ Кардэнас эгч хоёр долоо хоногт нэг удаа заахдаа яаж ийм харилцааг хөгжүүлж чадах вэ? Тэрээр хариултаа технологиор дамжуулан олжээ. WhatsApp гар утасны программыг ашиглан, тэр тун удалгүй текстээр болон дуут мессежээр суралцагчидтайгаа өдөр бүр холбогддог болов. Одоо ангиас нэг сайн дурын хүн дараагийн Ням гаргийн хичээлийн өмнөх өдөр бүр ангийн гишүүдэд дараагийн хичээлээс нэг судрын эшлэлийг эшлэлтэй уялдах өөрийн бодлын хамт илгээдэг болсон. Судрын эшлэл болон санаа бодлыг уншсаныхаа дараа ангийн гишүүд өөрсдийнхөөрөө хариулна.
“Судар уншаад инээмсэглэсэн дүрс илгээхэд нь би тэднийг судрыг уншсан эсвэл судалсан бөгөөд тэр талаар бодож үзсэн гэдгийг нь мэддэг” гэж Кардэнас эгч хэлэв. Дараагийн Ням гаргийн хичээл эхлэхэд суралцагчид хичээлд оролцоход бэлтгэгдсэн байдаг.
Энэхүү өдөр тутмын харилцаа нь Сүмд эцэг эх нь идэвхгүй байдаг нэгэн залууг адислаад байна.
“Тэр сүмд ирэхийн тулд нэлээд хэдэн бэрхшээлийг давах ёстой болдгийг би мэддэг учраас түүнийг сүмд ирж байхыг харах дуртай” гэж Кардэнас эгч хэлсэн. “Ангийнхных нь илгээсэн судар, бодож санаж байгаа зүйл мөн өөрийнх нь ээлж ирэхэд илгээсэн судар, бодож санаж буй зүйл нь түүнийг маш их хүчирхэгжүүлсэн гэдэгт би итгэлтэй байна.”
Судраар дамжуулж тохинуулах нь түүний Ням гаргийн хичээлээр болон тэдний ангийн өдөр тутмын судрын харилцаагаар дуусдаггүйг Кардэнас эгч хэлэв.
“Би бэлтгэхдээ суралцагчдынхаа төлөө залбирдаг. Би тэдний тухай зөвхөн ням гарагт бус, харин өдөр бүр боддог. Тэдэнд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц хэрэгцээ байдаг. Тэд бүгдээрээ Бурханы хүүхэд. Би хичээлээ бэлдэж байхдаа тэдний тухай боддог” гэж тэр хэлжээ.
Мөн тэрээр заахдаа суралцагчид болон Ариун Сүнсний аль алиныг сонсдог.
Тэрээр “Багш бол Сүнс” гэхийг суралцагчдынхаа дуу хоолойноос байнга сонсдог. “Тэдний хэлэх зүйлс Сүнсний тэдэнд өгөх илчлэлт учраас би анхаарал тавих ёстой.”
Манай анги “Гэр бүлийн үдэш шиг” байдаг.
Карла Гутиэррэз Ортэга Кордоба нь сурган хүмүүжүүлэх, тохинуулах орчныг бүрдүүлдэг Кардэнас эгчийн Ням гаргийн ангийн гишүүн байгаадаа өөрийгөө адислагдсан гэж үздэг. Карла тэрхүү орчинд хэдэн хэдэн хүчин зүйлээр оролцдог. Үүнд:
-
Бэлтгэл: Судар, бодол санаагаа хуваалцах нь суралцагчдыг дараагийн хичээлд бэлдэхэд тусалдаг. “Өдөр тутмын судрууд нь биднийг тэтгэж, мэдлэгийг маань өргөжүүлдэг” гэж тэр тайлбарладаг.
-
Оролцоо: “Бид бүгд ярьдаг. Энэ нь ангийнхныгаа найз, ах эгч дүүгийн хувьд илүү гүнзгий мэдэх боломжийг олгодог.
-
Хайр: “Кардэнас эгч таны гараас хөтөлдөг. Анги маань нэлээд хэдэн ах эгч, дүү нартайгаа гэр бүлийн үдэш хийж байгаа мэт санагддаг. Энэ бол үнэхээр онцгой.”
-
Ариун Сүнс: “Бид Сүнстэй хамт байдаг болохоор ангидаа таатай, эв найрамдалтай байдаг.”
-
Гэрчлэл: “Ирээд, Намайг дага нь гэрчлэлээ хуваалцахад бэлэн болоход надад тусалсан. Надад Мормоны Ном болон Библийн гүнзгий мэдлэг бий. Тэр нь надад сургууль дээр ангийнхантайгаа, ажил дээр хүмүүстэй сурч мэдсэнээ хуваалцах боломж олгодог.
Сүнслэг хэрэгцээнд тохинуулах
АНУ-ын Кентаки мужийн Грэг, Ники Кристэнсэн нар гурван хүүгийнхээ хамт Абрахамын гэрээний талаар судраас уншаад, тайлбарлахад хэцүү болохыг мэдсэн. Тэд гэр бүлээрээ дор бүрдээ Абрахамын гэрээг судлаад, олж мэдсэнээ хуваалцахаар шийджээ.
“Бид хэдэн сонирхолтой тайлбар хүлээж авсан” гэж Грэг хэлэв. “Найман настай хүү маань Абрахамын нэр урьд нь Абрам байсныг олж мэдсэн. Тэрээр нүглээс зайлсхийж, зөв шударга амьдрах амлалтыг Их Эзэнд өгсөн учраас түүний нэр Абрахам болон өөрчлөгдсөн гэж түүнийг хэлэхэд би маш их гайхсан.
Тэд бүгд шинэ зүйл сурч, Абрахамын гэрээ гэж юу болох, энэ нь өнөөдрийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ямар утга учиртай болох талаар сайн ярилцсан.
Бид гэр бүлээрээ судар судлахдаа, өрөөн дотор ээлжлэн шүлэг уншдаг байсан” гэж Ники хэллээ. “Ирээд, Намайг дага нь Сүнсээр заахад илүү чиглэдэг. Одоо биднийг хамт суралцахад Сүнс гэр бүлийн маань хэрэгцээнд тулгуурлан бидний ярилцлагыг өөр тийш хөтлөхөөр зөөлөн нудрахыг би мэдэрдэг.”
Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглах нь гэр бүлээрээ сайн мэдээг судлахад тэдний гэр бүлийг илүү оролцуулж, сонирхлыг нь татахад туслаад зогсохгүй мөн Грэг, Ники хоёрт хүүхдүүдийнхээ сүнслэг хэрэгцээнд тохинуулахад нь бас тусалсан.
“Ирээд, Намайг дага нь хүүхдүүддээ заахад надад тусалдаг” гэж Ники хэлэв. “Энэ нь надад заримдаа хүүхдүүдэд маань тохиолддог янз бүрийн бэрхшээлийг даван туулахад бас тусалдаг. Би Сүнсэнд илүү мэдрэмтгий байж, илүү анхааралтай сонсож, хүүхэд тус бүрдээ хэрхэн тусалж болох өдөөлтийг хүлээн авдаг.
Грэг Ирээд, Намайг дага нь гэр бүлд сайн мэдээний талаар илүү удаан ярилцах боломжийг гаргаж өгдөгт дуртай байдаг. “Хөвгүүдийн маань сайн мэдээний ойлголтын түвшин өөр өөр байгаа” гэж тэр хэлэв. “Ирээд, Намайг дага нь хэрэгцээнд нь үндэслэж, тэдэнд заах аргыг бидэнд олгосон. Тэдний сайн мэдээг хайрлах хайр өсөн нэмэгдэхийг болон сайн мэдээний мэдлэгээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох арга ухаанаа олж байгааг харах нь гайхамшигтай адислал юм.”
© 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Ministering Principles, August 2020-ийн орчуулга. Mongolian. 16724 363