“Гэр бүлийн үдэш гэж юу вэ?” Лиахона, 2022 оны 8-р сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2022 оны 8-р сар
Гэр бүлийн үдэш гэж юу вэ?
Гэр бүлийн үдэш бол долоо хоногийн аль нэг өдөр гэр бүлээрээ тусгайлан цугларах цаг юм. Энэ цагаар та “сайн мэдээнээс суралцаж, гэрчлэлээ хүчирхэгжүүлж, эв нэгдлийг тогтоон, бие биетэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх” боломжтой (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 2.2.4, ChurchofJesusChrist.org). Гэр бүлийн үдэш зарим талаараа гэр бүл бүрд өөр өөр байдаг. Гэхдээ гол зорилго нь энэ цаг мөчийг нэг нэгэнтэйгээ болон Аврагчтай илүү ойртон дотносоход зориулах явдал юм.
Бэлтгэл
Гэр бүлийнхэндээ таалагдах үйл ажиллагаа мөн тэдэнтэй хамт суралцаж, ярилцахыг хүсэж буй сайн мэдээний аль нэг сэдвийн талаар бод. Мөн гэр бүлийн бүх эсвэл ихэнх гишүүн цуглах боломжтой долоо хоног бүрийн аль нэг өдөр, цагийг сонго. Сүм гишүүдийг гэр бүлийн үдшээ даваа гараг бүрийн орой зохиоход урамшуулдаг. Гэвч гэр бүлүүд өөрсдөдөө хамгийн тохиромжтой өдрийг сонгож болно.
Залбирал
Олон гэр бүл гэр бүлийн үдшийг залбирлаар эхлүүлж бас өндөрлүүлдэг. Залбирал нь Ариун Сүнсийг гэр оронд урьдаг. Гэр бүлийн үдэш бол хүүхэд, насанд хүрэгчдэд цөөн хүнтэй газар залбирч сурах тохиромжтой цаг юм.
Дуу хөгжим
Түүнчлэн гэр бүлүүд нээлт, хаалтын дуу дуулдаг. Ихэвчлэн тэд сүмийн дуулал эсвэл Хүүхдийн хэсгийн дууны номоос дуу сонгон дуулдаг. Сүмийн дууллуудын төгөлдөр хуурын ая music.ChurchofJesusChrist.org вэбсайтад байршсан байдаг. Мөн та Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучдын видеонуудыг үзэх боломжтой. Гэр бүлийн үдэш дээр дуулах нь сүмд дуулагддаг дууллуудыг сурахад гишүүдэд тусалдаг.
Хичээл
Сүмд гэр бүлийн үдэш зохиоход туслах олон эх сурвалж бий. Лиахона, Найз, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн нийтлэлүүдээс уншиж, ярилцах цаг гаргаж болох юм. Мөн энэ нь Сүмээс гаргасан видеонуудыг үзэж, ярилцах цаг байж болно. Эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үг болон судруудаас унших эсвэл Ирээд, Намайг дага гарын авлага дахь тухайн долоо хоногийн сэдвээр ярилцаж болно.
Гэр бүлийн оролцоо
Хүүхдүүд гэр бүлийн үдэш зохион байгуулахад оролцож болно. Тэд үйл ажиллагаа төлөвлөх, залбирах, дуу сонгох эсвэл удирдахад тусалж болно. Тэд хичээл заасан ч болно. Гэр бүлийн үдэш эхлэхээс өмнө та хүүхдэдээ Найз сэтгүүлээс ямар нэг түүх эсвэл дуртай судрын түүхээ уншихад нь тусалж болох юм. Дараа нь хүүхэд чинь уншсан түүхээ хичээл болгон гэр бүлийнхэндээ ярьж өгч болно. Олон хүүхэд гэр бүлийн үдэш дээр судрын түүхээр жүжигчлэн тоглох дуртай байдаг. Том хүүхдүүдээрээ хичээлийн төлөвлөгөө гаргуул эсвэл уншмаар байгаа Ерөнхий чуулганы үгийг нь сонгуул. Дараа нь тэднээр хичээлийг удирдуул.
Үйл ажиллагаа
Гэр бүлүүд гэр бүлийн үдшийн үйл ажиллагаануудад дуртай байдаг. Гэр дотроо зохиож болох үйл ажиллагаануудад тоглоом тоглох, гар урлал хийх, хамтдаа хоол хийх зэрэг байж болно.
Гадуур зохиож болох үйл ажиллагаануудад алхах, гэр бүлээрээ агаарт гарах, ямар нэгэн спорт тоглоом тоглох байж болно. Гэр бүлийн бүх гишүүн оролцож болох, хамтдаа хөгжилдөх үйл ажиллагаа ол. Сүнсийг холдуулах өрсөлдөөнт нөхцөл байдлаас зайлсхий.
Үйлчлэл
Гэр бүлийн үдэш бол бусдад үйлчлэх боломжийг гэр бүлүүдэд олгодог гайхалтай цаг мөч юм. Та настай хөршүүддээ туслах, гэр оронгүй хүмүүсийн хоноглох газарт хоол түгээж үйлчлэх, номлогчдод захиа бичих, хог цэвэрлэх гэх мэт зүйлсийг хийж болно.
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, August 2022-ын орчуулга Mongolian. 18316 363