“Бид яагаад аравны нэгээ төлдөг вэ?,” 2022 оны 12-р сарын Лиахона
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2022 оны 12-р сар
Бид яагаад аравны нэгээ төлдөг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд орлогынхоо 10 хувийг Сүмдээ өгдөг. Үүнийг аравны нэг гэж нэрлэдэг. Энэ мөнгийг дэлхий даяарх Сүмийн үйл хэргийг удирдан явуулахад зарцуулдаг.
Аравны нэг гэж юу вэ?
Аравны нэг төлөх нь Бурханы тушаалуудын нэг бөгөөд бид орлогынхоо аравны нэгийг Түүний Сүмд өргөдөг. Бид аравны нэгээ төлөх үед хүлээн авсан адислалууддаа талархаж буйгаа Бурханд харуулдаг. Энэ нь бидний хувьд Их Эзэнд найдаж мөн бүхий л зүйлд Түүнийг дуулгавартай дагана гэдгээ илтгэж буй хэрэг юм.
Хуучин Гэрээний сургаал
Хуучин Гэрээний үеэс Бурханы хүмүүс аравны нэг төлж ирсэн. Жишээлбэл: Абрахам аравны нэг төлдөг байсан (Эхлэл,14:18–20-ийг үзнэ үү). Аравны нэгийн хуулийг эртний бошиглогч Малахи, Мосе нар мөн заадаг байсан (Леви 27:30–34;Нехемиа 10:35–37;Малахи 3:10-аас үзнэ үү).
Аравны нэгийн хуулийн сэргээлт
1838 онд бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс Сүмийн гишүүд хэрхэн аравны нэгээ төлбөл зохих талаар асуужээ. Их Эзэний хариулт Сургаал ба Гэрээ 119-д тэмдэглэгдсэн ба үүнд гишүүд жил тутмын ашгийнхаа аравны нэгийг Сүмд төлөх ёстой хэмээн өгүүлсэн (4-р шүлгийг үзнэ үү). Сүмийн удирдагчид “ашиг” гэдэг нь орлого гэсэн утгатайг заасан.
Аравны нэгээ хэрхэн төлдөг вэ?
Бид donations.ChurchofJesusChrist.org хуудас руу орж, онлайн маягтыг бөглөж, аравны нэгээ төлөх боломжтой. Эсвэл цаасан маягт бөглөн, мөнгөө бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлдөө өгч болно. Бүх мөнгийг Сүмийн удирдах газар луу илгээдэг ба Сүмийн удирдагчид (Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөл) хэрхэн зарцуулахаа залбирч байгаад шийддэг.
Адислал
Их Эзэн аравны нэгээ дуулгавартай төлдөг хүмүүсийг сүнслэг болон материаллаг зүйлээр адисална хэмээн амласан. Мөн аравны нэг нь Бурханы бүх хүүхдийг Түүний талаар илүү их суралцах, сургаалд өсөж хөгжих боломжоор адисалдаг.
Аравны нэгийн санг хэрхэн захиран зарцуулдаг вэ?
Аравны нэгийн мөнгийг дэлхий даяар Бурханы хаант улсыг байгуулахад хэрэглэдэг. Үүнд: Ариун сүм болон Сүмийн бусад барилга байшинг барих; судар болон Сүмийн бусад материалыг хэвлэх; Сүмийн харьяаллын сургуулиудыг санхүүжүүлэх; гэр бүлийн түүх, номлолын ажил зэргийг дэмжих гэх мэт зүйлүүд багтана.
Аравны нэгийн мэдүүлэг
Сүмийн гишүүд бишоптойгоо (эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө) жилд нэг удаа уулзаж, аравны нэгээ бүрэн төлөгч эсэх талаараа ярилцдаг.
Аравны нэгийг юунд зарцуулах
© 2022 Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, December 2022-ын орчуулга. Mongolian. 18318 363