2023
Ариун сүмд ороход бэлтгэх нь
2023 оны 12-р сар


“Ариун сүмд ороход бэлтгэх нь,” Лиахона, 2023 оны 12-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2023 оны 12-р сар

Ариун сүмд ороход бэлтгэх нь

Ютагийн Огдэн ариун сүм өөд алхаж буй хүмүүс

Марк Брансоны авсан Ютагийн Огдэн ариун сүмийн гэрэл зураг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүдэд бид ариун нандин гэрээ, ёслолуудыг өөрсдийнхөө болон өвөг дээдсийнхээ төлөө хүлээн авах боломжтой. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулж, талархлаа илэрхийлэхийн тулд ариун сүмд ордог. Бид Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарснаар ариун сүмд ороход бэлтгэж чадна. Ариун сүмийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Лиахона сэтгүүлийн 2021 оны 10-р сарын дугаараас “Ариун сүмийн ажил” гэсэн гарчиг бүхий Сайн мэдээний үндсэн зарчим хэмээх нийтлэлийг үзнэ үү.

Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийн гаднах үгс

Мэттю Рэйэрийн авсан Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийн гэрэл зураг

Их Эзэний өргөө

Ариун сүмийг “Их Эзэний өргөө” гэж нэрлэдэг. Ариун сүм бол Бурханы Сүнс болон биднийг гэсэн Түүний хайрыг мэдрэх ариун нандин газар юм. Ариун сүм бол бидний мөнх амьдралтай болоход өөрсдийгөө бэлтгэх гэрээнүүдийг байгуулж, онцгой ёслолуудыг хүлээн авах боломжтой газар билээ. (Гэрээ бол Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондох ариун нандин амлалт юм.) Гэрээнүүддээ итгэлтэй байж, эдгээр ёслолыг хүлээн авах нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой онцгой харилцаатай байхад тусалдаг.

Эквадорын Гуаякил ариун сүмийн гадаа зогсож буй өсвөр үеийнхэн

Жэнэй Бингамын авсан Эквадорын Гуаякил ариун сүмийн гэрэл зураг

Хэн ариун сүмд орж болох вэ?

Сүмийн гишүүд 12 нас хүрэх жилийнхээ эхнээс эхлэн нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэх боломжтой. Гишүүн хамгийн багадаа 18 настай байх ба Сүмийн гишүүн болоод нэг жил болсон мөн ариун сүмд гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахих хүсэлтэй бол хишиг хүлээн авах боломжтой (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 27.2.2-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Ариун сүмийн хишгээ аль хэдийн хүлээн авсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс ариун сүмд мөнхөд лацдан холбогдох (гэрлэх) боломжтой.

Гэрээ ба ёслол

Ариун сүмд та гэрээнүүд байгуулж, ёслолууд хүлээн авах болно. “Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог” (Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 97). Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг бие махбодын ариун нандин зан үйл юм. Ёслол нь гүн гүнзгий сүнслэг утга учрыг өөртөө агуулдаг. Жишээ нь: Та ёслолд оролцох үедээ гэрээ байгуулж, тэдгээрийг дагах хүсэлтэй байгаагаа Бурханд харуулдаг.

Хувийн бэлтгэл

Есүс Христийн сургаалыг дагаж, баптисмаар Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахиснаар сүнслэг байдлаар бэлтгэ. Мөн та судрууд, ерөнхий чуулганы үгс зэрэг Сүмийн эх сурвалжуудыг судалж болно. Ариун сүмд ороод юу хийдэг талаарх мэдээллийг Temples.ChurchofJesusChrist.org дээрээс авах боломжтой. Түүнчлэн энд ариун сүмийн гэрээ, ёслол, бэлгэдлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл багтсан.

Иллинойн Науву ариун сүмийн гадаа

Ийв Тафтын авсан Иллинойн Науву ариун сүмийн гэрэл зураг

Бэлгэдэл

Их Эзэн заахдаа ихэвчлэн бэлгэдэл ашигладаг. Жишээ нь: Баптисм буюу ус руу ороод буцаж гарч ирэх нь хуучны өөрийгөө булшилж, шинээр дахин төрж байгаатай адил юм (Ром 6:3–6-г үзнэ үү). Ариун сүмийн ёслолууд нь Есүс Христ рүү болон Түүний Цагаатгал руу хандуулдаг. Ариун сүмд анх удаа орох үед танд бүх бэлгэдлийг ойлгоход төвөгтэй байж болох ч амьдралынхаа турш ариун сүмд дахин дахин орсноор үргэлжлүүлэн суралцсаар байх боломжтой.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

Ариун сүмд орохын тулд та бэлтгэлтэй мөн зохистой байх шаардлагатай. Та бишоп, салбарын ерөнхийлөгч болон гадас, номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилцлагад орсныхоо дараа ариун сүмд орох ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг хүлээн авах боломжтой. Эдгээр удирдагч таныг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч байгаа эсэхийг тодорхойлохын тулд хэд хэдэн асуулт тавих болно. Удирдагчид тань тантай эдгээр асуултын талаар урьдчилан ярилцаж болно.

Өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд дахин орох нь

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөртэй нь гэрээ байгуулж, ариун нандин ёслолуудыг хүлээн аваасай гэж хүсдэг. Баптисм, хишиг хүртэх зэрэг ёслолуудыг сайн мэдээг хүлээн аваагүй нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд гүйцэтгэх ёстой. Та ариун сүмд дахин орж, гэр бүлийнхээ нас барсан гишүүдийн төлөө ёслолуудыг гүйцэтгэх боломжтой.