“Хөрвөлт бол бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“Хөрвөлт бол бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024
Хөрвөлт бол бидний зорилго
Сайн мэдээг судлах, заах бүхий л зорилго нь бидний хөрвөлтийг гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход туслах явдал юм. Иймээс бид сайн мэдээнээс судлахдаа шинэ мэдээлэл хайхын зэрэгцээ “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болохыг эрмэлздэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхөд тусална гэдэгт найдна гэсэн үг юм.
Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээг судлах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу нэвтэрдэг. Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрахын тул өдөр бүр байнга хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Жинхэнээсээ хөрвөгдөхөд Ариун Сүнсний нөлөө шаардлагатай.
Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, тэрхүү үнэнийг гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэр бидний оюун санааг гийгүүлж, ойлголтыг хурдасган, бүхий л үнэний эх сурвалж болох Бурханаас ирэх илчлэлтээр зүрх сэтгэлийг маань хөнддөг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр үнэний дагуу амьдрах хүслийг маань өдөөдөг бөгөөд үүнийг үйлдэх арга замуудыг шивнэдэг. Үнэнийг хэлэхэд, “Ариун Сүнс [бидэнд] бүх зүйлийг заана” (Иохан 14:26).
Эдгээр шалтгааны улмаас бид сайн мэдээг судалж, зааж, үүний дагуу амьдрахын тулд хамгийн түрүүнд Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлбэл зохино. Энэхүү зорилго бидний сонголтыг тодорхойлж, бодол, үйлдлийг маань удирдаж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлсийг эрэлхийлж мөн холдуулдаг зүйлсийг эсэргүүцэх хэрэгтэй. Учир нь бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгээ мэддэг.