“Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024
Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашиглах
Энэ эх сурвалжийг хэнд зориулсан бэ?
Энэ эх сурвалжийг Мормоны Номоос хувиараа, гэр бүлээрээ болон Сүмийн ангиудад судлахыг хүсэж буй хүн бүрд зориулсан. Хэрэв та урьд нь судраас тогтмол судалдаггүй байсан бол энэ эх сурвалж танд судалж эхлэхэд тусална. Хэрэв та аль хэдийн судраас судлах сайн дадал хэвшилтэй болж чадсан бол энэ нь танд илүү ач холбогдол бүхий туршлага олж авахад туслах болно.
Хувь хүн, гэр бүлүүд гэр орондоо
Сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар бол гэр орон юм. Сүмийн багш нар таныг дэмжиж, та тойргийн бусад гишүүнээс урам зориг авч болно. Гэхдээ сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхийн тулд та болон танай гэр бүл өдөр бүр “Бурханы сайн үгээр” тэжээгддэг байх шаардлагатай (Моронай 6:4-ийг мөн Рассэлл М.Нэлсоны “Нээлтийн үг” захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 3-аас үзнэ үү).
Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Тоймуудад Мормоны Номон дээрх мөнхийн үнэнүүдийг онцлохын зэрэгцээ судрыг хувиараа, гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа хамт судлахад тань туслах санаа, үйл ажиллагаануудыг тусгасан байдаг. Судлах явцдаа та өөрт тань ач холбогдолтой мөнхийн үнэнүүдийг олохын тулд Сүнсний удирдамжийг дагаарай. Бурханы танд зориулсан захиаснуудыг олж, хүлээн авсан сүнслэг өдөөлтөө дага.
Багш, суралцагчид сүм дээр
Хэрэв та Хүүхдийн хэсэг, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн Ням гаргийн анги, Аароны санваарын чуулга эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангид заадаг бол таныг заахаар бэлтгэхдээ энэ материалын тоймуудыг ашиглахад урамшуулж байна. Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав гарын авлага нь танай Ням гаргийн ангид зориулсан сургалтын материал юм. Энэ эх сурвалжийн судлах санаануудыг гэр орондоо болон сүм дээр суралцахад зориулсан. Та заахаар бэлтгэхдээ, эхлээд судартай холбоотой хувийн туршлагатай болохоос эхэл. Хамгийн чухал бэлтгэлийг судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж хийнэ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход туслах мөнхийн үнэнүүдийг хайж ол. Ирээд, Намайг дага гарын авлага нь эдгээр үнэнээс заримыг тодорхойлж, судруудын хам сэдвийг ойлгоход тань тусалж чадна.
Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн үед л сайн мэдээг хамгийн сайнаар судална гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, таны гол үүрэг бол зааж байгаа хүмүүсээ сайн мэдээнээс гэртээ суралцаж мөн дагаж амьдрах хичээл зүтгэлийг нь дэмжих явдал юм. Тэдэнд судрын хэсгүүдтэй холбоотой бодол, туршлага, асуултуудаа хуваалцах боломжийг олго. Тэднийг олсон мөнхийн үнэнүүдээ хуваалцахад урь. Энэ нь тодорхой материалуудыг хамруулснаас ч илүү чухал юм.
Хүүхдийн хэсэг
Хүүхдийн хэсэгт заах бэлтгэл тань Мормоны Номыг хувиараа болон гэр бүлээрээ судалснаар эхэлдэг. Та ийн бэлдэж байхдаа, Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн талаарх Ариун Сүнснээс ирэх өдөөлт болон сүнслэг санаа бодолд нээлттэй байна уу. Залбирдаг бай, тэгвэл Сүнс Есүс Христийн сайн мэдээг судлахад нь тэдэнд туслах санаануудыг танд өгөх болно.
Та заахаар бэлдэж байхдаа, энэ эх сурвалж дахь заах санаануудыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Ирээд, Намайг дага гарын авлагын тойм бүрд “Хүүхдүүдэд заах санаа” гэсэн хэсэг бий. Эдгээр санааг өөрт тань сүнслэг удирдамж өгөх санал гэж үзээрэй. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдээ мэддэг ч гэсэн ангидаа тэдэнтэй харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Бурхан ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд заах, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.
Ангийн тань хүүхдүүд Ирээд, Намайг дага дээрх зарим үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ аль хэдийн гүйцэтгэсэн байж болох юм. Хэрэв тэгсэн бол асуудалгүй. Давтах нь сайн зүйл юм. Тэднийг гэртээ сурсан зүйлсээ бие биетэйгээ хуваалцахад урьж болно. Хүүхдүүд гэр орондоо суралцаагүй байсан ч та тэднийг оролцуулах арга замыг төлөвлөх хэрэгтэй. Сайн мэдээний үнэнийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан давтан заавал хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй сурна. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Түүнчлэн та өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтаж болно.
Таван ням гарагтай саруудад Хүүхдийн хэсгийн багш нар тав дахь ням гаргийн хуваарь дээрх Ирээд, Намайг дага тоймын хуваарийг “Хавсралт Б: Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа туршид зогсоход бэлтгэх нь: Хүүхдийн хэсэгт зориулав” хэсгийн нэг эсвэл түүнээс дээш суралцах үйл ажиллагаагаар сольж болно.
Өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан Ням гаргийн хичээл
Бидний Ням гаргийн ангид цуглардаг нэг шалтгаан бол Есүс Христийг дагахыг хичээхдээ бие биеэ дэмжих, урамшуулах явдал юм. Ийн үйлдэх энгийн арга бол “Энэ долоо хоногт Ирээд, Намайг дага гарын авлагатай хамт Мормоны Номыг судлах үед Ариун Сүнс танд юу заасан бэ?” гэсэн асуултыг тавих юм. Энэ асуултын хариулт Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг хөгжүүлэх утга учиртай ярилцлага руу хөтөлж болно.
Дараа нь та Ирээд, Намайг дага дээрх судлахад санал болгосон зүйлс дээр тулгуурлан ярилцаж болно. Жишээ нь: Судлах санаа нь Алма 36-г судлаад, наманчлалд Аврагч ямар үүрэгтэй оролцдог талаар зааж буй үгсийг жагсааж бичихийг санал болгож болно. Та олсон үгсээ хуваалцаж мөн ярилцахыг ангийн гишүүдээс хүсэж болох юм. Эсвэл ангиараа жагсаалт гаргахад хэсэг хугацааг зарцуулж болно.
Аароны санваарын чуулгууд ба Залуу эмэгтэйчүүдийн ангиуд
Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиуд ням гарагт Ням гаргийн ангиас арай өөр зорилготой уулздаг. Энэ бүлгүүд Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад нь нэг нэгэндээ туслахаас гадна аврал, өргөмжлөлийн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар хамтдаа зөвлөлдөхөөр уулздаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2). Тэд үүнийг ангийн болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор гүйцэтгэнэ.
Ийм шалтгаанаар чуулгын эсвэл ангийн бүх цуглааныг сайн мэдээний дагуу амьдрах, гачигдалтай хүмүүст тохинуулах, сайн мэдээг хуваалцах эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох зэрэг хичээл зүтгэлийн талаарх ярилцлагыг удирдах чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн аль нэг гишүүн эхлүүлэх ёстой.
Хамтдаа зөвлөлдсөний дараа зааварлагч анги эсвэл чуулгыг сайн мэдээнээс суралцахад чиглүүлнэ. Насанд хүрсэн хүнийг эсвэл анги, чуулгын гишүүдийн аль нэгийг хичээл заалгуулахаар томилно. Ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл насанд хүрсэн удирдагчидтай зөвлөлдөн, эдгээр томилгоог хийнэ.
Заахаар томилогдсон хүмүүс Ирээд, Намайг дага гарын авлагын долоо хоногийн тойм дээрх суралцах санаануудыг ашиглан хичээлдээ бэлтгэнэ. Тойм болгон дээрх шигтгээ зураг нь ялангуяа өсвөр үеийнхэнд хамаатай үйл ажиллагаа гэдгийг илтгэнэ. Гэсэн хэдий ч эдгээр санал болгосон зүйлсийн алиныг нь ч өсвөр үеийнхэнд заах үйл ажиллагаа болгон ашиглаж болно.
Чуулгын болон ангийн цуглааны энгийн хөтөлбөрийг харах бол Хавсралт Г-г үзнэ үү.