Ирээд, Намайг дага
Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь—Хүүхдийн хэсэгт зориулав


“Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь—Хүүхдийн хэсэгт зориулав” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“Хавсралт Б,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024

Хавсралт Б

Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь—Хүүхдийн хэсэгт зориулав

Таван ням гарагтай саруудад Хүүхдийн хэсгийн багш нарыг тав дахь ням гаргийн хуваарь дээрх Ирээд, Намайг дага тоймын хуваарийг эдгээрийн нэг эсвэл түүнээс дээш суралцах үйл ажиллагаагаар солихыг урамшуулж байна.

Есүс Христийн сайн мэдээний зарчим ба ёслол

Христийн сургаал бидэнд Бурхан руу хэрхэн эргэн очихыг заадаг.

Есүс Христ Америк дахь хүмүүст үзэгдэхдээ, тэдэнд Өөрийн сургаалыг заасан. Тэрээр хэрэв бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн аван, эцсээ хүртэл тэвчвэл Бурханы хаант улсад орж чадна хэмээн хэлсэн (3 Нифай 11:31–40; Сургаал ба Гэрээ 20:29-ийг үзнэ үү). Доорх үйл ажиллагаа нь эдгээр зарчим, ёслол нь биднийг амьдралынхаа туршид Аврагчтай илүү ойртоход тусална гэдгийг хүүхдүүдэд заахад танд тусална.

Христийн сургаалын талаар илүү ихийг сурахыг хүсвэл 2 Нифай 31-ийг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгааг дүрсэлсэн зургуудыг өг (Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 1, 111, 103105-ыг үзнэ үү). Хүүхдүүдтэй хамт итгэлийн дөрөв дэх тунхгийг унших юм уу цээжээр ярьж өгөөд, тухайн зарчим, ёслолыг дурдах үед зургаа өргөхийг тэднээс хүс. Эдгээр зарчим, ёслол бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

  • Итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа зэрэг нь нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин амьдралын маань туршид бидний сүнслэг өсөлтөд нөлөөлдөг гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Жишээлбэл: Та тэдэнд үр ба том модны зураг үзүүлж болно (эсвэл тэдгээрийг самбарт зур). Ус, хөрс, нарны гэрэл гэх мэт үрийг том мод болон ургахад нь туслах зүйлсийн талаар бодоход тэдэнд тусал. Эдгээр нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, өдөр бүр наманчлах, баптисмын гэрээнийхээ дагуу амьдрах, Ариун Сүнсийг сонсох зэрэг амьдралынхаа турш Бурхантай ойр байхын тулд хийдэг зүйлстэй адил гэдгийг олж харахад нь тэдэнд тусал.

  • Ахлагч Дэйл Г.Рэнландын “Би наманчилснаар хэрхэн аз жаргалыг мэдрэх боломжтой вэ?” захиаснаас галт оч цацруулагчийн тухай түүхийг хүүхдүүдтэй хуваалц (2017 оны 12-р сарын Лиахона сэтгүүл, 70-ыг үзнэ үү).

    Энэхүү түүхийг хуваалцахдаа, дундуур нь ахлагч Рэнландад ямар бодол төрсөн байж болох талаар бодоход хүүхдүүдийг урь. Бид наманчлахдаа яагаад аз жаргал мэдэрдэг вэ? Тэнгэрлэг Эцэгээс уучлахыг хүсэхдээ мэдэрч байсан аз жаргал, хайрынхаа талаар хүүхдүүдтэй хуваалц.

Баптисм

Есүс Христ баптисм хүртэх үедээ надад үлгэр жишээ үзүүлсэн.

Есүс нүгэлгүй байсан ч баптисм хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байж, төгс үлгэр жишээг харуулсан (2 Нифай 31: 6–10-ыг үзнэ үү).

Баптисмын талаар илүү ихийг сурахын тулд Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Аврагчийн болон өөр нэг хүний баптисмын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 35, 103 эсвэл 104-ийг үзнэ үү). Энэ хоёр зураг юугаараа адил, юугаараа өөр байгааг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хамтдаа Maтай 3:13–17-г эсвэл Шинэ Гэрээний түүхүүд дэх “10-р бүлэг: Есүс баптисм хүртсэн нь”-ийг уншина уу.

    Уншсан юм эсвэл үзсэн видеон дээр дурдсан зүйлсийг зурган дээрээ заахыг хүүхдүүдээс хүс. Аврагчийг хайрлаж, Түүнийг дагах хүсэлтэй байгаа талаараа хүүхдүүдэд хэл.

  • Есүс баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 141) гэх мэт баптисмын тухай дууг сонс эсвэл дуул. Бид энэ дуунаас баптисмын талаар юу сурдаг вэ? 2 Нифай 31: 9–10-ыг уншаад, Есүс Христ яагаад баптисм хүртсэнийг сонсоход хүүхдүүдийг урь. Өөрсдийгөө баптисм хүртэж байгаагаар зурахад тэднийг урь.

Би Бурхантай гэрээ байгуулж, баптисм хүртэхийг сонгож чадна.

Баптисм хүртэхэд бэлтгэх нь ямар нэгэн үйл явдалд бэлтгэхээс илүү чухал зүйл юм. Энэ нь гэрээ байгуулахын тулд бэлтгэж, уг гэрээгээ амьдралынхаа туршид сахина гэсэн утгатай. Баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтэй байгуулдаг гэрээгээ, тухайлбал Түүний тэдэнд өгдөг амлалт мөн тэдний Түүнд өгдөг амлалтыг хэрхэн хүүхдүүдэд ойлгоход тусалж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Гэрээ бол Тэнгэрлэг Эцэг, тухайн хүн хоёрын хоорондох амлалт юм. Биднийг Бурханд өгсөн амлалтаа сахихыг хичээх үед Бурхан биднийг адислахаа амласан. Самбарт Бурханд өгдөг миний амлалт, Бурханы надад өгдөг амлалт гэж бич. Хамтдаа Мозая 18:10, 13, Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, олсон амлалтуудаа зохих гарчгийн доор жагсаан бичихэд нь хүүхдүүдэд тусал. Таныг баптисмын гэрээгээ сахихыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг хэрхэн адисалж байсан талаар хуваалц.

  • Есүс Христ дэлхий дээр байхдаа хийж үйлдсэн зүйлсийн зургийг хүүхдүүдэд үзүүл (жишээлбэл: Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 33–49-ийг үзнэ үү). Зураг бүр дээр Есүс юу хийж байгаа талаар хүүхдүүдээр ярь. Мозая 18:8–10, 13-ыг уншаад, баптисм хүртэх үедээ амласан зүйлийнхээ талаар олж сонсоход хүүхдүүдийг урь. Эдгээр амлалт бидний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ? Хүүхдүүдийг Есүсийн адил хэн нэгэнд тусалж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. Эсвэл та Аврагчийн нэрийг бичсэн энгийн нэрийн тэмдгийг хүүхдүүдэд хийж өгч болно.

    Баптисм хүртэж буй хүү

    Бид баптисм хүртсэнээр Бурханд амлалт өгч, Бурхан бидэнд мөн амлалт өгдөг.

Гишүүний баталгаа

Би гишүүнээр батлуулахдаа Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болдог.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох нь Бурханы ажилд идэвхтэй оролцох боломж зэрэг олон адислалыг хүүхдүүдэд авчирдаг.

Гишүүний баталгаа болон Ариун Сүнсний бэлгийн талаар илүү ихийг сурах бол Гари Э.Стивэнсоны “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” захиасыг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 108–112-аас үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Саяхан баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүнийг гишүүнээр батлуулахад ямар байснаа ангид ирж хуваалцахад урь. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байна гэдэг нь энэ хүнд ямар утга учиртай зүйл вэ? Сүмийн гишүүдийн хувьд баптисмын гэрээгээ сахих арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал (жишээлбэл: Бусдад үйлчлэх, Есүсийн тухай илүү ихийг сурч мэдэхэд бусдыг урих, цуглаан дээр залбирах гэх мэт). Эдгээрийг хийх нь танд Христийн Сүмийн гишүүн байхын баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн тусалсан тухай хуваалц.

  • Мормоны усны дэргэд буй хүмүүсийн зургийг үзүүлээд, (Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 76-г үзнэ үү), хүүхдүүдээс зураг дээрээс харсан зүйлээ дүрслэхийг хүс. Алма болон түүний хүмүүс тэнд баптисм хүртсэн түүхийг ярь (Moзая 18:1–17-г үз мөн “15-р бүлэг: Алма сургаал айлдаж, баптисм хүртээсэн нь”-ийг Мормоны Номын түүхүүдийн х. 43–44-өөс үзнэ үү).

    Мозая 18:8–9-ийг уншаад, Христийн Сүмийн гишүүдийн хувьд хүмүүсийн үйлдэхэд бэлэн байсан зүйлсийг тогтоож санахад туслах үйлдлүүдийг хийхэд хүүхдүүдийг урь. Сүмийн гишүүдийн тэдгээр арга замаар үйлчилж байгааг харж байсан туршлагаасаа хуваалц.

Би гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

Биднийг баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үед Тэнгэрлэг Эцэг “түүний Сүнсийг [өөрсөдтэйгөө] үргэлж хамт байлгах” [Сургаал ба Гэрээ 20:77] амлалтыг бидэнд өгдөг. Бурханы энэхүү гайхамшигт бэлгийг Ариун Сүнсний бэлэг гэж нэрлэдэг.

Боломжит үйл ажиллагаа

  • Сургаал ба Гэрээ 33:15-ыг уншаад, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг онцгой бэлгийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Ариун Сүнсний бэлэг тэдэнд хэрхэн туслах талаар ойлгоход нь туслахын тулд хамтдаа Иохан 14:26; Галат 5:22–23; 2 Нифай 32:5; 3 Нифай 27:20-ийг унш. Та мөн “Ариун Сүнс бол …” (Найз, 2019 оны 6-р сар, 24–25; Лиахона, 2019 оны 6-р сар) гэсэн нийтлэлийг уншиж болно.

  • Хичээлийг заахаас өмнө нэг буюу хэд хэдэн хүүхдийн эцэг эхээс Ариун Сүнсний бэлэг байгаагийн ачаар хэрхэн адислагдсанаа хуваалцахыг хүс. Тэр тэдэнд хэрхэн тусалдаг вэ? Тэд Түүний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?

  • Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж болох талаар энэ дуу бидэнд юу зааж байгааг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Ариун Сүнс надтай олон арга замаар ярьдаг.

Сүнсний дуу хоолойг таньдаг хүүхдүүд амьдралынхаа туршид тэднийг удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийг хүлээн авахад бэлэн байх болно. Ариун Сүнс бидэнтэй олон арга замаар ярьдгийг тэдэнд заа.

Боломжит үйл ажиллагаа

  • Хол байгаа найздаа захидал бичих, э-мэйл илгээх, утсаар ярих гэх мэтээр харилцах янз бүрийн арга замыг бодоход хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьж чадна гэдгийг тэдэнд заа.  

  • Ариун Сүнс тантай оюун ухаанд тань орж ирсэн бодлоор эсвэл зүрх сэтгэлд мэдрэгдэх мэдрэмжээр дамжуулан харилцаж байсан туршлагаас хуваалц (Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3-ыг үзнэ үү). Ариун Сүнс ижил төстэй арга замаар тэдэнд тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

  • Сүнсийг мэдэрч байсан байж болох үеэ бодоход нь хүүхдүүдэд тусал. Жишээ нь: Аврагчийн тухай дуу дуулах эсвэл бусдад зориулан сайн үйл хийх үед гэх мэт. Ариун Сүнсний мэдрүүлдэг сүнслэг мэдрэмжийг ялган танихад нь тэдэнд тусал. Ариун Сүнс яагаад бидэнд ийм мэдрэмжийг өгдөг гэж та бодож байна вэ? Ариун Сүнсний бидэнтэй ярихыг сонсохын тулд хийх ёстой зүйлсийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Та Сүнсийг илүү тод сонсохын тулд юу хийдгээ ярь.

Ариун ёслол

Би ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн золиослолыг санаж, гэрээнүүдээ шинэчилдэг.

Аврагч бидэнд Өөрийнх нь бидний төлөө гаргасан золиослолыг санаж, гэрээгээ шинэчлэхэд маань туслахын тулд ариун ёслолыг өгсөн. Долоо хоног тутмын энэхүү ёслолын ачаар бид амьдралынхаа туршид баптисмынхаа адислалуудыг үргэлжлүүлэн хүртэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Матай 26:26–30; 3 Нифай 18:1–12; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  •     3 Нифай 18:1–12-ын хэсгээс эсвэл “45-р бүлэг: Алма сургаал айлдаж, баптисм хүртээсэн нь” бүлгийг Мормоны Номын түүхүүдээс унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү. Ариун ёслолын үеэр Есүс Христийг санахын тулд бид юу хийж чадах вэ?

  • Хүүхдүүдээс үргэлж хийхээ санаж байх ёстой зарим зүйлийг хэлэхийг хүс. Жишээлбэл: Гутлаа үдэх эсвэл хоол идэхээсээ өмнө гараа угаах гэх мэт. Эдгээр зүйлийг санах нь яагаад чухал вэ? Хүүхдүүдэд Моронай 4:3-ыг уншиж өгөөд, ариун ёслолоос хүртэхдээ юуг үргэлж санахаа амласнаа олж сонсоход тэднийг урь. Есүс Христийг санах нь яагаад чухал вэ? Ариун ёслолын талх, ус хэрхэн Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг санахад тусалдаг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал (Моронай 4:3; 5:2-ыг үзнэ үү).

  • Самбарт “Би … амлаж байна” гэж бичээд, хүүхдүүдэд ариун ёслолын залбирлыг уншиж өг (Сургаал ба Гэрээ 20:77, 79). Бидний Бурханд өгдөг амлалтыг сонссоных нь дараа түр зогсоод, сонссон амлалтаа самбарт бичихэд нь тэдэнд тусал. Ариун ёслолоос хүртэхдээ баптисмын үеэр өгсөн тэрхүү амлалтаа өгдөг гэдгийг тэдэнд ойлгуул.

  • Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүүхдүүдэд энэ асуултад хариулахад туслахын тулд нэрээ дээр нь бичдэг ямар нэгэн зүйлийг жишээ болгон хуваалц. Бид яагаад эдгээр зүйл дээр нэрээ бичдэг вэ? Есүс Христ яагаад Өөрийн нэрийг бидэнд өгөхийг хүсдэг вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах тайлбарыг хуваалцаж болох юм. “Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж, гэрчлэхийг хэлдэг” (“Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Санваарын хүч чадал, эрх мэдэл, түлхүүр

Бурхан хүүхдүүдээ санваарын хүчээр дамжуулан адисалдаг.

Эмэгтэй, эрэгтэй, залуу, хөгшин гээд Бурханы бүх хүүхэд Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар Бурханы хүчийг хүлээн авдаг. Бид баптисм зэрэг санваарын ёслолуудыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь-ийн 3.5-ыг Gospel Library-аас үзнэ үү.) Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 82–86-аас мөн Ерөнхий гарын авлагын 3-р бүлгийн “Санваарын зарчмууд”-ыг үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Санваарын ачаар хүлээн авдаг адислалуудаа олж харахад нь хүүхдүүдэд тусал.  

  • Тэдгээр адислалыг самбарт жагсаан бичиж болно. Яагаад эдгээр адислал бидэнд чухал вэ? Есүс Христээр болон Түүний санваарын хүчээр эдгээр адислал бидэнд ирдэг гэдгийг гэрчил.

  • Самбарт Бурханы хүч, Бурханы хүч ба эрх мэдэл дэлхий дээр хүнд өгөгдсөн гэх гарчгуудыг бич. Дэлхийг бүтээж, биднийг удирдан чиглүүлж, бидэнд хайртай мөн биднийг мэддэг гэдгээ харуулж, залбирлыг маань сонсож, хариулах гэх мэт арга замаар Бурхан биднийг адислахын тулд Өөрийн хүчийг хэрхэн ашигласан талаар ойлгоход туслах зургуудыг эхний гарчгийн доор байрлуулахыг хүүхдүүдээс хүс (Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 3, 68, 90111-ийг үзнэ үү). Дэлхий дээрх зохистой хүмүүс биднийг адислахын тулд Бурханы хүч, эрх мэдлийг хэрхэн ашигладаг болохыг ойлгоход туслах зургуудыг хоёрдугаар гарчгийн доор байрлуулахыг тэднээс хүс. Жишээлбэл: Өвчтэй хүмүүсийг адисалж, баптисм хүртээж, гишүүнээр баталж, ариун ёслол түгээж, гэр бүлүүдийг лацдан холбож гэх мэт (Сайн мэдээний уран зургийн цуглуулгын д. 46, 104, 105107, 120-ийг үзнэ үү). Та яагаад санваарт болон үүгээр дамжуулан өгөгддөг адислалуудад талархдагаа хуваалц.

  • Бурханы хүч чадлын адислалуудыг амьдралдаа хүлээн авах гол арга замуудын нэг бол санваарын ёслолууд юм (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү). Хүүхдүүдэд энэ үнэнийг сурч мэдэхэд нь туслахын тулд та дараах судруудыг самбарт жагсааж болно. Үүнд: 3 Нифай 11:21–26, 33 (баптисм); Моронай 2 (гишүүний баталгаа); Моронай 4–5 (ариун ёслол). Хүүхдүүд тус бүрдээ эдгээр судрын хэсгээс аль нэгийг сонгоод, дүрсэлсэн ёслолыг нь тодорхойлж болно. Санваарын ёслолуудыг хүлээн авснаар хувь хүнийхээ хувьд хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Тэд баптисм хүртэж, гэрээгээ сахиснаар Бурханаас хүч чадал хүлээн авна гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Энэ хүч тэдэнд хэрхэн туслах талаар хүүхдүүдээс асуу.

Бурханы ажлыг санваарын түлхүүрээр удирдаж, санваарын эрх мэдлээр хэрэгжүүлдэг.

Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваарын албанд томилогдож болно. Үүний зэрэгцээ хүн Бурханы ажилд туслахаар дуудагдах эсвэл томилогдох үед олгогдсон санваарын эрх мэдлээ хэрэгжүүлж чадна. Сүм дэх санваарын бүх эрх мэдлийг ашиглах явдлыг гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгч зэрэг санваарын түлхүүрийг атгадаг хүмүүс удирддаг. Санваарын түлхүүрүүд нь Их Эзэний ажлыг гүйцэтгэхдээ санваар ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдтэй хамт Марк 3:14–15-ыг уншаад, үүн дээр дүрсэлсэн үйл явдлын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 38 гэх мэт). Хэн нэгэн санваарын албанд томилогдож эсвэл дуудлагад онцгойлон адислагдаж байгааг харж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу (эсвэл өөрийнхөө туршлагыг ярь). Энэ нь Аврагчийн Өөрийн төлөөлөгчидтэй хамт хийсэн зүйлтэй юугаараа адил вэ? Багш эсвэл байгууллагын удирдагч зэрэг Сүмийн гишүүдэд өгч болох санваарын алба эсвэл дуудлагыг самбарт жагсаахад хүүхдүүдэд тусал. Алба, дуудлага бүрийн хажууд тухайн алба, дуудлагатай хүний эрх мэдлийнхээ дагуу юу хийж болохыг бичиж болно. Санваарын түлхүүрүүдийн удирдлага доорх хэн нэгнээр онцгойлон адислагдах нь үйлчлэхэд тань хэрхэн тусалсан талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Машин эсвэл хаалга гэх мэт түлхүүр хэрэгтэй зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урь. Танд түлхүүр байхгүй бол юу болох вэ? Хамтдаа Сургаал ба Гэрээ 65:2-ыг уншаад, дэлхий дээр санваарын түлхүүртэй байхын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалц.    

  • Тойргийнхоо түлхүүр атгадаг нэг хүнээс ангид ирж, санваар атгах гэдэг нь юу гэсэн үг болохыг хүүхдүүдтэй хуваалцахыг хүс. Түүнийг үүрэг хариуцлагаа тайлбарлахад урь. Тэрээр Их Эзэний ажлын аль хэсгийг удирддаг вэ? Аврагч түүнд хэрхэн тусалдаг вэ?

Ариун сүм ба аз жаргалын төлөвлөгөө

Ариун сүм бол Их Эзэний өргөө.

Ариун сүмүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ариун сүмд бид Түүнтэй ариун гэрээнүүд байгуулж, санваарын хүчээр хишиг хүртэж, илчлэлт хүлээн аван, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнхөд лацдан холбогддог. Энэ бүхэн Есүс Христ, Түүний цагаатгагч золиослолын ачаар боломжтой юм.

Та өөрийн заадаг хүүхдүүдэд Их Эзэний өргөөний ариун нандин байдлыг мэдэж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой байхад өөрсдийгөө бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Сургаал ба Гэрээ 97:15–17-г болон 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 138–140 дээрх Рассэлл М.Нэлсоны “Хаалтын үг” зэрэг эх сурвалжийг уншиж болно.

Ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн

Ариун сүмүүд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Ариун сүмийн нэг буюу хэд хэдэн зургийг үзүүл. Ариун сүм юугаараа онцгой газар болохыг хүүхдүүдээс асуу. Ариун сүм бүр дээр “Их Эзэнд ариуныг: Их Эзэний өргөө” гэсэн бичиг байдгийг онцол. “Их Эзэнд ариуныг” гэдгийн утгыг юу гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Яагаад ариун сүмийг Их Эзэний өргөө гэж нэрлэдэг вэ? Энэ нь бидэнд ариун сүмийн талаар юу заадаг вэ? Хэрэв аль нэг хүүхэд ариун сүмд орж байсан бол тэнд байхад ямар мэдрэмж төрж байснаа хуваалцаж болно. Хэрэв та ариун сүмд орж байсан бол тэнд Их Эзэний оршихуйг хэрхэн мэдэрч байснаа хуваалцаж, ариун сүм яагаад таны хувьд ариун газар болох талаар ярь.

  • Хамтдаа Сургаал ба Гэрээ 97:15–17-г yнш. Их Эзэн Өөрийнх нь ариун өргөөнд ордог хүмүүсээс юуг хүсэн хүлээж байдгийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Бид яагаад Түүний өргөөнд орохуйц зохистой байх хэрэгтэй вэ? Энэ харилцан ярианыхаа хүрээнд хүүхдүүдэд ариун сүмийн эрхийн бичиг, үүнийг хэрхэн авдаг талаар ярьж өг. Та бишопын зөвлөлийн гишүүнийг ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлага ямар байдгийг мөн ямар асуултууд тавьдаг талаар ирж хуваалцахад урьж болно.

Бид ариун сүмд Бурхантай гэрээнүүд байгуулдаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христ биднийг Тэнгэрлэг эцэг эх рүүгээ гэртээ буцаж очин, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэрээний замаар явахад урьдаг” хэмээн заасан (“Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107). Гэрээний зам гэдэгт баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг, лацдан холболт багтдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Баптисм хүртэхдээ Бурхантай байгуулдаг мөн ариун ёслолоос хүртэхдээ шинэчилдэг гэрээгээ давтаж хэлэхэд туслахыг хүүхдүүдээс хүс (Мозая 18:10; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү). Ариун сүмийн зургийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэг ариун сүмд бидэнд өөр олон адислал өгөхийг хүсдэг гэдгийг тайлбарла.

  • Зам руу хөтлөх хаалга зур. Алхах замтай байх нь яагаад тустай гэдгийг хүүхдүүдээс асуу. Нифай баптисмын гэрээг хаалгатай зүйрлэж, баптисм хүртсэнийхээ дараа уг замаараа үргэлжлүүлэн явахад биднийг урьсан тухай өгүүлсэн 2 Нифай 31:17–20-ийг хамтдаа унш. Ариун сүмд байгуулах гэрээнүүд гээд баптисм хүртсэний дараа байгуулах өөр олон гэрээ бий. Ерөнхийлөгч Нэлсон энэхүү замыг “гэрээний зам” гэж нэрлэснийг тайлбарла.

Бид ариун сүмд баптисм хүртэж, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гишүүнээр батлуулж болно.

Есүс Христийн сайн мэдээ нь сайн мэдээг мэдэлгүйгээр нас барсан ч Түүнтэй хамт амьдрахаар эргэн ирэх боломжийг Бурханы бүх хүүхдэд олгодог. Бид ариун сүмд тэдний өмнөөс баптисм хүртэж, Есүс Христийн Сүмийн гишүүнээр батлуулж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэн нэгэн таны хийж чадахгүй байгаа зүйлийг таны төлөө хийж байсан үеийн тухай ярь. Хүүхдүүдээс үүнтэй адил туршлагаасаа хуваалцахыг хүс. Бид ариун сүмд очихдоо, нас барсан бусад хүний өмнөөс баптисм хүртэх зэрэг ариун ёслолуудыг хүлээн авч болно гэдгийг тайлбарла. Бид нас барагсдын өмнөөс ёслолуудыг үйлдсэнээр хэрхэн Есүстэй адил байж чадаж байна вэ? Бидний өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй ямар зүйлийг Тэр бидний төлөө хийсэн бэ?

  • Өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртсэн нэг юм уу хэд хэдэн өсвөр үеийнхнийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэднээс ариун сүмд ямар байсныг асуу. Өвөг дээдсийнхээ төлөө энэ ажлыг хийж байхад ямар мэдрэмж төрж байсан тухай хуваалцахад тэднийг урамшуул.

  • Самбарт үндэс, мөчиртэй мод зур. Гэр бүл хэрхэн модтой адилхан болох талаар бодохыг хүүхдүүдээс асуу. Модны үндсийг өвөг дээдэс, мөчрүүдийг үр удам, гол хэсгийг чи хэмээн нэрлэн бич. Сургаал ба Гэрээ 128:18 дээрээс “Учир нь бид [өөрсдийн өвөг дээдэсгүйгээр] төгс болгогдож чадах нь үгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй” хэмээх өгүүлбэрийг хамтдаа унш. “Яагаад өвөг дээдэс маань бидэнд хэрэгтэй вэ? Бид яагаад өвөг дээдэстээ хэрэгтэй вэ? Бидний эцэг эх, өвөө эмээ болон бусад өвөг дээдэс бидэнд хэрхэн тусалсаар ирсэн бэ?” гэх мэтчилэн асуу. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 128:18 дээрх, бид өвөг дээдэстээ хэрхэн тусалж болох талаар өгүүлсэн хэсгийг олоход урь.

  • Хүүхдүүдэд ариун сүм рүү авч явах өвөг дээдсийнх нь нэрийг олж өгөхөөр эцэг эхтэй нь хамтран ажиллах талаар бодож үзээрэй (FamilySearch.org-ийг үзнэ үү).