2010–2019
Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?
2017 оны 4-р сар


15:25

Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?

Ариун Сүнс сэрэмжлүүлж, тайтгаруулж мөн гэрчилдэг.

Саяхан нэгэн даваа гарагт би эхнэр Лисатайгаа хамт хөрш залуу гэр бүлийнд зочилсон юм. Биднийг тэднийд байхад уг гэр бүл биднийг үлдэж, гэр бүлийн үдэшт нь оролцохыг урьсан бөгөөд есөн настай хүү нь хичээл заахаар бэлдсэнийг хэлэв. Мэдээж бид үлдсэн!

Нээлтийн дуу, залбирал, гэр бүлийн ажил хэргийг явуулсны дараа есөн настай хүү гараар бичиж бэлдсэн хичээлд нь орсон “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн нэгэн хэрсүү асуултыг уншиж эхэлсэн юм. Энэ асуултын үр дүнд хүн бүр санаа бодол, сэтгэгдлээ хуваалцсанаар утга учиртай гэр бүлийн ярилцлага өрнөсөн. Багшийн маань хичээлээ хэрхэн бэлдсэн байдал, маш сайн асуулт нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд дараа нь ч бодогдсоор байсан билээ.

Гараар бичсэн гэр бүлийн үдшийн хичээл

Тэр үеэс хойш би “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” хэмээх, ялангуяа найман насны босгоор алхан, баптисмд бэлтгэж буй мөн саяхан баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд хамаатай энэ асуултыг өөрөөсөө асуудаг болсон юм. Энэ нь мөн мянга мянган шинэхэн хөрвөгчдөд ч бас хамаатай.

Би хүн нэг бүрийг, ялангуяа Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултыг бодож үзнэ үү гэж урьж байна. Намайг энэ асуултын талаар тунгаан бодоход өсвөр насанд минь болж өнгөрсөн нэгэн үйл явдал зурсхийн орж ирж билээ. Би энэ түүхийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсаныхаа дараахан ахлагч Робэрт Д.Хэйлст ярьж өгсөн бөгөөд тэр Сүмийн сэтгүүл дээрх миний амьдралын тухай бичсэн өгүүлэлдээ оруулсан юм. Та нарын зарим нь энэ түүхийг сонссон байх. Харин ихэнх нь сонсоогүй байж магадгүй.

Би 11 настай байхдаа, зуны нэг аагим халуун өдөр аавтайгаа хамт гэрийнхээ ойролцоох уул руу явган аялал хийхээр явсан юм. Аав маань эгц жимээр өгсөх үед би жимийн хажуу талаар нэг хаднаас нөгөө хад руу зүүгдэн үсэрч байв. Харин намайг нэлээн том хад руу авирахыг завдан, дээшээ мацаж эхлэхэд аав маань бүснээс минь зуурч, доош татаад “Энэ хад руу битгий авир. Зүгээр л жимээ дагаад явцгаая” гэж хэлэхэд нь би гайхаж билээ.

Хэсэг хугацааны дараа бид явсан жимээ дээрээс нь харахад, миний авирах гэж байсан тэр хадны дээр хоржигнуурт могой наранд ээн хэвтэж байхыг олж хараад цочих шиг болсон.

Дараа нь гэр рүүгээ харихаар жолоо барьж яваа аав маань “Та тэнд могой байсныг яаж мэдсэн юм бэ?” гэж асуухыг минь хүлээж байгааг мэдэж байлаа. Тийнхүү асуусан нь Ариун Сүнсний талаарх мөн Ариун Сүнсний бидэнд хэрхэн тусалдаг талаарх ярилцлага руу хөтөлсөн юм. Би тэр үед олж авсан сургамжаа хэзээ ч мартаагүй.

Ариун Сүнс надад хэрхэн тусалсныг та нар олж харав уу? Аавын маань Ариун Сүнсний намуун, зөөлөн дуу хоолойг сонссон нь миний амийг аварсан учраас би түүнд үргэлж талархдаг.

Бид Ариун Сүнсний талаар юу мэдэх вэ?

Бүгдээрээ “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултын талаар цааш нь дэлгэрэнгүй авч үзэхийнхээ өмнө Ариун Сүнсний талаар Их Эзэний илчилсэн зарим зүйлийг харцгаая. Олон мөнхийн үнэнийг авч үзэж болох ч өнөөдөр би тэдгээрийн дундаас гурвыг нь онцолмоор байна.

Нэгдүгээрт, Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн мөн. Бид энэ үнэнийг “Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун сүнсэнд бид итгэдэг” хэмээх итгэлийн нэгдүгээр тунхгаас сурдаг.

Хоёрдугаарт, Ариун Сүнс бол сүнсэн хүн юм. Орчин үеийн сударт тайлбарласнаар, “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу. Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө” гэдгийг мэднэ. Энэ нь Ариун Сүнс бие махбодтой Бурхан Эцэг, Есүс Христтэй адилгүй бөгөөд сүнсэн биетэй гэсэн үг юм. Энэ үнэн нь Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс, Амлалтын Ариун Сүнс, Тайтгаруулагч зэрэг бидний сайн мэдэх Ариун Сүнсний бусад нэрийг тодотгодог.

Гуравдугаарт, Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар өгдөг. Баптисмын дараах уг ёслол нь Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байх боломжийг бидэнд олгодог. Энэ ёслолыг гүйцэтгэхийн тулд зохистой мелкизедек санваартнууд гараа тухайн хүний толгой дээр тавиад, нэрээр нь дуудан, санваарын эрх мэдлээ дурдаад, Есүс Христийн нэрээр түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлан, “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээх чухал үгийг хэлдэг.

Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?

Ариун Сүнсний тухай гурван түлхүүр үнэний талаарх эдгээр энгийн тодорхойлолтыг авч үзээд, бүгд “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” хэмээх анхныхаа асуулт руу эргэн очъё.

Ариун Сүнс сэрэмжлүүлдэг

Хүүхэд насанд болсон үйл явдлаараа тайлбарлахад, Ариун Сүнс бидэнд бие махбодын болон сүнсний аюулыг урьдчилан сэрэмжлүүлж тусалдаг. Би Японд Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа Ариун Сүнсний сэрэмжлүүлэх чухал үүргийн талаар дахин нэг удаа суралцаж билээ.

Тэр үед би Японы Сэндай номлолын ерөнхийлөгч Рэйд Татэокатай ойр дотно ажилладаг байв. Номлолын тогтсон журмынхаа дагуу ерөнхийлөгч Татэока номлолынхоо өмнөд хэсэгт байх номлолын удирдагчдад зориулсан цуглаанаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Цуглаанаас хэдхэн өдрийн өмнө ерөнхийлөгч Татэокад зөвхөн хэдхэн удирдагч ахлагч, эгчийг урихын оронд уг хэсгийн бүх номлогчийг мөн удирдагчдын хуралд урих нь зүйтэй гэсэн сүнслэг мэдрэмж төржээ.

Түүнийг энэ талаар мэдэгдэхэд энэ онцгой хурал бүх номлогчид биш зөвхөн номлолын удирдагчдад зориулагдсан гэдгийг сануулсан байна. Харин тэр хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэхийн тулд тогтсон журмаа хойш тавин, Фукушима хот гэх мэт эрэг хавийн хотуудад үйлчилж байсан бүх номлогчийг хуралд ирэхийг урьжээ. Товлосон ёсоор 2011 оны 3-р сарын 11-нд номлогчид Корияама хэмээх эргээс хол байрлах нэгэн хотод томоохон номлолын хуралд оролцохоор цугларав.

Энэ цуглааны үеэр 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт ба цунами Японы Сэндай номлолын байрладаг бүсэд болсон байна. Харамсалтай нь, цуглаанд ирсэн номлогчдын хотууд гээд эрэг хавийн олон хот уг газар хөдлөлтөд нэрвэгдэж, хэдэн мянган хүний амь эрсэджээ. Мөн үүний улмаас Фукушима хотод ч гэсэн цөмийн цахилгаан станцын осол болсон юм.

Хэдийгээр тэр өдөр номлогчдын цугласан цуглааны байр газар хөдлөлтөд өртсөн ч Ариун Сүнсний өдөөлтийг дагасны ачаар ерөнхийлөгч Татэока мөн Татэока эгч, бүх номлогчтойгоо хамт аюулгүй үлдэж чадсан билээ. Тэд цунами, цөмийн цахилгаан станцын ослын сүйрлээс хол, олон километрийн зайд аюулгүй газарт байсан.

Та нар ихэвчлэн намуун, зөөлөн мэдрэмжээр дамжин ирдэг Ариун Сүнсний өдөөлтийг чих тавин сонссоноор өөрсдөө ч мэдэлгүй сүнсний болон бие махбодын аюулаас хамгаалагдах боломжтой.

Ах, эгч нар аа, Ариун Сүнс миний аавд болон ерөнхийлөгч Татэокад тусалсантай адил та нарт ч бас сэрэмжлүүлэг өгч тусална.

Ариун Сүнс тайтгаруулдаг

“Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултад үргэлжлүүлэн хариулахын тулд одоо бүгдээрээ Түүний Тайтгаруулагч үүргийн талаар авч үзье. Бидний амьдралд болдог гэнэтийн үйл явдлууд уй гашуу, зовлон шаналал, харамсал гансралыг авчирдаг. Гэвч эдгээр бэрхшээл дунд Ариун Сүнс Өөрийн хамгийн чухал үүргүүдийн нэгийг хийж гүйцэтгэдэг. Тайтгаруулагч гэдэг нь үнэндээ Түүний олон нэрний нэг юм. Есүс Христийн амар амгалан, тайтгарлын үгс энэхүү ариун нандин үүргийг “Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна” хэмээн тайлбарладаг.

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд би олон жилийн өмнө АНУ-ын Калифорнийн Лос Анжелосоос жижиг хот руу нүүсэн таван хүүтэй нэгэн гэр бүлийн түүхийг хуваалцъя. Хоёр том хүү нь ахлах сургуульдаа спортоор хичээллэж, найз нөхөд, удирдагчид, дасгалжуулагчид гээд олон хүнтэй харьцаж эхэлсэн бөгөөд тэдгээрийн дунд Сүмийн олон итгэлтэй гишүүн байв. Энэ харилцааны үр дүнд ууган хүү Фернандо, удаах дүүгийнхээ хамт баптисм хүртжээ.

Фернандо хожим нь гэрээсээ явж, коллежид боловсрол эзэмшин, сургуулийнхаа хөл бөмбөгийн багт тоглох болсон байна. Тэр ахлах сургуулийнхаа дурлалт бүсгүй Бэйлитэй ариун сүмд гэрлэжээ. Фернандо, Бэйли хоёр сургуулиа төгсөж, анхны охиноо мэндлэхийг тэсэн ядан хүлээж байв. Гэр бүлийнхэн нь Фернандо, Бэйли хоёрт гэртээ буцаж ирэхэд нь туслах үеэр Бэйли охин дүүтэйгээ хамт хурдны зам дээр машинаар явж байгаад олон машин хамрагдсан эмгэнэлт осолд оржээ. Бэйли болон хэвлий дэх охин нь нас барсан аж.

Фернандо, Бэйли хоёр

Хэдийгээр Фернандогийн мөн Бэйлигийн эцэг эх, ах дүү нарын зовлон шаналал туйлын их байсан ч тэдэнд тэр даруй мэдрэгдсэн тайтгарал, амар амгалан мөн адил гүн гүнзгий байсан. Ариун Сүнс Тайтгаруулагч үүргийнхээ дагуу үнэхээр Фернандог үгээр илэрхийлэхийн аргагүй их зовлон шаналлынх нь үед туслан дэмжсэн юм. Сүнс Фернандотой амар амгалангийн мэдрэмжээр харилцаж, энэ нь түүнийг аймшигт осолтой холбогдсон хүн бүрийг өршөөж, хайрлахад хүргэсэн байна.

Бэйлигийн эцэг эх ослын үеэр номлолд үйлчилж байсан дүү рүү нь утсаар холбогджээ. Тэр хайрт эгчийнхээ талаарх муу мэдээг сонсоод түүнд ямар мэдрэмж төрснөө захидалдаа бичсэн юм. “Ийм их зовлон шаналлын дунд та нарын дуу хоолой тайван байгааг сонсох үнэхээр гайхалтай байсан. Би юу хэлэхээ сайн мэдэхгүй байсан. … Намайг гэртээ харих үед эгч минь байхгүй байна гэсэн бодол л толгойд маань эргэлдэж байв. … Аврагч, Түүний төлөвлөгөөний талаарх та нарын хөдөлшгүй бат бөх гэрчлэл л намайг тайтгаруулсан. Намайг судалж, заах үед сэтгэлийг минь хөдөлгөж, нулимсыг минь унагахад хүргэдэг тэр сүнс зүрх сэтгэлийг минь дүүргэсэн бөгөөд би тайвшран, мэддэг зүйлээ эргэн санасан юм.”

Ариун Сүнс Фернандог болон Бэйлигийн гэр бүлийг тайтгаруулсантай адил та нарыг ч мөн адил тайтгаруулан тусална.

Ариун Сүнс гэрчилдэг

Ариун Сүнс Эцэг, Хүү, бүх үнэний талаар гэрчилдэг. Их Эзэн шавь нартаа хандан: “Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс … ирэхдээ Миний тухай гэрчилнэ” хэмээн хэлжээ.

Гэрчлэгчийн хувьд гүйцэтгэдэг Ариун Сүнсний үнэ цэнтэй үүргийг тайлбарлахын тулд би Фернандо, Бэйли хоёрын түүхийг үргэлжлүүлэн ярья. Фернандо дүүтэйгээ хамт баптисм хүртсэн ч эцэг эх, гурван дүү нь хүртээгүй гэж хэлснийг минь та нар санаж байгаа байх. Он жил өнгөрсөөр гэр бүл нь номлогчидтой уулз гэсэн олон урилга хүлээн авсан ч тэр болгоныг нь хүлээн аваагүй байж.

Бэйлиг мэндэлж ч амжаагүй охиных нь хамт алдсан нь Фернандогийн гэр бүлийнхний зүрх сэтгэлийг тайвширч чадахааргүй уй гунигт автуулжээ. Фернандо, Бэйлигийн гэр бүлийнхний адил тэд тайвшралыг мэдэрсэнгүй. Тэд хүү нь мөн Бэйлигийн гэр бүлийнхэн яаж энэ хүнд ачааг үүрч байгааг ойлгохгүй байв.

Эцэст нь тэд хүүд нь байсан ч өөрсдөд нь байхгүй зүйл бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ гэдгийг мөн энэ нь түүний амар амгалан, тайвшралын эх сурвалж гэдгийг ойлгосон байна. Үүнийг ухааран ойлгосныхоо дараа тэд сайн мэдээг заалгахаар номлогчдыг урьжээ. Үр дүнд нь тэд аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болсон бөгөөд энэ нь тэдэнд чин үнэнээсээ эрэлхийлж байсан гайхамшигт амар амгалан, тайтгарлыг нь авчирсан юм.

Фернандогийн гэр бүлийн баптисм

Бэйлиг болон мэндэлж амжаагүй ачаа нас барснаас хойш хоёр сарын дараа Фернандогийн эцэг эхээс гадна хоёр дүү нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авчээ. Фернандогийн хамгийн бага дүү найман нас хүрээд, баптисм хүртэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд бүгдээрээ Сүнс буюу Ариун Сүнс сайн мэдээ үнэн гэдгийг гэрчилсэн бөгөөд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах хүслийг төрүүлсэн гэдгийг гэрчилдэг.

Ах, эгч нар аа, Ариун Сүнс Фернандогийн гэр бүлийнхэнд гэрчилсний адил та нарт ч гэсэн гэрчлэх болно.

Дүгнэлт

Одоо би ярьсан зүйлээ дүгнэн хураангуйлъя. Бидэнд Ариун Сүнсний талаарх мэдлэгийг өгдөг гурван илчлэгдсэн үнэнийг бид тодорхойллоо. Эдгээр нь Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн, сүнсэн хүн бөгөөд Ариун Сүнсний бэлэг гар тавилтаар ирдэг гэсэн үнэн юм. Бид мөн “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултын гурван хариултыг олж тогтоосон. Ариун Сүнс сэрэмжлүүлж, тайтгаруулж мөн гэрчилдэг.

Энэхүү бэлгийг хадгалахын тулд зохистой байх нь

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар бэлтгэж буй эсвэл саяхан, аль эсвэл бүр олон жилийн өмнө баптисм хүртэн, гишүүнээр батлуулсан хүмүүсийн хувьд, Ариун Сүнсний бэлгийг хадгалах нь бидний бие махбод, сүнсний аюулгүй байдалд нэн чухал. Бид үүнийг зарлигуудыг сахин, хувиараа мөн гэр бүлээрээ залбирч, судруудыг уншин, гэр бүлийнхэн, хайртай хүмүүсээ хайрлаж, уучилснаар эхэлдэг. Мөн бид санаа бодол, үйлдэл, үг хэлээ ариун журамтай байлгах хэрэгтэй. Бид бас гэр орондоо, сүм дээр, боломжтой бол ариун сүмд орох бүрдээ Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх ёстой. Сүнстэй ойр байх юм бол Тэр тантай ойр байна.

Гэрчлэл

Би одоо үгээ нэгэн урилгаар, бат бөх гэрчлэлээ үлдээн өндөрлөмөөр байна. Би та бүхнийг Хүүхдийн хэсэгт байнга дуулдаг, тэдний сайн мэдэх “Сонсооч, сонсооч. Ариун Сүнс шивнэж байна. Намуухан, чимээгүй дуу хоолойг сонсооч, сонсооч” гэх үгсийг илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд урьж байна.

Өтөл, залуу гээд бүх насны хайрт ах, эгч нар минь, би та бүхэнд Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнснээс бүрддэг Бурхан Тэргүүтэн хэмээх тэнгэрлэг биес алдар сууд оршдог гэдгийг гэрчилж байна. Цаг хугацааны бүрэн байдалд амьдарч буй хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бидний эдэлдэг нэгэн онцгой эрх бол Ариун Сүнсний бэлэг гэдгийг би гэрчилж байна. Ариун Сүнс та нарт тусалж чадна мөн туслах ч болно гэдгийг би мэднэ. Би бас Есүс Христийн талаар, Түүний бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд мөн Бурханы бидний Тэнгэрлэг Эцэгийн хувьд гүйцэтгэдэг үүргийн талаар онцгой гэрчлэлээ үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.