2010–2019
Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна
2017 оны 4-р сар


19:11

Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна

Айдсаа ардаа орхин, Их Эзэн бидэнтэй хамт байгаа учраас баяр баясал, даруу байдал, итгэл найдвар, итгэл дүүрэн амьдарцгаая.

Хайрт ах эгч нар болон найз нөхдөө, дэлхий дахины Сүмийн хувьд Бурханд итгэх итгэл, Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраараа нэгдэн цугларч байгаа нь ямар сайхан боломж, баяр баясал вэ.

Бидний хайрт бошиглогч Томас С.Монсон энд байгаад би онцгой их баяртай байна. Ерөнхийлөгч өө, бид үргэлж таны удирдамж, зөвлөгөө, мэргэн ухааны үгсийг зүрх сэтгэлдээ хүлээж авдаг. Ерөнхийлөгч Монсон, бид танд хайртай бөгөөд таны төлөө үргэлж залбирдаг.

Олон жилийн өмнө намайг Германы Франкфурт гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байхад гадасны чуулганы дараахан хайрлаж хүндэлдэг нэг эгч маань урвайсаар над дээр ирсэн юм.

Тэр эгч: “Аймшигтай биш гэж үү? Таныг үг хэлж байхад дөрөв, таван хүн бүр нам унтаж байсан” гэж хэллээ.

Би энэ талаар хэсэг зуур бодоод: “Сүм дээр унтах нь хамгийн эрүүл унталт гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулсан юм.

Гайхамшигтай гэргий Харрийт минь бидний энэ яриаг сонссон байсан бөгөөд сүүлд нь энэ бол миний өгч байсан хамгийн сайхан хариулт байсныг хэлсэн билээ.

Их сэрэлт

Хойд Америкт хэдэн зуун жилийн өмнө “Их сэрэлт” хэмээх хөдөлгөөн хөдөө нутгаар өрнөсөн юм. Үүний нэг гол зорилго нь сүнслэг байдлын хувьд унтаж буй хүмүүсийг сэрээх байлаа.

Тэрхүү шашны сэрэлтийн үеийн номлогчдоос сонсож мэдсэн зүйл нь залуу Иосеф Смитэд нөлөөлж байв. Энэ нь ч Их Эзэний хүслийг эрэлхийлэн ганцаараа залбирахаар шийдсэн нэг шалтгаан нь байлаа.

Эдгээр номлогчийн номлол хурц тод байхаас гадна нүгэлтнүүдийг хүлээх тамын аймшигт галыг ихэд онцолдог байснаараа алдартай. Тэдний номлол хүмүүсийг унтуулахын оронд харин ч хар дарсан зүүд нь болдог байсан байж болох юм. Түүнчлэн энэ зорилго, хэв маяг нь хүмүүсийг айлгаж сүрдүүлэн сүмд авчрах байсан бололтой.

Айдас бол хүчээр нөлөөлөх арга барил

Түүхэнд айдсыг хүмүүсээр ямар нэгэн үйлдэл хийлгэх арга зам болгон ашигладаг байсан. Энэ арга барилыг эцэг эхчүүд үр хүүхдүүддээ, ажил олгогчид ажилтнууддаа, улс төрчид санал өгөгчдөдөө ашигладаг байсан.

Зар сурталчилгааны мэргэжилтнүүд айдсын хүчийг ойлгодог бөгөөд өргөн хэрэглэдэг. Тиймээс зарим зар сурталчилгаа өөрсдийнх нь өглөөний хоолыг худалдаж авахгүй эсвэл хамгийн сүүлийн үеийн видео тоглоом, гар утас барихгүй бол хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч, ганц бие, аз жаргалгүй насан эцэслэх болно гэсэн мэдээллийг далдуур өгч байгаа мэт санагддаг.

Бид үүнийг шоолон инээж, хэзээ ч ийм нөлөөнд орохгүй гэж боддог ч заримдаа орсон байдаг. Тэр ч бүү хэл, бид заримдаа үүнтэй адил арга барилыг ашиглан бусдаар хүссэн зүйлээ хийлгэх гэж оролддог.

Миний өнөөдрийн захиас бол нэгд, бид өөрсдөдөө болон бусдад сэдэл төрүүлэхийн тулд айдсыг ямар хэмжээнд ашигладаг талаараа тунгаан бодож, авч үзэхийг хүсэх, хоёрт, илүү сайн арга замыг санал болгох гэсэн хоёр зорилготой юм.

Айдастай холбоотой асуудал

Эхлээд айдастай холбоотой асуудлыг авч үзэцгээе. Эцсийн эцэст бидний дунд айснаасаа болж хэзээ ч илүү эрүүл хоол унд идэж, хамгаалалтын бүсээ зүүж, дасгал хийж, мөнгө хуримтлуулж эсвэл бүр нүглээ наманчилж байгаагүй хүн байгаа болов уу?

Айдас нь бидний үйлдэл, биеэ авч явах байдалд хүчтэй нөлөөлдөг нь үнэн. Гэхдээ энэ нөлөө түр зуурын, өнгөцхөн байдаг. Айдас зүрх сэтгэлийг маань барагтай бол өөрчилдөггүй бөгөөд хэзээ ч биднийг зөв зүйлийг хайрладаг, Тэнгэрлэг Эцэгийг дагах хүсэлтэй нэгэн болгодоггүй.

Айдаст автсан хүмүүс зөв зүйл хэлж, хийж болох ч зөв зүйлийг мэдэрдэггүй. Тэд ихэвчлэн сул дорой, арга мөхөстсөн, бүр уур бухимдалтай болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр мэдрэмж нь эргэлзээ, үл ойшоох байдал, бүр эсэргүүцэл болон хувирдаг.

Харамсалтай нь, амьдрал, удирдлагын талаарх энэ буруу хандлага зөвхөн шашнаас ангид дэлхийнхэнд байдаг юм биш. Гэр орондоо, Сүмийн дуудлагат ажлаа хийж байхдаа, ажил дээрээ мөн өдөр бүр бусадтай харилцаж байхдаа шударга бусаар эзэгнэж байгаа Сүмийн гишүүдийн талаар сонсоход зүрх маань эмтрэх шиг болдог.

Ихэвчлэн хүмүүс бусдад дээрэлхүү хандаж байгааг буруутгадаг ч өөрсдөө мөн адил хандаж байгаагаа олж хардаггүй. Тэд бусдаас өөрийнх нь бодлогогүй дүрэм журмыг дагахыг шаардан, дагахгүй байгаа хүмүүсийг хэл ам, сэтгэл зүй, бүр заримдаа бие махбодоор нь залхаан цээрлүүлдэг.

Их Эзэн “бид … хүмүүний үрсийг хянах, эзэгнэх, эсвээс албадахад, болгоогтун, тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; [мөн] Их Эзэний Сүнс гашууддаг болой” хэмээн хэлжээ.

Үр дүнд хүрч л байвал ямар арга барил хэрэглэх нь чухал биш хэмээн өөрсдийн үйлдлийг зөвтгөх гэж оролдох үе бидэнд тохиолдож магадгүй. Тэр ч байтугай бусдыг хянан, хүчилж, хатуурхах нь тэдний сайн сайхны төлөө хэмээн бодож байж ч болох юм. Энэ нь буруу бөгөөд Их Эзэн, “Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан [болон] өөрийгөө захирах байдал юм” гэдгийг тодорхой хэлсэн.

Илүү сайн арга зам

Би Тэнгэрлэг Эцэгээ илүү сайн таньж мэдсэнээр Тэр хүүхдүүдээ хэрхэн урамшуулж, удирддаг болохыг мэдсэн. Тэр уургүй, өс санадаггүй, хариугаа авдаггүй. Түүний жинхэнэ зорилго буюу ажил, алдар суу нь бидэнд зааж сурган, биднийг өргөмжилж, Өөрийн бүрэн байдал руу хөтлөх явдал юм.

Бурхан Өөрийгөө Мосед “өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам” нэгэн хэмээн дүрслэн хэлсэн.

Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд биднийгээ гэсэн хайрыг оюун ухаан маань бүрэн ойлгох нь үгүй.

Энэ нь Бурхан Өөрийнх нь зарлигтай нийцэхгүй зан байдлыг өршөөж, ач холбогдол өгдөггүй гэсэн үг үү? Үгүй ээ, огт тийм биш!

Гэхдээ Тэр биднээс зөвхөн зан байдлаа өөрчлөхийг хүсээгүй. Тэр бидний мөн чанарыг, бидний зүрх сэтгэлийг өөрчлөхийг хүсдэг.

Тэр мөн биднээс төмөр бариулаас чанга зууран, айдастайгаа нүүр тулж, шулуун бөгөөд нарийн замаар зоригтой, урагш хийгээд, өөдрөг алхаасай хэмээн хүсдэг. Тэр бидэнд хайртай тул мөн энэ нь аз жаргалд хүрэх зам учраас үүнийг хийгээсэй хэмээн биднээс хүсдэг юм.

Тиймээс, өнөө үед Бурхан хүүхдүүддээ хэрхэн Өөрийг нь дагах сэдэл төрүүлдэг вэ?

Тэр Хүүгээ илгээсэн!

Бурхан бидэнд зөв замыг үзүүлэхээр Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христийг илгээсэн.

Бас сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар биднийг урамшуулдаг. Бурхан бидний талд байдаг. Тэр биднийг хайрладаг бөгөөд биднээс бүдэрч унах үедээ босон, дахин оролдож, илүү хүчтэй болоосой хэмээн хүсдэг.

Тэр бол бидний багш.

Мөн бидний агуу бөгөөд нандин итгэл найдвар юм.

Тэрээр биднийг итгэлээр урамшуулан зоригжуулахыг хүсдэг.

Тэрээр биднийг алдаанаасаа суралцан, зөв сонголтуудыг хийнэ гэдэгт итгэдэг.

Энэ нь арай дээр арга зам юм!

Дэлхийн хилэнцэт зүйлс гэж юу вэ?

Дэлхийн хилэнцтийг хүлцэн, тэр бүү хэл дөвийлгөх нь Сатаны бусдад хүчээр нөлөөлөх гэсэн өөр нэгэн арга зам юм.

Бидний дэлхий ертөнц төгс бус байсаар ирсэн, цаашдаа ч ийм байх болно. Олон гэм буруугүй хүн байгалийн нөхцөл байдал, хүмүүний харгис зан байдлаас болж зовлонд нэрвэгддэг. Өнөө үеийн ёс суртахууны доройтол, ёс бус байдал нь өвөрмөц бөгөөд айдас төрүүлмээр.

Ийм байгаа ч би энэ цаг үед амьдрах энэ боломжоо түүхийн өөр ямар ч цаг үеэр солихгүй. Бид урьд хожид байгаагүй хөгжил цэцэглэлт, гэгээрэл, давуу талтай цаг үед амьдрахаар хэмжээлшгүй ихээр адислагдсан билээ. Юуны түрүүнд бид дэлхийн аюул заналыг өөр өнцгөөс харж, тэдгээр аюулаас хэрхэн зайлсхийх эсвэл тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг өгдөг Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахаар адислагдсан.

Эдгээр адислалын талаар бодох үед надад өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдээ гэсэн хэзээ ч үл мөхөх хайрыг магтан дуулж, талархах хүсэл төрдөг.

Бурхан хүүхдүүдээ дэлхийн хилэнцээс айж, тэдгээрийн дунд амьдраасай хэмээн хүсдэггүй гэдэгт би итгэдэг. “Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.”

Тэрээр бидэнд баяр баясгалантай байх олон шалтгааныг өгсөн. Бид зөвхөн тэдгээрийг олж, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Их Эзэн бидэнд “бүү ай,” зоригтой бай,” “өчүүхэн сүрэг ээ, бүү ай” хэмээн ахин дахин сануулдаг.

Их Эзэн бидний тулалдаанд оролцох болно

Миний хайрт ах, эгч нар аа, бид Их Эзэний “өчүүхэн сүрэг,” хожмын үеийн гэгээнтэн билээ. Бидний энэ нэрэнд Аврагчийн буцаж ирэхийг хүлээн, Түүнийг хүлээн авахад өөрсдийгөө болон дэлхийг бэлтгэх гэсэн утга орсон байдаг. Тиймээс бүгдээрээ Бурханд үйлчлэн, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлацгаая. Үүнийг хийхдээ итгэлтэй, даруу мөн хэзээ ч бусад шашныг эсвэл бүлэг хүмүүсийг дорд үзэхгүй байх болтугай. Ах, эгч нар аа, бид “цаг үеийн тэмдгүүдийг, мөн Хүний Хүүгийн Ирэлтийн тэмдгүүдийг мэдэх[ийн]” тулд Бурханы үгийг судлан, Сүнсний дуу хоолойг анхааралтай сонсох үүрэгтэй.

Тиймээс бид дэлхийн асуудлыг мэддэггүй, өнөө үеийн хүнд хэцүү зүйлсээс ангид хүмүүс биш юм. Гэхдээ энэ нь өөрсдийгөө болон бусдыг үргэлж айдсаар дарах ёстой гэсэн үг биш. Бид хамаг анхаарлаа сорилт бэрхшээлийнхээ хүнд хэцүүд биш харин Бурханыхаа хязгааргүй сүр жавхлан, сайн сайхан, хэмжээлшгүй хүч чадалд төвлөрүүлэн, Түүнд итгэж найдан, Есүс Христийн ирэлтэд баяр талархалтайгаар бэлдэх нь хавьгүй дээр биш гэж үү?

Түүний гэрээт хүмүүсийн хувьд бид болж магадгүй муу зүйлээс болж үйлдэл хийхээ болих хэрэггүй. Харин бид тулгарах саад бэрхшээл, өгөгдөх боломжийг итгэл, эр зориг, шийдэмгий байдлаар, Бурханд найдан хүлээн авч, урагш алхалж чадна.

Бид шавь байх замаар ганцаар алхдаггүй. “Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг… Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй,.”

“Эзэн та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай!” хэмээх зөвлөгөө одоо ч гэсэн бидэнд хамаатай.

Айдас төрөх үед бүгд зоригтой байж, итгэлээ харуулан, “та нарын] эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй” гэсэн амлалтад итгэж найдах ёстой.

Бид аюултай, үймээн самуунтай цаг үед амьдарч байна уу? Тийм ээ, бид ийм цаг үед амьдарч байна.

Бурхан “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн хэлсэн шүү дээ.

Бид итгэж, үүнийхээ дагуу үйлдэхийн тулд итгэлээ хөгжүүлж чадах уу? Бид амлалтаа сахиж, ариун нандин гэрээнүүдийнхээ дагуу амьдарч чадах уу? Бид хүнд хэцүү нөхцөлд ч Бурханы зарлигуудыг сахиж чадах уу? Мэдээж, бид чадна!

Учир нь Бурхан бидэнд “хэрэв та нар цэх шулуун алх[вал] … бүх зүйл хамтдаа ажиллах болно” хэмээн амласан учраас бид чадна. Иймээс айдсаа ардаа орхин, Их Эзэн бидэнтэй хамт байгаа учраас баяр баясал, даруу байдал, итгэл найдвар, итгэл дүүрэн амьдарцгаая.

Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна

Хайрт нөхөд өө, Христ доторх хайрт ах, эгч нар аа, хэрэв та айдас, түгшүүртэй байвал эсвэл үг хэл, хандлага, үйлдэл тань бусдад айдас төрүүлж байвал тэнгэрээс өгөгдсөн айдсын ерөндөг болох Христийн цэвэр хайраар дамжуулан энэхүү айдсаасаа салах болтугай хэмээн би бодгалийнхаа бүхий л хүч чадлаар залбирч байна. Учир нь “төгс хайр нь айдсыг хөөн зайлуул[даг].”

Христийн төгс хайр нь хор хөнөөл учруулан, хүчирхийлж, айлган сүрдүүлж, дарамтлах гэсэн уруу таталтыг ялан дийлдэг.

Христийн төгс хайр нь бидэнд Аврагчийн дагалдагчдын хувьд даруухан, нэр хүндтэй, итгэлтэй алхах боломжийг олгодог. Христийн төгс хайр нь мөн бидэнд айдсаа ялан дийлж, бидний Багш, Найдвар болох Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн хүч, нинжин сэтгэлд бүрэн найдах зүрх зоригийг өгдөг.

Бүгдээрээ өөрийн гэр орон, ажлын газарт мөн Сүмийн дуудлагаа хийж байхдаа зүрх сэтгэлд байх айдсаа Христийн төгс хайраар сольцгооё. Христийн хайр айдсыг итгэлээр солино!

Түүний хайр бидэнд Тэнгэрлэг Эцэгийн маань нинжин сэтгэл, тэнгэрлэг төлөвлөгөө, сайн мэдээ, зарлигуудыг таньж мэдэн, найдаж, итгэх боломжийг олгодог. Бурханыг болон хөршөө хайрлах нь Бурханы зарлигуудыг дагах дуулгавартай байдлыг маань ачаа дарамт гэхээс илүү адислал болгох болно. Христийн хайр биднийг илүү сайхан сэтгэлтэй, өршөөнгүй, энэрэнгүй болгож, Түүний ажилд илүү үнэнчээр зүтгэхэд тусалдаг.

Бид зүрх сэтгэлээ Христийн хайраар дүүргэснээр сүнслэг байдлаараа шинэчлэгдэн сэрж, хайрт Аврагч Есүс Христийнхээ гэрэл, алдар сууд баяр баясгалантай, итгэл дүүрэн, сэргэг, эрч хүчтэй алхлах болно.

Би төлөөлөгч Иоханы хамт “[Христийн] хайрын дотор айдас байдаггүй” болохыг гэрчилж байна. Ах, эгч нар аа, хүндэт нөхөд өө, Их Эзэн та нарыг төгс мэднэ. Тэр та нарыг төгс хайралдаг. Тэрээр ирээдүйд таныг юу хүлээж байгааг мэднэ. Тэр таныг “бүү ай, зөвхөн итгэ[эсэй]” мөн “[Өөрийнх нь төгс] хайр дотор байгаасай” хэмээн хүсдэг. Энэ бол Есүс Христийн нэрээр хэлэх миний залбирал мөн адислал юм, амен.

Эшлэлүүд

  1. Жорж Уайтхэд болон Жонатан Эдвардс хоёр ийм санваартнуудын алдартай жишээ юм.

  2. Сургаал ба Гэрээ 121:37.

  3. Галат 5:22–23.

  4. Нэг удаа Аврагч самаричуудын сууринд очихыг хүссэн ч хүмүүс Түүнийг хүлээн аваагүй бөгөөд сууриндаа ч оруулаагүй байна. Түүний хоёр шавь үүнд нь уурсаж, Түүнээс “Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу?” гэхэд Есүс тэднийг “Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ” (Лук 9:51–56, New King James Version-ийг үзнэ үү [1982]).

  5. Мосе 1:39; мөн Ефес 3:19-ийг үзнэ үү.

  6. Египетээс гарсан нь 34:6.

  7. Ефес 3:19-ийг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 121:41-ийг үзнэ үү. Хэрэв Бурхан мөнх бус хүүхдүүд биднээс бие биендээ ийнхүү хандаасай хэмээн хүсдэг юм бол Тэрээр бүхий л эерэг шинж чанарыг Өөртөө агуулдгийн хувьд ийм зан байдлын үлгэр дуурайлал байх нь гарцаагүй.

  9. Мөнх бус амьдралын өмнөх Тэнгэрийн зөвлөгөөн Бурханы зан чанарыг хамгийн сайн харуулдаг. Тэнд Тэнгэрлэг Эцэг бидний мөнхийн өсөлт хөгжилтөд зориулагдсан төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөнд сонгох эрх, дуулгавартай байдал, Есүс Христийн Цагаатгалаар аврагдах зэрэг зүйлс орсон байв. Харин Люсифер арай өөр арга замыг санал болсон. Тэр бүгд дуулгавартай байж, ганц ч хүн алдагдахгүй болохыг амлаж байв. Харин үүнийг зөвхөн дарангуйлал, хүч хэрэглэн хийх боломжтой байсан юм. Гэвч бидний хайрт Тэнгэрлэг Эцэг энэ төлөвлөгөөг зөвшөөрөөгүй. Тэр хүүхдүүдийнхээ сонгох эрхийг чухалчилсан билээ. Бид үнэхээр сурах гэж л байгаа юм бол замдаа алдаа гаргах ёстой гэдгийг Тэр мэдэж байсан. Тиймээс ч Тэр бидэнд гэм нүглээс цэвэршүүлэн, Бурханы хаант улсад эргэн орох эрхийг бидэнд олгохын тулд Аврагчийг өгсөн юм.

    Тэнгэрлэг Эцэг маань хайртай олон хүүхэд нь Люсиферт уруу татагдахыг хараад, Өөрийн төлөвлөгөөг дага хэмээн тэднийг хүчилсэн билүү? Ийм аймшигт сонголт хийсэн хүмүүсийг Тэр айлгаж, сүрдүүлсэн үү? Үгүй ээ. Бүхнээс хүчтэй Бурхан маань бослогыг зогсоож чадах байсан нь гарцаагүй. Тэр эсэргүүцэгчдэд хүч хэрэглэн, эрхэндээ оруулж чадах л байсан. Харин үүний оронд Тэр хүүхдүүддээ өөрийн биеэр сонгох боломжийг олгосон.

  10. 2 Tимот 1:7.

  11. Жишээлбэл,: Иошуа 1:9; Исаиа 41:13; Лук 12:32; Иохан 16:33; 1 Петр 3:14; Сургаал ба Гэрээ 6:36; 50:41; 61:36; 78:18-ыг үзнэ үү.

  12. Лук 12:32.

  13. Сургаал ба Гэрээ 68:11.

  14. Мосегийн өөрийн цаг үед байсан хүмүүст өгсөн, “Бүү айцгаа! … ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно” (Египетээс гарсан нь 14:13, New King James Version).

  15. Дэд хууль 31:6.

  16. Египетээс гарсан нь 14:14–14, New King James Version.

  17. Исаиа 54:17.

  18. Иохан 16:33.

  19. Сургаал ба Гэрээ 90:24; мөн 2 Коринт 2:14; Сургаал ба Гэрээ 105:14.

  20. 1 Иохан 4:18.

  21. Аврагч “ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу” (Иохан 3:17) ирсэн гэдгийг санацгаая. Үнэндээ “Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой” (2 Нифай 26:24).

  22. 1 Иохан 4:18; мөн 1 Иохан 4:16-г үзнэ үү.

  23. Марк 5:36.

  24. Иохан 15:10.