Төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно
Бүр хамгийн хэцүү, харанхуй үед ч бидний эргэн тойронд гэрэл гэгээ, сайн сайхан байдаг.
Паул коринтчуудад
Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй.
Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй” гэсэн найдварын гайхамшигт захиасыг хуваалцжээ.
Паулын найдварын эх үүсвэр юу байсан бэ? Түүний юу гэж тайлбарласныг сонс доо. “’Харанхуйгаас гэрэл гэрэлтэг’ гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.”
Бүр хамгийн хэцүү, харанхуй үед ч бидний эргэн тойронд гэрэл гэгээ, сайн сайхан байдаг. Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф бидэнд “Бидний эргэн тойронд гэрэл, үнэний гайхалтай арвин баялаг байдаг бөгөөд бид өөрсдөдөө байгаа зүйлдээ үнэхээр талархдаг болов уу хэмээн би гайхан боддог” хэмээн сануулсан билээ.
Гэвч дайсан “хүмүүний үрсийн мэлмийг сохолж зүрхийг хатууруулж, мөн өргөн замаар тэднийг удирда[х] … харанхуйлах манан[д]” бидний анхаарлыг төвлөрүүлэх зорилготой.
Аврагч бидний амьдарч буй цаг үед тулгарах бэрхшээлүүдийн талаар төгс ойлголттой учраас “Бурханаас буй нь гэрэл юм; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” хэмээх амлалтыг өгсөн.
Бид бүгдээрээ Бурханы хүүхэд. Гэрлийг хүлээн авах, Бурханд үлдэх, илүү их гэрэл хүлээн авах нь бидний бүтээгдсэн зорилго юм. Бид бүр эхлэлээс уг гэрлийг болон Тэнгэрлэг Эцэгийг мөн Түүний төлөвлөгөөг дагаж ирсэн. Гэрлийг эрэлхийлэх нь бидний сүнслэг ДНК-д байдаг.
Би энэхүү мөнхийн үнэнийг санаанд оромгүй газар маш сайхан зааж байхыг сонссон. Намайг нэгэн томоохон банкинд ажиллаж байх үед Мичиган их сургуулийн бизнесийн удирдагчдад зориулсан сургалтад оролцоход урьсан юм. Сургалтын үеэр Ким Камэрон профессор эерэг байдлаар удирдах тухай үзэл баримтлалыг мөн үүний гелиотроп үр нөлөөний талаар заасан. “Бүх амьд организм эерэг энерги болох [гэрэл] рүү тэмүүлэн, сөрөг энерги болох [харанхуйгаас] зайлсхийх хандлагатай байдаг. Нэг эст организмаас эхлээд хүний нарийн ээдрээтэй бие махбодын тогтолцоо хүртэл бүх амьд организм байгалиасаа эерэг зүйлс рүү тэмүүлэн, сөрөг зүйлсээс зайлсхийх төлөвтэй байдаг” хэмээн тэр тайлбарласан юм.
Мөн олон янзын судалгааны дүнд тэрээр амжилттай ажлын байрны соёлын гурван чухал бүрэлдэхүүн болох өрөвч энэрэнгүй сэтгэл, уучлал, талархал дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Хүмүүсийг эерэг [гэрэл] рүү эргэх үед Дэлхийн Гэрэл Есүс Христийн үзүүлсэн төгс зан чанарууд бий болж эхэлдэг нь ойлгомжтой.
Ах, эгч нар аа, бид бүгдэд уг гэрэл боломжтой байдаг болохоор тайвшралыг мэдрээрэй. Уг гэрлийг үргэлж олж болох гурван газрыг та бүхэнд зөвлөж хэлэхийг минь зөвшөөрнө үү.
1. Сүмийн гэрэл
Сүм бол улам бүр харанхуй болж буй дэлхий дэх гэрэлт цамхаг. Энэ цаг үе бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байхад гайхамшигтай цаг. Сүм урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хүчирхэг болсон байна. Шинэ гишүүд бидэнтэй нэгдэж, шинэ цуглаан үүсэж, шинэ номлогчид дуудагдан, шинэ газрууд сайн мэдээнд нээлттэй болсноор өдөр бүр илүү их хүчирхэгжиж байна. Сүм дээрх үйл ажиллагаанаас хэсэг хугацаагаар холдсон хүмүүс буцаж ирж байгааг бид хардаг бөгөөд ерөнхийлөгч Томас С.Монсоны төсөөлөн хэлсэн аврах ажиллагаа өдөр бүр гайхамшгуудыг авчирч байна.
Би саяхан Парагвай, Уругвай, Чили, Аргентинд Залуучуудын бат бөх байдлын төлөө чуулган дээр өсвөр үеийнхэнтэй уулзсан юм. Мянга мянган өсвөр үеийнхэн Аврагчийг хайрлах хайраа хүчирхэгжүүлэн долоо хоногийг өнгөрөөсөн бөгөөд Христийн гэрэл, хайрыг цацруулсаар гэр орон, найз нөхөд рүүгээ буцацгаасан.
Сүмийг шүүмжлэгчид үргэлж байсаар байх болно. Энэ нь эхлэлээс ч тийм байсан мөн эцсийг хүртэл тийм байна. Гэвч эдгээр шүүмжлэлд бидэнд өгөгдсөн тэрхүү гэрлийг хүлээн авах мэдрэмжийг маань бууруулах боломжийг бүү олгоорой. Гэрлийг таньж мөн эрэлхийлэх нь бидэнд илүү их гэрэл хүлээн авах боломж олгоно.
Улам бүр харанхуйлж буй дэлхийд Сүмийн гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно.
2. Сайн мэдээний гэрэл
Сайн мэдээний гэрэл нь “төгс өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх” зам бөгөөд энэ нь дэлхий даяар бидний гэр бүл, ариун сүмүүдэд хамгийн хурц тод гэрэлтдэг.
Миний сайн мэдээг номло товхимолд “Гэр бүлүүд сайн мэдээний гэрлээр дамжуулан үл ойлголцох байдал, зөрчил, сөргөлдөөн, бэрхшээлүүдийг шийдвэрлэж чадна. Санал зѳрѳлдѳѳний улмаас хагаралд хүрсэн гэр бүлүүд наманчлал, уучлал, Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээр дамжуулан илааршиж чадна” гэж тунхагладаг. Өнөөдөр хэзээ хэзээнээс илүү гэр бүлүүд маань эргэн тойрондоо байгаа хүмүүст агуу гэрлийн эх үүсвэр болох ёстой болоод байна. Гэр бүлүүд хайр, эелдэг найрсаг байдлаа нэмэгдүүлснээр гэрлээ ч нэмэгдүүлдэг. Бид “итгэл …, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэлтэй” гэр бүлүүдийг байгуулснаар Аврагчийг болон нэг нэгнээ хайрлах хайрыг илүү их мэдрэх болно. Гэр бүл хүчирхэгжин, бидний хүн нэг бүрд байгаа гэрэл улам улам хурц болон өсөх болно.
Бид Библийн толь бичгээс “Ариун нандин байдлын хувьд зөвхөн гэр орныг ариун сүмтэй харьцуулж болдог” гэж уншдаг. Одоо бидэнд үйл ажиллагаагаа явуулж буй 155 ариун сүм байгаа бөгөөд удахгүй илүү олон ариун сүм нээгдэнэ. Энэ амьдралд болон мөнхөд холбогдох гэр бүлүүдийн тоо ихсэж байна. Гишүүд авралын ёслолуудыг нь гүйцэтгэхээр илүү олон өвөг дээдсийнхээ нэрсийг илгээж байна. Бид үнэхээр хөшигний хоёр талын аль алинд нь агуу баяр баяслыг мэдэрч, баярлан уухайлж байна.
Улам бүр харанхуйлж буй дэлхийд сайн мэдээний гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно.
3. Христийн гэрэл
Дэлхийн Гэрэл болох Есүс Христийг дурдалгүйгээр дэлхий дээрх гэрлийн талаар ярих боломжгүй. Энэ амьдралд ирсэн хүн бүр гэртээ эргэж очиход нь туслах Христийн гэрлээр адислагдсан байдаг нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг байдгийн нотолгоо юм. Пакэр “Христийн Сүнс үргэлж байдаг. … Христийн гэрэл нь нарны гэрэл шиг түгээмэл зүйл юм. Хүний амьдрал хаана байна, тэнд Христийн Сүнс байдаг” хэмээн заасан билээ. Христийн гэрэл “үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг” бөгөөд сайн сайхан, үнэнийг эрэлхийлдэг хүн бүрийг Ариун Сүнсийг хүлээн авахад бэлтгэдэг.
Аврагч Өөрийгөө “та нарын мэлмийг гэгээрүүлдэг,” “ойлголтуудыг амьдруулдаг,” “бүх зүйлд амьдралыг өгдөг” гэрэл гэж заадаг. Христийн гэрэл бидэнд бусдыг Аврагчийн мэлмийгээр харахад тусалдаг. Бид бусдын зовлон бэрхшээлийг илүү сайн ойлгож, тэднийг илүү их хайрлах болно. Энэ нь бидний адил шүтэн биширч, үйлчилдэггүй хүмүүст тэвчээртэй хандахад маань тусалдаг. Энэ нь аз жаргалын агуу төлөвлөгөөг илүү бүрэн дүүрэн ойлгож, өөрсдийгөө уг агуу, хайраар дүүрэн төлөвлөгөөнд хэрхэн багтдагаа мэдэхэд тусалдаг. Энэ нь бидний хийж буй бүх зүйлд амь амьдрал, утга учир, зорилго чиглүүлэг өгдөг. Христийн гэрлийг илүү бүрэн дүүрэн ойлгосноор ирэх бүхий л аз жаргал дундаас Христийн гэрэл гэр бүл, найз нөхөд, бүр үл таних нэгэнд ч гэсэн нөлөөгөө үзүүлж байгааг харах баяр баясгаланг юутай ч харьцуулшгүй.
Би 2015 онд Калифорнийн өмнөд хэсэгт шатаж байсан гадасны төвийг хамгаалахаар тэмцсэн хэсэг бүлэг зоримог гал сөнөөгчдийн тухай сонсоод, энэ баяр баяслыг мэдэрсэн юм. Гал улам бүр дүрэлзэхэд батальоны командлагч ариун нандин шүтээнийг болон ариун ёслолын аягануудыг галаас гаргахын тулд хаана хадгалдаг болохыг нь ХҮГ найзаасаа асуув. Найз нь ариун нандин шүтээн гэж байдаггүй, ариун ёслолын аягануудыг хялбархан олж болдог гэж хэлжээ. Гэвч командлагч ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодсон учраас ханан дээрх Христийн бүх зургийг шатаж байсан байшингаас гаргуулахаар гал сөнөөгчдийг явуулав. Тэд гал сөнөөгчдийг хамгаалж магадгүй гэж найдаад, нэг зургийг бүр галын машиндаа тавьсан байна. Командлагчийн аюултай, хүнд нөхцөл байдалд байгаа ч эелдэг, сайхан зан гаргасанд мөн Христийн гэрлийг мэдэрсэнд миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн юм.
Улам бүр харанхуйлж буй дэлхийд Христийн гэрэл тэрхүү төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно.
“Гэрлийн зэвсгүүдийг агсацгаая” хэмээх Паулын үгийг би дахин тунхаглаж байна. Би Христийн талаар гэрчилж байна. Тэр бол Дэлхийн Гэрэл. Бид Сүмд илүү идэвхтэй явж, сайн мэдээний зарчмуудыг гэр бүлдээ илүү сайн хэрэгжүүлснээр бидэнд өгөгдсөн тэрхүү гэрлээр хүчирхэгжих болтугай. Бид үргэлж бусдаас Христийн гэрлийг олж харан, тэдэнд өөрсдийнхөө гэрлийг олж харахад туслах болтугай. Бид уг гэрлийг хүлээн авснаар “гэрлүүдийн Эцэг” Тэнгэрлэг Эцэгээ дахин харах тэрхүү төгс өдрийг хүртэл илүү их гэрлээр адислагдах болно. Би үүнийг Дэлхийн Гэрэл, Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.