Бурханд эргэлзэхгүйгээр найдах нь
Хэрэв бид тууштай байж, итгэлдээ эргэлзэхгүй байвал Их Эзэн амьдралын саад бэрхшээлийг даван туулах чадамжийг маань нэмэгдүүлэх болно.
Хүндэт ах, эгч нар аа, би ерөнхийлөгч Томас С.Монсон бол манай үеийн Бурханы бошиглогч гэдгийг мэднэ хэмээн гэрчилж, өнөөдрийн захиасаа эхлэхийг хүсэж байна. Мөн Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгч бошиглогч, үзмэрч, илчлэгч юм. Тэд Их Эзэн Есүс Христийг төлөөлдөг бөгөөд өөрсдөд нь илчлэгдсэнээр Түүний оюун хийгээд тааллыг тунхаглах эрхтэй. Та нар тэдний зөвлөгөөг дагаснаар аюулгүй байж чадна гэдгийг би гэрчилж байна. Эдүгээ биднийг саад бэрхшээлтэй тулгарахдаа эргэлзэхгүй байж болохын тулд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд онцгойлон анхаарахад нь Их Эзэн тэднийг сүнслэгээр өдөөж байдаг.
Бид Зарахемлагийн нутгаас Лихай-Нифайн нутаг руу ах дүүсийнхээ талаар сураглахаар илгээгдсэн Аммон гэгдэх эрийн тухай Мормоны Номоос уншдаг. Тэрээр тэндээс леменчүүдийн боолчлолд буй Хаан Лимхай, түүний хүмүүсийг олдог. Зарахемла дахь хүмүүсийнхээ талаар Аммоны хуваалцсан зүйлс нь Хаан Лимхайд урам хайрлажээ. Түүний зүрх сэтгэл агуу их найдвар, баяр баяслаар дүүргэгдсэн бөгөөд тэрээр хүмүүсээ ариун сүмд цуглуулан:
“Тиймийн тул, тэргүүнээ өргөцгөө, мөн баяс, мөн найдлагаа Бурханд хандуул.
… хэрэв та нар зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандвал, мөн оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчилбэл, тэрээр таалал мөн хүслийнхээ дагуу, та нарыг боолчлолоос гарган чөлөөлөх болно” хэмээв.
Аммоны үгс Хаан Лимхайн хүмүүсийн итгэлд маш гүнзгий нөлөөлсөн бөгөөд улмаар тэд хэцүү нөхцөл байдалд байгаагаасаа үл хамааран үйлчилж, зарлигуудыг нь дагана хэмээн Бурхантай гэрээ хийсэн юм. Итгэлийнхээ хүчээр тэд леменчүүдийн гараас оргон зайлах төлөвлөгөө зохиож чадсан билээ.
Ах, эгч нар аа, хаан Лимхайн хүмүүстээ өгсөн урилгыг мөн үүний бидэнд хэрхэн хамаатай болохыг эргэцүүлж үзээрэй. Тэрээр: “тэргүүнээ өргөцгөө, мөн баяс, мөн найдлагаа Бурханд хандуул” хэмээн айлдсан. Лимхай энэ үгсээр дамжуулан итгэлийн нүдээр ирээдүйгээ харж, айдсаа итгэлээс төрсөн найдварын өөдрөг үзлээр сольж, нөхцөл байдлаасаа үл хамааран Бурханд итгэх итгэлдээ эргэлзэхгүй байхыг хүмүүстээ уриалсан.
Мөнх бус амьдрал бол Их Эзэн бидний Бурханы бидэнд зарлигласан бүх зүйлийг хийх нь үү, үгүй юу гэдгийг харж, нотлох сорилт шалгалтын үе юм. Маш хэцүү зүйлс тохиолдох үед ч Христэд гуйвшгүй итгэдэг байх шаардлагатай. Энэ нь биднээс Христэд тууштайгаар итгэн, Сүнсээр удирдуулан, Бурхан бидний хэрэгцээг хангана гэсэн найдвартайгаар урагш тэмүүлэхийг шаардана.
Аврагч дэлхий дээрх тохинууллынхаа төгсгөлд, баривчлагдахынхаа өмнөхөн дагалдагчдадаа “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн айлдсан.
Эцэгийн Төрсөн Ганц Хүү Есүс Христ нүгэлгүй амьдарч, дэлхийн бүхий л уруу таталт, өвчин шаналал, саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулсан талаар хэдэн хором тунгаан бодоцгооё. Тэрээр Гетсеманид дусал дуслаар цусаа урсгаж, дүрслэхийн аргагүй аймшигт өвдөлт шаналлыг амссан. Тэрээр бидний өвчин, шаналлыг Өөр дээрээ авсан юм. Бидний хүн нэг бүрийн ачааг хөнгөлж, туслахад Тэр бэлэн байдаг. Тэрээр амь амьдрал, зовлон шаналал, үхэл хийгээд Амилалтаараа энэ дэлхийд амар амгаланг олж авч, баясахад маань саад тотгор болох бүхнийг зайлуулсан. Түүний цагаатгагч золиослолын үр шимийг Түүнийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрэн, үнэнч дагалдагчийн хувиар Түүнийг дагах хүмүүс хүртэх болно. Тиймээс Есүс Христэд болон Түүний цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас бид хүчирхэгжиж, ачаа маань хөнгөрч, Түүгээр дамжуулан ертөнцийг ялах болно.
Ах, эгч нар аа, бид Аврагчаас хүлээн авч болох найдвар, хүч чадлыг хүсэхдээ тэргүүнээ өргөн, баясаж, эргэлзэхгүйгээр урагш тэмүүлэх шалтгаантай болдог. “Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. … Тэр хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.”
Хаан Лимхай үүний адил “Гэвч хэрэв та нар зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандвал, … мөн оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчилбэл, хэрэв та нар үүнийг хийвэл, тэрээр таалал мөн хүслийнхээ дагуу, та нарыг боолчлолоос гарган чөлөөлөх болно” хэмээн ухуулсан.
Бидэнд хандан сануулсан Аврагчийн дараах үгсийг сонсогтун:
Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
“Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ.”
Бурхан итгэлийн маань дагуу биднийг адисалдаг. Итгэл бол бурханлаг зорилго, хэтийн төлөвтэй амьдрахын эх сурвалж болдог. Итгэл бол хичээнгүй байдлыг өдөөдөг бодит зарчим юм. Энэ нь Бурхан, Есүс Христ хоёрын биднээс хийхийг хүссэн бүх зүйлийг дуртайяа хийх хүсэл, эерэг хандлагад оршдог амин чухал, бодит хүч. Энэ нь биднийг өвдөг сөхрөн, Их Эзэнээс удирдамж хүсэж, босоод Түүний хүсэлтэй нийцэх зүйлсэд хүрэх итгэлтэйгээр үйлдэхэд хүргэдэг.
Би олон жилийн өмнө номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа нэгэн хайртай номлогчийнхоо эцэг эхээс нь тэр номлогчийн дүүг нас барсан тухай мэдээг хүлээж авсан юм. Тэрхүү хүндхэн цаг мөчид түүнтэй хамт Бурханы хүүхдүүддээ зориулсан гайхамшигт авралын төлөвлөгөөний талаар мөн энэ мэдлэг нь түүнийг хэрхэн тайтгаруулах тухай ярилцаж байснаа би санаж байна.
Хэдийгээр тэр уг гунигт мэдээг сонсоод цочирдон, гашуудаж байсан ч нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж, Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан дүүгийнхээ амьдралд баясан байв. Тэр Их Эзэний эрхэм их нигүүлсэлд эргэлзэхгүйгээр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бурханы өөрт нь болон гэр бүлд нь амласан амлалтуудад зохистой байж болохын тулд номлолдоо үргэлжлүүлэн итгэлтэйгээр, хичээнгүйлэн үйлчилнэ хэмээн надад эрс шийдэмгий хэлж билээ. Шаардлагатай цаг мөчид тэрхүү итгэлтэй номлогч зүрх сэтгэлээ Бурханд хандуулж, бүхий л найдвараа Түүнд тавьж, Их Эзэнд итгэлтэйгээр, хичээнгүйлэн үйлчлэх амлалтаа шинэчилсэн юм.
Ах, эгч нар аа, хэрэв бид Бурханд итгэх тууштай итгэлгүй, Түүнд үйлчлэх хүсэлгүй бол мөнх бус байдлын хэцүү бэрх туршлагууд маань биднийг хүнд буулганд дарагдан байгаа мэт мэдрэмж рүү хөтөлж, бид сайн мэдээний дагуу бүрэн дүүрэн амьдрах идэвх зүтгэлгүй болно. Итгэлгүй бол бид амьдралд маань хожим тохиох зүйлүүдийн талаарх Бурханы төлөвлөгөөнд талархах чадвараа алдах болно.
Энэхүү сорилтын цаг мөчид уруу таталтад өртөх хэн нэгнийг үргэлж ажиглан хайж байдаг өстөн дайсан учир шалтгаан, бодлыг маань бидний эсрэг ашиглахыг хичээж байдаг. Тэрээр бидэнд сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах нь ямар ч ашиггүй хэмээн итгүүлэхийг оролддог. Эгэл хүмүүний оюун ухаан “Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал” гэдгийг санагтун. Сатан бол “Бурханы дайсан, мөн үргэлж түүний эсрэг тулалддаг, мөн нүгэл үйлдэхэд, мөн хилэнцэтийг үйлдэхэд үргэлж урьж мөн татдаг” гэдгийг санаарай. Биднийг хууран мэхлэхийг түүнд зөвшөөрч болохгүй. Учир нь бид зөвшөөрөх юм бол итгэл маань доройтож, Бурханы адислалыг олж авах хүчээ алдах болно.
Хэрэв бид тууштай байж, итгэлдээ эргэлзэхгүй байвал Их Эзэн амьдралын саад бэрхшээлийг даван туулах чадамжийг маань нэмэгдүүлэх болно. Бид сөрөг өдөөлтийг дарах боломжтой болж, бүр давж гарч чадамгүй саад тотгорыг ч давах чадвараа хөгжүүлэх болно. Энэхүү чадвар нь Хаан Лимхайн хүмүүст леменчүүдийн боолчлолоос ер бусын байдалтайгаар оргон зайлах боломжийг өгсөн юм.
Ах, эгч нар аа, би та бүхнийг Бурханд болон өнөө үеийн бошиглогчдын сургаалд бүхий л итгэл найдвараа тавихад урьж байна. Та бүгдийг Бурхантай хийсэн гэрээгээ шинэчилж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаасаа үл хамааран бүхий л зүрх сэтгэлээрээ Түүнд үйлчлэхэд урьж байна. Христэд итгэх нугаршгүй итгэлийнхээ хүчээр та бүхэн нүгэл, эргэлзээ, аз жаргалгүй байдал, зовлон шаналлын боолчлолоосоо чөлөөлөгдөн, бүхий л амлагдсан адислалуудыг хайртай Тэнгэрлэг Эцэгээсээ хүлээн авах болно хэмээн би гэрчилж байна.
Бурхан бодитой гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд. Тэр бидэнд хайртай. Тэр бидний залбирлыг аз жаргалтай, эргэлзээтэй, уйтгар гунигтай, цөхөрсөн цаг мөч бүхэнд сонсдог. Есүс Христ бол дэлхийн Аврагч гэдгийг гэрчилж байна. Тэр бол Гэтэлгэгч.
Би өнөөдрийн үгсээ португаль дууллын номонд гардаг “Not Now but in the Coming Years” дууллын үгсээр төгсгөе.
Зүрх сэтгэлд маань нарны оронд үүл сүүдэрлэсэн бол
Өвчин зовлон биднийг зовоож байвал зүгээр ээ, Таныг хэн гэдгийг удахгүй мэдэх болно
Есүс биднийг мутраараа удирдаж, яагаад гэдгийг хэлэх болно
Түүний дууг сонсвол Тэр бидэнд удахгүй хэлэх болно
Бурханд эргэлзэхгүйгээр найд, биднийг дэмжихийг Түүнд зөвшөөр
Түүний алдар сууг магтан дуулахаа бүү зогсоо, Тэр дараа нь тайлбарлах болно.
Энэ бүгдийг би Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.