2010–2019
Ажилд дуудагдсан болой
2017 оны 4-р сар


16:13

Ажилд дуудагдсан болой

Ямар нэг тодорхой газарт хөдөлмөрлөх томилгоо нь нэн чухал хэдий ч үйлчлэх дуудлагаас илүү чухал бус.

Ерөнхийлөгч Монсон, бид таны дуу хоолойг сонсон, танаас зөвлөгөө хүлээн авч байгаадаа баяртай байна. Бид танд хайртай бөгөөд таныг дэмжин, таны төлөө үргэлж залбирдаг.

Сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэнд болон хүмүүст номлох агуу ажилтай холбоотой зарчмуудыг хамтдаа хэлэлцэх үед Ариун Сүнс бидэнд туслах болтугай хэмээн би залбирч байна.

Үйлчлэхээр дуудагдаж, хөдөлмөрлөхөөр томилогдох нь

Жил бүр олон арван мянган залуу эрэгтэй, эмэгтэй мөн ахмад хос Солт Лэйк хотоос ирэх нэгэн онцгой захидлыг сэтгэл догдлон хүлээдэг. Уг захидлын агуулга нь хүлээн авч буй хүнийхээ болоод гэр бүлийнх нь гишүүдийн мөн өөр олон хүний амьдралыг үүрд өөрчилдөг. Энэ захидлыг ирэхэд зарим хүн дугтуйг нь нямбай гэгч задалдаг бол зарим нь догдолсондоо шалавхан урдаг. Энэхүү онцгой захидлыг унших мөч хэзээ ч мартагдашгүй юм.

Уг захидалд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч гарын үсэг зурсан байдаг бөгөөд эхний хоёр өгүүлбэрт “Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчоор үйлчлэхээр дуудагдлаа. Та ______ Номлолд хөдөлмөрлөхөөр томилогдлоо” гэж бичсэн байдаг.

Эхний өгүүлбэр нь Их Эзэний сэргээгдсэн Сүмд бүрэн цагийн номлогчоор үйлчлэх дуудлага гэдгийг анхаарна уу. Хоёр дахь өгүүлбэр нь ямар нэг тодорхой газар, номлолд хөдөлмөрлөх томилгоог илтгэдэг. Энэ хоёр өгүүлбэрт агуулагдаж буй чухал ялгааг ойлгох нь бид бүхний хувьд туйлын чухал юм.

Сүмийн соёлын дагуу, бид Аргентин, Польш, Солонгос эсвэл Нэгдсэн Улс зэрэг оронд үйлчлэхээр дуудагдсан тухай олонтоо ярьдаг. Гэвч аливаа номлогч ямар нэг газарт очихоор дуудагддаггүй, харин үйлчлэхээр дуудагддаг. Их Эзэн 1829 онд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан тунхагласанчлан “хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой.”

Номлолын дуудлага, томилгоо эсвэл дахин томилгоо бүр нь Их Эзэний үйлчлэгчдээр дамжин ирдэг илчлэлтийн үр дүн байдаг. Ажилд дуудах дуудлага нь Сүмийн ерөнхийлөгчөөр дамжин Бурханаас ирдэг. Эдүгээ дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй 400 гаруй номлолын аль нэгэнд томилогдох томилгоо нь Их Эзэний амьд бошиглогчийн зөвшөөрлөөр үйлдэж буй Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын нэгэн гишүүнээр дамжин Бурханаас ирдэг. Бошиглолын болон илчлэлтийн сүнслэг бэлгүүд нь номлолын бүх дуудлага, томилгоог шийдэхэд нөлөөлдөг.

Сургаал ба Гэрээний 80-р хэсэг бол 1832 онд бошиглогч Иосеф Смитийн Стефен Бурнеттэд өгсөн номлолын дуудлагын тухай цэдэг юм. Бурнетт ахын дуудлагыг судлах нь бидэнд (1) номлогчийн хувьд “ажилд дуудагдах” болон ямар нэг тодорхой газарт “хөдөлмөрлөх томилгоо” хоёрын ялгааг илүү тодорхой ойлгоход мөн (2) сайн мэдээг тунхаглах хувийн ба тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагадаа илүү бүрэн дүүрэн талархалтай болоход тусалж чадна.

Энэ хэсгийн 1-р шүлэг болох “Үнэнээр, Их Эзэн өөрийн үйлчлэгч Стефен Бурнеттэд ийн хэлж байна: Явагтун чи, чи дэлхий уруу явж мөн чиний дуу хоолойн дуун дор явдаг хүмүүн бүрт сайн мэдээг номлогтун” гэдэг нь үйлчлэх дуудлага юм.

Сонирхолтой нь 2-р шүлэг Бурнетт ахад томилогдсон номлолын хамтрагчийнх нь талаар “Мөн чи хамтрагчийг хүсдэг учраас, бибээр өөрийн үйлчлэгч Эден Смитийг чамд өгөх болно” хэмээн өгүүлдэг.

3-р шүлэгт энэ хоёр номлогчийн хаана хөдөлмөрлөх ёстойг “Иймийн тул, умард эсвэл өмнөд эсвэл дорнод эсвэл өрнөдөд ч байна уу, энэ нь хамаагүй, та нар явж мөн миний сайн мэдээг номлогтун, учир нь та нар буруудах нь үгүй” хэмээн хэлсэн байдаг.

Энэ сударт Их Эзэний хэрэглэсэн “энэ нь хамаагүй” гэдэг үгс үйлчлэгчдийнх нь хаана хөдөлмөрлөх нь Түүнд хамаагүй гэсэн утгыг илэрхийлээгүй гэж би боддог. Үнэндээ, Тэр үүнд маш их санаа тавьдаг. Сайн мэдээг номлох нь Их Эзэний ажил учир Тэрээр эрх мэдэл бүхий үйлчлэгчдэдээ сүнслэгээр нөлөөлж, тэднийг удирдан чиглүүлдэг. Номлогчид үргэлж илүү зохистой бөгөөд Их Эзэний мутар дахь хүчирхэг зэмсэг байхыг эрмэлзэж, үүргээ итгэлтэйгээр биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх үедээ Түүний тусламжтайгаар тэд “буруудах нь үгүй.” Энэ илчлэлтээр дамжуулан Аврагчийн бидэнд зааж буй зүйлүүдийн нэг нь ямар нэг тодорхой газарт хөдөлмөрлөх томилгоо нь нэн чухал хэдий ч үйлчлэх дуудлагаас илүү чухал бус гэсэн санаа байж болох юм.

Дараагийн шүлэг нь “Тиймийн тул, та нар cонссон, мөн үнэхээр итгэдэг, мөн үнэн гэдгийг мэддэг зүйлүүдээ тунхаглагтун” гэж бүх номлогчид тавигдах чухал шаардлагуудыг онцолдог.

Сүүлчийн шүлэг үйлчлэх дуудлага чухам хэнээс ирдэг болохыг “Болгоогтун, энэ бол та нарыг дуудсан, та нарын Гэтэлгэгч, бүр Есүс Христийн таалал бөлгөө. Aмен” гэж Бурнетт ахад төдийгүй бид бүгдэд сануулдаг билээ.

Ташаа ойлголтыг залруулах нь

Та нарын зарим нь намайг яагаад ажилд дуудагдах болон хөдөлмөрлөхөөр томилогдох хоёрын илэрхий ялгааг Ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээр ярихаар сонгосныг гайхаж байж болох юм. Та нарт шулуухан хариулахад, Сүмийн олон гишүүн эдгээр зарчмыг сайн ойлгодоггүй гэдгийг би туршлагаараа олж мэдсэн.

Үйлчлэх хугацаандаа янз бүрийн шалтгаанаас болж хөдөлмөрийн өөр талбарт дахин томилогдсон олон номлогчийн сэтгэлдээ тээж явдаг зовлон, шаналал, тэр ч байтугай гэмшлийг олж мэдсэн минь энэ асуудлыг хөндөх болсон хамгийн чухал нэг шалтгаан юм. Зарим тохиолдолд бие махбодын бэртэл, гэмтэл, визтэй холбоотой aсуудал, бэрхшээл, улс төрийн тогтворгүй байдал, шинэ номлол зохион байгуулах, орон тоо нэмэх эсвэл сайн мэдээг тунхаглах ажил дахь дэлхий даяар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хэрэгцээ шаардлагаас болоод ингэж дахин томилох хэрэгцээ шаардлага үүсдэг.

Аливаа номлогч хөдөлмөрийн өөр талбарт дахин томилогдох үед үйл явц нь анхны томилгоотой нь яг адил явагддаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд ийм томилгоонуудыг хийхдээ сүнслэг өдөөлт, удирдамжийг эрэлхийлдэг.

Би саяхан нэгэн итгэлтэй ахтай ярилцаж байсан бөгөөд тэр надад сэтгэлээ уудалсан юм. Би нэг хурал дээр ажилд дуудагдах ба хөдөлмөрлөхөөр томилогдох хоёрын ялгааг дөнгөж тайлбарлачихаад байж байв. Тэр ах миний гарыг атгаад, нүдэндээ нулимстайгаар “Өнөөдөр таны надад заасан зүйл 30 гаруй жил үүрч явсан ачаанаасаа салахад минь тусаллаа. Залуу номлогч байхдаа би эхлээд Өмнөд Америкт ажиллахаар томилогдсон байсан юм. Гэвч би визээ авч чадаагүй учраас миний томилгоог Нэгдсэн Улсад үйлчлэхээр болгож өөрчилсөн. Энэ олон жилийн турш би яагаад надад дуудагдсан газартаа үйлчлэх боломж олдоогүй юм бол гэж гайхдаг байв. Би ямар нэг газарт биш, харин ажилд дуудагдсан гэдгээ одоо мэдэж авлаа. Энэ ойлголт надад ямар их тусалсныг үгээр илэрхийлэх аргагүй юм” гэж хэлсэн юм.

Энэ ахын өмнөөс миний зүрх шаналсан. Эдгээр энгийн зарчмыг дэлхий даяар заах үед олон хүн саяын ахтай адил бодолтой байдаг байснаа надад ганцаарчлан илэрхийлж байсан. Энэ Сүмийн нэг ч гишүүн хөдөлмөрлөх томилгооны талаар ташаа ойлголт, тодорхой бус байдал, зовиур шаналал, гэм буруугийн шаардлагагүй ачаа дарамтыг үүрэх ёсгүй учраас би өнөөдөр энэ сэдвээр ярьж байна.

“Иймийн тул, умард эсвэл өмнөд эсвэл дорнод эсвэл өрнөдөд ч байна уу, энэ нь хамаагүй, та нар явж мөн миний сайн мэдээг номлогтун, учир нь та нар буруудах нь үгүй.” Та нар энэ судрын үгсийг тунгаан бодож, зүрх сэтгэлээ нээснээр өөрсдөдөө хэрэгтэй байж болох ойлголт, эдгээлт, сэргээлтийг бодгалийнхаа гүнд хүргэх Ариун Сүнсийг урих болтугай хэмээн би найдаж, залбирч байна.

Энэ сэдвийг ярихаар өдөөгдсөн өөр нэг шалтгаан бол олон жилийн турш номлогчдыг томилох хувийн туршлагаас маань үүдэлтэй юм. Арван хоёр Төлөөлөгчийн хувьд бид номлогчдыг хөдөлмөрлөх талбарт нь томилох үүргээ биелүүлэх явцад Их Эзэний хүслийг ялган танихыг эрэлхийлэх үедээ тасралтгүй үргэлжилж буй хожмын үеийн илчлэлтийн бодит байдлын баталгааг хамгийн их авдаг. Аврагч бидний хүн нэг бүрийг “нэг нэгээр,” бүр нэр нэрээр маань мэддэг гэдгийг би гэрчилж байна.

Ажилд дуудагдахаар бэлтгэх нь

Би одоо ажилд дуудагдахаар бэлтгэхтэй холбоотой үндсэн чухал боловч ихэнхдээ бидний анхаарлаа хандуулдаггүй нэг зүйлийн тухай товчхон ярихыг хүсэж байна.

Бурханы хөвгүүдийн бэлтгэл ба хөгжил дэвшлийн загварыг тодорхойлдог хоорондоо уялдаа холбоотой гурван үг бол: санваар, ариун сүм, номлол юм. Заримдаа эцэг эхчүүд болон найз нөхөд, Сүмийн гишүүдийн хувьд бид залуу эрэгтэйчүүдийн номлолын бэлтгэлд хэт их анхаарал хандуулдгаасаа болж бүрэн цагийн номлолын үйлчлэл эхлэхээс өмнө хийгдэх ёстой гэрээний зам дээрх бусад амин чухал алхмыг ямар нэг хэмжээгээр үл ойшоодог байж магадгүй. Номлогчоор ажиллах нь насан туршийн сүнслэг өсөлт, үйлчлэлийн суурийг тавих чухал зүйлүүдийн нэг мөн боловч цорын ганц зүйл биш юм. Санваарын болон ариун сүмийн адислалыг томилогдсон хөдөлмөрийн талбартаа очихоос өмнө авдаг бөгөөд эдгээр нь насан туршид маань биднийг сүнслэгээр хамгаалж, хүчирхэгжүүлэхэд шаардлагатай.

Залуу эрэгтэйчүүд та нар Аароны санваар буюу доод санваарыг хүндэлж, үүргээ гүйцэтгэх юм бол Мелкизедек санваар буюу дээд санваарын тангараг ба гэрээг хүлээн авч, биелүүлэх бэлтгэлээ базааж буй хэрэг юм. Хувийн зохистой байдал бол дээд санваарыг хүлээн авах цорын ганц чухал шаардлага билээ. Амин хувиа үл хичээх насан туршийн санваарын үйлчлэл та нарыг хүлээж байна. Утга учиртай үйлчлэлийг тогтмол үзүүлснээр одооноос бэлтгэлээ базаа. Зохистой байж мөн зохистой хэвээр үлдэж байгаадаа дуртай байж сураарай. Зохистой бай. Зохистой хэвээр үлд.

Залуу эрэгтэй Мелкизедек санваар болон үйлчлэх дуудлагаа хүлээн авсны дараа ариун сүмийн гэрээ, ёслолуудаар дамжуулан хүч чадлаар өвч хуяглаж чадна. Бүрэн цагийн номлогчоор үр дүнтэй үйлчлэхээс өмнө ариун сүмд орж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авдаг. Хувийн зохистой байдал бол залуу эрэгтэй та нарын болон Сүмийн бүх гишүүний хувьд ариун сүмийн адислалуудыг хүлээн авах цорын ганц чухал шаардлага юм. Та нар сайн мэдээний жишгүүдийн дагуу амьдарснаар өсвөр насандаа Их Эзэний өргөөнд орж, ариун нандин ёслолуудад оролцож чадна. Ариун сүмийн ёслолуудыг хайрлаж, тэдгээрийг ойлгох нь та нарыг амьдралын тань туршид хүчирхэгжүүлж, адислах болно. Зохистой байж мөн зохистой хэвээр үлдэж байгаадаа дуртай байж сураарай. Зохистой бай. Зохистой хэвээр үлд.

Олон залуу эрэгтэй, эмэгтэй хэдийнээ хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичигтэй болчихсон байгаа. Аароны санваартны хувьд та нар гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг олж, ариун сүмд баптисм ба гишүүний баталгааг нь гүйцэтгэж байна. Ариун сүмийн эрхийн бичгээ хүчинтэй байлгах нь та нарын зохистой байдлыг илтгэдэг ба ариун сүмд бусдад үйлчлэх нь Мелкизедек санваарт бэлтгэхийн чухал хэсэг болдог.

Залуу эрэгтэйчүүд ээ, та нар яг одоо номлогчид юм. Өдөр бүр та нарын эргэн тойронд “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” найз нөхөд болон хөршүүд байдаг. Та нар Сүнсээр чиглүүлэгдсэн үедээ сэргээгдсэн сайн мэдээний үнэнтэй танилцуулах бодол, урилга, мессежийг найзуудтайгаа хуваалцаж чадна. Та нар номлолын ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулахын тулд албан ёсны дуудлагаа хүлээх хэрэггүй.

Санваар, ариун сүм, номлолын адислалууд “Христ дотор” нэгдэн цугларч, залуу номлогчийн зүрх сэтгэл, оюун, бодгальд харилцан нэг нэгэндээ нөлөөлөх юм бол тэрээр уг ажилд тэнцэн тохирох болно. Мөн Их Эзэн Есүс Христийг эрх мэдэлтэйгээр төлөөлөх үүргээ биелүүлэх түүний чадвар нэмэгдэнэ. Санваар ба ариун сүмийн гэрээнүүдийг хүндэтгэж, “бурханлиг чанарын хүч”-ийг санваарын ёслолуудаар дамжуулан хүлээн авах, өөрийгөө умартан үйлчлэх, Бурханы хүүхдүүдэд үүрдийн сайн мэдээг тунхаглах зэргийг хослуулах нь сүнслэг хүчийг авчирдаг бөгөөд “сүсэг бишрэлдээ, … чанд гуйвшгүй” ба “[Христ] дотор бат үндэслэгдэн, байгуулагдах” боломжийг залуу эрэгтэйд олгодог.

Бид гэр орондоо болон сүм дээр Бурханы итгэлтэй хөвгүүдийн бэлтгэл ба хөгжил дэвшлийн талаарх Их Эзэний загвар болсон санваар, ариун сүм, номлол гуравт эн тэнцүү ач холбогдол өгөх ёстой. Эдгээр нь гурвуулаа биднээс зохистой байж мөн зохистой хэвээр үлдэхдээ дуртай байхыг шаарддаг. Зохистой бай. Зохистой хэвээр үлд.

Амлалт ба гэрчлэл

Хайрт ах нар минь ээ, сайн мэдээг тунхаглах ажлыг хийх дуудлагад тань мөн тодорхой нэг талбарт эсвэл талбаруудад хөдөлмөрлөх томилгоонд тань илчлэлтийн сүнслэг бэлэг нөлөөлнө гэдгийг би амлаж байна. Та нар одооноос өөрийгөө умартан, санваарын ба ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан хичээнгүйлэн бэлтгэвэл Их Эзэн амьд гэсэн гэрчлэл тань хүчирхэгжих болно. Зүрх сэтгэл тань Түүнийг болон Түүний ажлыг хайрлах хайраар дүүрэх болно. Та нар зохистой байх хүсэлтэй болсноороо олон хүнийг адисалж, үйлчлэх Их Эзэний мутар дахь хүчирхэг зэмсэг болно.

Би Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү, Есүс Христ амьд гэдгийг баяр хөөртэй гэрчилж байна. Тэдний үйлчлэлд оролцох нь бидний хүлээн авч болох хамгийн агуу адислалуудын нэг мөн. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.