Ахлагч Гари И.Стивэнсон: Бусдыг ойлгох зүрх сэтгэл
Гари Стивэнсоныг 11 настай байхад аав нь түүнийг явган аялалд авч явжээ. “Би аавынхаа урд гараад, нэг чулуунаас нөгөө рүү дамжин үсэрч байв. “Би том хад руу авирч гараад, доош харъя гэж бодож байсан юм. Намайг бул хар чулууны орой руу дээш авирах үед аав миний бүснээс барьж аван, доош татлаа.
“‘Яасан бэ?’ гэж намайг асуухад тэр ‘Энэ хад руу битгий авир. Зүгээр л жимээ дагаад явцгаая’ гэв. Хэсэг хугацааны дараа бид жимээр өгсөж яваад дээрээс доош харахад тэр хадны орой дээр наранд ээн хэвтэж буй хоржигнуурт могой байхыг олж харсан юм.
“‘Ийм учраас л би чамайг татсан юм шүү дээ” гэж аав тайлбарлав.
“Дараа нь биднийг машиндаа суугаад гэр рүүгээ явж байх үед ‘Та тэнд могой байсныг яаж мэдсэн юм бэ?’ гэж асуухыг минь тэр хүлээж байгааг би мэдэж байв. Тэр ‘Би чамд Ариун Сүнсний тухай зааж өгье’ гэлээ. Ийнхүү бид хамгаалагч, тайтгаруулагч, гэрчлэгч зэрэг Ариун Сүнсний бидний амьдралд гүйцэтгэдэг үүргүүдийн тухай нэгэн сургамжийг санаандгүй байж байгаад хүлээн авсан юм. ‘Энэ тохиолдолд Ариун Сүнс чамайг надаар дамжуулан хамгаалсан юм’ гэж аав тайлбарлав. Тэр чамайг доош нь тат гэсэн сэрэмжлүүлгийг надад өгсөн’” хэмээн тэр дурссан билээ.
Энэ үйл явдал хэдий энгийн байсан ч ахлагч Стивэнсонд Сүнсний өдөөлтүүд ирэх үед хүлээн авч, эдгээрийн дагуу үйлдэх хэрэгтэй гэдгийг ойлгоход тусалсан байна. Энэ бол ааваасаа сурсан олон сургамжтай зүйлсийн нэг байв.
Гайхамшигтай ээж, гайхалтай зөвлөхүүд
Ахлагч Стивэнсоны хэлснээр, түүний ээж цэвэр ариун, сайн сайхны үлгэр дуурайл байв. “Түүний надаас хүлээдэг зүйлүүд намайг зоригжуулдаг байсан. Би үйлдэл хийх болгондоо ‘Би ээжийнхээ урмыг хугалмааргүй байна’ гэж боддог байсан.
Түүний эцэг эх гэр бүлийн үдэш ба гэр бүлийн бусад үйл ажиллагаа, цуглааны үеэр хамтдаа сайн мэдээний зарчмуудыг бэхжүүлдэг байв. “Тэд гэр орноо сайн мэдээний сургаалуудаар бэхэлсэн. Энэ нь бидний амьдралын үндэс суурь болсон юм” хэмээн тэр хэлсэн юм.
Түүнийг бас өөр чухал зөвлөхүүд удирдан чиглүүлж байжээ. “Ерөнхий эрх мэдэлтний хувьд суусан эхний хэдэн сургалтад, Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнд амьдралд маань эергээр нөлөөлсөн 20 хүний жагсаалтыг гаргахыг зөвлөсөн. Ийм үйл ажиллагаа хийх нь хүн бүрд хэрэгтэй байх гэж би боддог. Надад тус болсон, ялангуяа өсвөр насанд минь тусалж дэмжсэн бүх сайн хүнийхээ талаар бодох нь сэтгэлд минь урам зориг өгсөн юм.
Гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан хүчирхэгжсэн нь
Гари Иван Стивэнсон 1955 оны 8-р сарын 6-нд АНУ-ын Юта мужийн Логанд төрж, өссөн. Түүний эцэг эх Иван, Жийн Холл Стивэнсон нар дөрвөн хүүхэдтэй байжээ. Гари хоёр дахь хүүхэд нь буюу ууган хүү нь байв.
“Би эгч, дүү нартайгаа ойр дотно харилцаатай байсан. Эгч Дэбби маань надаар зөв зүйл хийлгэхийг хүсдэг байлаа. Дүү Мэрилий, Дуг хоёр маань намайг үлгэр дуурайл болгохыг хүсдэг байсан. Бид бүгдээрээ зөв шударга амьдарч, Сүмийн үйл ажиллагаануудад оролцох үүргээ ухамсарладаг байв. Төрөл садангийнхан ч гэсэн тэднээс их зүйл хүсэн хүлээдэг байв: “Жишээ нь, манай хамгийн том үеэл номлолд явахдаа 2 долларын дэвсгэрт дээр гарын үсгээ зураад, номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа дараагийн үеэлдээ дамжуулан өгч билээ.” Тэр 2 долларын дэвсгэрт дэлхий даяар номлолд үйлчилсэн 16 үеэлд дамжин очсон бөгөөд уг дэвсгэрт нь бид Их Эзэнд үйлчлэхдээ нэгдмэл гэдгийг бидний хүн нэг бүрд сануулдаг байсан юм.
Санваартан найзууд нь түүнийг сайн сайхан зүйлс хийхэд мөн адил нөлөөлжээ. “Би бага наснаасаа зөвхөн ням гарагт биш, харин хөршүүдтэйгээ болон сургууль дээрээ чуулгатайгаа холбоотой байх гэдэг нь ямар утгатай болохыг мэдэж авсан” гэж тэр хэлэв. “Энэ нь надад өөрийнхөө хэн болохыг, хаана хамааралтай гэдгийг, ахан дүүгийн барилдлага болон үйлчлэл гэж юу болохыг мэдрүүлсэн.” Тэр ялангуяа гэрээсээ гарч чаддаггүй, хараагүй, орлого багатай тойргийнхоо нэг эгч дээр очиж, мацгийн өргөл цуглуулахаар чуулгынхаа нэг гишүүнтэй хамт явсан тухайгаа тод санадаг. “Тэр эмэгтэй өөрийн нөхцөл байдлаас үл хамааран үргэлж тав юм уу арван центийг мацгийн өргөлдөө өгдөг байсан” гэж тэр дурсан ярив.
Хөдөлмөр шаарддаг бэлэг
Ахлагч Стивэнсон ахлах сургуулиа төгсөөд, Юта мужийн их сургуульд ороод удаагүй байхдаа Японы Фукуока номлолд үйлчлэхээр дуудагдсан байна. Тэр “Би япон хэл сурна гэхээс айж байлаа. Миний айдас номлолд бэлтгэх төвд очсоны дараа улам их болсоор байв. Гэхдээ ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа чин сэтгэлээсээ залбирч, уйгагүй судалсны эцэст, хэрэв би шаргуу хөдөлмөрлөх юм бол Их Эзэн япон хэл сурах гэсэн хичээл зүтгэлийг маань адислах юм байна гэсэн амар амгалан мэдрэмжийг хүлээн авсан юм. Энэ нь хэлний бэлэг нь итгэл, хөдөлмөр, сайн мэдээний бусад зарчмын адил ажилладаг болохыг надад зааж өгсөн. Та хийж чадах бүхий л зүйлээ хийснийхээ дараа адислал хүлээн авах болно” гэлээ.
Ахлагч Стивэнсон номлолынхоо дараа Мормоны Ном, Сургаал ба Гэрээг судалж, түүхийн тэмдэглэл, гэр бүлийн түүхүүдийг уншиж судлан, Сүмийн түүхийг ихэд сонирхож байжээ. Тэр ялангуяа Иосеф Смитийг болон түүний гэр бүлийг мөн Витмерийн гэр бүлийг болон Оливер Каудери, Мартин Харрис нарыг ихэд сонирхон судалсан байна. Тэр Мормоны Номын олон хэвлэлийн бичвэр, орчуулгыг судалсан юм.
Тэр үүнийг хийж байхдаа итгэл, шаргуу хөдөлмөр хамтдаа зэрэгцэн явдгийг дахин мэдэж авчээ. “Сайн мэдээний талаарх бүх асуултын хариулт тэр дороо ирдэггүй” гэж тэр зөвлөсөн байна. “Их Эзэн биднээс уншиж, судалж, тунгаан бодож бас залбирахыг хүсдэг. Бид үүнийг итгэлтэйгээр мөн зөв шударга хүслээр хийвэл, хэсэг хугацааны дараа гайхалтай гэрчлэл ирэх болно.”
Олон жилийн туршид тэр өсвөр үеийнхний Ням гаргийн болон Сайн мэдээний сургаалын анги, Залуу эрэгтэйчүүдийн бүлэгт заахаар дуудагдаад, онцгойлон адислагдаж байгаагаа мэдэрч байсан ажээ. Эдгээр дуудлага нь түүнд судруудын үнэнийг, олон жил судлах явцдаа бий болсон итгэл үнэмшлийнхээ тухай гүн гүнзгий мэдрэмжүүдээ гэрчлэх боломжийг түүнд олгосон юм.
Ахлагч Стивэнсон Юта мужийн их сургуульд байхдаа бизнесийн удирдлага ба маркетингийн чиглэлээр суралцсан байна. Тэр олон цагийг номын санд өнгөрөөдөг байв. “Намайг орох тоолонд … ‘Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав’ [Сургаалт үгс 4:7] гэсэн уриа угтан авдаг байлаа.” Энэ судар түүний зүрх сэтгэлд бичигдэн үлдэж, олон жилийн дараа Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгнийх нь гол сэдэв болсон ажээ.
Тэрээр уг үгэндээ “Энэ ойлголт нь судалгааны болон залбирлын харилцан шүтэлцлийн үр дүнд ирдэг” хэмээн тайлбарласан юм. “Бид Их Эзэнд итгэж мөн найдсанаар, бидний зүрх сэтгэл рүү илүү их ойлголт Түүнээс орж ирдэг билээ”1
Институтэд учирсан хайрын түүх
Тэр шашны институтийн Хуучин гэрээний ангид сууж байхдаа Калифорнигаас Айдахо руу шилжин ирж, Юта мужийн их сургуульд оюутан болоод байсан Лиса Жийн Хиглитэй танилцсан юм. “Багш Лизаг Евагийн дүрд, намайг түүнийг уруу татах Сатаны дүрд тоглохыг хүссэн. Харин үүний үр дүнд би түүнийг надтай болзоонд явахад ятгах гэж багагүй хугацааг зарцуулж билээ” гэж тэрээр инээмсэглэн хэлэв. Тэд ердөө жил гаран болзоод, дараа нь 1979 онд Айдахо Фоллсын ариун сүмд гэрлэсэн юм.
Ахлагч Стивэнсон Лизагийнхаа тухай ярихад нүд нь гэрэлтдэг. Тэрээр түүнийгээ “миний амьдралын нар”2 хэмээн нэрлэдэг. Стивэнсон эгч гэр бүлийн эдийн засгийн ухааны зэрэгтэй төгсөж, гэрлэснийхээ дараах хэсэгхэн хугацаанд сургуульд зааж мөн сургууль, иргэний болон олон нийтийн зөвлөл, байгууллага, бусад үйл ажиллагаанд байнга цаг зав, авьяас чадвараа зарцуулан, хувь нэмрээ оруулдаг байсан. Гэхдээ ахлагч Стивэнсон эхнэртээ байгаа Бурханаас өгөгдсөн хамгийн гайхалтай чадварыг гэрийн эзэгтэй байх бэлэг нь гэж үздэг ба “Тэр сайн мэдээнд төвлөрсөн гэр орон, Сүнс оршдог аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх чадвартай” гэжээ. Тэрээр энэ чадварыг бусдад үйлчилснээр жинхэнэ баяр баясгалан ирдэг гэсэн гүн гүнзгий ойлголттой хослуулснаар өөрийн нөхөр, гэр бүл болон эргэн тойрныхоо олон хүнийг адисалсан юм.
Ахлагч Стивэнсон, түүний эхнэр Стивэнсон нар дөрвөн хүүгийн эцэг эх болжээ. “Бид амьдралынхаа туршид бүх зүйлийг хамтдаа хийсэн” гэж тэр хэлэв. “Хөвгүүд сагс, хөл бөмбөг, бэйсбол, теннис тоглодог байсан. Бид бүгдээрээ дөрвөн дугуйт ба цасны машинаар явах, цанаар болон снөүбордоор гулгах, төрөл бүрийн усан спортоор хичээллэх гэх мэт гаднах үйл ажиллагаануудад дуртай. Гэхдээ Лиза маань хөвгүүдээ соёл урлагийн үйл ажиллагаатай танилцуулан, хөгжим, урлагт дуртай болоход нөлөөлсөн. Гэр бүлээрээ дамжуулан үйлчлэх бэлгийг бусдад өгөхөд тэр маань хөвгүүдийнхээ ‘морины хүчийг’ оролцуулах шаардлагатай байсан юм.”
Бизнесээ хөгжүүлсэн нь
Ахлагч Стивэнсоны бизнесийн гараа нь түүний ази хүмүүсийг хайрлах хайраас үүдэлтэй. Тэрээр номлолоо дуусгаад гэртээ ирснийхээ дараа хэдэн найзтайгаа нийлж Азиас бэлэг дурсгалын эд зүйлс оруулж ирдэг болов. Энэ нь фитнесийн бүтээгдэхүүн борлуулдаг болон өргөжжээ. Дараагийн гучин жилийн туршид тэдний жижиг бизнес 2500 ажилтантай амжилттай компани болтлоо өсөж хөгжсөн билээ.
Түүний нэгэн ажилтан ахлагч Стивэнсоныг бизнес эрхэлдэг хүнийх нь хувьд дурсахдаа: “Бид бизнесийн нэг хүндхэн шийдвэр гаргахаар ярилцаж байлаа. Би түүнд хуулийн дагуу хийх ёстой гэж хэлсэн. Гэтэл тэр надад, бид зөвхөн хуулийн дагуу хийгээд зогсохгүй бас зөв зүйлийг хийх хэрэгтэй гэж хэлж билээ” гэж ярьжээ.
“Бизнест сайн зарчмуудыг хүлээн авч, хэрэгжүүлэх нь сайн үр нөлөө үзүүлдэг” гэж ахлагч Стивэнсон хэлэв. “Шударга байдал, шаргуу хөдөлмөр, энэрэнгүй сэтгэл, хүмүүсийг хүндэлж харьцахын хажуугаар үүрэг хариуцлага хүлээхийг шаардах нь зөвхөн ням гарагт ярьж, хийдэг дүрэм журмууд биш юм. Эдгээрийг долоо хоногийн өдөр бүр хийж байх хэрэгтэй” гэж тэр ярилаа.
Бизнес нь өргөжин тэлэхийн хэрээр цаг зав хомсхон гардаг байсан тухай: “Би бага насны хүүхдүүдтэй залуухан бишоп байхаас гадна Ази руу жил бүр маш олон удаа аялдаг байв. Аав минь над дээр ирээд, ‘Чи гэр бүлийнхэнтэйгээ байгаа ч гэсэн үнэндээ тэдэнтэй хамт байж чадахгүй байгааг чинь би харлаа. Чи ажил дээрээ байхдаа ажилдаа бүх анхаарлаа хандуулж чаддаггүй байх. Бишопын үүргээ биелүүлж байхдаа ч ажлынхаа эсвэл гэр бүлийнхээ талаар санаа зовдог байх гэж миний санаа зовж байна. Чи амьдралаа илүү тэнцвэртэй байлгах ёстой’ гэж хэлсэн юм” хэмээн дурсжээ.
Энэ зөвлөгөө түүнд гүн гүнзгий нөлөөлсөн байна. Ахлагч Стивэнсон “Би гэр бүл, ажил мэргэжил, Сүмийн дуудлагаа тэнцвэртэй байлгахаас гадна өөрөө өөртөө анхаарал тавих нь чухал гэдгийг мэдэж авсан” гэв.
Дахин дахин үйлчлэхээр дуудагдсан
Олонд хүндлэгдсэн нэгэн бизнесийн удирдагч нэг удаа ахлагч Стивэнсоныг “мэдлэгт суралц, мөнгө ол, бусдад үйлчил” гэж урамшуулж байжээ. 2004 онд ахлагч Стивэнсон бизнесийнхээ урт хугацааны хамтрагч Скотт Ваттэрсонтой хоёулаа нэг зэрэг номлолын ерөнхийлөгчөөр дуудагдах үед энэхүү тэнцэтгэлийн “үйлчлэх” хэсэг нь сорилт болсон байна. Тэдэнд хувьцаа эзэмшигч, үйлчлүүлэгчдэдээ компаниа яагаад түр хугацаанд орхиж явж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Тэр хоёр тэдэнтэй нэг бүрчлэн очиж уулзав.
“Бид өөрсдийн дуудлагын талаар болон Сүмээс ямар нэгэн нөхөн олговор авалгүй гурван жилийн турш үйлчлэх гэж байгаагаа хэлэх үед тэд үүний сайн талуудыг хүндэтгэн үзэж байсан” гэж тэр хэлсэн юм. Тэд итгэлтэй удирдлагын багийн гарт бизнесээ орхин явсан ба бизнес нь ч өсөж хөгжсөн байв.
Ахлагч Стивэнсон Японы Нагояа номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Азийг илүү их хайрлах болсон юм. “Би энэ газрыг өөрийн хоёр дахь гэр гэж үздэг” гэж тэр хэлдэг. Тэрээр эхнэрээ тухайн орны ёс заншлыг хүлээн авч, номлогчид ба гишүүд зэрэг бусдад хүрч үйлчлэн, японоор гэрчлэлээ хуваалцаж сурч мөн тэдэнтэй хамт явсан хоёр хүүгээ өсгөн бойжуулж байгааг хараад, эхнэрээ хайрлах хайр нь улам бүр өсөн нэмэгдсэн юм. Эргэн тойрныхоо хүмүүстэй найз болох гэсэн эхнэрийнх нь хүчин чармайлтын ачаар хэдэн хөрвөгдөгч баптисм хүртсэн байна.
2008 онд ахлагч Стивэнсоныг Далын нэгдүгээр чуулгад үйлчлэхээр дуудагдахад, тэд номлолоосоо гэртээ иргэж ирээд ердөө долоохон сар болж байв.
“Би гайхахын хажуугаар дарууссан. Би ‘Надаас илүү сайн үйлчилж чадах олон хүн байгаа шүү дээ’ гэж бодож билээ. Гэсэн хэдий ч, би ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гээд надаас хийхийг хүссэн зүйлийг хийхдээ хангалттай туршлага байхгүй мэт санагдаж байсан үеүдээ дурсан санав. Бид дуудагдахаасаа өмнө үүнд тэнцэхүйц хүмүүс байгаагүй байж болох ч, дуудлага нь тэнгэрлэгээр тэнцэхүйц болгох замыг эхлүүлдэг гэдгийг би олж мэдсэн билээ.
“Миний нэг дуртай сударт дуудагдах үедээ бидний хийх ёстой хоёр зүйлийг хэлж өгсөн байдаг. Нэгдүгээрт, ‘итгэлтэй бай.’ Хоёрдугаарт, томилсон албан тушаалын үүргээ биелүүл (С ба Г 81:5-ыг үзнэ үү). Энэ нь миний хувьд итгэлээ харуулж, хэрэгтэй гэсэн бүх зүйлд суралцан, дараа нь дуудлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн үг юм. Хэрэв бид үүнийг хийж чадвал Их Эзэн бусдыг адислахад биднийг өргөн, үүнд тэнцэхүйц болгох болно.
Дахин Ази руу
Ахлагч Стивэнсон Далын гишүүнээр үйлчилж байхдаа Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр, дараа нь Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
2011 оны 3-р сард газар хөдлөлт болон цунами Японыг сүйрүүлэв. 9.0 магнитудын газар хөдлөлт 20 000 хүний амийг авч одон, мянга мянган хүнийг орон гэргүй болгож, 550 000 гэр оронг сүйтгэсэн далайн давалгааг үүсгэсэн юм.
Тэрээр гамшгийн бүсэд олон удаа айлчлан очсон билээ. “Бид хүмүүстэй уулзаж байхдаа олон янзын сэтгэл хөдлөлийг мэдэрч байсан” гэж тэр ярьдаг. “Бид гай зовлон, гарз хохирол, мөн итгэл найдвар, сэргээн босголтын аль алиныг нэгэн зэрэг харж байлаа. Аврагчийн маань хайрын эдгээгч гавар хэрхэн үйлчилж байгааг харах бүр бидний зүрх сэтгэл хөдөлж байсан.”
Үүнээс гадна тэрээр Сүм гачигдагсдад хэрхэн тусалдаг болохыг өөрийн нүдээр харсан. “Гамшиг тохиолдоход хариу барих боломжтой байж, тусламжийн ажлыг зохион байгуулахад туслах нь Есүс Христийн Сүм ядуус болон гачигдагсдыг халамжлах бурханлаг үүргүүдийнхээ нэгийг биелүүлж байгаагийн илрэл байсан юм.” Тэрээр гачигдагсдад үйлчилж, бусдыг үүний адил үйлчилж байгааг харах нь онцгой боломж гэдгийг: “Бид хүн төрөлхтний нинжин сэтгэлийн талаар олж мэдэж авсан юм” хэмээн тайлбарлажээ.
Бишопуудын өв
Түүнийг 2012 онд Тэргүүлэх бишопоор дуудагдах үед энэрлийн талаар зүрх сэтгэлдээ илүү гүн гүнзгий ойлгож авчээ. Тэрээр энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд хожмын үеийн гэгээнтнүүдэд болон бусдад халамж ба яаралтай тусламж үйлчилгээг мөн хүмүүнлэгийн тусламжийг “хамгийн хэцүү газар, хамгийн ядуу хэсэгт мөн дэлхийн хамгийн дарлагдсан газарт байгаа” Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд түгээх Сүмийн өргөн сүлжээг удирдан зохион байгуулдаг байсан.3
Бишопын үүрэг хариуцлага нь ахлагч Стивэнсоны хувьд маш чухал байр суурь эзэлдэг. “Намайг 12 настай байхад аав маань бишопоор дуудагдсан юм. Тойрогт маань олон бэлэвсэн эхнэр байдаг байсан бөгөөд аав тэдэнд үйлчлэхдээ үргэлж намайг хамт авч явдаг байлаа. Тэр надаар хогийн савнуудыг янзлуулан, гэрт ямар нэгэн зүйлийг цэвэрлүүлж эсвэл навч тармуурдан, цас хүрздэн цэвэрлэхэд найзуудыг маань дуудан туслуулдаг байв. Биднийг тэндээс явахад сэтгэлд маань үргэлж сайхан мэдрэмж төрдөг байж билээ. Бэлэвсэн эхнэрүүд дээр айлчилж очиж байсан маань хүмүүс дээр нэг бүрчлэн очих нь бишопын хийх ёстой зүйлсийн нэг гэдгийг надад ухааруулан ойлгоход тусалсан юм. Сүмийн бишопууд бол миний баатрууд билээ” гэж дурсав.
Бошиглогчийн амлалт
2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганы өмнөх долоо хоногийн мягмар гарагт, тухайн үед бишоп байсан Стивэнсон ах ерөнхийлөгч Монсон ба түүний зөвлөхүүд өөртэй нь уулзахыг хүсэж байна гэсэн дуудлагыг хүлээн авчээ.
“Ерөнхийлөгч Монсон надад Арванхоёрын чуулгад үйлчлэх дуудлагыг санал болгов. Тэр надаас энэ дуудлагыг хүлээн авах уу хэмээн асуухад … би зөвшөөрч байгаагаа батлан хэллээ. Үүний дараа ерөнхийлөгч Монсон гараас маань дотно гэгч бариад, олон жилийн өмнө төлөөлөгчөөр дуудагдаж байхдаа … мөн адил өөрийгөө тэнцэхгүй гэж бодож байснаа дурсан ярьсан юм. Тэр надад тайвнаар, ‘Бишоп Стивэнсон, Их Эзэн өөрийн дуудсан хүмүүсийг тэнцэхүйц болгодог юм’ гэсэн зааврыг өгсөн билээ. Бошиглогчийн энэ тайвшруулсан үгс [тэр мөчөөс эхлэн] амар амгалангийн эх сурвалж болсон билээ].”4
Ахлагч Гари И.Стивэнсон үнэхээр заль мэхгүй нэгэн билээ. Тэрээр Тэргүүлэх бишоп болон Далын гишүүн байхдаа ч мөн амьдралынхаа туршид хийж байсныхаа адилаар төлөөлөгчийн хувьд ядууст болон гачигдагсдад хүрч үйлчилсээр байх болно. Тэрээр ‘сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох’ [C ба Г 81:5] хэмээх судрын тушаалыг дагах болно. Энэ нь хэцүү дуудлага хэдий ч тэрээр бусдыг ойлгодог зүрх сэтгэлтэй учраас энэ дуудлагад маш сайн тохирно.