2016
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн нь
2016 оны 6-р сар


Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн нь

Бид Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа хүлээн авснаараа зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхээр тууштай хичээж чармайхдаа баяр баяслыг олдог билээ.

father holding infant daughter

Зураг чимэглэлийг Робэрт Хант; fabric detail © iStock/Thinkstock

Ээж маань өөрийнхөө амьдардаг, төв Зимбабвегийн тосгоноос бидэн дээр айлчлан ирэх үед анхны хүүхэд Рөүзмэри маань төрөөд удаагүй байв. Миний эхнэр Науми бид хоёр шинэхэн эцэг эх байсан учир ээжийг ирж байгаад маш их баярлаж байлаа. Бид хүүхдээ өсгөх талаарх бүх зүйлийг мэдэж авахыг хүсэж байв.

Ээж ирснийхээ дараа дугуй хэлбэртэй даавуун зүүлт гаргаж ирэв. Даавуун дотор домтой зүйл байгаа юм гэж ээж тайлбарлалаа. Ээж зүүлтийг Рөүзмэригийн хүзүүнд зүүлгэхээр зүүлт барьсан гараа Науми руу сунгав. Наумигийн эргэлзэж байгааг ойлгосон ээж маань: “намайг бага байхад миний ээж болон ээжийн минь ээж надад энэ домтой зүйлийг өгсөн. Энэ нь намайг бас танай нөхрийг, миний бүх хүүхдийг хамгаалсан юм. Энэ сахиус охиныг чинь өвчин зовлонгоос болон түүнд тохиолдож болзошгүй бүх төрлийн хараалаас хамгаална. Охин чинь амьдралд нь тохиолдох ямар ч саад бэрхшээлийг даван гарч чадна. Тэр таван нас хүртлээ үүнийг зүүх ёстой” гэж шуудхан хэллээ.

Би тэр үед салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан бөгөөд гэнэт надад “манай салбарын гишүүд охины хүзүүн дэх энэ ‘домтой’ зүүлтийг хараад юу гэж бодох бол” гэсэн бодол зурсхийн орж ирэв. Дараа нь “бид үүнийг харагдахгүйгээр далдалж болох юм” гэж бодогдлоо. Науми руу харахад, түүний төрх байдал бид энэ бэлгийг хүлээн авах хэрэггүй гэдгийг илэрхийлж байв. Би ээжээсээ энэ зүүлтийг ил харагдуулахгүйн тулд жижиг, нарийхан болгож чадах уу гэж асуулаа. Энэ нь боломжгүй бөгөөд домтой зүйл нь миний бэлтгэсэн ийм хэлбэрээрээ байгаа үедээ хамгийн сайн хамгаалдаг гэж тэр хариулав.

Науми над руу харж, дургүй байгаагаа дахин тодорхой илэрхийлэв. Би ээж рүү хараад, орон нутагтаа салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа учир энэ зүүлтийг хүүхдэдээ зүүлгэх нь эвгүй байна гэж тайлбарласан юм. Энэ зүүлтийг зүүхгүй бол хүүхэд чинь үхнэ гэж ээж бидэнд анхааруулан хэлэв.

Сандарч тэвдсэн мөч

Энэ үйл явдлаас хойш хэдэн долоо хоногийн дараа бидний бяцхан охин Рөүзмэри хүндээр өвдөв. Бидэнд түүнийг эмчид үзүүлэх мөнгө байсангүй. Шөнө болсон байлаа. Би тэр үед ээжийнхээ сэрэмжлүүлж хэлсэн зүйлсийн талаар бодож эхэлсэн юм. Би зүүлтийг авах ёстой байж дээ гэж бодож эхлэв. Би зүүлтийг аваад, Рөүзмэригийн хүзүүнд зүүчихдэг байж. Би сандарч тэвдэж байхдаа Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ бодитой болго хэмээх шаардсан намуун, зөөлөн дуу хоолойг сонслоо. Би тэр даруй ням гаргийн хамгийн сайн хувцсаа өмсөв. Би хүүхдээ гар дээрээ авч, санваарын адислал өгсөн юм. Би амар амгалан, тайвшралыг мэдэрлээ. Эхнэр маань ч мөн адил мэдрэх шиг надад санагдаж билээ. Бараг тэр даруй Науми, бяцхан Рөүзмэри хоёр маань тайвшран унтсан юм. Бидний охин Рөүзмэри эдгэрч зүгээр болов. Дараагийн хэдэн өдөр тэр аажмаар тэнхэрч, удалгүй бүрэн эдгэрсэн юм. Бид ийнхүү гайхамшигтай зүйлийн гэрч болсон билээ! Их Эзэн Өөрийн энэрэнгүй нигүүлслээр надад хүрч, Түүнд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлсэн юм.

father blessing infant daughter

Би талархаж байсан ч бас бага зэрэг санаа зовниж байв. Би салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан, эргэж ирсэн номлогч байсан ч Бурханд итгэхээсээ илүү хүмүүс юу ярих бол гэдэгт илүү анхаарал хандуулж байжээ (Мозая 4:9-ийг үзнэ үү). Тийм ээ, хамгийн их хайрлан, хүндэлдэг ээж минь хүртэл бүх зүйлийг ухаарч ойлгож чадаагүй байсан. Би зөвхөн эргэж ирсэн номлогчоос ч илүү, салбарын ерөнхийлөгчөөс ч илүү байх ёстой байсан бөгөөд Алмагийн мэдэрснийг мэдрэхийн тулд өөрчлөгдөх хэрэгтэй байв.

Хүчтэй өөрчлөгдөх мөч

Ёс бус хаан Ноагийн санваартан байсан Алма бошиглогч Абинадайг “Та нар ойлгохын тул зүрх сэтгэлээ зориулсангүй; тиймийн тул, та нар мэргэн байсангүй. Тиймийн тул, та нар энэ хүмүүст юу заах билээ?” (Мозая 12:27) хэмээх энэ нарийн асуултыг тавихад өөрийгөө илүү сайн дүгнэсэн байж болох юм. Яг Алмагийнх шиг “[миний] зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт” гарах (Алма 5:12) хэрэгтэй байв.

Алма хаан Ноагийн ордонд санваартан байсан учир эрх мэдэлтэй амьдралд дассан байв. Тэр хүмүүсийн төлсөн татвараар амьдардаг байсан. Тэрээр эрх мэдэл, нэр хүнд бүхий албан тушаалд дуртай байсан юм. Тэр “сэтгэл зүрхнийхээ бардамналд хөөрсөн” (Мозая 11:5) хүмүүсийн нэг байв. Гэхдээ Алма Аврагчийн дэлхийд ирэх тухай буюу Түүний сургаал, зовлон тарчлал, үхэл, Амилалтын талаар мөн Есүс Христ бол “дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл; тийм ээ, мөн түүнчлэн үхэл гэж цаашид байж үл болох, төгсгөлгүй амь амьдрал болой” (Мозая 16:9) гэдгийг мэдэж авах үедээ өөрчлөгдөхөд бэлэн байсан. Тэр шаардлагатай бол үхэхэд ч бэлэн байв.

Abinadi and King Noah

Абинадай гэрчилсэн нь, Волтэр Рэйн, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Алма өөрт нь эсэргүүцэл тулгарч, амь насанд нь аюул нүүрлэсэн ч Абинадайг амар тайван явуулахыг Хаан Ноагаас зоригтой гуйж байв. Алмагийн үйлдлүүд түүний зүрхнээс гарсан бөгөөд тэр Их Эзэний бошиглогч Абинадайн үгсээс Аврагчийн хайрыг мэдэрсэн юм.

Ээж надад хүүхдийнхээ хүзүүнд хамгаалалтын зүүлт зүүж өгөхийг санал болгох үед би бусдад хэрхэн харагдах бол гэдэгт ач холбогдол өгч байв. Би салбарын гишүүд миний талаар юу гэж бодох бол гэдэгт санаа зовж байлаа. Би “зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг” бүрэн мэдрээгүй байсан нь тодорхой байв. Би түүнээс хойш бидний амжилттай, аз жаргалтай байх нь бид сайн мэдээг зүрх сэтгэлдээ хэр бүрэн дүүрэн хүлээн авах хүсэлтэй байгаагаас шалтгаална гэдгийг ойлгосон юм. Бид жинхэнэ аз жаргал, баяр баясгалан, амар тайванг олохын тулд “Есүс Христийн цэвэр сайн мэдээ [бидний] зүрх сэтгэл рүү … Ариун Сүнсний хүчээр нэвтрэн орох ёстой”1

Гэрчлэх боломж

Ийм өөрчлөлтөөр бүх зүйлд, хаана ч байсан Аврагчийн үлгэр жишээг дагах нь бидэнд бусдад хүрэх боломжийг олгодог. Алма ийн олон хүнд хүрч, хаан Ноагаас зугтсан хүмүүсийнхээ дунд Христийн Сүмийг байгуулсан хүчирхэг номлогч болсон юм.

Ээж маань өөрийг нь болон хүүхдүүдийг нь үргэлж хамгаалдаг байсан гэж итгэдэг байсан тэр домтой зүйлээ бидэнд өгөх үед түүнд сайн мэдээг хуваалцах боломжоо хэрхэн алдсаныг минь та нар анзаарсан уу? Би Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж, “тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн, тийм ээ, тэр тэднийг гүн нойрноос сэрээсэн, мөн тэд Бурханы хувьд сэрсэн” (Алма 5:7) буюу яг л тэр Алма шиг Их Эзэний мутарт зэмсэг болж болох байсан.

Би ээж бид хоёрт тохиолдсон энэ үйл явдлын талаар тунгаахдаа хэрэв би Алматай илүү адил хариулсан бол юу болох байсан бол гэж боддог. Ээж маань Бурханд итгэх тухайд сэрж, түүний өөрчлөлт ах дүүст маань эергээр нөлөөлж болох байсан. Энэхүү өөрчлөлт ах дүүсийн маань хүүхдүүдийн амьдралд, дараа нь тэдний үр удамд агуу ихээр нөлөөлж болох байсан.

Алмагийн хүчит өөрчлөлт зөвхөн түүний зааж гэрчилдэг байсан хүмүүст төдийгүй бас түүний хүүхдүүдэд болон үр удамд нь нөлөөлсөн юм. Түүний хүү Алма Зарахемлагийн нутагт болон гадна байгаа хүмүүст номлож байхдаа, Аврагч Есүс Христийн тухай эцгийнхээ гэрчлэлийг тэдэнд сануулсан юм:

“Болгоогтун, би та нарт хэлж чадна—Абинадайн амаар яригдсан үгсэд миний эцэг Алма итгээгүй гэж үү? …

“Мөн өөрийнх нь итгэлийн дагуу түүний зүрх сэтгэлд хүчит өөрчлөлт бий болгогдсон бөлгөө” (Алма 5:11–12).

Алматай адил залуу хүний хувьд, Абинадайн урилгаар эхэлсэн Бурханы үгийг ойлгоход хэн нэгний зүрх сэтгэлд хэрэгжүүлэх энэ зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт түүний аз жаргалын болон бусдад хүрэх амжилтын гол түлхүүр байсан юм. “Мөн болгоогтун, тэрээр та нарын эцэг өвгөдөд үгийг номлож, мөн түүнчлэн тэдний зүрх сэтгэлд ч хүчит өөрчлөлт бий болгогдож, мөн тэд өөрсдийгөө даруусган мөн үнэн болоод амьд Бурханд найдлагаа тавьсан бөлгөө. Мөн болгоогтун, тэд эцсийг хүртэл итгэлтэй байсан; тиймийн тул тэд аврагдав” (Алма 5:13).

Байнгын өөрчлөлтийг бий болго

Өнөө үеийн олон залуу хүн Бурханы мэлмийд зөв болох зүйлийг сонгох эсвэл сайн мэдээний үнэний тухай тэдний мэдэж байгаатай адил зүйлсийг хуваалцдаггүй эцэг эх эсвэл асран хамгаалагчийнхаа хүссэнийг биелүүлэх гэсэн сонголтуудтай тулгардаг. Та ийм сонголттой тулгарсан үедээ өөрөөсөө “энэ шийдвэр миний ‘үйлүүд зөв шударгын үйлс байлаа’ (Алма 5:16) гэж мэдрэхэд надад тусалж байна уу, энэ нь намайг ‘гэтэлгэх хайрын дууг дуулмаар’ санагдахад хүргэсээр байна уу гэж асуугаарай” (Aлмa 5:26).

Бид бүгд эцэг эхээ хайрлаж, хүндлэх ёстой ч хийх сонголтууд маань үр хүүхдэд минь төдийгүй үе удамд маань шууд нөлөөлөх болно гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Бидний зарим нь хаан Ноагийн зарц нараас зугтаж, хүнд хэцүү нөхцөлд сайн мэдээг заасан Алматай адил, дассан орчноосоо гарах ч шаардлагатай болж болох юм. Тэр зөвхөн өөрийн гэр бүлд төдийгүй бусдад өөрчлөлтийг авчирсан билээ. Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхийн тулд бусдын тухай бодож мөн “Бурханыг мэдэхгүй тэдний бодгалиудын аз жаргалын төлөө мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэх” (Алма 6:6) нь чухал юм.

Хэрэв би бяцхан охин Рөүзмэридээ санваарын адислал өгсөн ч гэсэн түүний өвчин эдгээгүй бол яах байсан бол? Их Эзэний: “Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно” (Матай 10:39) гэсэн зөвлөгөө надад агуу хүч чадал өгдөг.

Бид Есүс Христийн Цагаатгалыг амьдралдаа хүлээн авснаар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэх тууштай хүчин чармайлтандаа баяр баяслыг олдог билээ. Би үүнийг мэдэж авсандаа талархдаг бөгөөд бидний Аврагч “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвч[ин явсныг]; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө” (Aлма 7:11) гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг. Их Эзэн рүү харж, Түүний зөвлөгөөг дагасан үед жинхэнэ аюулгүй байдал, хамгаалалт ирдэг гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Хэнри Б.Айринг, “We Must Raise Our Sights,” Ensign, 2004 оны 9-р сар, 16.