Бид юунд итгэдэг вэ?
Бид бошиглогчийг дуулгавартай дагахад итгэдэг
Есүс Христийн Өөрийн тохинууллын үеэр байгуулсан анхны Сүмийн нэгэн адил Сүм өнөөдөр “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн Чулуу нь ажээ” (Ефес 2:20). Бидэнд бошиглогч, үзмэрч, илчлэгчид болох арванхоёр төлөөлөгч, Сүмийн ерөнхийлөгч ба түүний зөвлөхүүд байдаг. Тэд Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг дэлхий даяар тунхаглахаар дуудагддаг.
Аврагч Өөрийн төлөөлөгчдийг сонгож, олон туршлагаар дамжуулан тэднийг Сүмийг удирдахад бэлтгэдэг. Сүмийн гишүүд бошиглогчийн тухай ярихдаа Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээн авдаг цорын ганц хүн болох Сүмийн ерөнхийлөгчийг дурддаг билээ.
Сүмийн ерөнхийлөгч Их Эзэний өмнөөс ярьдаг тул (С ба Г 1:38-ыг үзнэ үү) түүний зөвлөгөөнөөс зөвхөн дагахыг хүсэж байгаагаа сонгон авах нь ухаалаг хэрэг биш юм. Харин бид түүний зөвлөгөө, урилгуудад Есүс Христээс “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” (С ба Г 21:5) шууд хүлээн авч байгаа мэт хандах ёстой.
Бид бошиглогчийг болон бусад төлөөлөгчийг сонсож, дагахыг сонгосноороо Есүс Христтэй адил болох хичээл зүтгэлдээ адислагдаж, дэлхийн аюул занал ба хууран мэхлэлтээс хамгаалагддаг (Ефес 4:11–14-ийг үзнэ үү).
Жишээ нь, бид бошиглогч, төлөөлөгчдийн заадаг тогтсон жишгүүдийн дагуу амьдарснаараа хувьсан өөрчлөгддөг ёс суртахуун, үнэт зүйлс бүхий дэлхийд сүнслэг байдлын хувьд аюулгүй болдог. Бид бас өр тавихаас зайлсхийх, хадгаламжтай болох, хүнсээ нөөцлөх бошиглогчийн зөвлөгөөг дуулгавартай даган материаллаг байдлын хувьд аюулгүй болдог.
Сүмийн ерөнхийлөгч болон төлөөлөгчид Христийн тухай гэрчлэхээр дэлхийгээр аялан, гэгээнтнүүдэд зааж, дэлхий даяарх Сүмийн удирдлагад хяналт тавин, Их Эзэний ажилд амьдралаа зориулдаг учир Бурхан тэднийг болон тэдний гэр бүлүүдийг дэмжин, адисалдаг билээ. Бас бид тэдний төлөө залбиран, тэдний зөвлөгөөнд дуулгавартай байж, зааж буй үнэнүүдийг нь Ариун Сүнсээр өөрсдөдөө батлуулахыг эрэлхийлснээрээ тэднийг дэмждэг.
Бид бошиглогч, төлөөлөгчдийг дэмжсэнээрээ тэд бол Бурханы үйлчлэгчид гэсэн гэрчлэлтэй болдог. Хэдийгээр тэд төгс биш ч Тэнгэрлэг Эцэг тэдэнд биднийг төөрүүлэхийг зөвшөөрөхгүй (Дэд хууль 18:18–20-ийг үзнэ үү).