Шаргуу байдал ба шавь байх нь
2014 оны 11-р сард Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн “Шаргуу байдал” хэлсэн үгээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг үзье гэвэл, speeches.byu.edu хаягаар орж үзнэ үү.
Бурханд болон Түүний амлалтуудад итгэлтэй байж, хэн ч мэдэхгүй байсан ч бүх цаг үед зөвийг хий.
Нэгэн онлайн толь бичиг шаргуу байдал гэх энэ үгийг “цөхрөлтгүй, хичээнгүй ба зориг шийдэмгий байдал” хэмээн тодорхойлсон байдаг. Энд бас “Шаргуу байдал нь зүгээр л бууж өгөхгүй, зорьсондоо хүрэх хүртлээ хичээсээр байдаг, хэн нэгэн хүнд харагддаг зан чанар юм”1 хэмээн хэлжээ.
Аврагчийн жинхэнэ шавь болж мөн жинхэнэ сайн зорилгууд болох агуу номлогч байх, боловсрол эзэмших, мөнхийн ханиа олох, гэр бүлтэй болох гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн биднийг мөнх амьдралд бэлтгэхийн тулд биелүүлээсэй хэмээн хүсдэг эдгээр зорилгод хүрэхийн тулд бидэнд шаргуу байдал хэрэгтэй. Бидний бүх зүйлд шаргуу байх чадвар нь Бурханы биднээс болж чадна, болох ёстой гэж хүсдэг охид, хөвгүүд нь болох эсэхийг шийдэх юм.
Өнөө үеийн бүрэн цагийн номлогчдыг “Сүмийн түүхэнд үйлчилж байсан номлогчдоос хамгийн агуу үеийнхэн” хэмээн нэрлэж, Хиламаны 2000 залуу дайчинтай харьцуулж байна.2 Эдгээр залуу эрэгтэйн гайхалтай зан чанар, уйгагүй итгэл, хичээл зүтгэлээс үл хамааран “миний хоёр мянга жараас цус алдсанаас ухаан алдаж унасан нь хоёр зуу байлаа; гэсэн хэдий ч, Бурханы сайн сайхны дагуу, мөн бидний үлэмж гайхшрал мөн түүнчлэн бүх их цэргийн маань баяслыг төрүүлэн, тэднээс мөхсөн бодгаль нэгээхэн ч байсангүй; тийм ээ, бас тэдний дунд олон шарх аваагүй нэг ч бодгаль байсангүй” (Алма 57:25) хэмээн тэдний удирдагч Хиламан хэлсэн байдаг.
Хамгаалагдан үлдсэн нь “тэд итгэхээр сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлийнхээ улмаас буюу, үүнд—шударга Бурхан гэж буй, мөн эргэлзээгүй хэн боловч, тэд түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн байна гэдэгт бөлгөө” (Алма 57:26).
Хиламан тэдний тухай: “тэд залуу, мөн тэдний оюун нь өөрчлөгдөшгүй, мөн тэд Бурханд найдлагаа үргэлж тавьдаг бөлгөө” (Алма 57:27) хэмээн хэлжээ.
Бид ч бас ийм байх ёстой. Амьдралд бороо орж, үер бууж, шуурга шуурч, салхи үлээн, биднийг болон бидний орон байрыг цохих үед итгэл маань хүчтэй байх уу, бид Бурханд итгэсээр байх уу гэдгээ бид шийддэг. Саад бэрхшээл тохиолдох хүртэл юу ч сорилт биш байдаг.
Бүү бууж өг
Хэдэн жилийн өмнө миний эхнэр Мэри бид хоёр Японы Нагояа номлолыг тэргүүлж байв. 2000 залуу дайчныг дүрсэлдэг эрэлхэг, зоригтой, хүчтэй, идэвхтэй мөн үнэнч гэх нэр томьёонууд нь (Алма 53:20-ийг үзнэ үү) бидэнтэй хамт үйлчилж байсан номлогчдыг ч бас дүрсэлдэг юм. 2000 залуу дайчны зарим нь ухаан алдсан хэмээх өөр нэгэн тодорхойлолт нь (Алма 57:25-ыг үзнэ үү) бас манай зарим номлогчийг дүрслэн хэлдэг.
Номлол бол амар зүйл биш. Амьдрал ч гэсэн мөн адил. Бүгд л ямар нэг хэмжээгээр гэмтэж, бэртэж байдаг. Энэ гэмтлийн зарим хэсэг нь шийдвэрлэгдээгүй зөрчлөөс үүдэлтэй. Зарим нь гэнэтийн арга замаар эсвэл өвчний улмаас ирж болно. Зарим нь бидний хайртай хүмүүс Есүс Христийн сайн мэдээнээс татгалзахад эсвэл үнэн гэж мэддэг зүйлдээ итгэлгүй болох тэр үед ирдэг. Гэхдээ бид энэ бүх зүйлээр дамжуулан Бурханд ирж, Аврагчийн шавь болон өсөж хөгждөг билээ. Бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, биднийг нүгэл, эргэлзээнээс илүүтэй зөв шударгыг сонгосоор байгаа үед энэ өөрчлөлт байнгын болж хувирдаг.
Эдгээр 2000 залуу дайчин хүсэл мөрөөдөлдөө шаргуу байсан. Тэдний зам хэцүү бэрх болсон үед ч тэд зүгээр бууж өгөөгүй юм. Тэдний өмнөх үеийнхэн болох эцэг эх нь Аммоноор болон түүний ах дүүсээр сургагдсан байв. Эдгээр номлогч агуу амжилт гаргасан байсан ч номлол нь хэцүү болж, урам хугарсан үедээ ч мөн адил үргэлжлүүлж, бууж өгөхгүй байх ёстой байсан.
“Эдүгээ бидний зүрх шантарч, мөн бараг л буцах гэж байхад, болгоогтун, Их Эзэн биднийг тайтгаруулан, мөн хэлэв: Өөрсдийн ах дүүс, леменчүүдийн дунд явагтун, мөн зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно гэсэн бөлгөө” (Алма 26:27).
Тэвчээртэй, шаргуу байснаар Аммон болон түүний хамтрагчид зовлон зүдгүүрийг туулан ажиллаж, эцэст нь гайхамшигтай амжилтад хүрсэн.
Сайн мэдээний шаргуу байдал
1999 онд Марси Барр эгч АНУ-ын Огайогийн Колумбусаас Японы Нагояа номлолд ирсэн юм. Япон хэл түүний хувьд амархан байгаагүй ч тэр шаргуу байв. Тэр нэгэнт ярьж сурсан тул сайн мэдээний тухай хүмүүстэй ярихаа хэзээ ч зогсоогоогүй.
Амаа зоригтой нээн, хайрын үгс хэлж, Их Эзэний тогтоосон арга замаар бүхий л хүчээрээ ажилладаг итгэлтэй, цөхрөлтгүй, шаргуу номлогчдод агуу амлалтууд өгөгдсөн байдаг (С ба Г 31:7-г үзнэ үү). Гэхдээ зарим номлогч эсэргүүцлээс айдаг бөгөөд айдас нь хайрламаар зориг хатуужлыг нухчин дардаг.
Харин Барр эгч тийм биш! Тэр олоод, заадаг байсан төдийгүй номлолынхоо бүх хүнд зааж бас олдог байв.
Барр эгч номлолынхоо сүүлийн өдөр Нагояа дахь номлолын гэр рүүгээ замд явж байлаа. Би тэр орой түүнтэй ярилцлага хийж, түүнд сайн ажилласныг нь хэлэхээр төлөвлөсөн байсан ба тэр маргааш нь гэртээ буцах байв.
Тэр замд явж байхдаа метронд ахлах сургуулийн хэдэн охин хоорондоо ярилцаж байгааг харсан аж. Тэр тэдэн рүү дөхөж очоод, тэдэнтэй ярилцаж болох эсэхийг асуужээ. Тэр сайн мэдээний тухай болон үүний сэргээгдсэн тухай ярьж өгөв. Дараа нь тэр ярьсан зүйлсийг нь сонирхож байгаа юм шиг санагдсан тэдний дунд байсан нэг охинд номлогчийн товхимол өгч, сайн мэдээг зааж болох номлогч эгч нарын тухай хэлсэн байна.
Дараа нь Барр эгч номлолын гэртээ ирж, надтай ярилцлаганд орохдоо, метронд болсон үйл явдлын тухай надад хэлээгүй. Энэ нь түүний хувьд энгийн л зүйл байсан юм. Тэр зүгээр л зөв гэж мэддэг байсан зүйлээ хийж байв. Шаргуу байдал гэдэг нь миний мэдэхээр, сайн мэдээний хамгийн сайн тодорхойлолт байж болох юм. Юу ч болж бай Бурханд болон Түүний амлалтуудад итгэлтэй байж, хэн ч мэдэхгүй байсан ч бүх үед зөв зүйлийг хий.
Барр эгч Колумбус руу гэртээ харив. Тэнд тэр оюутны тойрогт явж байгаад, ирээдүйн нөхөртэйгөө танилцаж, тэд хамтдаа Есүс Христийн сургаалд гэр бүлээ босгожээ.
Метронд байсан охин—Китаяама Хитоми эмэгтэй номлогчдоос хичээл авсан байв. Хитоми гэр бүлийн гишүүдийнхээ эсэргүүцэл, өөрийн эргэлзээг даван туулж, сайн мэдээний үнэнийг хүлээн авахдаа цөхрөлтгүй, шаргуу байж чадсан аж.
Бид Хитомитой бараг 6 жилийн дараа Токиод номлолын чуулган дээр уулзсан ба тэр тэнд номлолд үйлчилж байв. Тэр метронд Барр эгчтэй танилцсанаа, дараа нь сайн мэдээнд хөрвөгдсөнөө бидэнд ярьсан юм.
Тэр номлолынхоо дараа эргэж ирсэн номлогч Ямашита Шимпэйтэй танилцаж, гэрлэжээ. Хамгийн сонирхолтой нь, Шимпэй 1971 оны зун ахлагч Рэнди Чэкэтт бид хоёрын Японд үйлчилж байхдаа зааж байсан хүний хүү юм.
Сайн мэдээг түгээхээр зөв зүйлийг хийхэд л бидэнд шаргуу байдал хэрэгтэй гэвэл энэ нь учир дутагдалтай юм. Бид өөр өөрсдийн гэм нүгэл, уруу таталтыг даван туулахад мөн боловсрол олж авч, ариун сүмд гэрлэн, мөнхийн гэр бүлтэй болохыг эрэлхийлэхэд бидэнд үүнтэй адил зөв шударга шаргуу байдал хэрэгтэй болдог. Хань, үр хүүхдүүдээсээ чанга зууран барьж, гэрлэлт, гэр бүл бүрд тохиолддог сорилт бэрхшээлүүдтэй ажиллах үед бидэнд шаргуу байдал, хайр, уян хатан чанар хэрэгтэй. Мөн бидний хүсэн хүлээсэн цаг хугацаанд авахыг хүсэж байгаа адислалууд маань ирэхгүй байгаа үед шаргуу байдал, амлалт, тэвчээр хэрэгтэй болох болно.
Энэ бүхэнд болон бусад зөв шударга зүйл дээр бидний зөвийг хийх, зөв байх амлалт дэлхийгээр соригдох болно. Харин бид бууж өгөх ёсгүй. Бид зорилгодоо хүрэх хүртлээ үргэлжлүүлэн хичээсээр байх ёстой. Эцсийн эцэст бидний зорилго бол хань ижил, үр хүүхдүүдтэйгээ болон үр удамтайгаа мөнхөд хамт амьдрах явдал юм.
Зохистой зорилгууд тавь
Бид зөвийг хийх амлалтаа хэрхэн хөгжүүлж, үүнийг цааш үргэлжлүүлэх хүч чадлыг хэрхэн олж авдаг вэ?
Эхлээд бид мөнх амьдралын эцсийн зорилгодоо хүрэх, үүнд нийцэх зорилгуудыг тавих ёстой. Энэ нь гэр бүл, хувийн өсөлт хөгжил, үйлчлэл, Сүм дэх үйл ажиллагаа, хувийн аз жаргал гэх мэт зүйлс рүү удирдах мөн эдгээртэй нийцэхүйц боловсролтой, ажилтай болох зорилгуудыг багтаадаг. Эдгээр зорилгыг тавихын нэг хэсэг нь бидний хувийн сонголт байх хэдий ч өөр нэг хэсэг нь залбирал, хувийн илчлэлтийг багтаах ёстой. Хэрэв бид Бурханы хүслийг эрэлхийлэх үедээ хангалттай анхаарал хандуулах юм бол Тэр хариулах болно.
Та өөртэйгөө хамт ариун сүм рүү явж, ариун нандин гэрээнүүдийг хийх зохистой хамтрагчийг олохын тулд гуйх нь таны залбирах хэрэгтэй зүйлсийн нэг юм. Хэрэв та эдгээр ариун нандин гэрээг хийж, сахиж, хамгийн зөв шударга зорилгууддаа хүрэхээр хичээж, чармайхыг хүсэж байвал гэрлэлтийн адислал, үүрэг хариуцлагуудыг залбирч, эрэлхийл.
Үүгээр болон амьдралынхаа өөр хэсгүүдээр дамжуулан Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байгааг олж мэд. Үүнийг судал. Шийдвэр гарга Тэдгээрийг Их Эзэнд даатгаж, олж мэд. Дараа нь зорилгодоо хүрэхийн төлөө урагшил.
Энэ бүхний эцэст, хэрэв бид зөв шударга зүйлсэд шаргуу байвал зөв шударга амьдралаар дамжуулан Их Эзэнд ойр байх ёстой. Амьдралдаа Сүнсний адислалуудад зохисгүй байхаас илүү биднийг зөв шударга зорилгодоо хүрэхэд саад болж чадах цөөн хэдэн зүйл байх болно.
Зөв шударга зорилго тавь. Үргэлж залбирч, Их Эзэний удирдамжийг эрэлхийл. Зохистой байж, таны өсөлт хөгжилд саад болох зүйлсээс зайлсхий. Ариун сүмийн эрхийн бичгээ авч, үүнийгээ ашигладаг бол. Амьдрал хэцүү болсон үед ч гэрээнүүдээ сахь. Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн адислалуудыг эрэлхийл. Тэгээд үүнээс зууран барь. Бүү бууж өг. Бүү зогс.
Зөв шударгын бүхий л зүйлсэд шаргуу бай. Таны итгэл хүчирхэгжиж, өсөхийн хэрээр хүч чадал, авьяас чадвар тань өсөн нэмэгдэхийг та харах болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын: “Зарим адислал нь хурдан, зарим нь удаж байж ирдэг. Зарим нь тэнгэрт очтол ирэхгүй; гэхдээ Есүс Христийн сайн мэдээнээс зууран барьдаг хүмүүсийн хувьд тэдгээр нь ирдэг”3 гэсэн амлалтыг санагтун.