2016
Сэтгэл дотроо уйлж байв
2016 оны 6-р сар


НОМЛОЛЫН ТАЛБАРААС

Сэтгэл дотроо уйлж байв

Зохиогч нь АНУ-ын Миссури мужид амьдардаг.

Тэр ярилцахад таатай хүн шиг харагдахгүй байв. Миний нэг хэсэг айж байсан ч, нөгөө хэсэг минь түүнтэй ярилцахыг үнэхээр их хүсэж байлаа.

man in hooded jacket

Гэрэл зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Надад Италийн Катаниад номлолд үйлчлэх боломж тохиосон юм. Нэг хэсэг бидний номлолын ажил сайнгүй байлаа. Тэр долоо хоногийн турш бүх зүйл сайнгүй байсан ба өдөр бүр бид өөдрөг байх, инээмсэглэх, шаргуу ажилласаар байх зэрэгт соригдож байв.

Нэг орой бид чиглэлээ өөрчлөөд үзэхээр шийдэв. Бид байрныхаа ойролцоох нэгэн цэцэрлэгт хүрээлэнд хүмүүстэй ярилцаж явахдаа доош тонгойн, амандаа тамхи зуусан нэгэн залуу сандал дээр сууж байхыг харлаа. Тэр толгойноосоо хөл хүртлээ хар өнгийн хувцас өмссөн байсан ба том зузаан хүрэмнийхээ юүдэнг өмссөн байлаа. Тэр ярилцахад тийм ч таатай хүн шиг харагдахгүй байв. Хамтрагч бид хоёр түүн рүү хараад, дараа нь бие бие рүүгээ харснаа дахин түүн рүү харав.

Ахлагч Фарли “Бид түүнтэй өмнө нь уулзаж байсан уу?” гэж надаас асуухад,

Би “Тэр нэг л танил санагдаад байна. Бид уулзсан байх гэж би бодож байна” гэж хариулав.

“Тийм ээ, надад ч гэсэн тэгж санагдаж байна” гэж ахлагч Фарли хэллээ.

Тэгээд бид түүн рүү дөхөж очив. Тэр бидний ердийн ярилцахыг хүсдэг байсан хүнтэй адил харагдахгүй байсан учраас миний нэг хэсэг айж байсан ч нөгөө хэсэг минь түүнтэй ярилцахыг үнэхээр их хүсэж байлаа.

“Оройн мэнд, та сайн уу?” гэж бид мэндлэв.

“Хэн надад саад болоод байна аа” гэсэн янзтай тэр ууртай харцаар өнгийн харав. Тэгээд тэр зөөлнөөр “Оройн мэнд” гэв. Биднийг өөрсдийгөө номлогчид хэмээн танилцуултал тэр өөрийгөө шашингүй үзэлтэн бөгөөд юунд ч итгэдэггүй гэж шулуухан хэллээ. Бид түүнийг гайхтал нь яагаад гэж асуув.

“Би нэг сарын дотор эцэг эх, эгч, зээ дүүгээ алдсан. Би үүнээс болж аймшигтай, ганцаардсан амьдралаар амьдарч байна. Шашин миний амьдралд юу ч бүтээгээгүй, харин ч бүх зүйлийг миний хувьд орвонгоор нь эргүүлсэн.”

Хайртай хүмүүсээ хаана байгааг мэдэх эсэхийг бид түүнээс асуув.

“Олон жилийн турш Катаниагийн оршуулгын газарт байгаа” гэж тэр хариуллаа.

Бид түүнд сүнсний дэлхий ба амилуулалтын тухай тайлбарласан юм. Бид одоо бүгдээрээ сүнстэй, бие махбодтой бөгөөд үхэл бол ердөө сүнс, бие махбод хоёрын түр зуурын салалт юм гэж бид түүнд хэлэв. Түүний гэр бүлийн гишүүд зүгээр л бие махбодтойгоо дахин нэгдэж, мөнхөд хамт амьдрах боломжтой болох хүртлээ түүнийг хүлээж байгаа юм гэж бид хэллээ.

Тэр бидэн рүү гайхан харж, “Би юу ч ойлгосонгүй. Та хоёр бүгдийг нь давтаад хэл дээ?” гэв.

Тэгээд бид бүгдийг давтан хэлэв. Тэгээд тэр гайхан, нүд нь орой дээрээ гарч, “Хүлээгээрэй, би сүнс бас бие болж байна уу? Тэгээд миний гэр бүл зүгээр л намайг хүлээгээд, суралцаж байгаа хэрэг үү?” гэж асуув.

Бид Алма 40-өөс хэдэн судар бас бусад бүлгийг түүнд уншиж өгсөн. Тэр бидэн рүү хараад, “Тэгвэл би үүнийг яагаад өмнө нь огт сонсож байгаагүй юм бол оо?” гэж асуув.

Би ийм их даруухан хүнтэй өмнө нь учирч байснаа санахгүй байна. Энэ хүн маш удаан хугацаанд, тийм их эргэлзээ, ганцаардал дунд явж байжээ. Тэр бидний хэлсэн бүх зүйлийг сонсож, энэ бүхнийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй учир маш бага зүйл ойлголоо гэж бидэнд хэлсэн ч түүнд бүх зүйл таалагдсан юм.

Бид залбирлаар дамжуулан хэрхэн хариулт авч чадах талаар түүнд заав. Тэр хамгийн сүүлд хүүхэд байхдаа сүмд залбирснаас хойш 30 гаруй жилийн турш огт залбираагүй ажээ. Биднийг Сүнснээс ирдэг хариултуудын тухай ярилцсаны дараа тэр биднээс Сүнс яаж мэдрэгддэгийг асуув. Энэ нь хүн бүрд өөр өөр мэдрэгддэг учраас бидэнд яаж мэдрэгддэгийг бид хоёр хоёулаа хуваалцсан юм. Миний хувьд ээжтэйгээ удаан хугацаанд уулзаагүй байсны дараа ээждээ тэврүүлж байгаа юм шиг л санагддаг гэж би түүнд хэлэв. Та үүнтэй адил зүйлийг мэдрэх болно, таны амьдралд удаан хугацаанд байхгүй байсан ээждээ тэврүүлэх мэт зүйлийг мэдрэх болно гэсэн амлалтыг та түүнд өгөх ёстой гэх мэдрэмж надад төрсөн.

“Тантай хамт залбирч болох уу?” гэж бид түүнээс асуув. Тэр сандарч, “Одоо юу? Энд, цэцэрлэгт хүрээлэнд үү?” гэж асуув.

“Бид хүссэн газраа хэзээ ч, хаана ч залбирч болно” гэж би түүнд хэллээ. “Бурхан бидний залбирлыг сонсохыг хүсдэг. Тэр ялангуяа таны залбирахыг урт удаан хугацаанд сонсоогүй учир танаас сонсохыг илүү их хүсэж байгаа.”

Тэр чээжилсэн залбирлаас өөр залбирал өмнө нь сонсож байгаагүй учраас яаж залбирдгийг харахыг үнэхээр хүсэж байв. Бид толгойгоо бөхийлгөн, хамтрагч маань бидний шинэ найз Алфиогийн төлөө залбирч, түүнд адислал, тусламж, тайвшрал өгөхийг гуйсан юм. Түүний гэр бүл сайн байгаа бөгөөд Бурхан үнэхээр байдаг хэмээх хариултыг Алфиог мэдрээсэй гэж тэр залбирав. Биднийг залбирч дуусахад Алфио гайхан харж байлаа.

Тэр “Би та хоёрт нэг зүйл хэлэх ёстой” гэв. “Би ялангуяа ийм зүйлийн талаар худал хэлдэг хүн биш. Би дөнгөж сая ээжийнхээ тэврэхийг мэдэрлээ. Би маш удаан хугацаанд хэнд ч тэврүүлээгүй. Үнэхээр сайхан мэдрэмж төрлөө. Би яавал үүнийг дахин мэдэрч болохыг мэдмээр байна. Учир нь би дахин тэврүүлмээр байна” гэв.

man looking up

Бид дараагийн өдөр нь дахин уулзав. Алфио нөгөө сандал дээрээ бидний хажууд суугаад, “Ахлагчид аа, би бүх амьдралынхаа турш газар ширтэн, цамцныхаа юүдэнг өмсөж, толгой гудайн явдаг байсан. Би хэзээ ч мөр цэх алхаж байгаагүй. Би тэр залбирлаас хойш мөр цэх алхаж, бүх зүйлийг хардаг болсон. Энэ дэлхий үзэсгэлэнтэй сайхан юм” гэж хэлж билээ.

Мэдээж хэрэг, бид Алфиод илүү их тэврэлт, илүү их гэрэл өгч, амьдралаа илүү өөдрөгөөр харахад нь туслахын тулд түүнтэй үргэлжлүүлэн ажилласан. Биднийг үзэн ядах юм шиг харагдсан, сандал дээр сууж байсан тэр аймаар хүн сэтгэл дотроо үнэхээр уйлж, Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг дахин мэдрэхийг гуйж байсан нэгэн байжээ.