2016
Ирээд, Намайг дага: Сургаалын үндсийг гэр орондоо заах нь
2016 оны 6-р сар


Ирээд, Намайг дага: Сургаалын үндсийг гэр орондоо заах нь

2-р хэсэг

Зохиогчид нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Эдгээр гишүүний үлгэр жишээг дагаснаараа та ч бас өсвөр үеийнхний сургалтын материалын зарчмуудыг гэр орондоо авчирч чадна.

family on a walk

Бошиглогчдын байнга заадагчлан, “Хувь хүний болон Сүмийн амжилт нь бид гэр бүлдээ сайн мэдээнд хэрхэн анхаарал хандуулж байгаагаас ихээхэн шалтгаална.”1

Сайн мэдээний дагуу амьдрах нь сайн мэдээнээс суралцах, заах хамгийн шилдэг арга зам юм. Бид эдгээр сургаалын зарчмуудын дагуу амьдарч, гэр бүлийнхнээ болон өөрсдийгөө Сүнсэнд илүү ойртуулдаг. Бид Сүнсний тусламжтайгаар эдгээр зарчмыг хамгийн сайнаараа сурч мөн зааж чадна. Бид гэр бүлийнхэнтэйгээ хамт өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохирсон хамгийн үр дүнтэй суралцах аргууд руу чиглүүлэгдэн, Аврагчид илүү ойртдог.

Долоодугаар сар: Ёслолууд ба гэрээнүүд

taking the sacrament

Дээд талын зураг чимэглэлийг Дэвид Стокэр

Бидний Тэнгэрлэг Эцэгтэй хийдэг санваарын ёслол, ариун гэрээнүүд болох амлалтууд нь бидний амьдралд хүчирхэг адислал авчирдаг. Ёслолуудынхаа зорилгыг төсөөлөн харах нэг арга зам нь тэдгээрийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуй болох мөнх амьдралд буцааж аваачих зам дээрх хамгийн чухал үйл явдал болгон авч үзэх явдал юм. Бид хийсэн гэрээнүүдээ сахиснаараа тэрхүү зам дээрээ үлддэг.

Тухайлбал, нэгэн залуу эмэгтэй гэрээний зам дээрээ хэрхэн үлдсэн тухайгаа: “Нэг удаа манай ангийн хүүхэд надаас тусламж хүссэн. Би нэг их зүйл бодолгүй, түүнд зүгээр л хэрэгтэй зүйлээр нь туслав. Харин үүний дараа, би ачаагаа үүрэхэд нь түүнд тусалснаар баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ сахиж байгааг Сүнс надад сануулсан юм (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Би Тэнгэрлэг Эцэг надад өдөр бүр гэрээний зам дээрээ алхахыг сонгох боломж өгдөгт талархдаг” хэмээн дүрслэн хэлсэн юм.

Та нар гэр бүлээрээ гишүүн бүрийнхээ хүлээн авах хэрэгтэй байгаа ёслолуудыг тодорхойлж, дараа нь хийсэн гэрээнүүдээ хэр сайн сахиж байгаагаа дүгнэж болох юм. Жишээ нь, долоо хоног тутам ариун ёслолын ёслолыг хүлээн авахаар бэлтгэж байгаа байдал тань гэрээнүүдээ хэрхэн сахиж байгаа талаар юу хэлдэг вэ? Ариун Сүнс танд хэрхэн өсөж хөгжихийг зааж чадна.

Наймдугаар сар: Гэрлэлт ба гэр бүл

temple wedding

Гэрлэлт ба гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн бидний аз жаргал ба авралд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг. Гэр бүл нь энэ амьдралд болоод үүрд мөнхөд орших үндсэн нэгж юм.

Хүүхдүүддээ гэрлэлт ба гэр бүлийн тухай заах нь хувийн туршлагаа хуваалцаж байгаатай адил амархан байж болно. Нэгэн насанд хүрсэн залуухан эмэгтэй ариун сүмд лацдан холбогдсондоо талархах болсон шалтгаанаа хуваалцсан юм.

“Би ариун сүмийн хоосон селестиел өрөөнд ганцаараа сууж байснаа санаж байна. Би тэр өдөр сүйт залууд минь хэрэгтэй байсан эрхийн бичгийн асуудлаас болоод ариун сүмд лацдан холбогдож чадах эсэхээ мэдэхгүй цухалдангуй байлаа.

“Их Эзэн тэр өдөр Өөрийнхөө ариун сүмд лацдан холбогдохыг бидэнд зөвшөөрөөсэй хэмээн би чин сэтгэлээсээ залбирч эхлэв. Намайг залбирч байх хооронд чи одоо селестиел өрөөнд ганцаараа байгаа ч ганцаараа биш байх болно, учир нь селестиел хаант улс бол тэнгэрийнх юм хэмээх бодол надад төрсөн. Чи мөнхийн болон тэнгэрлэг гэр бүлтэйгээ хамт байх болно. Энэ нь чиний лацдан холбогдож байгаа шалтгаан шүү дээ.

“Дөчин минутын дараа хэдэн хүн рүү утасдсаны дараа нөхөр бид хоёр лацдан холбогдох боломжтой болсон юм. Талархал, тайвшралаар зүрх сэтгэл минь дүүрэв. Бид хэзээ ч ганцаардахгүй тэр селестиел амьдралыг Бурхантай хамт бүтээж чадсан учраас энэ ёслол миний хувьд илүү утга учиртай болсон.”

Ямар туршлага танд гэрлэлт ба гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдгийн ач холбогдлын талаар заасан бэ? Ариун Сүнс зохих туршлагуудаа санаж, хуваалцахад танд тусалж чадна. Ариун Сүнс гэр бүлийн тань нөхцөл байдлаас үл хамааран амьдралдаа гэрлэлтийн болон гэр бүлийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэхийг танд зааж чадна.

Есдүгээр сар: Зарлигууд

mother teaching son

Зарлигууд бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээр бидний амьдралыг адислахын тулд өгөгдсөн хууль, шаардлагууд юм.

Тэдгээрийг судлах нэгэн хүчирхэг арга зам бол дараах тэрхүү насанд хүрсэн залуугийн адилаар дуулгавартай байх үед нь ирсэн адислалуудын тухай мэдэж авахын тулд судруудыг судлах явдал билээ.

“Би зарлигийн талаар судлахдаа үүний тухай мэдэж авч болох бүх судрыг унших дуртай бөгөөд намайг дуулгавартай байхад ирэх Тэнгэрлэг Эцэгийн амласан адислалуудыг жагсаадаг. Амлагдсан адислалуудын тухай илүү ихийг мэдэж авах нь Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг бөгөөд намайг адислахыг хүсдэг хэмээх гэрчлэлийг маань хүчирхэгжүүлсэн.”

Та зарлигуудын тухай суралцаж эсвэл заахын тулд Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р бүлгийн 4-р хэсгийг хүүхдүүдтэйгээ хамт уншиж, холбогдох судруудыг судлан, амлагдсан адислалуудын тухай өөрийн жагсаалтыг гаргаж болох юм. Та сайн мэдээний ямар ч зарчимтай холбоотой адислалуудын талаар мэдэж авахдаа энэ аргыг ашиглаж болно.

Аравдугаар сар: Христтэй илүү адил болох нь

woman with Christ

Ж.Kөрк Ричардсын Эмэгтэйг анагаасан нь зургийн хэсгээс

Христ тохинууллынхаа үеэр “Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай” (Матай 5:48) хэмээн бидэнд тушаасан. Бид Христийн олон зан чанарыг нэг нэгээр нь хөгжүүлэхээр зүгээр л ажиллаж байхдаа мөн Түүний тусламжтайгаар энэ хэсэгтээ өсөж хөгжихөөр чармайх явцдаа төгс болохыг хичээж байдаг. Нэгэн залуу эрэгтэй хичээнгүй байдал дээрээ ажиллаж эхэлсэн байна.

“Би Христийнхтэй адил зан чанаруудыг илүү их хөгжүүлэхийг хүссэн. Тиймээс би судруудаа болон Миний сайн мэдээг номло гарын авлагаа судалсан. Би Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлгээс Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхэд санал болгосон нэг загварыг олсон бөгөөд хичээнгүй байдалдаа үүнийг ашиглахаар шийдэв. Эхлээд би хичээнгүй байдлын тухай өөрийнхөө тодорхойлолтыг болон үүний тухай бодож байсан асуултуудаа бичсэн. Тэгээд би хичээнгүй байдлын талаарх санал болгосон судруудыг судалж, төрсөн сэтгэгдлээ болон уншиж байхдаа олсон хариултуудаа тэмдэглэж авсан юм. Үүний дараа би сургуулийн бие даалтын даалгавруудаа хийхдээ илүү хичээнгүй байх зорилго тавьж, орой бүр хичээнгүй байдлын төлөө залбирч байх үедээ илүү эрч хүчтэй, тууштай болсноо мэдэрсэн.

Та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж мөн хүүхдүүддээ хэрхэн хөгжүүлэхийг заах үед Сүмийн эх сурвалжууд таныг хаанаас эхлэхээ мэдэхэд тань туслах болно. Судрууд нь үргэлж Христийн үлгэр жишээнүүдээр хангаж өгдөг бөгөөд Миний сайн мэдээг номло гарын авлагатай адил эх сурвалжууд нь судалж мөн зорилго тавих дадал хэвшлийг бий болгоход бидэнд туслах загваруудыг санал болгодог. Эдгээрийг хамтад нь ашигласан үед судрууд болон бусад эх сурвалж нь Христтэй илүү адил болж болохын тулд мэдэж авсан зүйлсээ хэрэгжүүлэхэд бидэнд туслах болно.

Арваннэгдүгээр сар: Сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даах нь

mother and daughter in the kitchen

Бие даах чадвараа хөгжүүлнэ гэдэг нь өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ халамжлахдаа сонгох эрхээ ашиглан, асуудлууддаа шийдэл олохын тулд хамгийн сайнаараа хийнэ гэсэн утгатай. Бид илүү бие даах чадвартай болсноор өөрсдийн гэр орон, Сүм, нийгэмд үйлчлэх илүү их чадвартай болдог. Энэ гишүүний тайлбарлаж байгаагаар, эдгээр ойлголтыг заах хамгийн шилдэг аргуудын нэг нь үлгэр жишээгээр заах явдал юм.

“Миний санаж байгаагаар, ээж маань судар судлахын тулд өглөө бүр эрт босдог. Тэр хэцүү цаг үед өөрт нь тусалдаг сүнслэг хүч чадлыг хэрхэн хөгжүүлдэг байсныг би харсан. Тэр өөрийнх нь дэмжлэг болох Тэнгэрлэг Эцэгтэй харилцдаг харилцаандаа найддаг байв. Түүний сүнслэг хүч чадал ба гэр бүлээ харж халамжлах чадвар нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Би түүний төсвөө тооцоолохыг болон хүслүүдээ золиосолж байгааг мөн боловсролтой болохыг эрмэлзэж, гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахын тулд даруухан амьдардгийг нь болон хичээлийн дараа хүүхдүүдтэйгээ хамт байдаг байсныг ажигласан. Би түүнд байдаг шиг ийм хүч чадалтай болохыг хүсдэг бөгөөд үүнийг хэрхэн олж авахыг надад заасан түүний үлгэр жишээнд маш их талархдаг.”

Та арвич хямгач амьдарснаараа хүүхдүүддээ хэрхэн илүү сайн үлгэр жишээ үзүүлж чадах вэ? Хэрэв та бие даах чадварын тодорхой хүчин зүйлсийг мэдэхгүй бол хүүхдүүдээ өөртэйгөө хамт судлахад урьж болох бөгөөд тэр нь өөрөө агуу үлгэр жишээ болох юм.

Арванхоёрдугаар сар: Хожмын өдрүүдэд Бурханы хаант улсыг байгуулах нь

man teaching

“Чи хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?” (Естер 4:14). Энэ бол та Бурханы хаант улсыг барьж байгуулахад өөрийн оруулж чадах хувь нэмрийг олж мэдэх үедээ өөрөөсөө болон хүүхдүүдээсээ асууж болох нэг төрлийн асуулт юм.

Энэ гишүүн хаант улсыг барьж байгуулахад өөрт нь туслах Их Эзэнд итгэж сурчээ: “Намайг бага байхаас эцэг эх минь дуудлагууд Их Эзэнээр өгөгддөг учраас бид дуудлагуудаа үргэлж хүлээн авдаг хэмээн надад заасаар ирснийг би санадаг. Намайг коллежид суралцаж байхад Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн дуудлагыг санал болгов. Би сандарсан байсан ч гэлээ хэзээ ч үгүй гэж хэлэх тухай бодоогүй юм. Тиймээс би тэр жилээ анхаарч халамжлах 100 гаруй эгч, багахан туршлага, Их Эзэн туслах болно гэсэн итгэлтэйгээр эхэлсэн. Нэг жилийн дараа би дуудлагаасаа чөлөөлөгдөв. Яг ямар хичээл заахаа эсвэл юу хуваалцахаа мэддэг байсан тэрхүү илчлэлт авдаг байсан мөчүүдээ эсвэл намайг хоол хийх ч завгүй үед хэн нэгэн надад хоол хийж өгөх тэр мөчүүдийг эсвэл миний хүлээн авсан, урамшуулсан олон зурвасыг бодохоор Их Эзэн хаант улсыг барьж байгуулах хүчин зүтгэлийг минь өсгөн нэмэгдүүлснийг би лавтайяа мэдэж авсан билээ.

Та хүүхдүүдтэйгээ Бурханы хаант улсыг барьж байгуулах арга замуудын тухай бодож байхдаа тэдэнд үйлчлэх урам зориг төрүүлж, боломж олгох ёстойгоо санаарай. Та одоогийн дуудлагат ажлаараа дамжуулан бусдад үйлчилж болох арга замуудыг хэлэлцэх тухай бодож үзэж болох юм. Та ажлыг урагшлуулахад өөр ямар арга замаар тусалж болох вэ? Хаана үйлчилж байгаагаас тань үл хамааран таны хичээл зүтгэл үнэ цэнтэй билээ. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлснээр, “бие биенээ тулж зогсоод, зогссон газраасаа өргө.”2

Эшлэлүүд

  1. Спэнсэр В.Кимбалл, “Living the Gospel in the Home,” Ensign, 1978 оны 5-р сар, 101; мөн Л.Том Пэрри, “Discipleship,” Лиахона, 2001 оны 1-р сар, 72.

  2. Дийтр Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65.