Номлогч байхын хамгийн хэцүү хэсэг нь
Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.
Заримдаа номлолын ажлын хамгийн том сорилт бэрхшээл нь номлолын ажил өөрөө байдаггүй.
Нэг удаа нэгэн номлогч надад “Хүмүүс номлол хэцүү байна гэж хэлэх үед би даарах, амьдралын хэцүү нөхцөл байдалтай тулгарах эсвэл хэлний асуудлаас болж хэцүү байдаг байх гэж таамагладаг байсан” гэж хэлсэн юм. Гэхдээ миний хувьд надад хамгийн хэцүү санагддаг хэсэг нь урам хугарах, хамтрагчдаа бухимдах эсвэл танихгүй хүмүүстэй ярих нь таалагдахгүй байх буюу амжилт, уналт, эсэргүүцэл, өөрчлөлтийг туулах гэх мэт зүйл байх гэж боддог.
Та номлолдоо бэлдэхийн тулд номлолд бэлтгэх ангид сууж, Миний сайн мэдээг номло гарын авлагыг уншин, судруудыг судалж, хоол хийж, юм угааж сурах хэрэгтэй бөгөөд сурах ёстой. Харин таныг номлолд гарах үед танд хэрэг болох сэтгэл санааны болон нийгмийн мөн бусад чадварт одооноос эхлэн суралцаж хөгжүүлэх, дадлагажих хэрэгтэй байдаг. Эдгээр чадварын заримыг доор жагсаав. Та эдгээрээс сонгон, одооноос хэрэгжүүлж эхлэх нэг эсвэл хоёр чадварыг тэмдэглэнэ үү.
Дээрэлхүүлж байна гэж боддоггүй, даруухан байх чадвар
АНУ-ын Алабамагийн нэгэн эмэгтэй номлогч “намайг онцгойлон адислахад би дийлдэшгүй хүч чадалтай болно гэж бодсон” хэмээн надад хэлсэн юм. Тиймээс номлолдоо ирээд, өөрийгөө урьдын адил байгааг мэдэх нь миний хувьд цочирдмоор зүйл байлаа. Надад урьдын сул тал, айдас, чадваргүй байдал зэрэг нь байсаар л байв. Эдгээр зүйл алга болоогүй байв. Би Их Эзэний ажлыг хийж байхдаа чадваргүй байдалтайгаа хэрхэн тэмцэх талаар суралцах ёстой байсан.
Та номлолдоо ирэхдээ олон эсвэл цөөн амжилт гаргасан байснаас үл хамааран, хэрэв та даруу, суралцах хүсэлтэй, үргэлжлүүлэн хичээж бас ажиллах хүсэлтэй байх юм бол Их Эзэн тантай ажиллах болно. Гэхдээ таны номлолын чадварууд таныг дадлага хийн, асуулт тавьж, тусламж авч, хичээсээр байгаа үед л сайжрах боломжтой. Хэрэв та хүмүүс номлолын ажил хийн, хэл сурч, гэрчлэл хуваалцахдаа эсвэл хүмүүстэй харилцахдаа угаасаа ийм сайн байдаг (эсвэл угаасаа муу байдаг) гэдэгт итгэх юм бол танд улам хэцүү байх болно.
Нэг номлогч нэгэн удаа надад “энэ бол минийх биш, харин Их Эзэний ажил гэдгийг би мэдэж авсан” гэж хэлж билээ. Хэрэв би үүнийг хийх чадваргүй байгаагаа мэдэрвэл асуудлын учир нь миний чадваргүйд байгаа юм. Би зөвхөн Бурхан хийж чадах зүйлсийг хэзээ ч хийх чадвартай болохгүй шүү дээ. Надад сайжруулах зүйлс их байгаа ч би өөрөө энэ бүхнийг ойлгож ухаарч чадахгүй. Би Түүнд итгэж чадна.”
Шинэ, хэцүү зүйлсийг хийхийг оролд. Та дараа нь чадваргүй байдлын мэдрэмжийг дэндүү ноцтой зүйл болгон хүлээн авахгүй байж сурах болно. Жишээлбэл:
-
Шинэ ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаа эсвэл танихгүй анги гэх мэт таныг байж дассан орчноос тань гаргах зүйлсийг хийхээр оролдож үз. Асуу, тусламж ав, алдаанууддаа дүгнэлт хий мөн үргэлжлүүлэн хичээ. Та хэрэгжүүлэх эсвэл ажиллах ёстой зүйлс дээрээ ажилла, тэгвэл та хүч чармайлт гаргаснаар өсөж хөгжих болно гэдэгт итгэж сурна.
-
Хүмүүс авьяас чадвар, оюун ухаантай эсвэл нийгмийн чадваруудтай төрж болно эсвэл ийм чадвартай төрөхгүй ч байж болно гэж танд хэлдэг, таны оюун бодолд орж ирдэг дуу хоолойнд буцаагаад хариул. Дэлхийн агуу тамирчид, хөгжимчид, эрдэмтэд болон номлогчид амжилтад хүрэх замдаа олон удаа бүтэлгүйтэж, олон цагаар дадлага хийсэн байдаг.
Бодит эсэргүүцэлтэй нүүр тулах чадвар
Эсэргүүцэл ба урам хугалах зүйлс нь номлолын өдөр тутмын амьдралд тохиолддог зүйл юм. Эрсдэл хүлээж, эсэргүүцэлтэй тулгарах дадлага хий. Тэгвэл та эдгээр зүйлтэй тулгарах үедээ илүү сайн даван туулах болно.
-
Ажлын өргөдөл бөглөн, ажлын ярилцлаганд орж, хагас болон бүрэн цагийн ажил хий.
-
Багаар ажиллахаар оролдож үз.
-
Хүмүүсийг болзоонд эсвэл үйл ажиллагаануудад урь.
-
Юм санаснаар болохгүй байвал, даван гарч, илүү сайн мэдрэхэд тань тусалж чадах бодол, үйлдлүүдийг анзаар.
-
Бүтэлгүйтлээсээ суралцаж, дахин хичээгээд үз.
Урам зоригоо удирдах чадвар
Бид бүгд гунигтай байгаа үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулахыг мөн хэт их ядарсан үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулахыг сурах хэрэгтэй.
-
Хэрэв нөхцөл байдал уйтгартай эсвэл хөгжил дэвшилгүй байгаа бол юу болохгүй байгааг болон үүнийг хэрхэн засаж залруулан, урагшлуулахыг эсвэл үүнээс юу сурч авч болохыг бодож үз.
-
Хэт их ажлын ачааллаас сэргийлж, номлолдоо тайвшрахад тусалж болох зүйлсийг олж мэд (хэн нэгэнтэй ярилцах, амрах, юм бичих, дуулах, алхах гэх мэт). Нөхцөл байдлыг авч үзэж, асуудлаа задлан шинжлэн, бусдыг оролцуулж, жижиг алхмууд хийн, залбирч, өөрийнхөө талаар сөрөг зүйл бодохоос зайлсхий.
Өөрчлөлтийг зохицуулах чадвар
Хамтрагч, удирдагч, гишүүн болон сонирхогчид гайхалтай байх боловч цаг ямагт таны тэвчээрийг сорих болно.
Ах дүүс, найз нөхөдтэйгөө дараах зүйлс дээр дадлага хий:
-
Бусдаас хийж байгаа зүйлсээ яагаад хийдгийг нь асууж, тэднийг үнэлж сур.
-
Та хэн нэгнийг гомдоохыг хүсээгүй ч таны зан чанар хэн нэгнийг гомдоосон бол хариуцлага хүлээж, чин сэтгэлээсээ уучлал гуй.
-
Бусдын ааш авирыг эергээр тайлбарлахыг хичээ. Өс бүү сана.
-
Асуудлыг гарган тавьж, буруутгаж эсвэл цухалдахаас илүүтэй үүнийг шийдвэрлэхийн тулд тусламж хүс.
-
Зөрчилдөөн үүссэн үед аядуу зөөлөн дуу хоолойгоор бусдын мэдрэмжинд хүлээцтэй, хүндэтгэлтэй ханд.
-
Өөрөөсөө өөр хэн нэгэнд найз нь бай. Тэдний сонголтуудад эергээр ханд мөн сонирх.
Ярилцах чадвар
Таны дотогшоо (ичимхий) эсвэл гадагшаа (нээлттэй) байхаас үл хамааран та номлолдоо болон амьдралынхаа турш өөрт хэрэг болох сайн харилцан ярилцах чадваруудыг сурч чадна.
Хэрэв та илүү дотогшоо хандлагатай бол:
-
Та долоо хоногт 5 минут танихгүй хүнтэй (ялангуяа танихгүй насанд хүрсэн хүнтэй) ярилцах зорилго тавь.
-
Инээмсэглэж, хүмүүсийн тухай сониучирхан асууж, бусдыг яриулах сайн асуултууд тавьж сур.
-
Харилцан яриагаа эхлэх мөн эелдгээр төгсгөх арга замуудыг ол.
-
Бусад хүнийг ярьж эхлэхээр хичээх үед та нээлттэй байж, хариулахад бэлэн байхын тулд анзаарч бай.
Хэрэв та илүү гадагшаа хандлагатай бол:
-
Асуулт тавьж хүмүүсийг яриул.
-
Сайн сонсогч байх дадлага хий.
-
Таныг сонсож байгаа хүн уйдаж байгаа эсэхийг анзаар. Бусдад боломж олго.
Бие махбодоо эрүүл байлгах чадвар
Нөхөр маань номлолын ерөнхийлөгчийн хувьд, сэтгэл гутралд орж, шаналж буй нэгэн номлогчтой ярилцлага хийж байв. Нөхөрт маань “Ахлагч аа, та өглөөний ундандаа юу иддэг вэ?” гэж асуух хэрэгтэй гэсэн мэдрэмж төржээ.
“Зайрмаг.”
“Та үдийн хоолондоо юу иддэг вэ?”
“Франц шарсан төмс.”
“Тэгвэл та оройн хоолондоо юу иддэг вэ?”
“Франц шарсан төмс, зайрмаг.”
“Та зөвхөн франц шарсан төмс болон зайрмаг идээд хэр удаж байна вэ?”
“Нэг сар орчим.”
“За тэгвэл чамд даалгавар өгье. Гэртээ хариад, ямар нэгэн ногоон өнгөтэй юм ид. Гэхдээ ногоон өнгөтэй зайрмаг биш шүү.”
Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн нь биднийг амьдралыг хэрхэн мэдрэхэд үнэхээр их нөлөөлдөг. Одооноос эхэл:
-
Сайн хоол тэжээлийн тухай олж мэд. Эрүүл хоолло. Хэрэв та хоол голдог бол цөөн хэдэн шинэ зүйлийг туршаад үз.
-
Дасгал хий. Байнгын дасгал хөдөлгөөн нь уур уцаар, сэтгэл гутралаа илүү сайн зохицуулахад хүн бүрд тусалдаг. Оройн цагаар явган алхах (найзтайгаа юм уу хөгжим сонсон алхах), телевизийн зар сурталчилгааны үеэр алхалт хийх эсвэл хэд хэдэн удаа дээш, доош суух гэх мэт зүйлсийг багаар эхэлж, аажим хэвшүүл.
-
Өөрийн эд зүйл, хувцас хунар, мөнгө, цаг хугацаанд анхаарал тавьж сур.
-
Нойроо зохицуул. Хэрэв танд унтахад эсвэл сэрэхэд хэцүү байдаг бол хүмүүсээс санаа ав. Номлогчийн унтах, сэрэх цагийн хуваарийг дагаж сур.
Эерэг хандлагатай байх ур чадвар
-
Алиа хошин занг хөгжүүл. Бусдыг биш, харин өөрийгөө шоол. Бүх зүйлийг ноцтой хүлээн авч, өөрийгөө сэтгэлийн дарамтад бүү оруул.
-
Эргэж ирсэн номлогчдоос хэцүү байсан зүйлсээ болон үүнийг хэрхэн даван туулж байснаа хуваалцахыг хүс. Хэрэгжүүлж болох санаануудыг ол.
-
Чамайг өргөж, итгэлээр дүүргэх судар, дууллуудыг жагсаа.
-
Толгойдоо эргэлдэж байгаа сөрөг дуу хоолойнд ямар нэг эерэг зүйлээр хариулан ярьж бай. Хэрэв тэр дуу хоолой ёжилсон, басамжилсан, ичгүүртэй, ууртай, хэрцгий догшин эсвэл танд найдваргүй, сул дорой сэтгэгдэл төрүүлж байгаа бол энэ нь Их Эзэнээс биш. Түүний дуу хоолой нь ялангуяа таныг хичээж байгаа үед итгэл найдвараар дүүрэн, урамшуулан зоригжуулсан, нигүүлсэнгүй байдаг.
Сүнслэг байдлаа эрүүл байлгах ур чадвар
-
Чин сэтгэлээсээ залбир. Тэнгэрлэг Эцэгийг өөрийнхөө хажууд суухыг уриад, Түүнтэй өөрийнхөө асуудал, хүслийн тухай болон талархалтай байдаг зүйлсийнхээ тухай нээлттэй ярилц. Чанга залбирахыг хичээ. Өөртөө төрсөн сэтгэгдлийг бичих цаас, харандааг хажуудаа тавин, залбирахыг хичээ. Эсвэл зөвхөн талархал илэрхийлэхийн тулд залбирч болно.
-
Судруудаас суралц. Санаа зовоож буй зүйлсдээ хариулт эрэлхийлж, хариултаа хүлээ.
-
Одооноос эхлээд номлогч бол. Бүрэн цагийн номлогчидтой гадуур явж, үйлчилж, найзуудтайгаа өдөр бүр уулзахдаа ярилцлагыг сайн мэдээний сэдэв рүү хандуулан, сүм дээр чин сэтгэлээсээ гэрчлэлээ хуваалц. Та номлогчийн ажлыг хийснээр үүнд сэтгэл тань илүү их хөдлөх болно.