2016
Бүгд бошиглогчоос суралцаж чадна
2016 оны 6-р сар


Бүгд бошиглогчоос суралцаж чадна

Ахмад Хэнри Сэрион, АНУ-ын Хавай муж

learning from President George Albert Smith

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би 17 настай байхдаа АНУ-ын Хавайн Кайлуа-Конагийн дэн буудалд ажилладаг байв. Үйлчлэгчээр ажиллаж байхдаа би зочид буудалд буудалласан олон алдартай хүмүүсийг, тэр дундаа Жон Уэйн, Дороти Ламор, Эстер Уильямс нарыг харж байсан.

Би нэг орой зочдын ихэнхийг хүлээн авсны дараа зочид буудлынхаа урд түр амарч байв. Хар лимузин замын хажууд зогсож, хар өмд, цагаан цамц, зангиатай 7 эрэгтэй машинаас буув. Хар костюмтай өөр нэг эрэгтэй тэдэнтэй хамт явж байлаа. Жолоочийг машинаа зогсоолд байрлуулсны дараа тэд бүгд оройн хоол идэхээр хоолны өрөөнд орцгоов. Би өрөөний үйлчилгээний дуудлагууддаа үргэлжлүүлэн хариулахаар дотогшоо буцаж орохдоо тэднийг Холбооны мөрдөх товчооныхонтой адил харагдаж байна гэж бодсон юм.

Бараг нэг цаг орчмын дараа миний түрүүчийн харсан нөгөө хүмүүсийг замын хажууд тавьсан лимузин рүүгээ очихоор гарч явах үед би зочид буудлынхаа гадна талд тамхи татаад зогсож байв. Тэд явган хүний замаар алхаж, машин руугаа очоод, хар костюмтай хүнийг суулгахаар арын хаалгыг нээв. Хар костюмтай хүн машиндаа суухын оронд зогтусан, барилгын хана налан зогсож байсан над руу эргэж харан, хүрч ирлээ.

Тэр өндөр, туранхай, төмөр утсан хүрээтэй шил зүүсэн, жижиг цагаан ямаан сахалтай хүн байв. Тэр надтай гар барихаар нэг гараа сунгаж, нөгөө гараа миний мөрөн дээр тавилаа. Ийм хүндтэй хүн өөрийнхөө огт танихгүй залуу дээр ирж, надтай ярилцсанд би гайхаж орхив.

Тэр миний тамхи руу заан, “Ийм зүйлүүд чамд муу шүү” гэж хэлснээс бусад бүх үгийг би санадаггүй юм. Түүний сайхан сэтгэл, биеэ авч яваа байдал надад гүн сэтгэгдэл үлдээж билээ.

Жилийн дараа би номлогчдоос хичээл авч, баптисм хүртэв.

Би Сүмийн удирдагчдын зургийг харж байхдаа Сүмийн ерөнхийлөгч Жорж Албэрт Смитийн (1870–1951) зургийг анзаарч, миний дэн буудлын өмнө уулзаж байсан сайхан сэтгэлтэй, хүндтэй хүн мөн болохыг шууд таньсан юм. Би Сүмийн ерөнхийлөгч над шиг хэн нэгэнд, Сүмийн гишүүн биш, ямар нэгэн онцгой ач холбогдолгүй нэгэн хүүд ийм зүйл хийсэнд илүү их сэтгэл хөдөлсөн.

Үл анзаарагдам ажилд ажиллаж байсан, сайн мэдээний тухай ямар ч ойлголтгүй эсвэл Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэсэн тэр хайрыг огт мэддэггүй байсан залуу хүүг ингэж хайрлан, санаа тавьсан тэр хүн ямар агуу гээч.

65 жилийн дараа би анхаарал халамж, хайрын тухай ойлгодог болж, ерөнхийлөгч Смитийн намайг харсан шиг эргэн тойрондоо байгаа хүмүүсийг харахаар хичээж байна.