2016
Хүндэтгэлийн өдрийн аваргууд
2016 оны 6-р сар


Хүндэтгэлийн өдрийн аваргууд

Зохиогч нь АНУ-ын Вашингтон мужид амьдардаг.

Бидний Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих сонголт ийм олон хүнд нөлөөлнө гэж би хэзээ ч бодож байгаагүй юм.

rugby team

Гэрэл зургийг эмэгтэйчүүдийн рагбигийн баг (БЯИС) болон Пол Майэрс

Манай рагбигийн дасгалжуулагчийг улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шигшээ тоглолт ням гарагт товлогдсоныг манай багийнханд хэлэх үед би “Яагаад заавал энэ өдөр юм бэ?” гэж бодож байлаа.

2010 оны Бригам Янгийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн рагбигийн манай багийнхан бүх улирлын турш аварга шалгаруулах тэмцээнд бэлдээд байв. Бид жилийн өмнө болсон тэмцээнд биднийг хожсон тэр багтай тоглохыг тэсэн ядан хүлээж байв. Манай улсын шилдэг тоглогчдын зарим нь манай багт байсан учраас бид ялна гэдэгтээ итгэлтэй байлаа. Бид улсын аваргыг ялан, рагбигийн ертөнцөд өөрсдийгөө батлан харуулахыг хүсэж байсан ч Тэнгэрлэг Эцэгт бидэнд зориулсан өөр төлөвлөгөө байгаа болж таарсан юм.

Жишгүүдээ баримтлах нь

Тэмцээний зохион байгуулагчид бидний тоглолтыг баасан, бямба гаргуудад товлоно гэж хэлсэн байсан ч нэг алдаа гарснаас болж тоглолт бямба, ням гаргуудад тоглогдохоор болсон байв. Бид АНУ-ын Флоридагийн Санфордад болох гэж байсан энэ тэмцээнийг зохиогдохоос таван өдрийн өмнө энэ алдааны тухай олж мэдсэн юм. Эмэгтэйчүүдийн рагби тэр үед БЯИС-ийн албан ёсны баг биш байсан болохоор тоглох эсэх шийдвэр нь биднээс шалтгаалах байлаа. Бид тоглохгүй байхыг сонгов. Энэ шийдвэрийг санал нэгтэй гаргасан бөгөөд хэн ч гомдоллоогүй.

Ням гарагт тоглох нь сонгож болох зүйл байгаагүй юм. Миний хувьд би хэзээ ч тоглохгүй байх байсан. Эцэг эх маань надад Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалахыг заасан бөгөөд би бүхий л амьдралынхаа турш энэ зарлигийг биелүүлсэн. Тэнгэрлэг Эцэгийнхээ зарлигуудад дуулгавартай байх нь рагби тоглохоос илүү чухал байв.

Зөв зүйл хийж байснаа мэдэж байсан ч энэ нь амархан байсангүй. Хожсон ч бай, хожигдсон ч бай бямба гараг бидний сүүлийн тоглолт байх болно гэдгийг бид мэдээд, Флорида руу нисэхдээ тун урамгүй болсон байв.

Биднийг Флоридад ирсний дараа бидний тухай нийтлэл гаргахыг хүсэж байгаа New York Times-ын сэтгүүлч бидэн рүү утасдав. Бид гайхаж орхив. Бидний Хүндэтгэлийн өдрийг сахих сонголтыг үндэсний сонин байтугай хэн нэгэн нь анхаарна чинээ бид огт бодоогүй байв.

Бид баасан гарагт, хэрэв хуваарийн алдаа гараагүй байсан бол тоглож байх байсан тэр цагтаа нас барагсдын төлөө баптисм хүртэхээр Флоридагийн Орландо ариун сүм рүү явсан юм. Биднийг ёслолуудаа гүйцэтгэсний дараа ариун сүмийн ерөнхийлөгч бидэнтэй ярилцав. Тэр бидний тухай бичсэн нэг өгүүллийг гаргаж ирэн, бидний шийдвэрийг дэмжиж онлайнаар сэтгэгдлээ үлдээсэн уншигчдын зарим сэтгэгдлийг уншиж өглөө.

Дараа нь манай дасгалжуулагч бидэнд ирсэн илүү олон сэтгэгдлийг уншиж өгсөн. Хожмын үеийн гэгээнтнүүд болон бусад олон хүн бидний үзүүлсэн үлгэр жишээний төлөө талархлаа илэрхийлж байсан ба жишгүүдээ баримталдаг хүмүүсийг харах гайхалтай байсан хэмээн хэлж байв. Тэдний үгс бидний сүнсийг урмаар тэтгэсэн. Энэ үед бид үндэсний аварга болоогүй байсан ч ямар нөлөө үзүүлж чадах байснаа ойлгож эхэлсэн юм.

Тэнгэрлэг Эцэг биднийг мэддэг гэдгийг би мэдэж байсан ч өөр хэн нэгэн бас ажиглаж байгаа гэж огт бодоогүй байж. Бидний энэ шийдвэрт өгсөн хариулт нь биднийг Флоридад байх үед өөр шинэ зорилготой болгосон. Бид тэнд хожихын тулд биш, харин жишгүүдээ баримтлахын тулд очсон юм.

Илүү сайн зам

Бямба гараг болж, бид тоглолтон дээрээ 46:7-оор ялсан. Дараа нь бид зохион байгуулагчид дээр очиж, ням гарагт тоглолтод оролцож чадахгүй болсноо хэлсэн юм. Бид тэр тоглолтод жилийн өмнө биднийг хожсон тэр багтай тоглохоор таарсан байв. Энэ улирлын тоглолт ингээд дуусаж байгаад бид сэтгэл дундуур байлаа. Бид энэ багтай тоглосон ч болоосой гэж бодож байсан ч би тэдэнтэй эсвэл хэнтэй ч Хүндэтгэлийн өдөр тоглохыг хүсээгүй.

Бидний тухай олон нийтлэл бичигдэж, бид урмын үгтэй захидал, э-мэйл авсаар л байв. Бид жишгүүдээ баримталснаараа аварга шалгаруулах тэмцээнд ялсан тохиолдолд хүрч чадах байснаасаа ч илүү олон хүнд хүрсэн юм.

Би Тэнгэрлэг Эцэг миний мэдэхээс илүү сайн зам руу биднийг удирдах болно гэдэгт итгэж сурсан билээ. Манай багийнхан аваргууд болж өөрсдийгөө батлан харуулахыг хүссэн ч Тэнгэрлэг Эцэг биднээр огт өөр зүйл хийлгэхийг хүссэн гэдгийг би ойлгосон. Тэр биднийг хэн ч анзаараагүй гэж бодсон үед үлгэр жишээ болох тэрхүү боломж руу хөтөлсөн бөгөөд бид дуулгавартай байхыг сонгосон учраас биднийг сайн зүйлсэд ашиглах боломжтой болсон юм.