Энэ нь үнэхээр үнэ цэнтэй гэж үү?
Брандон Комсток, АНУ-ын Юта муж
Манай дөрвөн настай хүү Көүлтон Хүүхдийн хэсгийн багшийнхаа өгсөн, удахгүй болох Хүүхдийн хэсгийн хөтөлбөр дээрх өөрийнх нь дүрийг бичсэн жижигхэн цаасыг бахархалтай гэгч нь үзүүлэв. Бид хоёр долоо хоногийн дараа энэ хөтөлбөрийг тоглогдохоос өмнө долоон үгтэй нэг мөр үгсийг түүнд заах үүрэгтэй байлаа.
Бид даваа гаргийн орой гэр бүлийн үдшээ бүхэлд нь давтлаганд зориулав. Көүлтон маасайтал инээн, олон удаа давтсан бөгөөд эхнэр бид хоёр “Битгий марзганаад бай,” “Тод ярь” гэх мэтээр зөвлөсөөр байв.
Бид бүх чадлаараа хичээсэн ч эхэлснээсээ дээрдсэн гэдэгт эргэлзэж байлаа.
Дараагийн ням гаргийн өглөө сүмд явахаар бэлтгэх үед алга болсон хоёр оймсоо хайх, шүд нь цухуйж байгаа найман сартай хүүхдээ бөөцийлөх, уйлсан дөрвөн настай хүүхдээ аргадах гээд ажил мундахгүй байв.
Цуглаан эхэлсэн байсан ба намайг уйлж байгаа хүүхэдтэйгээ танхим руу хоёр дахь удаагаа ороход нээлтийн дуу бараг дуусаж байлаа. Хоорынхныг дуулахаар зогсоход би гэр бүлийнхний маань хэн нь ч анхаарал тавьж байгаа гэдэгт итгэж найдахааргүй болсон ба зүгээр л цуглаан бушуухан дуусаасай гэж бодож байв.
Эцэст нь амен гэж хэлсний дараа би уужирч, уртаар амьсгаа авав. Би энэ амжилтаа тэмдэглэхдээ “Энэ нь үнэхээр үнэ цэнтэй гэж үү?” гэж бодохгүй байж чадахгүй байлаа. Бид үнэхээр долоо хоног бүр хүүхдүүдээ сүмд авчирснаар ямар нэгэн дэвшил гаргаж байгаа гэж үү?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн үгс миний санаанд орж ирсэн юм. Тэрээр: “Бэднар эгч бид хоёр шударга зан төлөвийг заахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг байсан ч заримдаа бидний хүсэн хүлээсэн сүнслэг байдалд хүрч чаддаггүйгээс шантрах үе байдаг байсан. …
Бэднар эгч бид хоёр хөвгүүддээ аль нэг хичээлийн эсвэл тодорхой нэг судрын агуулгыг ойлгуулах нь эцсийн үр дүн гэж боддог байв. Гэхдээ тийм үр дүн биднийг судраас судлах юм уу залбирах эсвэл суралцах болгонд гараад байдаггүй. Бидний ажил үйлс, зорилго тэмүүлэл байнгын шинжтэй байсан нь хэдийгээр тухайн үед бид бүрэн дүүрэн анзаарч байгаагүй ч хамгийн агуу сургамж болж байсан биз ээ (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).
Би шинэ итгэл найдвар тээн гэртээ эргэн ирээд, хүүтэйгээ дахин дахин давтав. Түүний үгээ хэлэх мөч ирэхэд бид түүнийг “Есүс Христ бол Бурханы Хүү” хэмээн тод бөгөөд итгэлтэй хэлэхийг сонссондоо догдлон баярлаж билээ.
Бид өмнө нь түүнийг энэ мөрийг олон удаа хэлэхийг сонссон байсан ч гэрээсээ өөр газарт энэ үгсийг сонсох өөр төдийгүй бүр гайхалтай байсан юм.
Бяцхан хүү маань өсөж торнин, эр хүн болох хүртэл бидэнд заах зүйлс маш олон байгаа. Гэхдээ тэр хэзээ нэгэн өдөр гэрээсээ өөр газарт байхдаа “Есүс Христ бол Бурханы Хүү” хэмээх энэ мөрийг өөрөө дахин санаж болохын тулд бид цуглаанууддаа оролцож, гэр бүлийн үдшээ хийн, өдөр бүр залбирахдаа чадлынхаа хэрээр хичээсээр байх болно.