2016
Сохруудын нүд нь харах болно
June 2016


Сохруудын нүд нь харах болно

Бид Мормоны Ном ирснийг сүнслэг хараа гайхамшигт байдлаар сэргээгдсэн хэмээн үзэж болох юм.

Зураг
Isaiah writing

Дээд талд: Харри Андэрсоны Бошиглогч Исаиа Христийн төрөлтийг зөгнөн хэлсэн нь зургийн хэсэг

Их Эзэнийг хожмын өдрүүдэд “ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг” үргэлжлүүлэн хийх болно гэдгийг Исаиа бошиглосон бөгөөд Мормоны Ном ирэхийг “бүрэнхий, харанхуйгаас сохруудын нүд нь харах болно” (Исаиа 29:14, 18) хэмээн зөгнөн хэлсэн.

“Аймшигтай нүдэн балай байдал”

Алдар суут Анхны үзэгдэл болохоос өмнөхөн АНУ-ын Нью-Йоркийн Манчестер дахь шашны хэнээрхэл туйлын ээдрээтэй байдалд хүрээд байв. Иосеф Смитийн хэлснээр, “гэвч шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь … миний мэт залуу хүний хувьд, хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв” (Иосеф—Смит Түүх 1:8).

Мормоны Ном нь Сэргээлтийн өмнөх энэхүү ээдрээтэй байдлыг “тэр жигшүүрт сүмээр далдлагдсан тэр Хурганы сайн мэдээний тодорхой болоод эрхэм үнэт хэсгүүдийн учир … аймшигтай нүдэн балай байдалд байв” (1 Нифай 13:32; тодотгол нэмэгдсэн) хэмээн тайлбарласан байдаг.

Олон зууны турш “Тэд Их Эзэний зөв замуудыг гажуудуулж болохын тулд, тэд хүмүүний үрсийн мэлмийг сохолж бас зүрх сэтгэлийг хатууруулахын тулд” зарим үед санаандгүй учир дутагдалтай орчуулгын, зарим үед санаатай гажуудуулсан засвар оруулсны улмаас олон тодорхой болон эрхэм хэсэг алдагдахын хэрээр Библийн олгож байсан тод сүнслэг хараа бүдгэрсэн билээ (1 Нифай 13:27; тодотгол нэмэгдсэн).

“Би урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” (Иохан 9:25)

Зураг
Christ healing a blind man

Аврагчийн үйлдсэн гайхамшгуудын хамгийн нийтлэг нь сохор хүний нүдний харааг сэргээх явдал байв.1 Гэхдээ Аврагчийн үүнээс илүү чухал тохинуулал болоод гайхамшиг нь сүнслэг харалган байдлыг эдгээх явдал байсан юм. Есүс “Би энэ ертөнцөд ирсэн нь хардаггүйг хардаг болгохын тулд юм” (Иохан 9:39) хэмээн айлдсан байдаг.

Бид хожмын өдрүүд дэх сүнслэг харалган байдлын талаарх Исаиагийн зүйрлэл ба Нифайн үзэгдлийг авч үзвэл, Мормоны Ном ирэхийг сүнслэг харааг сэргээх гайхамшигт үйл явдал хэмээн үзэж болно.

“Харийнхны орсон байхыг нь таны харж буй аймшигтай нүдэн балай байдалд үүрд үлдэхийг ч Их Эзэн Бурхан үл тэвчинэ. …

“… тэр өдөр би харийнханд нигүүлсэнгүй хандах болно, үүний хэрээр би тэдэнд өөрийн хүчээр, … миний сайн мэдээнээс ихийг авчрах болно. …

“Учир нь болгоогтун, Хурга хэлсэн нь: Би өөрийгөө чиний үр удамд үзүүлэх учир, миний тэдэнд тохинуулах, тодорхой болоод эрхэм үнэт олон зүйлийг тэд бичиглэх болно; … [мөн] эдгээр зүйлүүд харийнханд Хурганы хүч болон бэлгээр ирэхийн тул далдлагдах болно.

“Мөн миний хад болон миний аврал, миний сайн мэдээ тэдгээрт бичиглэгдэх болно гэдгийг Хурга хэллээ.

“… Тэр хожмын цэдгүүд … эхний цэдгүүдийн үнэнийг тогтоо[х болно]. … Тэд хоёул нэгдмэл байдлаар бүтээгдэх болно” (1 Нифай 13:32, 34–36, 40–41; тодотгол нэмэгдсэн). Эдгээр нь үнэнийг ойлгоход бидэнд туслахаар хамтдаа ирэх болно.

Зураг
Bible and Book of Mormon

Хоёул “нэгдмэл байдлаар бүтээгдэх” гэдэг нь хоёр нүдний харах аргачлал эсвэл үйл ажиллагаа явагдах арга зам юм. Би нүдний даралттай учраас сохрохоос урьдчилан сэргийлэхийн тулд харааг хамгаалах гайхалтай дусаагуурыг хоёр нүдэндээ өдөрт хоёр удаа дусаах шаардлага гардаг. Эмч нар намайг нүдний даралттай гэж тодорхойлохоос өмнө би аль хэдийн нэг нүднийхээ харааг хэсэгчлэн алдчихсан байв. Би орчин үеийн анагаах ухаанд болон сохор болоогүйдээ маш их талархдаг. Би бас нөгөө нүдний минь алдсан харааг нөхөж өгдөг хоёр дахь сайн нүдэндээ талархдаг. Хоёр нүдний тухай зүйрлэл нь миний хувьд гүн гүнзгий бөгөөд хувийн ач холбогдолтой юм.

Шинжлэх ухааны олон судалгаа нэг нүдтэй байснаас хоёр нүдтэй байхын давуу талыг нотлон харуулсан байдаг. Би эдгээр давуу талаас зургааг нь мөн тэдгээрийн сүнслэг харьцуулалтыг Есүс Христийн хоёр дахь гэрч болох Мормоны Номын дэлхийн сүнслэг харааг сэргээхэд гүйцэтгэсэн үүрэгтэй жишиж үзэх гэсэн юм.

1. Хоёр нүд нь харах талбарыг нэмэгдүүлж, харааг илүү тод болгодог

Зураг
horizontal field of view

Хүний хоёр нүдний хэвтээ шугаманд харах талбар хамгийн ихдээ 190 орчим градус байдаг бөгөөд ойролцоогоор 120 градусыг нь хоёр нүд хоёул хардаг байна. Харааны давхацсан талбараас гадна хоёр нүд тус бүр өөр өөрийн өвөрмөц захын хараатай байдаг.2

Библи нь олон зууны туршид тодорхой болоод эрхэм үнэт хэсгүүдээ алдсан учраас түүний хараа төгс байхаа больсон аж. Төгс хараатай Мормоны Ном гарч ирснээрээ сүнслэг харааны харах талбарыг тэлээд зогсохгүй, хоёр сүнслэг нүдний давхацсан талбар буюу сүнслэг байдлын хувьд хоёр гэрчийн хууль хэмээн нэрлэдэг—дурангийн харааны талбайд (1 дэх зургийг үзнэ үү) нэн шаардлагатай байсан тодотголыг мөн адил өгсөн юм (Матай 18:16; Ифер 5:4; С ба Г 6:28-ыг үзнэ үү).

Харааны давхацсан талбар буюу дурангийн нийлбэр нь бүдэг зүйлсийг харах чадварыг өсгөн нэмэгдүүлдэг.3 Хоёр нүдний тус тусдаа хүлээн авсан дүрсийг нэг дүрс болгон нэгтгэж, бидэнд харааны тэнхлэгийг4 нийлүүлж өгснөөр бид аливаа зүйлийг илүү тод хардаг ба ингэснээр залуу Иосефыг тэгтлээ эргэлзүүлэхэд хүргэсэн “будлиан хийгээд сөргөлдөөн”-ийг үгүй болгодог байна (Иосеф Смит—Түүх 1:8-ыг үзнэ үү).

Хоёр нүд нь нэгээсээ илүү сайн хардаг нь хэний ч мэдэх, ойлгомжтой бодит үнэн учраас Исаиа “сохруудын нүд нь харах болно” (Исаиа 29:18) хэмээн дэлхий даяар тодорхойлохоос өөр тохирох зүйрлэлийг сонгож чадаагүй биз ээ. Одоогоор зөвхөн ганц сүнслэг нүдээрээ хардаг буюу Библи уншдаг хүмүүс Есүс Христийн хоёр дахь гэрч болох Мормоны Номыг уншиж ч үзээгүй байж түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар ухаалаг үйлдэл байсан болохыг хэзээ нэгэн цагт олж харах болов уу хэмээн бид найдаж байна. Тэд “Иудагийн саваа,” “Иосефын саваа” (Езекиел 37:19) хоёр нь хоёр нүд төгс төгөлдөр, тодорхой байдлаар нэгддэг шиг гайхамшигтай хэрэг болохыг мэдэх болно.

2. Стереоскоп буюу хууран мэхлэлтээс зайлсхийх нь

“Дурангийн хараа нь … дүрсийг илүү нарийвчлалтай, гүн гүнзгий хүлээн авах чадварыг хүнд олгодог учраас үүний ачаар хүмүүс саад тотгорыг илүү хурдан, илүү итгэлтэй давж, тойрон гардаг юм.”5 Энэхүү хурц, гүн гүнзгий харах чадварын нэгэн жишээг энгийн гэрэлт зургийг стереоскоп зургийн 3-D тод харагдацтай зүйрлүүлэн үзүүлэв (2A зургийг үзнэ үү).

Зураг
stereoscope

Амьтдын ертөнцөд, халдлагад өртөж болзошгүй өвсөн тэжээлтэнд стереоскоп буюу нарийвчлалтай, гүн гүнзгий хүлээн авах ба 3-D хэмжигдэхүүнийг ялган харах чадварыг хоёр нүд нь олгодог тул энэ нь түүнд “халдаж болзошгүй араатны өнгөлөн [далдлалтыг ялган танихад”]6 тусалдаг байна (2Б зургийг үзнэ үү).

Зураг
disguised snake

Могойны гэрэл зургийг ©iStock/Thinkstock

Мормоны Ном нь сүнслэг дурангийн талбайн тод харагдац ба бурханлаг нарийвчлалыг хүлээн авах чадварыг сэргээснээрээ дэлхийг дээрхтэй адил байдлаар хамгаалдаг бөгөөд энэ нь бидэнд Сатаны өнгөлөн далдлалт, хууран мэхлэлтээс зайлсхийх боломжийг олгодог юм. Сатан библийн олон хэсгийн утга агуулгыг овжин байдлаар бүдгэрүүлснээр эргэлзээ гэгчийг ухаалгаар бий болгожээ. Мормоны Ном нь “буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж” (2 Нифай 3:12), “чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваа[снаар]” (Хиламан 3:29) түүний өнгөлөн далдлалтыг булзахын аргагүй баримт нотолгоогоор үгүй хийсэн юм.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Мормоны Номын талаар дараах амлалтыг өгсөн юм. Үүнд: “Энэ номонд хүч агуулагддаг бөгөөд нухацтай судалж эхлэх тэр мөчөөс тань эхлэн уг хүч таны амьдралд урсан орж ирэх болно. Та нар уруу таталтыг эсэргүүцэн зогсох агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэлтээс зайлхийх хүчийг олох болно. Та нар нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх хүчийг олох болно”7 гэжээ.

3. Саад тотгорыг олж харах нь

Дурангийн хараа нь хүнд саад тотгорын цаана байх биетийг илүү сайн эсвэл бүхэлд нь олж харахад тусалдаг. Энэ давуу талыг Леонардо Да Винчи онцолсон байдаг бөгөөд тэрээр ямар нэгэн зүйлийг хааж буй босоо багана нь зүүн нүдээрээ харахад биетийн зарим хэсгийг эсвэл бүхэлд нь халхалж болох ч баруун нүдээрээ харвал уг биетийг харах боломжтой байж болно хэмээн тэмдэглэсэн байдаг8 (3 дахь зургийг үзнэ үү).

Зураг
binocular vision

Үүний сүнслэг жишээг Аврагчийн иудейчүүдэд хандан хэлсэн “Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно” (Иохан 10:16) гэсэн үгнээс олж болно.

Есүс энэхүү бусад хонины талаар тодорхой зүйл хэлээгүй тул еврейчүүд Түүний мэдэгдлийн учрыг тайлж чадаагүй билээ. Гэхдээ, Мормоны Номон дээрх нэмэлт ойлголтын ачаар далд байсан зүйл ил болсон юм. Тухайлбал: “Мөн үнэнээр би та нарт хэлнэ, та нар бол миний тухайлан хэлсэн тэд билээ: энэ хорооных бус өөр хонинууд надад бий; би тэднийг түүнчлэн авчрах ёстой, мөн тэд дуу хоолойг минь сонсох болно; мөн нэг хороо, мөн нэг хоньчин байх болно” (3 Нифай 15:21). Үүний үр дүн нь Аврагчийн хэлсэн зүйлийн тухайд ямар ч буруу ташаа ойлголтгүй буюу ямар ч саад тотгор болох төөрөгдөлгүй цэвэр тунгалаг харах талбар юм.

4. Нүд бүрийн захын харааны давуу талууд

“Захын хараа нь харцны төвөөс гадна байрлах харааны нэгэн хэсэг юм.”9 Өөрөөр хэлбэл, бид харцаа төвлөрүүлээгүй байсан ч харааны талбар дотор өөр зүйлс байгааг мэдэж байдаг. Уг харааны талбарын нэг хэсэг нь буюу дурангийн талбайн хүрээнээс гадуур байрлах хэсэг болох стереоскоп хараа нь нүд бүрийн хувьд өвөрмөц байдаг (1 дэх зургийг үзнэ үү).

Бидэнд Библи байгаад, мөн энэ нь хамгийн чухал буюу онцгой хийгээд гайхамшигтай зүйл болох Есүс Христийн амьдрал, тохинууллын түүхийг өгсөнд бид маш их талархдаг билээ.

Түүнээс гадна бид Мормоны Ном байгаад, мөн уг номын Христийн сургаалыг тодорхой болгон, Түүний эртний Америкийн бошиглогчид болон нифайчууд дээр айлчилсан хувийн айлчлал, тохинууллаараа дамжуулан заасан сургаалуудыг нь илчилдэг сэвтээгүй, төгс хараанд гүнээ талархдаг.

Хоёр нүдийг бидэнд тэнгэрээс хослуулан өгсөнтэй адил Библи, Мормоны Ном хоёр бие биенээ нөхөж, үүний үр дүнд гайхамшигт дурангийн дүрсийг болон тус бүрийн өвөрмөц харагдах байдлыг бий болгодог билээ.

5. Сайн харагдахгүй байгаа хэсгийг үгүй болгох нь

Бид бүгдийн харах талбарт сайн харагддаггүй хэсэг газар байдаг бөгөөд үүнийг олж тогтоох нь харьцангуй хялбар зүйл юм. Дугуй дүрс ба одны зургийг (4 дэх зураг) өөрийнхөө урд, гараа сунгах зайд барь. Зүүн нүдээ аниад, жижиг дугуй дүрсэн дээр баруун нүдээ төвлөрүүлэн хар. Дугуй дүрс рүү баруун нүдээрээ ширтэн харсаар, зургаа аажмаар өөр рүүгээ ойртуул. Дунд хавьцаа ирэхэд, од захын хараанаас алга болж эхэлнэ.

Зураг
blind spot demonstration

Гайхаж байна уу? Танд сайн харагдахгүй хэсэг байгааг та мэдээгүй гэж үү? Яг л таны хоёр дахь нүд энэ сайн харагдахгүй байгаа хэсгийг нөхөн хардаг шиг Мормоны Ном нь Библид үүний адил тусалдаг юм.

Од яг таны нүдний өмнө алга болсон шиг Херод Бетлехемийн одыг олж хараагүй бөгөөд “од үзэгдсэн цагийг” зурхайчдаас лавлан асуусан байдаг (Матай 2:7). Энэ бол түүний сүнслэг захын харааных нь сайн харагдахгүй байгаа хэсэг нь байсан юм. Зөвхөн одыг хайж байсан хүмүүс л үүнийг олж харсан аж.

Өнөө үед Херодтой адил Сүнсний зүйлсийг хайж мөн олж харахаас татгалздаг хүн олон болжээ. “Харахыг үл хүсэх сохорт халаг” (2 Нифай 9:32). Бардамнал нь мөн адил еврейчүүдийг “[тэдэнд ирсэн] тодорхой байдлын үгсийг [басамжлахад] хүргэсэн бөгөөд … уг зорилгоос алсуур хайснаас болсон тэр, харалганыхаа учир” (Иаков 4:14) энэ ажээ.

Мормоны Номын ухаан суулгасан нэг ойлголт “өөрт байгаа гэдгийг барагтай бол хүлээн зөвшөөрдөггүй ч бусдаас амархан олж хардаг гэм нүгэл” болох бардамнал гэгч нийтлэг тохиолдох сайн харагдахгүй байгаа хэсгийн тухай урьдчилан сэргийлсэн байдаг.10 Энэ нь гэмтэй хүн л олж харахгүй байгаа болохоос бусад бүх хүнд тод томруун харагддаг зүйл билээ.

“Мөнх бус байдлын өмнөх оршихуйд болсон зөвлөгөөн дээр Люсиферийг унагасан тэр зүйл нь бардамнал байв.”11 “Нифайчуудын … бардамнал, тэднийг устгалд хүргэсээр байсан тэр зүйл байв” (Моронай 8:27). Бурхан дэлхийг галаар цэвэршүүлэх үед сүрэл лүгээ адил шатах тэдгээр нь бардамнагчид байх болно (Малахи 4:1; 3 Нифай 25:1-ийг үзнэ үү).

Давчуу бөгөөд нарийн замын эхэнд: “Та нар эртний нифайчуудын адил болохгүйн тулд бардамналаас БОЛГООМЖЛОГТУН” гэсэн бүдэгхэн бичигдсэн “сэрэмжлүүлгийн” тэмдэг тавигдсан байдаг (С ба Г 38:39; тодотгол нэмэгдсэн). Хамгийн эмгэнэлтэй нь, “БОЛГООМЖЛОГТУН” гэсэн тэмдэг нь өөрөө ихэнхдээ бардам хүмүүст сайн харагддаггүй тэрхүү хэсэг нь байдаг юм. Тиймээс “Мөн тэрээр [бардам нэгэн] харж болохын тулд, нүд нь нээгдэж болохын тулд өөрийгөө даруусгаснаар, мөн Их Эзэн, Бурханаа дуудсанаар үл хайхрагч тэрээр мэргэн ухаанд суралцаг” (С ба Г 136:32).

6. Нүд-тархины харилцан холбоо

Зураг
anagram

Энэ тэнцэтгэл нь (5-р зургийг үзнэ үү) алдаагүй юм шиг харагдаж байгаа ч бүхэлд нь авч үзвэл буруу юм. Тархины дүрсний систем нь нүдний харж байгаа зүйлсийг бидэнд мэдээлдэг. Тархи шөнө бидний зүүдийг бий болгон, бидний өдөр харсан зүйлсийг хөрвүүлдэг. Харна гэдэг нь зөв итгэж, харж байна гэсэн үг биш юм. Жишээ нь, “Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа” (Иохан 12:37). Нүд дангаараа итгэлийг эсвэл үнэнийг харах харааг хөгжүүлэхэд хангалтгүй юм.

Яг л тархи нүдтэй хамтран ажилладаг шиг Сүнс судруудтай хамтран ажиллаж, бидэнд сүнслэг талаас харахад тусалдаг. Зөвхөн судраас унших нь сүнслэг харааг бий болгоход хангалтгүй, учир нь “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” (1 Коринт 2:14).

Бид Мормоны Номонд сүнслэг харааны үүргийг гүйцэтгэх боломжийг олгохын тулд Моронай 10:3-5 дээрх Моронайн урилгыг хүлээн авч, чин сэтгэлээсээ дагах ёстой. Энэ нь Бурханы “үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (4-р шүлэг; тодотгол нэмэгдсэн) хэмээх амлалт бүхий урилга юм.

Гэрч ба талархал

Лихайн хөвгүүд сүнслэг байдлаараа харалган байхаас зайлсхийхийн тулд гуулин ялтсуудыг олж авахаар өөрсдийн амиар дэнчин тавьсан байдаг (1 Нифай 3–4-ийг үзнэ үү). Тэд ялтаснуудгүйгээр “итгэлгүйдээ доройтох [байсан] бөлгөө” (Мозая 1:5). Өнөө үед бид хэвлэх машин, дижитал багаж хэрэгслийн ачаар судруудыг илүү амар хялбар, хурдан авч хэрэглэх боломжтой болсон. Гэхдээ хүмүүст судруудыг олж авахад саад болох гэсэн Харанхуй үед хэрэглэж байсан арга барилуудын эсвэл судруудыг уншуулахгүйн тулд уруу татах гэсэн хожмын үеийн өдрүүдэд хэрэглэж байгаа арга барилуудын алиныг ашиглах вэ гэдэг нь Сатанд нэг их хамаагүй. Аль ч тохиолдолд, түүний “харанхуйлах манан нь … хүмүүний үрсийн мэлмийг [амжилттай] сохолж … чингээд тэд мөхөж, төөрөлдөх бөлгөө” (1 Нифай 12:17; тодотгол нэмэгдсэн).

Миний өдөр бүр хэрэглэдэг нүдний дусаагуурын нэгэн адил, бид “төмөр бариулаас үргэлж тууштай зуур[снаараа]” (1 Нифай 8:30; тодотгол нэмэгдсэн) үл ялгагдам нарийн бөгөөд өргөн тархсан хожмын үеийн мананд сохрохгүй байж чадна. Хүн идэвх султай болох юм уу Сүмээ орхин явж байвал уг хүн Мормоны Номоо уншихаа больсон гэдэгт бүрэн итгэж болно.

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ нь үнэхээр гайхамшигтай бөгөөд гайхалтай ажил юм. Энэ нь Есүс Христийн болон Түүний алдар суут сайн мэдээний амьд гэрч бөгөөд хоёр дахь нүдтэй байхын давуу талыг ашиглахыг бүх хүнд санал болгодог.

Бид ч гэсэн “Та нарын нүд хардаг тул нүд чинь ерөөлтэй еэ” (Матай 13:16) хэмээн Аврагч Өөрийн шавь нарт хандан хэлсэн магтаалыг хүртэх эрхтэй байж болохын тулд төмөр бариулаас үргэлж тууштай зууран барьж байх болтугай.

Эшлэлүүд

  1. Матай 9:27–31; 12:22–23; 15:30–31; 21:14; Марк 8:22–26; 10:46–52; Лук 7:21–22; Иохан 9; 3 Нифай 17:7–9; 26:15-ыг үзнэ үү.

  2. “Binocular Vision,” Wikipedia, en.wikipedia.org вэбсайтаас үзнэ үү.

  3. Рандолф Блэйк болон Робэрт Фокс, “The Psychophysical Inquiry into Binocular Summation,” Perception & Psychophysics, 14 дэх хэвлэл, д. 1 (1973), 161–168-ыг үзнэ үү; мөн “Binocular vision” үгийг харна уу.

  4. Wikipedia, en.wikipedia.org-оос “Vergence” гэсэн үгийг үзнэ үү.

  5. “Binocular Vision.”

  6. “Binocular Vision.”

  7. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 141.

  8. “Binocular Vision”-ыг үзнэ үү.

  9. “Peripheral Vision,” Wikipedia, en.wikipedia.org.

  10. Teachings: Ezra Taft Benson, 18; тодотгол нэмэгдсэн.

  11. Teachings: Ezra Taft Benson, 231.

Хэвлэх