Миний хувьд юу хамгийн чухал байсан бэ?
Элеонора Соннэллини, Италийн Трийстэ
Коллежийн 3-р курсийн талд нь орж байтал түрээс, хэрэглээндээ зориулан хадгалсан мөнгө маань зуныг давахад хангалтгүй болохыг би ойлгосон юм. Энэ бол дараагийн семестрийнхээ төлбөрийг олохоор ажиллаж болох жилийн тохиромжтой мөч байв. Би дэлгүүрийн туслахаар ажиллах хагас цагийн ажилтай болов.
Миний ажлын хуваарь ням гарагт ажиллахаар болж өөрчлөгдөх хүртэл бүх зүйл сайн байлаа. Ажлын ярилцлагын үеэр дэлгүүр ням гарагт амардаг байсан учраас би ням гарагт ажиллахгүй талаараа юу ч хэлээгүй байсан юм. Гэхдээ тэр ажил миний хувьд чухал байсан бөгөөд ажил маань ч надад таалагдаж байлаа. Би нэг найзтайгаа хамт ажилладаг байсан ба бид хоёр, хоёр ням гаргаар ээлжлэн ажиллаж болж байв. Энэ нь надад зарим Сүмийн цуглаандаа оролцож мөн дуудлагат ажлаа хийх боломжийг олгож байв.
Гэхдээ би удалгүй энэ хуваариар үргэлжлүүлэн ажиллаж болохгүй гэдгээ ойлгосон юм. Би хэдийгээр бүх ням гарагт ажиллахгүй байсан ч ням гаргийн үүрэгт ажлуудаа гүйцэтгэх боломжгүй байгаагаа мэдэрч байв. Би энэ нөхцөл байдлаа өөрчлөхийн тулд юу хийж болохоо өөрөөсөө асууж эхлэв. Би ахлах ажилтнуудынхаа зүрх сэтгэлийг зөөлрүүлэх боломж өгөхийг гуйж залбирсны дараа 1 Нифай 7-г уншсан. Би Нифай ах нарынхаа зүрх сэтгэлийг зөөлрүүлэхээр залбирсан 19-р шүлгийг уншсанаа санадаг. Эцэст нь, би ням гарагт ажиллахгүй байх талаар ажил олгогчидтойгоо ярилцах боломжтой болов.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ ахлах ажилтнууддаа хэлсэн бөгөөд тэд хожмын үеийн гэгээнтнүүд юунд итгэдэг талаар надаас асуулаа. Намайг ням гарагт амарч болох эсэхийг тэднээс асуухад тэд зөвшөөрсөнгүй. Тэд намайг хамгийн анх ярилцлаганд орохдоо долоо хоногийн ямар ч өдөр ажиллах боломжтой гэж хэлснийг мөн ямар ч шашны талаар дурдаж байгаагүйг онцолсон.
Нэгэн ням гарагт намайг Сүмийн цуглаанаасаа ажил руугаа яаран гарч явах хүртэл ямар нэг өөрчлөлт гаралгүй, хэдэн сар өнгөрлөө. “Чамд юу нь хамгийн чухал вэ?” гэж би өөрөөсөө асуув. Сүм, сайн мэдээ, миний дуудлагын үйлчлэл, ням гаргийн цуглаандаа зүрх сэтгэлээрээ оролцох ба үг, үйл хөдлөлөөрөө шавь байх гэх хариулт тэр даруй, мартахын аргагүй байдлаар ирсэн юм.
Би ням гарагт ажиллахгүй байх талаар дахин асууж үзье, гэхдээ тэд хоёр дахь удаа надад татгалзвал халагдах өргөдлөө авч ороод, өгье гэж шийдэв.
Би залбиран, мацаг барьж, найзуудаасаа урмын үгтэй мессежүүд хүлээн авсан байлаа.
Ярилцлагын үеэр миний зүрх түргэн түргэн цохилж байсан ч би зөв зүйл хийж байгаагаа мэдэж байсан учраас тайван байсан. Энэ удаад ахлах ажилтан маань зөвшөөрөв. Миний залбирал хариулагдсан юм. Би гэртээ харингуутаа халагдах өргөдлөө урж хаяв.
Би энэ туршлагаас олон адислал хүлээн авсан ч шууд болон бодитоор ирсэн нь ажлаа ч хийж, хүндэтгэлийн өдрийг ч ариунаар нь хадгалах боломжтой болсон явдал байлаа. Би үүний төлөө Их Эзэнд үнэхээр их талархдаг.