Гарын авлагууд ба дуудлагууд
Тэргүүн Зөвлөлийн захидал, 2018 оны 4-р сарын 2: Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь


Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Түгээмэл асуудаг асуултууд

Түгээмэл асуудаг асуултууд

Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Тэргүүн Зөвлөлийн захидал, 2018 оны 4-р сарын 2: Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь

Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь: Түгээмэл асуудаг нэмэлт асуултууд

Аврагчийн амьдрал болоод тохинуулал “Өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. … мөн хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39) гэсэн агуу хоёр тушаалын жишээ байсан. Аврагчийн шавь байхыг үнэнхүү хүсдэг Түүний Сүмийн гишүүд бид Тэнгэр дэх Эцэгээ болон Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчлэхийн тулд Түүний хайраар халамжлах ёстой. “Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчилж мөн бүх зарлигуудыг минь сахих ёстой” (С ба Г 42:29) хэмээн Аврагч хэлсэн. Хаан Бенжамин “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Moзая 2:17) хэмээн заасан байдаг. Алма бидний гүйцэтгэх үүргийг “Тиймийн тул тэд өөрсдийн хүмүүсийг харж хандсан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарсан болой” (Mosiah 23:18) хэмээн дүгнэж хэлжээ.

Тэргүүн Зөвлөл бусдыг халамжлах, тэдэнд үйлчлэх тэнгэрлэг шийдвэрийн дагуу үйлдэхэд бидэнд туслах зорилгоор Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг хоёрын хүчин чармайлтыг Аврагчийн адил тохинуулахад төвлөрүүлэх дараах өөрчлөлтийг хийхээ зарлалаа. Үүнд дараах өөрчлөлтүүд орно.

  • Тойргийн түвшинд нэг Мелкизедек санваарын чуулгатай байна.

  • Гадасны түвшинд нэг дээд пристүүдийн чуулгатай байна.

  • Гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар солино.

  • Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулна.

Эдгээр өөрчлөлт дээр нэмээд, санваарын гүйцэтгэх хорооны хурлуудыг хийхгүй. Гэр бүлийн хүрээн дэх асуудал эсвэл халамжийн асуудал зэрэг онцгой асуудал тойрогт гарвал үүнийг бишопын зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр ярилцаж болно. Үүнээс арай бага нөлөө бүхий асуудлыг тойргийн зөвлөл дээр ярилцаж болно. “Гадасны санваарын гүйцэтгэх хорооны хурал” хэмээх хурлыг “дээд зөвлөлийн хурал” хэмээн нэрлэнэ (8, 19-р асуултыг харна уу).

Тойргийн түвшинд нэг Мелкизедек санваарын чуулгатай байна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “илчлэлт нэг дор ирдэггүй. Илчлэлт өсөн нэмэгдэх байдлаар ирж болно”1 хэмээн заасан. Санваарын чуулгатай холбоотой үйл явдлууд тохиолдож, санваарын түлхүүрийн тухай ойлголт улам бүр нэмэгдэж байгаа нь өсөн нэмэгдэх илчлэлтийн загварыг өгч байна. Сүмийн түүхийн туршид Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудыг одоогийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх тухай илүү агуу ойлголтоор байнга адисалж, Өөрийн хүслийг шат шатаар илчилж байв (С ба Г 46:15–16-г үзнэ үү).

Олон жилийн туршид Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга хийх өөрчлөлтүүдээ дараах байдлаар авч үзэж байсан. Маш олон удаа залбирч, санваарын чуулгын судрын үндсийг нягт нямбай судалж мөн Сүмийн тэргүүлэх удирдагчид нэгдсэн ойлголтод хүрснээр энэ бол Их Эзэний хүсэл мөн гэсэн баттай нотолгоог хүлээн авсан удирдагчид гадас, тойргийн түвшинд чуулгыг дахин зохион байгуулж, Сэргээлтийн ажлыг нэг алхмаар урагшлуулж байна.

1. Тойргийн дээд пристүүдийн бүлэг болон ахлагчдын чуулга хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Тойрогт ахлагчдын болон дээд пристүүдийн чуулгын гишүүд одоо нэг ерөнхийлөгчтэй нэг чуулгад нэгдэнэ. Гишүүдийн тоо болон нэгдмэл байдлын хувьд өссөн энэ чуулгыг “Ахлагчдын чуулга” гэх бөгөөд тойргийн дээд пристүүдийн бүлэг цаашид байхаа болино.

Ахлагчдын чуулгад бүх ахлагч, тойргийн ахлагч болох боломжтой ах нар мөн бишопын зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлд болон патриархаар үйлчлээгүй байгаа дээд пристүүд орно.

2. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл хэрхэн зохион байгуулагдах вэ?

Гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ хамт одоогийн дээд пристүүдийн бүлэг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудлагаас нь чөлөөлнө. Дараа нь гадасны ерөнхийлөгч тойрог тус бүрийн ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийг шинээр дуудна. Гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс даалгавар авсан зөвлөх эсвэл дээд зөвлөх ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх зөвлөхүүдийг дуудна. Шинэ ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд янз бүрийн насны янз бүрийн туршлагатай ахлагч, дээд пристүүд хамтран үйлчилнэ. Ахлагч эсвэл дээд прист нь чуулгын ерөнхийлөгч эсвэл зөвлөх байж болно.2

3. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн ажлыг хэн удирдан чиглүүлэх вэ?

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс өгөх сургалт, удирдамжийг дээд зөвлөлөөрөө дамжуулан өгдөг гадасны ерөнхийлөгчид шууд харьяалагдана. Тойргийн тэргүүлэх дээд прист болох бишоп ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэй тогтмол уулзаж байна. Бишоп түүнтэй зөвлөлдөн, хэрхэн тойргийн бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах мөн тойргийн гишүүддээ хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж, адислах тухайд зохих удирдамжийг өгнө. (Гaрын авлага 2, 7.3.1-ийг үзнэ үү.)

4. Чуулга дахь бүтцийн өөрчлөлт чуулгын гишүүдийн санваарын албыг өөрчлөх үү?

Өөрчлөхгүй. Санваарын албаны нэршлийн хувьд ахлагч ахлагч хэвээр, дээд прист дээд прист хэвээр үлдэнэ. Гэхдээ ахлагчид гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, бишопын зөвлөлд дуудагдах эсвэл зарим үед гадасны ерөнхийлөгчийн залбиран гаргасан шийдвэр, сүнслэг өдөөлтөөр дээд пристэд томилогдох зэрэг нь цаашид хэвээр байна.

5. Тойрогт нэгээс илүү ахлагчдын чуулга байж болох уу?

Болно. Сургаал ба Гэрээ 107:89-д дурдсанаар тойрог дахь идэвхтэй Мелкизедек санваартны тоо ердийнхөөс их байх үед удирдагчид нэгээс олон ахлагчдын чуулгыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд, ахлагчдын чуулга бүрийг нас, туршлага, санваарын алба, хүчний хувьд эн тэнцүү байхаар зохион байгуулах ёстой.

6. Ариун сүмийн болон номлолын мөн номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ямар чуулгад харьяалагддаг вэ?

Эдгээр ах өөрсдийн тойргийн ахлагчдын чуулгын гишүүд байдаг.

Гадасны түвшинд нэг дээд пристүүдийн чуулгатай байна.

7. Гадасны дээд пристүүдийн чуулгад ямар өөрчлөлт орох вэ?

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны дээд пристүүдийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөр үйлчилсэн хэвээр байна. Тэрхүү ахлагчдын чуулгын гишүүд нь зөвхөн одоогийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөлд мөн патриархаар үйлчилж байгаа дээд пристүүдээс бүрдэнэ. Тойргийн болон гадасны бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичгүүд дээд пристүүдийн чуулгын гишүүд биш болно.

Ихэнх тохиолдолд гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүд өөр газар томилогдоогүй бол ахлагчдын чуулгатай уулзалдаж байна.

8. Гадасны дээд пристүүдийн чуулгын үүрэг юу вэ?

Шаардлагатай үед гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тэргүүлэн удирдах үүргийнхээ дагуу гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүдтэй уулзан, чуулгын гишүүдэд сургалт өгч, үүргээ биелүүлэхэд нь тусална. Гарын авлага 2, 18.3-р хэсэгт тайлбарласан гадасны хурлуудад дараах өөрчлөлт орж байна. Үүнд:

  • Гадасны санваарын гүйцэтгэх хорооны хурлыг “дээд зөвлөлийн хурал” гэж нэрлэнэ.

  • Гадасны бүх томилогдсон дээд пристийн жил тутмын хурал цаашид хуралдахгүй. Гэхдээ гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс гадасны дээд пристүүдийн чуулгын жил тутмын хурлыг хуралдуулж байх болно.

9. Мелкизедек санваарын чуулгад өөрчлөлт оруулж байгаагийн зорилго юу вэ?

Тойрогт Мелкизедек санваарын нэг чуулгатай болсноор дээр пристүүдийн бүлгийн удирдагчийн зохицуулдаг байсан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулаад авралын ажлыг бүхий л талаар нь хийж гүйцэтгэхэд тойргийн санваартнуудыг нэгтгэх юм. Энэ нь чуулгын гишүүдэд бүхий л насны болон өөр өөр боловсрол, ажил мэргэжилтэй, амьдралын өөр өөр үе шатанд амьдарч буй хүмүүсийн үзэл санаа, туршлагаас суралцах боломжийг олгоно. Энэ нь мөн туршлагатай санваартнуудад бусдад, тухайлбал ахлагч болох боломжтой ах, шинэ гишүүн, залуучууд болон Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж байгаа хүмүүст зааж сургах нэмэлт боломжуудыг олгоно .

Эдгээр өөрчлөлт нь ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг хоёрт ажлаа уялдуулан холбоход тусална. Тэдгээр нь мөн чуулга болон бишоп, тойргийн зөвлөлийн хоорондын уялдаа холбоог хялбарчилна. Түүнчлэн тэдгээр нь бишопт ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд илүү үүрэг даалгавар оноож өгөх боломжийг олгох бөгөөд ингэснээр тэрээр зөвлөхүүдийнхээ хамт өөрсдийн үндсэн үүрэгт, ялангуяа Аароны санваартнууд болон залуу эмэгтэйчүүдийг тэргүүлэн удирдах үүрэгтээ анхаарлаа илүү төвлөрүүлэх боломжтой болох юм.

10. Гадасны түвшинд салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж буй дээд пристүүд дээд пристүүдийн чуулгын гишүүд мөн үү?

Үгүй. Гадасны салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байгаа дээд пристүүд нь дээд пристүүдийн чуулгын гишүүд биш. Дээд пристүүдийн чуулгын гишүүд зөвхөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөл зэрэг дээд прист байх шаардлагатай дуудлагатай байдаг бөгөөд үйлчилж буй патриарх ч бас энэ чуулгын гишүүн юм.

11. Бишопын зөвлөлд (тухайлбал, ганц бие залуучуудын гадсанд) үйлчилж байгаа ахлагчид дээд пристүүдийн чуулгын гишүүд мөн үү?

Үгүй. Бишопын зөвлөлд үйлчилж байгаа ахлагчид дээд пристүүдийн чуулгын гишүүд биш болно.

12. Дээд пристийн чуулгын гишүүд тохинуулахад хэрхэн холбогдох вэ?

Бишопынхоо удирдлаган доор тухайн тойргийн тэргүүлэх дээд прист болон дээд пристүүдийн чуулгын гишүүд, тэдгээрийн гэр бүл ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгээс томилогдсон тохинуулах ах, эгч нартай байдаг.

Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлүүд тухайн гадас эсвэл тойргийн бүх гишүүнийг хариуцдаг учраас энэ ах нарыг тодорхой хувь хүмүүс эсвэл гэр бүлүүдэд тохинуулахаар томилдоггүй. Дээд зөвлөлийн гишүүд болон үйлчилж буй патриархуудыг томилохыг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан гадасны ерөнхийлөгч шийднэ. Хэрэв тэд томилогдохоор байгаа бол тойргийнх нь бишопын удирдлаган доор ахлагчдын чуулгын ерөнхийлөгч нь томилно.

Бишоп нь тэргүүлэх дээд прист, Израиль дахь олон нийтийн шүүгч зэрэг бусад чухал үүрэг хариуцлагаас гадна зөвлөхүүдийнхээ хамт өсвөр үеийнхнийг халамжлах онцгой үүрэг хариуцлагатай. Сургаал ба Гэрээ 107:15-д “Бишопын зөвлөл бол [Аароны] санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг” гэсэн байдаг. Гарын авлага 1, 2.2-т зааснаар “Бишопын зөвлөлийн гишүүд тойргийнхоо залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд анхаарал тавьж, дэмжиж тусална” гэжээ.

Түүнчлэн гадасны ерөнхийлөгч нь гадсан дахь тэргүүлэх дээд пристийн хувьд “гадасны анхдагч сүнслэг удирдагч нь” (Гарын авлага 1, 1.1.1) ба “авралын ажлыг тэргүүлнэ” (Гарын авлага 1, 1.1.2).

Тохинуулал нь гэрийн болон айлчлагч багшлалтыг орлоно

Олон жилийн туршид гэрийн болон айлчлагч багш нар сар бүр гишүүн бүрийн гэрт очин, захиас хуваалцаж, шаардлагатай тусламж үзүүлэх үүрэг даалгаврыг биелүүлсээр ирсэн. Тэд энэ агуу ажлыг хийхэд тоолж баршгүй олон цагийн үйлчлэлийг чин сэтгэлээсээ, амин хувиа хичээлгүй хийсэн билээ.

Энэхүү чин сэтгэлийн үйлчлэл дээр тулгуурлан одоо Сүмийн удирдагчид гишүүдээсээ сүнслэг болоод материаллаг талын аль алин дээр нь бусдыг Христтэй адил халамжлахад анхаарлаа төвлөрүүлээсэй хэмээн хүсэж байна (Гарын авлага 2, 3.2.3-ыг үзнэ үү). Халамжлах ажлыг онцлох зорилгоор гэрийн болон айлчлагч багшлалтын өмнөх хөтөлбөрүүдийг нэгтгэн, одоо “тохинуулал” хэмээн нэрлэх бөгөөд уг хөтөлбөрийг ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишопын удирдлаган доор хариуцан явуулах болно.

13. “Тохинуулал” гэж юу вэ?

Аврагч Эцэгээ болон хүн нэг бүрийг гэсэн хайраар үйлчилж байхдаа Өөрийн үлгэр жишээгээр тохинуулал гэж юу болохыг харуулсан (Иохан 15:9–10-ыг үзнэ үү). Тэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хайрлаж, тэдэнд зааж сурган, тэдний төлөө залбирч, тэднийг тайтгаруулж, бүх хүнийг Өөрийг нь дагахад урьж байсан (Maрк 8:34-ийг үзнэ үү). Сүмийн гишүүд тохинуулахдаа Аврагчтай адил “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулан,” “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл[ж],” “гишүүн бүрийн гэрээр айлч[илж],” Есүс Христийн жинхэнэ шавь болоход нь туслахын тулд залбирч, үйлчлэхийг эрэлхийлэх болно (Moзая 18:9; С ба Г 20:51, 53 мөн Иохан 13:35-ыг үзнэ үү).

Гишүүд тохинуулахдаа харилцаа яриа, сүнслэг өдөөлтөөр дамжуулан анхаарч халамжлах хүмүүстэйгээ ямар давтамжтайгаар, хэр зэрэг харилцаа холбоотой байхаа шийднэ. Тэд асран халамжлахаар хариуцаж авсан хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, боломж чадавх мөн хийсэн үйлчлэлийнхээ талаар удирдагчтайгаа доод тал нь улиралд нэг удаа зөвлөлдөн, ажлаа тайлагнаж байна. Удирдагчид эдгээр тохинууллын ярилцлагыг улирал тутамд тайлагнана. Тэд айлчилж очсон эсвэл холбоо барьсан хувь хүн, гэр бүлийнхээ тоог цаашид илтгэхгүй. Түүнээс гадна гишүүн бүртэй холбоо барих санваарын шугамаар дамжуулан тохинуулагч ах, эгч нар аюул осол, онцгой нөхцөл байдлын үед удирдагчдын ашиглаж болох харилцаа холбооны сүлжээг үүсгэнэ.

14. Тохинуулах хүмүүсийг юу гэж нэрлэх вэ?

Санваартнуудыг “тохинуулагч ах нар,” Халамжийн нийгэмлэгийн эгч нарыг “тохинуулагч эгч нар” хэмээн тус тус нэрлэнэ. Ерөнхийдөө тэднийг энгийнээр “Жонс ах,” “Смит эгч” гэх мэтээр нэрээр нь дуудна. Тэднийг “тохинуулагчид” гэхгүй.

15. Тохинуулал нь гэрийн болон айлчлагч багшаар явахтай юугаараа ижил төстэй, юугаараа өөр вэ?

Тохинуулал нь айл өрх бүр санваартан ахтай байх буюу тэнд амьдарч байгаа гэр бүл, хувь хүмүүст тохинуулж, тэднийг асарч халамжлах тохинуулагч ахтай байна гэсэн утгаараа гэрийн болон айлчлагч багшаар явахтай адилхан (С ба Г 20:47, 59-ийг үзнэ үү). Насанд хүрсэн эгч бүр Халамжийн нийгэмлэгийн гишүүдтэй байх буюу тохинуулан, асарч халамжлах тохинуулагч эгч нартай байх бөгөөд энэ нь 2018 оны 1-р сарын эхнээс эхлэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинуулалд анхаарлаа төвлөрүүлэхийг онцгойлон заасныг улам бүр бататгаж байгаа юм (“Keep in Touch with Her Anytime, Anywhere, Any Way,” Ensign эсвэл Liahona, Jan. 2018, 7-г үзнэ үү).

Дээрхээс гадна, гэрийн болон айлчлагч багшаар явахад тавигддаг зарим шаардлагыг гишүүдийн хэрэгцээ шаардлагад илүү их анхаарлаа төвлөрүүлэн тохинуулахад туслах зорилгоор өөрчилсөн болно. Харилцаж холбогдох нь заавал албан ёсоор айлчлах явдал байхаа болино. Үүнийг гэр оронд болон Сүм дээр аюулгүй, тухтай, хялбар байж болох ямар ч байдлаар хийж болно. Ахлагч Жэффри Р.Холландын заасанчлан, “Чухамдаа энэ тайланд таны хариуцсан хүмүүсээ хэрхэн адисалж, халамжилсан нь чухал болохоос биш, тодорхой нэг очсон цаг юм уу газар үнэндээ ач холбогдолгүй юм. Та хариуцсан хүмүүсээ хайрлаж, ‘сүмийг ямагт харж хандах’ зарлигийг биелүүлсэн байхад л хамгийн гол зорилго нь оршино.”3

Товчхондоо, тохинуулал нь Сүнсээр удирдуулсан, уян хатан бөгөөд гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна.

16. Тохинууллыг хэрхэн Сүнсээр удирдуулах вэ?

Гишүүд тохинуулахдаа хэрхэн хамгийн сайнаараа бусдад тусламжийн гараа сунган, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж болох талаар мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийлнэ. Ганцаараа амьдардаг өндөр настай эгч дээр хуваарийн дагуу очих эсвэл тогтмол утсаар ярих нь шаардлагатай байгаа харилцааг түүнд өгч чадах уу? Идэвх султай залууг олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход урих нь түүнд туслах уу? Өсвөр насныхны хөл бөмбөгийн тэмцээнийг дэмжих нь өсвөр насны хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд тус болох уу? Хэн нэгэнд итгэл найдвараар дүүрсэн судрын эшлэлийг мэссэжээр явуулах нь түүний ачаа дарамтыг хөнгөлөх үү? Зурвас, мэндчилгээ эсвэл э-мэйл илгээх нь санаа тавьж байгаа гэдгээ тэдэнд мэдүүлэхэд тустай юу? Аврагч үйлчлэгчдээрээ юуг хийлгэх байсан бэ? Эдгээр асуултын сүнслэг хариултыг олж, дааж авсан хүмүүстэйгээ холбоо тогтоох бүхий л арга замыг ашиглах явдал сүнслэг тохинууллын төв нь байдаг юм. Христийн адил үйлчлэл үзүүлэхийн тулд тохинуулагч ах, эгч нар өнөөх л хуваарьт айлчлал эсвэл урьдчилж бэлдсэн захиас зэрэгт тулгуурлах ёсгүй. Тэд сүнслэг өдөөлт эрэлхийлэн, гэр бүлийнхээ гишүүдтэй зөвлөлдөж, цаг зав, нөөц боломжоо ашиглан хариуцсан хүмүүстээ хамгийн сайнаараа үйлчлэх ёстой.

17. Тохинууллыг хэрхэн уян хатан байлгаж болох вэ?

Тохинуулагч ах, эгч нар хамгийн үр дүнтэй арга замаар үйлчлэх боломжтой. Анхаарч халамжлахаар дааж авсан хүмүүстээ бүгдээрэнд нь адил хэмжээний анхаарал халамж тавих шаардлагагүй байж болно. Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишопын болон тойргийн зөвлөлтэй хамтран хэнд тусламж хамгийн их хэрэгтэй байгаа талаар ойлголт өгөх зорилгоор тохинуулагч ах, эгч нартай нэн чухал зүйлсийн талаар холбогдож мэдээлэл өгнө. Хүлээн авах магадлал өндөртэй шинэ болон идэвх султай гишүүд, ганц бие эцэг эх, бэлэвсэн хүмүүст нэн түрүүнд анхаарал хандуулах ёстой. Удирдагчид асуудалтай эрэгтэй юм уу залуу эрэгтэйн гэр бүлд өсвөр үеийнхний удирдагчийг томилж мөн шинэ гишүүдэд тохинуулагч эгч, ах нарыг шууд оноож болно. Тэд дээд прист, ахлагч гэх мэт ахлагчдын чуулгын аль ч гишүүнийг ийм тохинуулалд томилж болно.

Тохиромжтой үед, гэрлэсэн хосыг нэг гэр бүлд эсвэл нэг хувь хүнд оноож өгч болох юм. Түүнээс гадна, прист, багш нар Мелкизедек санваартнуудтай хамт үйлчилдгийн адил Лаурел, Миа мэйдүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нартай хамт үйлчилснээр асар их хувь нэмэр оруулах боломжтой (доор байгаа 22-р асуултыг үзнэ үү).

18. Тохинуулал нь гишүүн бүрийн хэрэгцээнд хэрхэн нийцсэн байх вэ?

Тохинуулагч ах, эгч нар хувь хүний хэрэгцээнд хамгийн сайн нийцэх зүйлийг хийхийг эрэлхийлнэ. Сүнсний өдөөлтийг даган, үйлчилж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахын тулд бүхий л харилцаа холбоог ашиглах боломжтой. Тэдгээр хэрэгцээг хангах ажил залбирч байгаад эргэцүүлэн бодох, хариуцан авсан гэр бүл, хувь хүмүүстэйгээ харилцан ярилцаж мэдээлэл авахаас эхэлнэ. Ийнхүү тэд харилцан ярилцаж, дараа дараагийн удаа холбогдохдоо тохинуулах хүмүүсээ сонссоноор тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж болох, ямар давтамжтай, ямар байдлаар холбогдохыг тэд хүсэж байгаа мөн хуваалцах захиасын хэрэгцээ, агуулга ямар байвал зохих вэ гэдгийг ойлгоно. Тохинуулах хүмүүс гэр бүлийн бүх гишүүнтэй тогтоосон бүх харилцаа холбоог зөв зохистой байлгахад анхаарна.

Тохинуулагч ах, эгч нар хувь хүн, гэр бүлүүдэд дараагийн ёслолдоо бэлдэх, хийсэн гэрээгээ сахих, бие даах чадвартай болоход нь туслахыг эрэлхийлнэ. Хэдийгээр тохинуулал нь захиас хуваалцах даалгавар биш ч гэлээ, энэхүү тусламжинд хувь хүн, гэр бүлд тохирсон сүнслэг захиас хуваалцах явдал орж болно. Лиахона, Ensign зэрэг сэтгүүлүүдэд тохинуулах үед хуваалцах тусгай захиасыг цаашид нийтлэхгүй.

19. Мелкизедек санваарын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид ажлаа хэрхэн уялдуулж болох вэ?

Бүтцийн өөрчлөлт хийснээр санваарын чуулгууд хүчирхэгжиж, Халамжийн нийгэмлэгтэй уялдаа холбоотой ажиллах болсноор бусдад тохинуулах боломж чадавх сайжирсан бөгөөд энэ нь тооцоолж, хүсэн хүлээж байсан бодит үр дүнгийн нэг юм. Тохинуулах нь санваартан “гишүүн бүрийн гэрээр айлчлах,” “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” түүнчлэн Халамжийн нийгэмлэгийн “Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд мөн Түүний Цагаатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ёслол, гэрээнүүдээр дамжуулан хувь хүн, гэр бүл, гэр орныг хүчирхэгжүүлэх, гачигдалтай хүмүүст туслахын тулд нэгдмэл байдлаар ажиллах” (С ба Г 20:47, 53; Гарын авлага 2, 9.1.1) үүргээ тус тус биелүүлэхэд туслах нэгдсэн нэг ажил болж байгаа юм.

Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишоптой хамтарч мөн түүний удирдлаган доор ажилласнаар хувь хүн, гэр бүл бүрийг харж хандан, халамжлахаар эрэлхийлэхдээ сүнслэг өдөөлт хүлээн авч, зохион байгуулалттай, уялдаа холбоотой байх боломжтой болно. Харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах арга замууд:

  • Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тойргийнхоо хувь хүн, гэр бүлүүдэд тохинуулах үүрэг даалгавар оноож өгнө. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн эгч нарт тохинуулах үүрэг даалгавар оноож өгнө. Онцгой хэрэгцээ бүхий газарт ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө тусгай даалгаврын талаар ярилцаж болно.

  • Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тохинуулах үүрэг даалгаврыг бишопт танилцуулж, зөвшөөрөл авна.

  • Шаардлагатай үед, тохинуулагч ах, эгч нар хувь хүний онцгой нөхцөл байдлын талаар ярилцан, шаардлагатай бол чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчидтайгаа холбогдож, нэмэлт туслалцаа, нөөц боломжийг хүсэж болно.

  • Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн улирал тутам нэг удаа уулзаж, тохинууллын ярилцлагаар дамжуулан олж мэдсэн хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагын талаар ярилцана.

  • Энэхүү хурлын дараа ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн улирал тутам нэг удаа бишоптойгоо уулзаж, хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагын талаар тайлагнана.

  • Шаардлагатай бол ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчид тохинууллын ярилцлагын үеэр олж тогтоосон чадавх, хэрэгцээ шаардлагын талаар тойргийн зөвлөлтэй хамт зөвлөлдөж, тойргийн гишүүдэд үйлчлэх, адислах төлөвлөгөө гарган, хэрэгжүүлнэ.

Хамтын ажиллагааг хялбарчлах зорилгоор тойрог нь тойргийн зөвлөлийн хурал дээр анхаарлаа төвлөрүүлэх ба санваарын гүйцэтгэх хорооны хурлыг цаашид хийхгүй. Шаардлагатай бол өмнө нь санваарын гүйцэтгэх хорооны хурлын хөтөлбөрөөр авч хэлэлцдэг байсан асуудлыг бишопын болон тойргийн зөвлөлийн хурлаар эсвэл улирал тутмын бишопын зөвлөлийн болон ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж болно.

20. Гишүүд тохинуулах үүрэг даалгаврыг хэрхэн хүлээн авах вэ?

Удирдагчид тохинуулагч ах, эгч нартай аль болох хамтрагчидтай нь хамтад нь авч уулзан, даалгаврынх нь талаар хуваалцаж, тохинуулах хүмүүсийнх нь боломж чадавх, хэрэгцээ шаардлага, асуудлын талаар зөвлөлдөнө. Энэ ярилцлагыг тохинуулах ярилцлагын үеэр (24-р асуултыг үзнэ үү) эсвэл шаардлага гарсан үед хийж болно.

21. Гэрээр айлчлан очих нь ямар ач холбогдолтой вэ?

Хүн хүчний тоо, орон зайн хол ойр, аюулгүй байдал, өөр бусад асуудлаас шалтгаалан айл болгонд сар бүр очих нь боломжгүй эсвэл үр дүнгүй байж болно. Гэхдээ боломжийнхоо хэрээр биеэр айлчлан очих нь чухал. Аврагчийн адил үйлчлэхийн тулд тохинуулагч ах, эгч нар хариуцсан хүмүүстэйгээ холбоо барих, анхаарч халамжлах бүхий л боломжийг авч үзнэ.

22. Тохинуулахад заавал захиас хуваалцах ёстой юу?

Үгүй. Тохинуулагч ах, эгч нар хариуцсан хүмүүстэйгээ сайн танилцсанаар тэднийхээ хэрэгцээ шаардлага юу болохыг мэддэг болно. Түүнчлэн Ариун Сүнс тэдэнд сайн мэдээний зарчмуудаас заах сүнслэг өдөөлтийг өгч болох юм. Түүнчлэн эцэг эхийн зүгээс гэр бүлдээ зориулан ямар нэг сэдвээр хуваалцахыг хүсэж болно. Гэхдээ хамгийн сайн “захиас” бол халамж, энэрэл гэдгийг бүү март.

23. Тохинуулагч ах, эгч нар хийсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?

Удирдагчид тухайн сарын туршид айлчилж очсон гэр бүл, хувь хүмүүсийнхээ талаар тайлан цуглуулах шаардлагагүй болж байгаа юм. Үүний оронд тохинуулагч ах, эгч нар үйлчилж байгаа хүмүүсийнхээ тухай болон тэдний нөхцөл байдлын талаар мөн хийж буй тохинуулах ажлынхаа тухай ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчидтайгаа зөвлөлдөх боломжтой. Ийнхүү хамтдаа зөвлөлдөхдөө доод тал нь улиралд нэг удаа тохинууллын ярилцлагын үеэр мөн шаардлагатай бол өөр ямар ч үед уулзалдаж болно.

24. Тохинууллын ярилцлага гэж юу вэ?

Тохинууллын ярилцлагыг (1) хариуцсан гэр бүл, хувь хүмүүсийнхээ боломж чадавх, хэрэгцээ шаардлага, асуудлын талаар зөвлөлдөх, (2) ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг эсвэл тойргийн зөвлөлийн зүгээс үзүүлж болох дэмжлэг туслалцааг тодорхойлох, (3) удирдагчдаас суралцаж, тохинуулалд урам дэм авах зорилгоор хийнэ.

Тохинуулагч ах, эгч нар ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчтай доод тал нь улиралд нэг удаа Тохинууллын ярилцлагын үеэр биечлэн мөн хамтрагчтайгаа хамт уулзана. Хамтдаа тохинуулж буй гэрлэсэн хос хамтдаа ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчдын аль нэгтэй эсвэл хоёулантай уулзаж болно. Шаардлагатай бол тохинуулагч ах, эгч нар ярилцлагуудын хооронд бусад мэдээллийг утсаар болон мессежээр мөн э-мэйлээр эсвэл өөр бусад арга замаар өгч болно. Тэд нууц мэдээллийг зөвхөн ахлагчдын чуулгын юм уу Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид эсвэл бишопт шууд хуваалцаж болно.

25. Удирдагчид тохинууллын ярилцлагын тайлангаа хэрхэн хөтлөх вэ?

Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тохинуулагч ах, эгч нартай хийсэн ярилцлагынхаа тайланг хөтөлнө. Удирдагчид ярилцсан сарыг болон хэнтэй ярилцлага хийснийг тэмдэглэнэ. Улирлын туршид аль нэг хамтрагч нь ярилцлагад орсон тохиолдолд хамтрагчдыг ярилцлагад оролцсоноор бүртгэнэ.

2018 оны 8-р сарын 1 гэхэд, энэхүү тайланг хийх үйлдэл LDS.org дээр ХҮГ хэрэгсэл болон Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд шинээр нэмэгдэж орно. Мөн улирал тутмын тайлангийн өөрчлөлтийг 2018 оны дундуур хийсэн байна. Удирдагч, бичиг хэргийн ажилтанд зориулсан дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн удирдах албанаас ирүүлэх мэдэгдлээр өгөх болно.

26. Тохинууллын зохицуулагч, хянагчид ямар үүрэгтэй вэ?

Тохинууллын зохицуулагч ба тохинууллын хянагч гэсэн дуудлагууд цаашид байхаа больж байна. Эдгээр албанд дуудлагатай байсан хүмүүс чөлөөлөгдөнө.

27. Тохинууллын ярилцлагыг хэн хийдэг вэ?

Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр нь тохинууллын ярилцлагыг хийнэ. Том тойрогт ч гэсэн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр долоо хоног тутамд хэд хэдэн ярилцлага хийгээд байвал эдгээр ярилцлагыг хийх боломжтой гэдгийг удирдагчид мэдэж авах болно. Тохинууллын ярилцлагуудыг үр бүтээлтэй байлгахын тулд урт сунжруу байлгах шаардлагагүй.

28. Удирдагчид тохинууллын ярилцлагыг улирлын явцад хэзээ хийдэг байвал зохих вэ?

Тохинууллын ярилцлагуудыг улирлын турш хийж болох ба хийдэг байх ч ёстой бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт эсвэл сүүлийн сард хийхээр хойш тавьж болохгүй. Удирдагчид ярилцлагыг тогтмол хийснээр тохинууллын сүнслэг болон материаллаг зорилтуудад хүрч чадна гэдгийг ойлгох болно.

Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулах нь

29. Тохинуулалд өсвөр үеийнхнийг хэрхэн оролцуулж болох вэ?

Удирдагчид Мелкизедек санваартнуудад прист, багш нарыг хамтрагч болгон томилдгийн адил, одоо Лаурел, Миа мэйдүүдийг Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагч болгон томилж болно. Өсвөр үеийнхэн авралын ажилд насанд хүрэгчидтэй хамт үйлчилж байх явцдаа мөн тохинууллын ярилцлагын үеэр үйлчлэлийнхээ талаар зөвлөлдөж байхдаа өөрсдийн өвөрмөц бэлгийг хуваалцаж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих боломжтой. Түүнээс гадна, тохинуулалд өсвөр үеийнхнийг оролцуулах нь оролцож буй гишүүдийн тоог төдийгүй бусдыг асарч халамжлах тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ нь мөн гэр бүлийнхнийг хооронд нь буюу ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ хамт үйлчлэх боломжийг олгосноор эдгээр ажлыг хялбарчилж, хүчирхэгжүүлэх юм.

30. Өсвөр үеийнхэнд тохинуулагч ах, эгчийг тусгайлан хариуцуулж болох уу?

Болохгүй. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэдний гэр бүлд тохинуулах хүмүүс анхаарал халамж тавихаас гадна Аароны санваар, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид анхаарал халамж тавина.

31. Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийг насанд хүрсэн хамтрагчтай тохинуулахаар томилж болох уу?

Тийм. Сүүлийн үед гарсан “Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах нь” гэх баримтанд тусгасан удирдамжинд тохинууллын хамтралд өсвөр үеийнхнийг насанд хүрэгчидтэй хамтрагч болгосноор бүрдүүлж болно гэж заажээ. Тухайн удирдамжинд зааснаар “тохинууллыг” ямар нэгэн “үйл ажиллагаа” эсвэл “хичээл” гэж үзэж болохгүй гэсэн байна.

Удирдагчид өсвөр үеийнхнийг тохинууллын хамтрагчаар томилохдоо сүнсний өдөөлтөд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Насанд хүрсэн хамтрагчид үл ойлголцолд хүргэж болзошгүй нөхцөл байдлуудаас зайлсхийх ёстой. Хоёулхнаа үлдэх нөхцөлд болгоомжтой хандах ёстой бөгөөд ингэснээр өсвөр үеийнхэн тохинууллын аюулгүй болон амжилттай туршлагатай болно. Мөн өсвөр үеийнхнийг хүнд хэцүү нөхцөл байдалтай гэр орон, гэр бүлүүдэд томилохгүй байх мэргэн ухааныг ашигладаг байвал зохино.

32. Бүх Миа Мэйд болон Лоорел нар тохинуулах ажилд томилогдох ёстой юу?

Миа Мэйд болон Лоорел нарыг тохинууллын ажилд урьж оролцуулж болно. Эцэг эхчүүд болон удирдагчид залуу эмэгтэй болгонтой уулзаж зөвлөлдөх ёстой ба хэрвээ тэр үйлчлэл хийх боломжтой бөгөөд хүсэл зоригтой байгаа бол түүнийг тохинууллын ажилд томилж болно. Залуу эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагч байна.

33. Өсвөр үеийнхэнд хэн тохинууллын даалгавар өгдөг вэ?

Бишопын зөвшөөрч баталснаар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Миа Мэйд болон Лоорел нарт тохинууллын даалгавар өгдөг. Мөн бишопын зөвшөөрлөөр ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн багш болон пристүүдэд тохинууллын даалгавар өгнө.

Чуулгууд ба Халамжийн нийгэмлэг

34. Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгт анхаарал төвлөрүүлж байгаа нь бишопын болон тойргийн зөвлөлийн үүргийг бэхжүүлэх үү?

Тийм. Бишоп нь тэргүүлэх дээд прист бөгөөд “тойргийнхоо бусад удирдагчдад удирдамж, зөвлөгөө өгдөг” (Гарын авлага 1, 2.1.1). Тэрбээр тохинуулах даалгавар бүрийг хянаж баталдаг. Бишопын удирдлаган доор тойргийн зөвлөл нь “гишүүд гэрчлэлтэй болох, авралын ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдийг сахих, Есүс Христийн ариуссан дагалдагчид болоход нь хүмүүст [туслах]” (Гарын авлага 2, 4.4) үндсэн үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Тойргийн зөвлөлийн гишүүд болох ерөнхийлөгчид нь тус тус төлөөлдөг хүчирхэгжсэн ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэг нь тухайн зөвлөлийн үр бүтээлтэй үйл ажиллагааг бэхжүүлдэг юм.

35. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь улирал тутмын тохинууллын талаар ярилцлага хийхээс гадна чуулгын гишүүдийнхээр айлчилж эсвэл тэдэнтэй жилд доод тал нь нэг удаа ярилцлага хийдэг байх ёстой юу? ( Гарын авлага 2, 7.3.2-ыг үзнэ үү)

Тийм. Ерөнхий үүрэг хариуцлагынхаа хүрээнд ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь санваарын үүрэг хариуцлагатай холбоотой ярилцлагыг чуулгын гишүүдтэй хийдэг байвал зохино. Үүнд тухайн санваартны болон түүний эхнэр, гэр бүлийнх нь байдлын талаар жилд доод тал нь нэг удаа ярилцлага хийсэн байна. Ийм ярилцлагыг тухайн жилийн туршид хийсэн байж болно. Энэ ярилцлагыг хамтрагчтайгаа хамт хийдэг тохинуулах ярилцлагатай нэгтгэн холбож болохгүй.

36. Авралын ажлыг гүйцэлдүүлэхэд нь ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд хэн тусалж болох вэ?

Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тухайн ажлыг шаардлагын дагуу хэрэгжүүлэхэд гишүүдийг зохион байгуулж болно. Жишээлбэл, үйлчлэл, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг хуваалцах, халамж зэрэг ажлыг удирдаж, туслалцаа үзүүлэхэд гишүүдийг дуудаж болно.

37. Тойрогт нэгээс илүү ахлагчдын чуулга эсвэл Халамжийн нийгэмлэг байж болох уу?

Болно. Сургаал ба Гэрээ 107:89-д дурдсанаар тойргийн идэвхтэй Мелкизедек санваартны тоо ердийнхөөс олон байгаа тохиолдолд удирдагчид нэгээс илүү ахлагчдын чуулгыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд чуулга бүр нас, туршлага, санваарын алба, хүч чадлын хувьд аль болох тэнцвэртэй байх ёстой. Халамжийн нийгэмлэгийн хувьд ижил зарчим баримтална.

38. Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид нь тохинуулах ажилд туслуулахаар нэмэлт зөвлөхүүдийг дуудаж болох уу?

Болохгүй. Ерөнхийлөгч хоёр зөвлөхтэй байдаг. Хэрэв удирдагчид нэмэлт туслалцаа хэрэгтэй гэж үзвэл, тохинууллын нэг эсвэл түүнээс олон нарийн бичгийн дуудлага өгөх талаар бишоптойгоо зөвлөлдөж болно. Эдгээр тохинууллын нарийн бичгүүдийг, жишээлбэл, тохинууллын ярилцлагын хуваарь гаргах, хийсэн ярилцлагын улирал тутмын тайлан боловсруулах ажилд томилж болно.

Хэвлэх