Өсвөр үеийнхэн
Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий


“Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)

“Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Зураг
Орон дээрээ залбирч буй залуу эмэгтэй.

Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий

Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос Есүс Христ, Түүний бошиглогчдын сургаалыг олж унших болно. Эдгээр үнэнийг хөтчөө болгосноор та энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд таныг адислах сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийж чадна.

Есүс Христ бол мөнхөд үргэлжлэх баяр баясал өөд хөтлөх зам юм. Та нар эрх чөлөөгөө ашиглан, Есүс Христийг дагахыг сонгох аваас мөнхийн аз жаргалд хүргэх зам дээр гардаг. Есүс Христийг өөрийн жишиг, хадан сууриа болго. Амьдралаа Түүний сургаалаар бүтээж, сонголтуудаа тэдгээрээр үнэлж дүгнэ. Баптисм, ариун ёслолын үеэр мөн ариун сүм дотор хийдэг гэрээнүүд бол Христ дээрх бат бөх суурийг бүрдүүлэгч чулуунууд юм. Та нар бэрхшээл, уруу таталтуудтай нүүр тулсаар байх боловч Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр та нарт энэ бүхнийг даван туулахад тусална.

Та нар бол Бурханы хайртай сүнсэн хүүхдүүд билээ. Түүний аз жаргалын агуу төлөвлөгөө та нарт сүнслэг байдлаараа өсөж хөгжих, бурханлаг чадавхаа хөгжүүлэх боломжийг олгодог. Тиймээс л Бурхан Есүс Христийг та нарын Аврагч болгон илгээсэн.

Тэнгэр дэх Эцэг тань та нарт итгэдэг. Тэрээр Өөртэй нь холбогдох, мөн та нарын амьдралд Өөрийн хүчийг авчрах сайн мэдээний бүрэн байдал, ариун нандин ёслол, гэрээнүүд зэрэг агуу адислалуудыг өгсөн билээ. Эдгээр адислалын хамт үүрэг хариуцлага ирдэг. Тэр та нарыг дэлхийд өөрчлөлт гаргаж чадна гэдгийг мэддэг бөгөөд энэ нь олон тохиолдолд дэлхийгээс өөр байхыг шаарддаг. Сонголт хийхдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан та нарыг сүнслэг өдөөлтөөр адислах болно.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын зорилго бол та нарт тулгарч болох бүх сонголт дээр “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариулт өгөх явдал биш юм. Оронд нь Их Эзэн та нарыг илүү өндөр түвшний, илүү ариун арга зам буюу Өөрийнх нь арга замаар амьдрахыг урьж буй хэрэг юм. Энэхүү хөтөч та нарт Түүний арга замын талаар заах болно. Энэ нь Түүний илчилсэн үнэнүүдийг тайлбарладаг. Эдгээр үнэнийг сонголт хийхдээ—ариун сүмд гэрээ байгуулах, номлолд үйлчлэх гэх зэрэг чухал сонголтууд мөн хүмүүст хэрхэн хандах, цагаа хэрхэн өнгөрүүлэх гэх зэрэг өдөр тутам гарч ирэх сонголтууд хийхдээ хөтөч болгон ашигла.

Бусад хүн танд тусалж болох хэдий ч сүнслэг байдлын өсөлт хөгжил бол хувийн шинж чанартай зүйл юм. Энэ бол Их Эзэн, та хоёрын дунд байх зүйл юм. Тэр та нарын зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд гагцхүү Тэр эцсийн Шүүгч байж чадна. Өдөр бүр сайжрахын тулд хамгийн сайнаараа үйлдэж, Бурханы зарлигуудыг даган, гэрээнүүдээ хүндэтгэж, Аврагчид улам ойртоход бусдад тусал.

Мозая 4:29–30 (нүгэл үйлдэх маш олон янзын зам байдаг учир бид өөрсдийгөө хянаж байх ёстой); Хиламан 5:12 (Христ дээр сууриа барь); Сургаал ба Гэрээ 45:57 (Ариун Сүнсийг зам заагчаа болгон ав); 82:15 (Их Эзэнтэй өөрсдийгөө гэрээгээр холбо)-ыг үзнэ үү.

Зураг
Газрын зураг ашиглаж буй хүмүүсийн шигтгээ зураг

Энэ хөтөч хэрхэн зохион байгуулагдсан нь

Сэдэв бүр дараах 3 хэсгээс бүрддэг.

  1. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал болох мөнхийн үнэнүүд

  2. Тэдгээр үнэний дагуу үйлдэх урилгууд

  3. Сургаалаар нь амьдардаг хүмүүст Их Эзэний санал болгосон амлагдсан адислалууд

Хэвлэх