“Бурханаа хайрла, хөршөө хайрла,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)
“Бурханаа хайрла, хөршөө хайрла,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бурханаа хайрла, хөршөө хайрла
Maтай 22:37–40
Бурхан зөв сонголтуудыг хийхэд тань туслахын тулд зарлигуудыг өгдөг. Учир нь Тэр танд хайртай. Бурханыг хайрлах нь Түүний зарлигуудыг дагах хамгийн чухал шалтгаан юм. Хайр бол Бурханы тушаалуудын гол цөм юм.
Мөнхийн үнэнүүд
Бурхан танд хайртай. Тэр таны Эцэг бөгөөд Түүний төгс хайр таныг Өөрийг нь хайрлахад сүнслэгээр өдөөдөг. Таны Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр амьдралд тань хамгийн чухал нөлөөг үзүүлдэг болсон цагт олон шийдвэрийг гаргахад хялбар болох болно.
Бүх зарлиг дундаас хамгийн агуу хоёр тушаал бол Бурханаа хайрлах мөн хөршөө хайрлах юм хэмээн Есүс заасан. Мөн таны хөрш хэн бэ? Хүн бүр юм! Сударт болон бошиглогчдоор заагдсан бусад бүх зүйл энэ хоёр тушаалтай холбогддог.
Танаас өөр эсвэл үзэл бодол нийлдэггүй хүн бүрийг оролцуулаад бүгд таны ах дүүс юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь хүүхдүүд нэг нэгнээ хайрлаасай хэмээн хүсдэг. Та Түүний хүүхдүүдэд үйлчлэхдээ Түүнд үйлчилж байдаг.
Урилга
Бурханы зарлигуудыг сахиснаар Түүнийг хайрладгаа харуул. Жишээлбэл: Та ариун ёслолд итгэлтэйгээр бэлтгэж, үүнээс хүртэх гэх мэтээр Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар долоо хоногийн нэг өдрийг Бурханд зориулахад бэлэн байгаагаа Түүнд харуулдаг. Та мацаг барьж, аравны нэг ба өргөлүүдээ төлснөөр Бурханы ажил танд материаллаг зүйлсээс ч илүү чухал гэдгийг Түүнд харуулдаг. Та Бурханы болон Христийн нэрийг хэзээ ч хоосон эсвэл хаа хамаагүй бус, хүндэтгэлтэй ашигласнаар Тэдний таны төлөө хийсэн бүхэнд талархаж байгаагаа харуулж буй хэрэг юм.
Хүн бүрийг Бурханы хүүхэд гэж хар. Та Есүс Христийн шавийн хувьд бүх арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн бусад бүлгийг—ялангуяа зарим тохиолдолд бусдын шархлуулсан үг, үйлдлийн хохирогч болсон хүмүүст хайр, хүндлэлээр хандаж, тэднийг оролцуулахдаа манлайлж чадна. Ганцаардсан, тусгаарлагдсан эсвэл цөхөрсөн хүмүүст хүрч тусал. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь тэдэнд тусал.
Ойр ч бай, онлайнаар ч бай харилцахдаа таны хэл яриа Бурханыг болон бусдыг хайрлах хайрыг илэрхийлж байгаа эсэхийг анхаар. Тоглоом шоглоомоор ч байсан талцуулсан, шархлуулсан, гомдоосон бус харин өргөн дэмжсэн өнгө аясаар ярь. Таны үг хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой. Энэ хүчтэй нөлөөг сайны төлөө ашигла.
Бурханы бүх хүүхдийг хайрлах нь гэр орноос эхэлдэг. Гэр орноо хүн бүр Аврагчийн хайрыг мэдрэх газар болгохын тулд өөрөөс шалтгаалах зүйлсээ хий.
Амлагдсан адислалууд
Та нар Бурханы зарлигуудыг дагаж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих замаар хайраа илэрхийлснээр Бурхантай харилцах харилцаа тань гүнзгийрнэ.
Та нар Христийнхтэй адил үйлчлэлээр дамжуулж хайраа илэрхийлснээр бусадтай харилцах харилцаа тань гүнзгийрдэг. Та нар дэлхийг илүү их хайраар дүүрэн газар болгосноор баяр баясгаланг олно.
Асуулт, хариулт
Би Бурханы хайрыг хэрхэн мэдэрч болох вэ? Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх нь үргэлж боломжтой. Залбирлаар дамжуулан Түүнтэй байнга ярь. Сэтгэл доторхоо Түүнд уудлан ярьж, Түүнээс ирэх сүнслэг өдөөлтүүдийг сонс. Судруудаас Түүний үгийг унш. Таны төлөө хийсэн бүхнийг нь сана. Түүний Сүнс хаана, ямар үйл ажиллагаан дээр байна, тэнд бай.
Их Эзэн надаас хүн болгоныг, тэр тусмаа надад муухай хандсан хүмүүсийг ч хүртэл хайрлахыг хүсдэг үү? Их Эзэн танаас дайснуудаа хайрлахыг мөн танд зүй бус хандсан хүмүүсийн төлөө залбирахыг хүсдэг. Гэсэн хэдий ч энэ нь таныг сэтгэл санаа, бие махбод, сүнслэг байдлын хувьд гэмтээх нөхцөл байдалд үлд гэсэн үг биш юм. Өөрийгөө аюулгүй байлгахын тулд эрүүл хил хязгаар тогтоо. Хэрэв та дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртсөн бол эсвэл өөр хэн нэгэнд ийм зүйл тохиолдож байгааг мэдэж байгаа бол насанд хүрсэн итгэл даах хүнд хэл.
Би хэзээ, хэрхэн эсрэг хүйсийн хүүхдүүдтэй танилцаж болох вэ? Бусдыг танин мэдэх хамгийн сайн арга бол үнэнч нөхөрлөл юм. Залуу байхдаа олон хүнтэй сайхан нөхөрлөлийг бий болго. Зарим соёлд эсрэг хүйсийн хүмүүстэй бүлгийн аюулгүй үйл ажиллагаагаар дамжуулан танилцдаг. Сэтгэл санаа, сүнслэг байдлын өсөлт хөгжил, аюулгүй байдлын үүднээс ганцаарчилсан үйл ажиллагааг том болох хүртлээ хойшлуулах хэрэгтэй байдаг ба 16 нас бол тохиромжтой нас юм. Эцэг эх, удирдагчтайгаа зөвлөлд. Зөвхөн хоёулаа хийх болзоог том болох хүртлээ хойшлуул. Есүс Христэд өгсөн амлалтаа сахихад тань туслах хүмүүстэй цагийг өнгөрүүл.
Хэрэв миний гэр орон хайр мэдрэгдсэн газар биш бол би юу хийж болох вэ? Аврагч тань таны нөхцөл байдлыг мэддэг бөгөөд танд хайртай. Тэвчээртэй байж, Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагаж, гэр бүлдээ сайн үлгэр жишээ нь бай. Өөрийн тойрогт харилцаа холбоо бий болго. Есүс Христийн сургаал дээр суурилсан өөрийн гэсэн гэр бүлтэй болохын тулд одооноос бэлтгэ.
Исаиа 58:3–11 (мацгийн зорилго); 58:13–14 (хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирэх адислал); Малахи 3:8–10 (аравны нэг төлснөөр ирэх адислал); Лук 6:27–28 (дайснаа хайрла); 10:25–37 (миний хөрш хэн бэ?); Иохан 3:16–17 (Бурхан биднийг хайрласан тул Хүүгээ илгээсэн); 14:15 (бид Бурханыг хайрладаг тул зарлигуудыг сахидаг); 1 Иохан 4:19 (Тэр биднийг хайрладаг тул бид Бурханыг хайрладаг); Мозая 2:17 (бид бусдад үйлчлэхдээ Бурхандаа үйлчилдэг)-г үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд
Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхээ гишүүд мөн бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?
Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, Сүм дээр ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?