“Таны бие махбод бол ариун нандин юм,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)
“Таны бие махбод бол ариун нандин юм,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Таны бие махбод бол ариун нандин юм
1 Коринт 6:18–20
Таны бие махбод бол Тэнгэрлэг Эцэгээс тань өгсөн гайхамшигтай бэлэг юм. Тэр Өөртэй нь улам адилхан болоход тань туслахын тулд бие махбодыг өгсөн. Бие махбодтой байх нь сонгох эрх чөлөөгөө хэрэгжүүлэх хүчийг нэмэгдүүлдэг. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь бие махбодоо Бурханы нүдээр харахад тань туслах болно. Энэ нь бие махбодоо хэрхэн авч явах, хэрхэн анхаарах тал дээр томоохон өөрчлөлт гаргахад нөлөөлнө.
Мөнхийн үнэнүүд
Таны бие махбод бол орчлонгийн хамгийн сүр жавхлант оршихуйн алдар суут Нэгэн болох Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Судрууд бидний бие махбодыг Сүнсний оршдог ариун сүмтэй харьцуулсан байдаг. Мэдээж таны бие махбод одоо төгс биш байна. Гэсэн хэдий ч бие махбодоороо туулж буй туршлагууд тань хэзээ нэг өдөр төгс, амилуулагдсан, алдар суут бие махбодыг хүлээн авахаар бэлтгэхэд туслах юм.
Таны бодгаль бие махбод, сүнс хоёроос бүрддэг. Тиймээс биеийн болон сүнслэг эрүүл мэнд хоорондоо уялдаа холбоотой. Аврагч бие махбоддоо анхаарал тавих зарчмуудыг заахын тулд Мэргэн ухааны үгийг илчилсэн бөгөөд энэ нь бие махбодын болон сүнслэг адислалуудыг амладаг.
Бэлгийн дур хүсэл нь Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд аз жаргалтай гэрлэлт, мөнхийн гэр бүлийг бий болгодог. Энэ мэдрэмж нь нүгэл биш, харин ариун нандин зүйл юм. Бэлгийн дур хүсэл нь үнэхээр ариун нандин, хүчирхэг зүйл учир энэ мэдрэмжийг Өөрийнх нь зорилгын дагуу ашиглахад тань бэлтгэх үүднээс Бурхан ариун явдлын хуулийг өгсөн. Ариун явдлын хууль дээр зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд бэлгийн харьцаа байж болохыг Бурхан зөвшөөрдөг талаар өгүүлдэг. Дэлхий дээр олон хүн Бурханы хуулийг үл ойшоож, бүр доог тохуу хийдэг ч Бурхан биднийг Өөрийнх нь шавь байх, дэлхийн жишгээс өндөр жишгээр амьдрахыг урьдаг.
Урилга
Өөрийн болон бусдын бие махбодод хүндэтгэлтэй ханд. Та өөрийн хувцаслалт, үс засалт, гадаад төрхийн тал дээр сонголт хийх үедээ өөрөөсөө, “Би бие махбодоо Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүндэтгэн үзэж байна уу?” гэж асуу. Тэнгэрлэг Эцэг биднийг бие биеэ зүгээр нэг бие махбод биш, харин бурханлаг хувь тавилантай, Өөрийнх нь хайрлагдсан хүүхдүүд гэж хараасай хэмээн хүсдэг. Мөнхийн ирээдүйтэй Бурханы хүүхэд гэдгийг тань илтгэхийн оронд бие махбодод зохимжгүй байдлаар анхаарал татах эсвэл үүнийг тодотгон харуулах загвараас зайлсхий. Ёс суртахууны цэвэр байдал, Бурханыг гэсэн хайраар сонголтоо хий. Эцэг эхээсээ зөвлөгөө эрэлхийл.
Бие махбодоо өвтгөх, гэмтээх зүйлсийг бус харин хүчирхэгжүүлэх зүйлсийг хий. Бурханы өгсөн олон сайн сайхан зүйлийг талархалтайгаар хүлээн ав. Тэгэхдээ согтууруулах ундаа, тамхи, кофе, цай болон бусад хортой бодис нь таны бие махбод, сүнсэнд зориулагдаагүй гэдгийг сана. Жороор олгох эм зэрэг ач тустай бодисууд хүртэл зөв хэрэглээгүй тохиолдолд хор хөнөөл учруулж болно.
Бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг ариун нандин байлга. Тэдгээрийг тоглоом шоглоом, зугаа цэнгэлийн сэдэв болгох ёсгүй. Гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай байсан ч хүрч болохгүй. Хийх, харах, унших, сонсох, бодох, олон нийтийн сүлжээнд нийтлэх зүйлдээ эсвэл зурвас илгээх сонголт хийх үедээ өөртөө болон бусдад тачаадсан мэдрэмж санаатайгаар төрүүлэх аливаа зүйлээс зайлсхий. Үүнд аливаа хэлбэрийн порнограф орно. Хэрэв та тухайн нөхцөл байдал эсвэл үйл ажиллагаа уруу таталтыг илүү даамжруулж байгааг анзаарвал тэдгээрээс зайлсхий. Тэдгээр нөхцөл байдал, үйл ажиллагаа юу байж болохыг та мэднэ. Хэрэв та өөртэй итгэлтэй биш байвал Сүнс, эцэг эх, удирдагчид тань таньж мэдэхэд тань тусалж чадна. Тэнгэр дэх Эцэгтээ амьдралыг бий болгох ариун нандин хүчийг хүндэтгэн дээдэлж байгаагаа харуул.
Амлагдсан адислалууд
Зан авир, гадаад төрх, хувцаслалтаараа бие махбодоо хүндэтгэн үзэж байгаагаа харуулах үед өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үзэх үзэл тань өсөн нэмэгдэх болно.
Мэргэн ухааны үгийг сахидаг хүмүүст Их Эзэн мэдлэгийн агуу их сан хөмрөгийг амласан. Донтолтоос ангид эрүүл бие махбод нь түүнчлэн хувийн илчлэлт хүлээн авах, эрүүлээр сэтгэн бодох, Их Эзэнд үйлчлэх чадавхыг тань нэмэгдүүлдэг.
Ариун явдлын хуулиар амьдарснаар Бурханы дэмжлэг, хувийн сүнслэг хүч ирдэг. Таныг гэрлэх үед энэхүү хууль гэр бүлийн амьдралд тань илүү их хайр, итгэлцэл, нэгдмэл байдлыг авчрах болно. Энэ хуулийг дагах нь танд мөнхөд өсөж хөгжин, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох боломжийг олгоно. Есүс Христийн шавийн амьдралаар амьдрах үед өөртөө итгэх итгэл тань өсөн нэмэгдэх болно.
Асуулт, хариулт
Хувцаслалт, үс засалт, шивээс, арьсаа цоолох тухайд Их Эзэний жишиг юу вэ? Их Эзэний та нарт өгсөн жишиг болох дэлхийнхнээс өөр байх гэдэг нь бие махбодын ариун нандин байдлыг хүндэтгэн авч явах явдал юм. Сонголт хийх үедээ—ялангуяа бие махбодод тань урт хугацааны нөлөө үзүүлэх шийдвэр гаргахын өмнө энэхүү үнэн хийгээд Ариун Сүнсээр хөтлүүл. Ухаалаг хийгээд итгэлтэй байж эцэг эх, удирдагчдаасаа зөвлөгөө хүс.
Би уруу таталт, муу зуршлуудаа хэрхэн ялан дийлж чадах вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт танд туслах хүч чадал бий. Залбирал, судраас судлах, бусдад үйлчлэх гэх мэт энэ хүчийг амьдралд тань авчрах зүйлсээр амьдралаа дүүргэ. Есүс Христэд мөн Түүний сайн мэдээнд хандвал та сул тал тань хүчирхэг тал болж хувирахыг харах болно. Шаардлагатай бол эцэг эх, удирдагч, мэргэжлийн зөвлөхүүдээс туслалцаа ав. Сүм донтолтын улмаас шаналж буй хүмүүст донтолтоос ангижрах хөтөлбөр санал болгодог. Энэ бол амьдралаа эргүүлэн авахад тань туслах Аврагчийн Сүмээс өгч буй адислал юм. Үүнд цаг хугацаа орох тул тэвчээртэй байж, хэзээ ч бүү бууж өгөөрэй.
Би ижил хүйстэндээ татагддаг. Эдгээр жишиг надад хэрхэн хамаарах вэ? Ижил хүйстэндээ татагдах нь нүгэл биш юм. Хэрэв танд ийм мэдрэмж төрж байгаа бол мэдрэмждээ хөтлөгдөж, үйлдэл бүү хий. Та Тэнгэрлэг Эцэгийн ариун явдлын ариун нандин хуулиар амьдарч байгаа. Та бол Бурханы хайртай хүүхэд, Есүс Христийн шавь юм. Аврагч үзэж туулж буй бүхнийг тань ойлгодог гэдгийг санаарай. Та Бурхантай гэрээгээр холбогдсоноор Түүний зарлигуудыг дагах хүчтэй болж, Түүний амласан адислалуудыг хүлээн авах болно. Түүнд мөн Түүний сайн мэдээнд итгэ.
Би хүчирхийлэлд өртсөн, надад ичгүүртэй байна. Би нүглийн гэм буруутай юу? Хүчирхийлэл эсвэл халдлагын золиос болох нь таныг нүглийн гэм буруутан болгохгүй. Өөрийгөө гэм буруутай эсвэл ичгүүртэй байдалд орсон гэж бүү бодоорой. Аврагч танд хайртай. Тэр танд тусалж, эдгээж, амар амгаланг өгөхийг хүсдэг. Мэргэжлийн зөвлөхүүд, гэр бүлийн гишүүд, удирдагчид тань танд тусалж чадна.
Эхлэл 1:27 (бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн); Иохан 14:18 (Аврагч тайтгарал амладаг); Филиппой 4:7 (Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван); Сургаал ба Гэрээ 88:15 (Сүнс хийгээд бие нь хүмүүний бодгаль бөлгөө); 89 (Мэргэн ухааны үг); 121:45 (ариун журамт бодол санаа итгэлийг нэмэгдүүлдэг).
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох асуултууд
Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” (Сургаал ба Гэрээ 42:41) хэмээн хэлсэн. Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, зан үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү? Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?