Номын сан
1. Таны бүрэн цагийн номлогчийн туршлага


Шавь байх талаарх Аврагчийн сургаал, Жастин Күнз

1

Таны бүрэн цагийн номлогчийн туршлага

1.0

Оршил

Таны номлол таныг онцгойлон адислагдах тэр өдөр эхлээгүй бөгөөд номлолоосоо чөлөөлөгдөх өдөр ч дуусахгүй. Номлол бол өглөө ажил эсвэл сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсөөд, өдрийн төгсгөлд тайлдагтай адилгүй. Баптисм хүртсэн цагаасаа хойш та мөнхийн аз жаргал, баяр баясал, амар амгалан руу хөтөлдөг гэрээний замаар явж ирсэн. Таны бүрэн цагийн номлолын ажил өөрчлөлт авчирдаг үйл явдал хэдий ч таны амьдралын эрхэм зорилгын салшгүй нэгэн хэсэг байх ёстой.

Мөнхийн талаас нь харвал, таны бүрэн цагийн номлолын ажил бол хийх зүйлсийн жагсаалтаас гүйцэтгээд хасах ажил төдий биш, харин насан туршдаа Есүс Христийн шавь байхад тань туслах замнал юм.

Авралын энэ агуу ажилд оролцохоор шийдэх үед бидэнд ирэх адислал, онцгой боломжуудын талаар бошиглогч Иосеф Смит эргэцүүлэн бодсон байдаг. Тэрээр эхэн үеийн гэгээнтнүүдээс “Ах [эгч] дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах [эгч] дүүс минь тэгээд ялалт өөд ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг” (Сургаал ба Гэрээ 128:22) гэсэн байдаг.

Та Бурханаа мөн хөршөө хайрласнаар номлолынхоо ажилд таалан баяс. Энэ бол Есүс Христээр дамжуулан үүрдийн аз жаргал, амар амгаланг мэдэрч, баясах цаг үе юм.

1.1

Дуулгавартай байдал

Есүс Христийн үнэн шавь нар дуулгавартай байдаг. Аврагч “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээн заасан. Тушаалуудыг сахих гэдэг нь та Их Эзэнийг хайрладаг учраас Түүний хүссэн зүйлийг дуртайяа, итгэлтэй гүйцэтгэж, үүнийгээ “баяр хөөртэйгөөр” (Колоссай 1:11), “талархал хийгээд өгөөмөр зүрхээр” (Үйлс 2:46) үйлддэг гэсэн утгатай.

Есүс Христ бол төгс итгэлтэй байхын үлгэр жишээ мөн. Тэрээр зөвхөн Эцэгийн хүслийн дагуу үйлддэг байсан. Түүний бүх тушаалыг сахиж, номлогчийн жишгээр амьдрахын төлөө чадах бүхнээ хийж, Түүнийг дага. Итгэлтэй, дуулгавартай байх гэдэг нь та суралцаж, өсөж хөгжиж, сайжрахаар хичээж, алдаагаа хурдан засаж, өөрийн үйлдэлд хувийн хариуцлага хүлээж байна гэсэн утгатай.

Таны номлолын удирдагчид энэ гарын авлага дээрх зарчмуудыг хэрэгжүүлж сурахад тань байнга туслах болно.

Та тушаалуудыг болон номлолын жишгүүдээ дагаж, аливаад бодолтой хандвал хамгийн аюулгүй байх болно. Гэхдээ тушаалуудыг сахидаг байлаа ч гэсэн танд зовлон зүдгүүр, өвчин эмгэг, аюул тулгарч болно гэдгийг анхаараарай (Иохан 16:33-ыг үзнэ үү). Аврагч энэ бүхнийг амссан (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү) бөгөөд “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иохан 14:18) гэж амласан.

Бурхан танд хайртай. Та Бурханд хайртай учраас тушаалуудыг сахихыг сонгоорой. Их Эзэнтэй тохиролцож, өөрөөс тань шаардах зүйлсийг тохируулан гүйцэтгэснээр тодорхой адислалуудыг авах гэж бүү оролд. Таны баримтлах ёстой шаардлагуудыг эдгээр жишигт багтаасан бөгөөд тэдгээрийг Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга баталсан юм. Жишээ нь: Босдог цагаасаа эрт босох, (сар бүр мацаг барихаас илүү хэтрүүлж) хоол ундгүй явах, бэлтгэл өдрийг алгасах зэргээр Их Эзэнтэй наймаалцах гэж бүү оролдоорой.

1.2

Амьдралын жишиг

Бурхан таныг амьдралынхаа турш өөрийгөө Түүнд зориулахад урьдаг. Хувиараа суралцах, зорилго тавих, технологийг зөв ашиглах зэрэг номлолын жишгүүд нь таныг номлолд байхад тань адислах төдийгүй насан туршид тань тус болох болно.

Судрууд дахь зарлиг тушаал, Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2019) дахь зарчим, энэ номд тоймлосон номлогчийн жишиг зэргийг насан туршийн чиглүүлэх зарчмуудаа болгоорой. Та Бурханы зарлиг, жишгүүдийг дагавал Тэрээр таныг бүх амьдралын тань туршид удирдаж, адисалж, чиглүүлэх болно.