Миний Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын хүрээнд байх үүрэг хариуцлагын тоймыг доор оруулсан болно.
Хүүхдийн хэсгийн зорилго
Хүүхдийн хэсэг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний тухай суралцаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, таньж, мөн үүний дагуу үйлдэхэд нь тусалдаг. Хүүхдийн хэсэг нь хүүхдүүдийг Бурханы авралын болон өргөмжлөлийн ажилд оролцохдоо ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэх цаг болдог. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1-ийг үзнэ үү.)
Ерөнхийлөгч ба ерөнхийлөгчийн зөвлөл
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь хүүхдүүд гэрээний зам дээр гарч энэ замаараа урагшлахад нь бэлдэхэд эцэг эхчүүдэд тусалдаг. Энэ бол тэдний хамгийн чухал үүргүүдийн нэг юм. Ерөнхийлөгч тойргийн зөвлөлийн гишүүнээр үйлчилдэг. Тэр зөвлөхүүдтэйгээ тогтмол хурал хийхийн зэрэгцээ бишоптой эсвэл бишопын томилсон зөвлөхтэй мөн адил хуралдана. Ерөнхийлөгчийн зөвлөл нь хүүхдүүд, багш нар ба удирдагчдад тохинуулах замаар Хүүхдийн хэсгийн хурлууд болон Хүүхдийн хэсгийн удирдлагын хэрэгцээнд хяналт тавьдаг. (12.3.2-ыг үзнэ үү.)
Хүүхдийн хэсгийн анги ба дууны цаг
Хүүхдүүдэд заах нь онцгой эрх юм. Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийг хайрлаж, Аврагчийн арга барилаар тэдэнд заана. Хүүхдийн хэсгийн ангиудыг нас насаар нь мөн үйлчлэх боломжтой багшийн тоон дээр үндэслэн зохион байгуулна (12.1.3-ыг үзнэ үү). Дууны цаг нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцахад тусалдаг (12.1.4-ийг үзнэ үү).
Хурал ба зөвлөгөөн
Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч тойргийн удирдагчидтай уулзаж мөн зөвлөлдөхдөө хүүхдүүдийнхээ хэрэгцээг төлөөлнө. Үүнд бишоп эсвэл томилогдсон зөвлөх, тойргийн зөвлөл, ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг, эцэг эх болон бусад хүмүүстэй хийдэг явцын хурлууд орно. 12.3.2-ыг үзнэ үү.
Багш нар ба удирдагчид
Бурханы хүүхдүүдэд заах нь ариун нандин үүрэг юм. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл хүүхдийн хэсгийн анги, балчир анги, дуулах цаг дээр Хүүхдийн хэсгийн багш болон удирдагчдад дэмжлэг үзүүлнэ (12.3.5-ыг үзнэ үү). Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Хүүхдийн хэсэгт Балчир хүүхдийн ангийн дуудлагад үйлчлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бишопын зөвлөлд санал болгоно.
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа
Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаа хариуцсан удирдагчид Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах хөгжилтэй, сонирхолтой үйл ажиллагаануудыг төлөвлөнө. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, бусдыг адислах боломж бололцоог гаргаж өгөх ёстой. Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг ерөнхийдөө 8-11 насны хүүхдүүдэд зориулж сард 2 удаа зохион байгуулдаг. (12.3.6-г үзнэ үү.)
Удирдамж ба бодлого журам
Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалтад хамрагдсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холбоотой удирдамж ба бодлого журам, аюулгүй байдлын шаардлагууд, Хүүхэд, Өсвөр үеийнхний хөтөлбөр болон бусад зүйлсийг Ерөнхий гарын авлагын 12.5-р хэсгээс олж үзэж болно.