Номлолын дуудлагууд
9-р бүлэг: Заах хүмүүсийг ол


“9-р бүлэг: Заах хүмүүсийг ол,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“9-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Сайн хоньчин, Дэл Парсон

9-р бүлэг

Заах хүмүүсийг ол

Дараахыг эргэцүүлэн бод.

  • Би заах хүмүүсийг олохын тулд Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

  • Бид хэрхэн алсын хараагаа тэлж, заах хүн олох төлөвлөгөөгөө сайжруулах вэ?

  • Би өдөр бүр уулзах хүмүүстэйгээ ярилцах чадвар, өөртөө итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

  • Бид сайн мэдээг хуваалцах ажилд гишүүдтэй хэрхэн нэгдэж чадах вэ?

  • Бид сонирхож магадгүй хүмүүсийн мэдээллийг авахын тулд юу хийх ёстой вэ?

  • Заах хүмүүсийг олохын тулд ашиглаж үзээгүй ямар ямар санаа надад байна вэ?

Амилсан Аврагч шавь нартаа “яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” хэмээн зарлигласан (Maтай 28:19; мөн Марк 16:15-ыг үзнэ үү). Их Эзэн бидний үед энэ даалгаврыг давтаж, “Бүх дэлхийгээр явж [мөн] сайн мэдээг номло” гэж хэлсэн (Сургаал ба Гэрээ 68:8; мөн 50:14-ийг үзнэ үү).

Номлогчийн ажил бол хүмүүсийг хайж олох, тэдэнд заах, баптисм хүртээхэд бэлтгэх явдал юм. “Та нарыг хүлээн авах тэднийг ол[сноор]” (Сургаал ба Гэрээ 42:8) та Их Эзэний өгсөн сайн мэдээг зааж, хөрвөгчдөд баптисм хүртээх даалгаврыг биелүүлэх юм. Заах хүнээ олох хүртэл номлолын тань ажил явагдахгүй. Сайн мэдээг танилцуулах боломжийг цаг ямагт эрэлхийл. Танай бүсэд үр дүнтэй байдаг арга замуудыг ашиглаж сур.

Ялангуяа хүмүүсийг хайж олоход гишүүдтэй хамтран ажиллах нь чухал. Тэдний итгэлийг олохын тулд шаргуу ажилла. Гишүүд номлогчдод итгэдэг болбол тэд найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ урьж авчран, тантай уулзуулах магадлал ихэсдэг. Тэр хүмүүс ч Их Эзэнд хөрвөгдөж, баптисм хүртэж, сайн мэдээний замд өсөж хөгжих магадлал өндөр байдаг.

Хүмүүсийг олох нь тухайн хүн сайн мэдээг сонсоход бэлэн байгаа эсэхээс шалтгаална. Хэзээ гэдэг нь хүн бүрийн хувьд өөр өөр байна. Анх уулзаад эсвэл урт хугацааны туршид олон удаа уулзаж байж үр дүнд хүрч ч болох юм. Олон хүн сайн мэдээг нухацтай судалж эхлэхээсээ өмнө номлогчидтой эсвэл Сүмийн гишүүдтэй хэд хэдэн удаа уулзсан байдаг. Тэдэнтэй дахин холбоо барихаас бүү эргэлз.

Хүмүүс хайж олох ажил тань шилжиж явсны тань дараа эсвэл номлолоо дуусгасны тань дараа ч үр дүнгээ өгч магад. Цаг хугацаа, үр дүнгээс үл хамааран Их Эзэн таны хийсэн ажилд талархдаг.

Энэ бүлэгт заах хүн олоход туслах зарчим, санаануудыг тоймлон харуулав. Эдгээр нь ерөнхий зарчим юм. Гэсэн ч номлогчид болон номлолын удирдагчид тэдгээрийг нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.

Заах хүмүүсийг олохын тулд итгэлээ хэрэгжүүл

Хаана ч үйлчилж байсан Их Эзэн таныг “сүнсийг аврахын төлөө” хөдөлмөрлөхөд дуудсан (Сургаал ба Гэрээ 100:4-ийг үзнэ үү). Ийн үйлдэхийн тулд та заах хүмүүсийг олохдоо Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, тэдэнд Түүнийг дагаж баптисм хүртэх сонголтыг олгох хэрэгтэй.

Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим юм. Их Эзэн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэж байгаа гэдэгт итгэ. Тэрээр таныг тэдэн рүү, эсвэл тэднийг тан руу хөтөлнө гэдэгт итгэж, тэвчээртэй бай. Заах хүмүүсийг олохын тулд зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх замаар итгэлийнхээ дагуу үйлд (8-р бүлгийг үзнэ үү).

Залбирч буй номлогчид

Заах хүн олохын тулд итгэлтэйгээр залбиран, Бурханы тусламжийг эрэлхийл. Алма зорамчуудад номлох ажлыг удирдаж байхдаа “Ай Их Эзэн, тэднийг дахин Христээр танд авчрахад амжилттай байхыг та бидэнд зөвшөөрнө үү. Болгоогтун, Ай Их Эзэн, тэдний бодгаль нь эрхэм үнэт … ; тиймийн тул, бид тэднийг, … дахин танд авчирч болохын тулд, Ай Их Эзэн, хүчин чадал хийгээд мэргэн ухааныг бидэнд өгөөч” (Алма 31:34–35) хэмээн залбирсан.

Тантай уулзах хүмүүс ихэвчлэн өөрсдөө олж авах хүртлээ сэргээгдсэн сайн мэдээг хайж байснаа мэддэггүй. Жишээлбэл: Нэгэн хөрвөгч: “Сайн мэдээг сонссоноор, огт мэддэггүй байсан зүрхэн дэх хоосон орон зай минь дүүрсэн” гэжээ. Өөр нэгэн хүн: “Хайж байснаа ч мэдэхгүй байсан тэр зүйлээ би олсон” гэж хэлэв. Харин зарим нь үнэнийг идэвхтэй хайж байгаа ч хаанаас олохоо мэддэггүй (Сургаал ба Гэрээ 123:12-ыг үзнэ үү).

Заах хүн хайж байхдаа Сүнсний удирдамжийг эрэлхийл. Сүнсээр олох нь Сүнсээр заахтай адилхан чухал. Таныг хүлээж авах хүмүүсийг хэрхэн олж чадахаа мэднэ гэдэгтээ итгэ.

Хамтрагчтайгаа судлах

Танай бүсэд Сүмд хөрвөгдсөн гишүүд байж болох юм. Тэдний Сүмтэй хэрхэн холбогдсоныг асуу. Тэдний хариулт заах хүмүүсийг хэрхэн олох талаар ойлголт өгч магад. Мөн номлогчид тэдэнд үнэнийг зааж байсныг хэрхэн мэдсэнийг нь асуу. Тэдний туршлагыг судлах тэмдэглэлдээ хураангуйлж бич.

Судраас судлах

Бурханы хүүхдүүдийг сэргээгдсэн сайн мэдээнд хэрхэн бэлтгэж мөн чиглүүлдэг вэ?

Заах хүн хайж олох төлөвлөгөөнийхөө алсын харааг тэл

Заах хүмүүсийг хайж олохоор ажиллахдаа цагийн хуваарь гаргах, төлөвлөх нь хоорондоо ялгаатай гэдгийг анхаар. Цагийн хуваарь гаргах нь төлөвлөгч дэвтрээ бөглөж, тухайн өдөр хийх зүйлээ бичих явдал юм. Төлөвлөх нь хүмүүс дээр болон тэднийг олох хамгийн сайн арга зам дээр анхаарлаа хандуулан залбирч, зорилго тавин ажиллах явдал юм.

Зөв цагт зөв газар зөв үйл ажиллагаа явуулах нь танд заах хүн олоход тусална. Өөртөө дараах асуултыг тавь.

  • Их Эзэний бэлтгэж байгаа хүмүүстэй бид хаана уулзах магадлалтай вэ?

  • Өдрийн эсвэл долоо хоногийн тодорхой нэгэн цагт хүмүүсийг олоход хамгийн тохиромжтой ямар газар, ямар төрлийн үйл ажиллагаанууд байж болох вэ?

  • Бид яг одоо хэрхэн тэдэнд хайраа харуулж, үйлчилж, амьдралд нь утга учир өгч болох вэ?

  • Бид өөрсдийн хүч чадал, ур чадвар, авьяасыг хэрхэн тэдэнд урам зориг өгөхөд ашиглаж болох вэ?

  • Ямар нэг зүйл болохгүй байвал бидэнд нөөц төлөвлөгөө байгаа юу?

Их Эзэн хүмүүсийг бэлтгэж буй арга замуудыг ялган танихыг хичээ. Тэд тантай ярилцахад бэлэн байна уу? Тэд тусламж, тайтгарлыг хайж байна уу?

Хүмүүсийг хайж олоход үр дүнтэй байсан ажлуудынхаа талаар бод. Анх хаана уулзсан бэ? Ийн уулзахад орон нутгийн гишүүд оролцсон уу? Технологи ашигласан уу?

Төлөвлөж эхлэхдээ хүмүүсийг хэрхэн адислахад төвлөрвөл таны хуваарийн зураглал гарч ирэх болно.

Хамтрагчтайгаа судлах

Заах хүн хайж олох ажлаа хамтрагчтайгаа хамт үнэлэхдээ доорх хүснэгтийг ашиглана уу. Шинэ санаануудыг туршиж үзэхээр төлөвлө.

Заах хүн олох ажил

Заримдаа

Ихэнхдээ

Үргэлж

Бид гишүүдтэй, тэр дотроо шинэ гишүүд, өсвөр үеийнхэн, номлолд үйлчлэхээр бэлдэж байгаа хүмүүс, буцаж ирсэн номлогчид, гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүлүүд болон ахлагч болох боломжтой ах нартай танилцаж, сайн мэдээг хуваалцахын тулд хийж буй ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Бид гишүүдийн итгэлийг олохын тулд ажилладаг бөгөөд ингэснээр тэд гэр бүлийн гишүүд, найз нөхдөө бидэнтэй сэтгэл амар уулзуулах болно.

Бид долоо хоног тутмын зохицуулах хурлаар заах хүн хайж олох ажилдаа тусламж дэмжлэг авч, холбоо барьж болох хүмүүс байгаа эсэхийг олж мэдэхийн тулд тойргийн ахлагчидтай хамтран ажилладаг.

Бид одоо заалгаж байгаа, өмнө нь заалгаж байсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллийг нь авсан хүмүүстэй ажилладаг.

Өдөр бүр бид аль болох олон хүнтэй ярилцдаг.

Бид заах хүмүүсийг хайж олоход сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө бэлдэж, ийн төлөвлөхдөө Бурханаас тусламж хүсэн залбирдаг.

Биднээр заалгах хүмүүсийг Их Эзэн бэлдэж байгаа гэдэгт бид итгэдэг.

Бид уулзсан хүмүүстээ Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд нь хэрхэн туслах талаар бодож үздэг.

Бид заах хүн олох өдрийн болон долоо хоногийн тодорхой зорилгууд тавьдаг (8-р бүлгийг үзнэ үү).

Бид заах хүмүүсийг байнга хайдаг.

Бид бүтээлч байж, хүмүүсийг олохын тулд янз бүрийн арга барил ашигладаг. Бид шинэ арга барилуудыг туршиж үзэн, баригдмал байдалд орохоос зайлсхийдэг.

Бид заах хүн олохыг зорин, онцгойлон төлөвлөдөг. Бид хэзээ, хаана, хэрхэн төвлөрч ажиллахаа төлөвлөдөг.

Аль газар, аль цаг нь заах хүмүүсийг олоход хамгийн тохиромжтой болохыг бид бодож үздэг.

Өнгөрсөн хугацаанд ямар үйл ажиллагаа заах хүмүүсийг хайж олоход үр дүнтэй байсныг бид мөн авч үздэг.

Шаардлагатай бол бид заах хүн хайж олох төлөвлөгөөгөө өөрчилж, төлөвлөснөөр болохгүй тохиолдолд ашиглах нөөц төлөвлөгөөтэй байдаг.

Бид заах хүн олох, зорилго тавих, төлөвлөгөө гаргах, өдөр бүр тайлангаа эргэн харж, шинэчлэхдээ “Миний сайн мэдээг номло” аппликэйшныг ашигладаг.

Бид заах хүн олохын тулд хувийн авьяас чадвар, хүч чадлаа ашигладаг.

Бид заах хүн олохдоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бусад технологийг хэзээ, хэрхэн ашиглахаа төлөвлөдөг.

Бид орон нутгийн хүмүүсийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн хэвлэл мэдээллийн компанит ажил явуулж, орон нутгийн боломж бололцоог ашигладаг.

Бид сонирхож буй хүмүүсийн онлайн хүсэлт, мэссэжнүүдэд хурдан шуурхай хариулдаг.

Бид нийгмийн сүлжээн дэх постоо урьдчилан төлөвлөж, онлайнаар заах хүн хайж олохоор гишүүдтэй хамт ажилладаг.

Заах хүн хайж олоход хичээнгүй хандах

Заах хүн олохоор тогтмол хайдаг бол

Сэргээгдсэн Сүмийн эхэн үед Их Эзэн хэсэг ахад Өөрийнх нь сайн мэдээг “зам зууртаа” заахыг ахин дахин захисан. Тэр тэднийг сайн мэдээг хуваалцах бүх боломж бололцоог ашиглаасай хэмээн хүсжээ. (Сургаал ба Гэрээ 52:9–10, 22–23, 25–27-г үзнэ үү.)

Заах хүн хайж олохдоо энэ зааврыг дага. Өдрийн турш заах хүмүүсийг хайж олохоор хичээнгүйлэн хөдөлмөрлө. Заах хүн хайж олох ажлаа төлөвлөхийн зэрэгцээ төлөвлөөгүй боломжуудыг олж хар. Заах шинэ хүнийг байнга хайж олох хэрэгтэй.

Сүнслэг өдөөлт эрэлхийлж, янз бүрийн арга замыг ашиглахад бэлэн бай. Танай бүсэд хамгийн үр дүнтэй байгаа арга замуудад анхаарлаа төвлөрүүл.

Христ Петр, Андрей хоёрыг дуудаж байгаа нь, Жэймс Т.Харвүд

Дэгээгээ усанд байлга

Номлогчдын ажлын талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

“Бүхэл өдөржингөө загасчилж байна гэж бодох боловч үнэн хэрэгтээ ихэнх цагаа гол руу явахад бас ирэх замдаа зарцуулж, өдрийн хоол идэж, хэрэгсэлтэйгээ зууралдан хамаг цагаа зарцуулдаг загасчинтай бид хэрхэвч адилхан байх ёсгүй. Сайн загасчлах нь орон байрнаасаа хэдэн цаг хол байсандаа биш, харин хэр удаан дэгээгээ усанд тавихтай холбоотой. Зарим загасчин гэрээсээ арван хоёр цаг хол байж, дэгээгээ арван цаг усанд тавьдаг. Харин зарим нь гэрээсээ арван хоёр цаг хол байж, дэгээгээ усанд дөнгөж хоёр цаг тавьдаг. Хоёр дахь төрлийн хүмүүс яагаад бусадтай адилхан амжилт гаргахгүй байгаадаа гайхаж магадгүй.

‘Хүмүүсийн загасчид’ [Матай 4:19] хэмээн Эзэний нэрлэсэн номлогчдод энэхүү зарчим хамаатай. Номлогч байрнаасаа гарсан яг тэр мөчөөс эхлэн усанд дэгээгээ хаях ёстой” (seminar for new mission presidents, June 20, 2000).

Загасны олон уурга

Ахлагч Квинтин Л.Күк дараах харьцуулалтаар үүнийг тайлбарласан. Тэр “усанд дэгээгээ” удаан байлгахын зэрэгцээ номлогчид заах хүмүүсийг хайж олохын тулд “усанд олон дэгээ тогтмол байлга” хэмээн заасан. …

“Тэд гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүлүүдийг тодорхойлж, холбоо барьдаг.

Тэд өөрсдийн [Preach My Gospel аппликэйшнаас] өмнө нь хичээл заалгаж байсан хүмүүсийг хайж олон, утсаар болон мессежээр холбогддог.

Тэд гишүүдэд мөн өмнө нь зааж байсан болон одоо зааж байгаа хүмүүст, ерөнхийдөө олон нийтэд үйлчилдэг. …

Тэд гишүүдэд олон нийтийн мэдээллийн платформ дээрээ хуваалцах сайн мэдээний захиаснуудыг бэлдэж гаргахад нь тусалдаг.

Тэд айлчлан очсон, хичээл заасан хүмүүсээсээ сонирхож байгаа хүмүүс байгаа эсэхийг лавладаг” (“Be Spiritual Pathfinders and Influencers,” missionary devotional, Sept. 10, 2020; тодотгол нэмэгдсэн).

Хамтрагчтайгаа судлах

Дараах асуултуудыг ярилц.

  • Өдрийн цагаар “усанд дэгээгээ” удаан байлгаж болох ямар ямар арга байдаг вэ?

  • Заах хүн олохын тулд усанд хэд хэдэн дэгээ тавих ямар ямар арга зам танд байдаг вэ?

  • Preach My Gospel аппликэйшны ямар үйлдлүүд танд тус болох вэ?

  • Та усанд олон дэгээ тавьж үлдээхэд туслах технологийг хэрхэн ашиглаж болох вэ?

Хүн бүхэнтэй ярих

Христэд бодгалиудыг авчрах гүн хүсэлтэй бол ( Мозая 28:3-ийг үзнэ үү). Энэ хүслийг мэдрэх үед, заах хүн хайж олохын тулд хийж буй ажлаас тань таны хайр, бусдыг гэсэн сэтгэл харагдана. Таны хайр мөн харилцан ярианаас тань илэрнэ.

Өдөр бүр аль болох олон хүнтэй ярилц. Хаана ч явсан тэдэнтэй ярилц. Тохиромжтой газарт айлаас айл руу яв. Их Эзэн Сүмийн эхэн үеийн зарим ахлагчид “Миний сайн мэдээг тунхаглахын тулд чи амаа нээх ёстой” хэмээн захисан. Дараа нь Тэрээр заах үгсээр тэдний ам “дүүргэгдэх болно” хэмээн амлажээ (Сургаал ба Гэрээ 30:5; мөн 33:7–10-ыг үзнэ үү).

Үүний нэгэн адил Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт “Хүмүүст дуу хоолойгоо өргө; Та нарын зүрх сэтгэлд Миний оруулах бодлуудыг хэл” гээд, дараа нь “юу гэж хэлэх нь яг тэр мөчид танд өгөгдөнө” (Сургаал ба Гэрээ 100:5–6) хэмээн амласан.

Хүмүүстэй уулзахдаа та Сүнс танд юу гэж хэлэхээ мэдэхэд тусалж байгааг мэдрэх болно. Гэсэн ч хэрэв танд мэдрэмж төрөхгүй байвал зүгээр л асууж, тэдний хариултыг сонсох замаар эхэл (энэ бүлгийн “Хүмүүсийг байгаа газраас нь ол” хэсгийг үзнэ үү). Эсвэл Их Эзэн Есүс Христийн талаар мөн Иосеф Смитийн Бурханы бошиглогч байх дуудлагын тухай ярьж болно.

Уулзсан хүмүүстэйгээ яриа өрнүүлэхэд тань тус болох санаанууд:

  • Халуун дулаан, өөрийнхөөрөө, найрсаг бай. Тухайн хүнтэй холбогдож, харилцан яриа өрнүүлэх арга замыг хайж ол.

  • Хүмүүсийн танд хэлж буй зүйлсийг чин сэтгэлээсээ сонс. Хүн бүрийн хэрэгцээ шаардлага, сонирхлыг ойлгохыг хичээ. Тохиромжтой бол хувийн зүгээс тусламж үзүүлэхийг санал болго.

  • Сайн мэдээ тэдний хэрэгцээ шаардлагыг хангахад хэрхэн тусалж болохыг бод. Дараа нь сайн мэдээний үндсэн үнэнийг зааж, илүү ихийг сурч мэдэхэд тэднийг урь. Сэргээгдсэн сайн мэдээ тэдний амьдралд хэрхэн илүү их итгэл найдвар, утга учир авчирч болохыг хуваалц.

  • Тэднээс гэр бүлийнх нь талаар асуу. Сэргээгдсэн сайн мэдээ гэр бүлийг нь хэрхэн адислахыг олж харахад тэдэнд тусал. Нас барсан өвөг дээдсийнх нь нэрсийг олоход тусална гэдгээ хэл.

  • Тэднийг ариун ёслолын цуглаанд ирэхэд урь.

  • Сүмийн товхимол, бусад материалыг хэвлэмэл болон дижитал хэлбэрээр өг.

  • Номлогчийн зорилгоо, яагаад номлолд үйлчлэхээр шийдсэнээ хуваалц.

Эдгээр зарчим нь гишүүдтэй харилцах харилцаанд тань мөн хамаарна.

Хүмүүстэй ярихаас бага зэрэг эмээх нь тохиолддог л зүйл. Сэргээгдсэн сайн мэдээг заах итгэлтэй, зоригтой байхын төлөө залбир. Уулзсан хүн бүр тань Бурханы гэр бүлийн хувьд таны ах, эгч, дүү юм. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэдгийг сана.

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

   

  •  

  •  

  •      

Судраас судлах

Заах хүн олох талаар та дараах судруудаас юу сурч болох вэ? Юу заавал зохих талаар та эдгээр судраас юу сурч болох вэ? Их Эзэн юу амласан бэ?

Гишүүдтэй нэгдэх

“Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих нь аврал, өргөмжлөлийн ажлын нэг хэсэг мөн” (Ерөнхий гарын авлага, 23.0). Заах хүн олохдоо Сүмийн гишүүдтэй хамтран ажилла. Гишүүд хэн нэгнийг тан руу явуулж, дараа нь хичээлд нь оролцох үед хүмүүс баптисм хүртэж, Сүмд идэвхтэй байх магадлал өндөр байдаг.

Орон нутгийн удирдагчидтай бат бөх харилцаа тогтоо

Бишопын зөвлөл, тойргийн бусад удирдагчтай бат бөх харилцаа тогтоо. Тойргийн номлолын удирдагч (хэрэв дуудагдсан бол) болон ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн таны гол холбоо барих хүмүүс юм. Долоо хоног тутмын зохицуулах хуралд тэдний удирдамж зааврыг авч, дэмжлэг үзүүл (13-р бүлгийг үзнэ үү).

Долоо хоног тутмын зохицуулах хурлын үеэр пристийн чуулгын туслах болон Залуу эмэгтэйчүүдийн насаар хамгийн эгчмэд ангийн ерөнхийлөгчтэй хамтран ажилла. Эдгээр өсвөр үеийнхэн сайн мэдээг хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд чуулга, ангийн гишүүдээ сайн мэдээг хуваалцахад урамшуулахад тусал. Өсвөр үеийн найз нөхдөө урих нь ийн үйлдэх нэг арга зам юм.

“Би орон нутгийн удирдагчдын хувьд адислал болж чадаж байна уу?” гэж өөрөөсөө тогтмол асууж бай. “Би хэрхэн туслах вэ?” гэсэн хандлагыг өөртөө төлөвшүүл. Мормоны Номын Аммоны адил, орон нутгийн удирдагчидтай үйлчилнэ гэсэн хандлагаар харьц (Алма 17:23–25-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон номлолын удирдагчдад хандан: “Та нар орон нутгийн удирдагчид, гишүүдээ хайрлаж сурна гэж би найдаж байна. Тэднийг дэмжиж, урам зориг өг. Номлогчдын эрч хүчийг гишүүдийн хөдөлшгүй хайр, тус дэмжлэгтэй хослуулах таны ур чадварыг юугаар ч орлуулшгүй юм. Таны амжилт асар хурдацтай өсөх болно” гэж заажээ (“Hopes of My Heart,” seminar for new mission leaders, June 23, 2019).

Эмэгтэйчүүдэд зааж буй номлогчид

Сайн мэдээг хуваалцах гишүүдийн хүчин чармайлтыг дэмж

Сайн мэдээг хуваалцахад гишүүдийг дэмжих, урамшуулах олон арга зам бий. Сайн мэдээ амьдралыг нь эрхэн адисалсан талаар эргэцүүлэн бодоход тэдэнд тусал. Тэднийг “дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргө[хөд]” (3 Нифай 18:24) урамшуул.

Гишүүдэд хайрлах, хуваалцах, урих зарчмыг хэрэгжүүлэхэд тусал. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх энгийн бөгөөд эвтэйхэн арга замуудын жишээг өг.

Хайрла. Бурханыг гэх хайраа харуулах нэг арга бол Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчлэх явдал. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөршүүдтэйгээ болон бусад хүнтэй хайраар харилцахад гишүүдийг урамшуул. Аливаа арга замаар хайраа илэрхийлэх нь Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахих чухал арга зам юм (Мозая 18:9–10-ыг үзнэ үү).

Хуваалц. Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрладаг учраас гишүүд Түүний өгсөн адислалуудыг бусадтай хуваалцахыг өөрийн эрхгүй хүсдэг (Иохан 13:34–35-ыг үзнэ үү). Сайн мэдээ тэдний амьдралыг хэрхэн адисалдаг талаар бусдад хэлэхэд гишүүдийг уриал. Тэднийг Аврагчийн талаар болон Түүний нөлөөний тухай ярихад урамшуулан дэмж. Хайр, цаг хугацаа, амьдралд болж өнгөрөх үйл явдлуудаа хуваалцахын баяр баясгаланг мэдрэхэд тэдэнд тусал. Энгийн бөгөөд эвтэйхэн арга замаар хуваалцахыг амьдралдаа аль хэдийн хийж байгаа зүйлсийнхээ нэгэн хэсэг болгож сурахад нь тэдэнд тусал.

Ахлагч Гари Э.Стивэнсон

“Бид бүгд бусадтай аливаа зүйлсээ хуваалцдаг. Бид үүнийг байнга хийдэг. Бид ямар кинонд мөн ямар хоолонд дуртайгаа, үздэг хөгжилтэй зүйлс, зочилсон газрууд, талархдаг урлаг, урам зориг авсан эшлэлүүдээ хуваалцдаг.

Бид бусадтай хуваалцдаг зүйлсийнхээ жагсаалтад Есүс Христийн сайн мэдээний талаарх дуртай зүйлсээ хэрхэн хялбархан нэмж оруулах вэ? … Сайн мэдээний талаарх эерэг туршлагуудаа бусадтай хуваалцсанаар бид Аврагчийн агуу даалгаврыг гүйцэлдүүлэхэд оролцдог.” (Гари Э.Стивэнсон, “Хайрла, хуваалц, урь,” 2022 оны 4-р сар, 86)

Урь. Аврагч бүх хүнийг Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авч, мөнх амьдралд бэлтгэхэд урьдаг (Алма 5:33–34-ийг үзнэ үү). Хуваалцахын адил урих гэдэг нь гишүүд өөрсдийн аль хэдийн хийж байгаа зүйлд гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ урьж оролцуулах явдал юм. Гишүүдийг дараах байдлаар хүмүүсийг урих талаар залбирахад урамшуул. Тухайлбал:

  • Ирээд, хар. Хүмүүсийг Есүс Христ, Түүний сайн мэдээ болон Сүмээр дамжуулан хүлээн авч болох адислалуудыг “ирж, харахад” урь.

    1:17
  • Ирээд, үйлчил. Хүмүүсийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст “ирж, үйлчлэхэд” урь.

  • Ирээд, нэгэн хэсэг нь бол. Хүмүүсийг Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд “ирж, нэгэн хэсэг нь болоход” урь.

Ахлагч Гари Э.Стивэнсон ийн хэлсэн. “Бидэнд бусдад өгч чадах олон зуун урилга байдаг. Бид бусдыг Есүс Христийн сайн мэдээг тайлбарладаг онлайн видео, ариун ёслолын цуглаан, тойргийн үйл ажиллагаа зэргийг ‘ирээд, харахад’ урьж болно. Мөн ‘ирээд, харах’ гэдэгт ариун сүмийг онцгойлон адислахаас өмнөх нээлттэй хаалганы өдөрлөгт зочлох, Мормоны Номыг унших зэрэг урилгууд орж болно. Зарим тохиолдолд урилгыг бид өөрсдөдөө, тухайлбал эргэн тойронд байгаа боломжуудаа анхаарч хараад, тэдгээрийн дагуу үйлдэхийг өөртөө сануулах замаар өгдөг” (“Хайрла, хуваалц, урь,” 86).

Хайрлаж, хуваалцаж, урихад нь өсвөр үеийнхэнд туслахаа бүү март. Өсвөр үеийнхэн найз нөхдөө хайрлаж, зүрх сэтгэлд байгаа бүхнээ хуваалцаж, тэднийг үйл ажиллагаанд урих онцгой авьяастай.

Тухайн хүн нь номлогчидтой уулзсан, аль эсвэл Сүмд нэгдсэн эсэхээс үл хамааран хайрлах, хуваалцах, урих зарчмаар амьдрахын тулд гаргаж буй аливаа хүчин чармайлт эерэг нөлөө үзүүлдгийг ойлгоход нь гишүүдэд тусал.

Гишүүдэд сайн мэдээг хуваалцахдаа өөрсдийн давуу талыг ашиглахад тусал. Зарим нь заах хүн олохдоо сайн байхад, зарим нь мундаг сайн багш байдаг. Харин зарим нь найз нөхөдтэйгөө харилцах төрөлхийн чадвартай байдаг бол зарим нь найз нөхдийнхөө төлөө залбирах дуртай байдаг. Хүн бүрд оролцох арга зам байгаа гэдгийг олж харахад тэдэнд тусал.

Гишүүдийнхээр зочлохдоо тодорхой зорилготой очиж бай. Та заах хүн хайж олох болон заах ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулж байгаагаа харуул. Тэдний цаг зав, төлөвлөсөн ажлын хуваарийг хүндэтгэ.

Зарим гишүүн аль нэг хичээлийн захиасыг заахыг танаас хүсэж болох юм. Сайн мэдээний үнэнүүд амьдралыг өөрчилдөг. Гишүүдийн сайн мэдээний талаарх ойлголтыг бэхжүүлэх нь тэдний танд итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн мэдээг хуваалцах урам зоригийг нэмэгдүүлнэ. Тэдэнд Сүнсийг ялган таньж, өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд тусал.

Гэрийнхнийх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл, ахлагч болох боломжтой ах нар, эргэн ирж буй гишүүд, шинэ гишүүд зэргээр дамжуулан, заах хүмүүсийг хайж олохыг эрэлхийл. Тэдэнд өөр шашин шүтлэгтэй гэр бүлийн олон гишүүн, найз нөхөд байх магадлал өндөр.

Гишүүдтэй хийх бүх зүйлдээ Сүнсийг дагаж, тэдний Аврагч Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхийг эрэлхийл.

Сайн мэдээг хуваалцахад нь гишүүдийг хэрхэн дэмжиж болох өөр олон санаа, эх сурвалжийг авах бол дараахыг үзнэ үү. Үүнд:

Сайн мэдээг хуваалцсанаар ирэх адислалуудыг амла

Сайн мэдээг хуваалцахын гайхамшигт адислалуудыг ойлгоход гишүүдэд тусал. Үүнд:

Хамтрагчтайгаа судлах

  • Долоо хоног тутмын сүүлд болсон зохицуулах хурлаа эргэн хар. Та уг хурлыг хэрхэн илүү үр дүнтэй болгох байсан бэ? Тойргийн удирдагчдын хүсэлтийг авч үзэн хэрхэн, хэзээ хариу өгөхөө төлөвлө.

  • Дараагийн зохицуулах хурлаар номлогчийн хувьд хийж буй ажлаа хэрхэн зохицуулахаа төлөвлө.

  • Тойргийн удирдагчдын (эрэгтэй, эмэгтэй) нэрийг мэдэж ав. Тэдэнтэй илүү бат бөх харилцаатай болж, номлогчтой холбоотой хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлэхийн тулд дараа сар юу хийхээ төлөвлө.

Preach My Gospel аппликэйшнаар дамжуулан заах хүн олох

Preach My Gospel аппликэйшн нь заах хүн олох гайхалтай эх сурвалж юм. Энэ аппликэйшны үйлдлүүдийг байнга ашигладаг номлогчид илүү их амжилтад хүрдэг. Тэдгээр үйлдэлтэй танилцахын тулд аппликэйшн доторх сургалтыг үзнэ үү. Хүмүүсийн нэрийг харж байхдаа, хүлээн авч болох сүнслэг өдөөлтүүддээ анхаарлаа сайн хандуул.

Уг аппликэйшн нь өмнө нь мэдээллийг нь авч, холбоо барьж, зааж байсан хүмүүсийн талаарх мэдээллийг агуулдаг. Тэдгээр хүний зарим нь номлогчидтой дахин уулзах хүсэлтэй байж магад. Тэд мөн сайн мэдээний талаар суралцах сонирхолтой өөр хүмүүсийг мэддэг байж болно.

Төлөвлөхдөө аль хүмүүс дээр очихоо эрэмбэлэхийн тулд аппликэйшны газрын зураг, шүүлтүүрүүдийг ашиглана уу. Тэдний мэдээллийг хараад, хэрхэн олсныг нь олж мэд. Тэдэнд тусалсан гишүүдийн талаарх тэмдэглэл байгаа эсэхийг хар. Уг мэдээллийг ашиглан, тэдэнтэй хэрхэн дахин холбогдохоо шийд.

Утас ашиглан судалж буй номлогчид

аппликэйшн доторх шүүлтүүр үйлдлийг ашиглан, дараах хүмүүсийг тодорхойл. Тухайлбал:

  • Өмнө нь баптисм хүртэх огноогоо товлосон ч баптисм хүртээгүй;

  • Дор хаяж нэг удаа ариун ёслолын цуглаанд сууж байсан ч баптисм хүртээгүй;

  • Гурваас дээш удаа хичээл заалгасан;

  • Сүүлийн үед холбоо тогтоогоогүй.

Хэрэв таны холбогдсон хүмүүс хичээл заалгах сонирхолгүй эсвэл гэртээ ирүүлэхийг хүсэхгүй бол энэ мэдээллийг аппликэйшнд тэмдэглэнэ үү. Тэдэнтэй хэрхэн холбоо барихыг тэмдэглэж, илүү ихийг сурахад бэлэн болтол дэмжлэг үзүүл. Жишээлбэл: Есүс Христийн эсвэл сайн мэдээний бусад сэдвийн талаарх захиасыг цуврал хэлбэрээр э-мэйлээр хүлээн авахаар бүртгүүлэхэд тэднийг урих талаар бодож үз. Та мөн асуултад нь хариулж, сонирхлыг нь татаж, найз нөхөр нь байх гишүүнтэй тэднийг холбож өгч болно. Тэдэнтэй эргэж холбоо барих сануулгыг аппликэйшн дотор тавина уу. Мөн сонирхож байж болох өөр хүн мэддэг эсэхийг тэднээс асуу.

Та мөн “Preach My Gospel” аппликэйшны шүүлтүүр, масс мессеж бичих үйлдэл зэргээр дамжуулан хичээл заалгах хүмүүсийг олох боломжтой. Энэ нь тойргийн үйл ажиллагаа, баптисмын ёслол зэрэг арга хэмжээний талаарх мэдээллийг хүмүүст өгөх сайхан арга зам байж болох юм. Өөрийн зүгээс эдгээр арга хэмжээнд оролцоход дахин урь.

Хамтрагчтайгаа судлах

“Preach My Gospel” аппликэйшн нь хайж олоход туслах ямар агуу эх сурвалж болохыг мэдэхийн тулд дараах үйлдлүүдийг хийж үз. Ийн үйлдэхэд төрөх сэтгэгдэлдээ анхаарлаа хандуулна уу.

  • Шүүлтүүр ашиглан, гурав болон түүнээс дээш удаа хичээл заалгасан бүх хүнийг тодорхойл. Тэднийг энэ ням гарагт сүмд ирж суухад нэг бүрчлэн урь.

  • Шүүлтүүр үүсгээд, баптисм хүртэх огноогоо товлосон, сүмд дор хаяж хоёр удаа ирсэн бүх хүнийг ол.

  • Тойргийн үйл ажиллагаа эсвэл үйлчлэлийн төсөлд нэгдэх мессежийг хүн бүрд илгээхээр төлөвлө. Заримдаа та масс мессеж илгээгээд, дараа нь хүмүүстэй нэг бүрчлэн холбогдож болно.

  • Өөрт тань холбогдох нь зөв гэсэн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийнхээ талаар хамтрагчтайгаа ярилц. Цаг алдалгүй тэдэнтэй уулзах эсвэл холбоо барихаар төлөвлө.

Үйлчлэлээр дамжуулан заах хүн олох

Хүмүүст ирж үйлчлэх боломж олго

Хүмүүс үйлчлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан эерэг туршлага олж аван, номлогчидтой болон орон нутгийн гишүүдтэй холбогдох боломжтой. Олон хүн өөрсдийн авьяас, ур чадварыг хуваалцаж, тусламжийн гараа сунгахдаа баяртай байдаг ба тэднийг зөвхөн урих л хэрэгтэй.

Тойргоос зохион байгуулж буй үйлчлэлийн үйл ажиллагаанд оролцоход хүмүүсийг урь. Та мөн JustServe.org боломжтой газруудад үүнийг ашиглан, үйлчлэх боломжтой хүмүүстэй холбогдож болно. Үйлчлэлээр дамжуулан та бусадтай хүчирхэг арга замаар нэгддэг.

Үйлчлэхийг санал болго

Аврагчийн нэгэн адил “Сайныг үйлдэж яв” (Үйлс 10:38; 1-р бүлэг дэх “Сайныг үйлдэж яв”-ыг үзнэ үү). Өдрийн турш сайн үйлс хийх боломжуудын талаар мэдэхийн тулд залбир. Заримдаа та төлөвлөж үйлчилдэг бол төлөвлөөгүй үйлчлэх тохиолдол гарч ирэх нь олонтоо. Хүмүүст шууд бөгөөд энгийн арга замаар үйлчлэх, туслах, дэмжих арга замуудыг хайж ол. Их Эзэн гэнэтийн боломжуудыг ашиглан бусдад тусламжийн гараа сунгаж, адисалж байсныг бүү март.

Хүмүүст туслах чин хүсэлтэйгээр үйлчил. Хэрэв үйлчлэл тань заах боломжийг нээж өгвөл талархаарай. Харин ийм боломж гарч ирэхгүй бол хэн нэгэнд сайныг үйлдсэндээ таларх. Хүмүүс асуулт тавих юм бол хариул. Хэрэв хэн нэгэн сонирхлоо илэрхийлбэл товчхон хариулаад, өөр цагт уулзан захиасаа хуваалцахаар тохиролцоорой.

Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг номын 2.7, 7.2 дахь үйлчлэлд зориулсан удирдамжийг дагахаа бүү март.

Заах хүнийг байгаа газраас нь олох

Заах хүнийг байгаа газраас нь олох нь тэднийг Бурханы мэлмийгээр харахыг хичээхээс эхэлдэг. Таныг тухайн хүнтэй ярилцахад хүргэсэн эсвэл түүнийг тань руу хөтөлсөн байх гэж бод. Хүмүүсийн сүнслэг хэрэгцээ, хүслийг ойлгохыг эрмэлз. Тэдний хувьд, ялангуяа гэр бүл, Бурхантай харилцах харилцааных нь хувьд юу хамгийн чухал болохыг олж мэд. Та дараахтай адил асуултуудыг тавьж, дараа нь чин сэтгэлээсээ сонсож болно. Үүнд:

  • Та юуг хамгийн их үнэлдэг вэ?

  • Юу танд баяр баясгалан өгдөг вэ?

  • Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ ирээдүйн төлөө юу хүсэж байна вэ?

  • Итгэл найдвар, мөрөөдөлдөө хүрэхэд тань танд ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

  • Та амьдралынхаа аль талыг сайжруулахыг хүсэж байна вэ?

Тухайн хүний итгэл найдвар, хүслийн талаар олж мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодохдоо сүнслэг өдөөлт эрэлхийл. Сайн мэдээний ямар ямар үнэн түүний хүссэн зүйлтэй холбогддог вэ?

Тухайн хүний байр сууринаас харж харьцахыг хичээ. Тэр таны талаар юу мэддэг вэ? Тэдэнд тус болж болох юуг та санал болгож чадах вэ? Түүнд тантай харилцах нь үнэ цэнтэй санагдаж байна уу?

Хүмүүсийн тантай болон бусад гишүүнтэй эсвэл Сүмтэй танилцахыг хүсэж болох янз бүрийн шалтгааныг бодож үз. Таны өгч чадах зарим зүйлийн жишээг доор өгөв.

Эмэгтэй хүнтэй ярьж байгаа номлогчид

Тэдэнд үнэ цэнтэй туршлага эсвэл мэдээлэл өг

Хэн нэгний сонирхлыг ойлгохын тулд Сүмийн эх сурвалж болон өөрийн авьяас, хүч чадлыг ашигла. Тухайн хүний хувьд үнэ цэнтэй мэдээлэл эсвэл туршлагыг санал болгоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй .

Сүнслэг өдөөлтөд нээлттэй байж, өгч чадах төрөл бүрийн туршлага эсвэл мэдээллийн талаар бодохдоо бүтээлч бай. Зарим санааг доор өгөв.

  • Тэдний сонирхлыг татаж болох зүйлийн талаар мэдээлэл өгдөг Сүмийн эх сурвалжийн холбоосыг хуваалц.

  • Онцгой цугларалт гэх мэт үйл ажиллагаа явуул (биечлэн уулзах эсвэл шууд дамжуулах замаар).

  • Орон нутгийн цугларалт эсвэл арга хэмжээнд ямар нэг зүйл хийхийг санал болго (жишээлбэл: Орон нутгийн зах дээр гэр бүлийн түүхийн модыг үнэ төлбөргүй хийж өг).

  • Хичээл заахыг санал болго.

  • Судраас судлах анги зохион байгуулах эсвэл Библи болон бусад судрыг тэдэнтэй хамт уншихыг санал болго.

  • Англи хэлийг хоёр дахь хэл болгон заа.

  • Баярын үдэшлэг эсвэл бие даах чадвар хөгжүүлэх анги гэх мэт орон нутгийн Сүмийн үйл ажиллагааг сурталчил. Сурталчилгааны хуудас эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигла.

  • Баптисмын ёслолд тэднийг урь.

  • Орон нутгийн цуглааны байртай танилцахыг санал болго.

Хүмүүст өгч чадах хамгийн үнэ цэнтэй туршлага бол Сүмийн цуглаанд оролцуулах явдал юм. Тэднийг урьж, ямар байх талаар тайлбарла. Ариун ёслолын цуглаанд оролцох нь тэдний амьдралыг хэрхэн адислахыг тэдэнд хэлж өг.

Бусадтай жинхэнэ харилцаа холбоо тогтооход нь тусал

Олон хүн орон нутгийнхаа бусад хүнтэй уулзахыг эсвэл тэдэнтэй илүү сайн танилцахыг хүсдэг. Зарим нь ганцаарддаг. Жинхэнэ харилцаа холбоо тогтооход туслах зарим санааг доор жагсаав.

  • Танай бүсэд саяхан нүүж ирсэн хүмүүсийн гэрт очин, нүүж ирсэнд нь баяр хүргэ.

  • Орон нутгийн хүмүүст ижил сонирхолтой гишүүдийг танилцуул.

  • Сүмийн цуглаан, үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөрт хүмүүсийг урь.

  • Тэдэнд нас барсан гэр бүлийн гишүүдийнх нь талаар илүү ихийг олж мэдэхэд нь туслах тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчтай холбогдоход нь тусалж чадна гэдгээ хэл.

  • Хүмүүст гэр бүлийн үдшийг хэрхэн явуулах эсвэл гэр бүлээрээ судраас уншихыг зааж өгөхийг санал болго. (Хүмүүсийн нөхцөл байдалд тааруулж болох тус болох зарчмуудыг Ерөнхий гарын авлагын 2.2.4-өөс үзнэ үү.)

  • Зохих насны хүмүүсийг семинар, институтэд суухад эсвэл BYU–Pathway Worldwide-д оролцоход урь.

Сэргээгдсэн сайн мэдээнд бэлтгэгдэж байгаа хүмүүсийг олох олон сайхан арга зам байдаг. Бэлтгэгдэж байгаа хүмүүсийн замд тааралдахын тулд та чадах бүхнээ хий.

Хамтрагчтайгаа судлах

Энэ хэсэгт дурдсан, таны хийж үзээгүй зарим санааг тодорхойл. Дараагийн долоо хоногт зарим санааг туршиж үзэхээр төлөвлө.

Мэдээллийг нь авсан хүмүүстэй холбоо барих

Мэдээллийг нь авсан хүмүүс Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад бэлэн байж болох юм. Тэдний мэдээлэл Сүмийн гишүүд, бусад номлогч, Сүмийн төв алба, орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээс танд ирсэн байж болно.

Цаг алдалгүй холбоо барь

Тухайн хүний мэдээллийг Сүмийн төв албанаас эсвэл орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танд өгсөн бол тэдний сонирхлын талаарх мэдээллийг Preach My Gospel аппликэйшнаас авна уу. Тэдэнтэй аль болох цаг алдалгүй холбоо барихаар төлөвлө.

Хаалга тогшиж буй номлогч

Мэдээллийг нь авсан хүмүүстэй ажиллахдаа дараах удирдамжийг ашиглана уу. Үүнд:

  • Хэрэв тухайн хүний мэдээллийг гишүүн эсвэл бусад номлогч өгсөн бол өгсөн хүнтэй нь холбогдож, түүний талаар илүү ихийг олж мэд. Хэрэв номлогчид тухайн хүний мэдээллийг өгсөн бол номлолын удирдагч нь зөвшөөрвөл тэд тантай хамт цахимаар зааж болно. Гишүүд тантай биечлэн эсвэл цахимаар нэгдэн хичээлд оролцох боломжтой.

  • Тухайн хүн дээр очих, утсаар ярих, мессеж бичих, э-мэйл илгээх буюу өөр бусад хэлбэрээр цаг алдалгүй холбоо барь. Хэрэв тухайн хүн хариу өгөхгүй бол өдрийн өөр цагт холбогдох гээд үз.

  • Хэрэв та анх утас, мессеж эсвэл э-мэйлээр холбогдсон бол биечлэн эсвэл технологийн тусламжтайгаар уулзах цагаа зохицуул.

  • Хамтрагчдын хувьд тухайн хүний хүсэлтийг хянаж үзээд; хэрэгцээ, сонирхлыг нь тодорхойл. Сайн мэдээ тэдгээр хэрэгцээг нь хангахад хэрхэн тусалж болохыг тодорхойл.

  • Уулзахдаа Мормоны Ном гэх мэт хүссэн зүйлийг нь авчир. Номлогчийн хичээлүүдээс тухайн хүний сонирхол эсвэл хэрэгцээнд нийцсэн сайн мэдээний үнэнүүдийг хуваалц.

Заримдаа мэдээллийг нь авсан хүмүүс Бурханы бэлтгэгдэж буй бусад хүн рүү таныг хөтөлж болно. Хэрэв таны холбоо барьсан хүмүүс сонирхохгүй байвал сонирхож байж болох эсвэл амьдралд нь итгэл найдвар хэрэгтэй өөр хүмүүсийг мэдэх эсэхийг нь асуугаарай. Гэрийнх нь эсвэл хөршийнх нь өөр хүн сайн мэдээнд бэлтгэгдсэн учраас таныг тэр хүн рүү чиглүүлсэн байж магадгүй.

Хэрэв хэн нэгэнтэй товлосон уулзалт амжилтгүй болбол тухайн газар номлогчийн өөр ажлыг хэрхэн хийж болох талаар бодож үз. Preach My Gospel аппликэйшн нь ойр орчимд өмнө нь холбогдож эсвэл заалгаж байсан хүмүүсийг олоход тусална.

Хүмүүсийн мэдээллийг өөр бүсийн номлогчид руу илгээ

Сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэдэх сонирхолтой боловч томилогдсон бүсээс тань гадуур амьдардаг хүмүүстэй таарвал тэдэнд сайн мэдээг танилцуул. Дараа нь тэднийг амьдардаг газарт нь байгаа номлогчид болон гишүүдтэй уулзуулахад бэлд.

Номлолын ерөнхийлөгчийнхөө зөвшөөрлөөр та тэр хүмүүст сайн мэдээг хүлээн авахад нь туслах зорилгоор үргэлжлүүлэн туслан дэмжиж болно (Номлогчийн жишиг7.5.4-ийг үзнэ үү).

Хамтрагчтайгаа судлах

Сүүлийн нэг сард танай бүсэд мэдээллийг нь явуулсан бүх хүнийг шалга. Холбоо барьж чадаагүй хүмүүсээ тодорхойлоод, дахин холбогдох гээд үз. Өмнө нь холбоо тогтоосон хүмүүсээс хэнийд нь дахин очих хэрэгтэйг шийд. Preach My Gospel аппликэйшн дээрх зохих бүртгэлийг шинэчилнэ үү.

Утсаар ярьж буй номлогчид

Технологийг ашиглах

Заах хүн олохын тулд технологийг олон арга замаар ашиглах боломжтой. Зарим жишээг өгье.

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан гишүүдтэй хамтран ажиллаж, заах хүмүүсийг ол.

  • Э-мэйл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан харилцаа холбоогоо бэхжүүл.

  • Урам зориг өгөх судар, эшлэл, сайн мэдээний захиаснуудыг хуваалц.

  • FamilySearch.org сайтыг ашиглан, нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ талаар илүү ихийг олж мэдэхэд хүмүүст тусал.

  • Ур чадвар заах онлайн хичээлүүдийг санал болго.

  • Сонирхлоороо нэгдсэн онлайн бүлгүүдээр дамжуулан зохих харилцаа холбоог тогтоо.

  • Болох гэж байгаа тойргийн үйл ажиллагааны талаар өгүүлсэн пост оруул.

Технологийг ашиглах нь өдрийн турш “усанд олон дэгээ” тавих чухал арга зам юм. Хүмүүсийг хайж олохын тулд хийж буй ажлуудаасаа гадна та интернэтэд олон дэгээ байлга.

Ахлагч Дэвид А.Бэднар

Ахлагч Дэвид А.Бэднар: “Технологи нь бидэнд ‘Есүс Христ буюу цовдлогдсон Түүний’ талаар тунхаглаж, ‘хүмүүст наманчлалыг номлох олон хүчирхэг сувгийг өгдөг [1 Коринт 2:2; Сургаал ба Гэрээ 44:3]. Өсөж буй үеийнхэн эдгээр харилцах хэрэгслээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг сонсож, сурахад маш сайн бэлтгэгдсэн” гэж заажээ (“They Should Proclaim These Things unto the World,” seminar for new mission presidents, June 24, 2016).

Хамтрагчтайгаа судлах

Танай номлол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр юу хийж байгааг олж мэд. Үүнтэй нь нийцсэн постыг хэрхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьж болох талаар хамтрагчтайгаа ярилц. Таны постууд Сүмийн интернэтийн бодлоготой нийцсэн байх ёстой (Ерөнхий гарын авлагын 38.8 дахь “Интернэт” хэсгийг үзнэ үү).

Хэрэв танай номлол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэргэжилтэнтэй бол түүний туршлагад тулгуурлан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр пост оруулна уу.

Ярилцаж буй хоёр эмэгтэй

Гэр бүлийн түүхийг ашиглах

Гэр бүлийн түүх бол заах хүн олох өөр нэгэн арга зам юм. Дэлхий даяарх сая сая хүнд Ариун Сүнс нас барсан өвөг дээдсээ хайж олоход нь нөлөөлдөг. Олон хүн хамаатан садантайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хүсдэг. Энэ нь Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг гэсэн харилцаа холбоо, мөн чанарыг олох хүсэл рүү хөтөлж болно.

Бидний заримдаа Елиагийн сүнс гэж нэрлэдэг зүйл бол хүмүүсийг өнгөрсөнд болон одоо амьдарч байгаа гэр бүлийнхээ гишүүдийг тодорхойлж, баримтжуулж, нандигнан хайрлахад түлхдэг Ариун Сүнсний нөлөө юм (Малахи 4:5–6-г үзнэ үү).

Хүмүүсийг хайж олохдоо та тэднийг FamilySearch.org-тэй танилцуулж мөн FamilySearch Tree эсвэл FamilySearch Memories аппликэйшныг татаж авахад урьж болно. Мөн та тэдэнд Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимлын хувийг өгч болно. Эдгээр эх сурвалж нь хамаатан садан, өвөг дээдсээ олж, түүхийг нь цуглуулахад хүмүүст тусалдаг.

Танай бүсэд гэр бүлийн түүхийн ямар эх сурвалжууд байгаа мөн тэдгээр нь хэрхэн таны холбоо тогтоосон хүмүүст тусалж болохыг тодорхойл. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч нь нас барсан өвөг дээдсээ тодорхойлоход хүмүүст тусална.

Хайртай хүмүүсийнхээ талаарх дурсамжаа тантай хуваалцахад хүмүүсийг урь. Ийн хуваалцсанаар тэд Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдлын талаар Ариун Сүнс тэдэнд гэрчлэхийг мэдэрч болох юм. Эдгээр мөч нь амьдралын зорилго, Бурханы аз жаргалын төлөвлөгөө, уг төлөвлөгөөнд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн тухай яриа руу хөтөлж болно.

Тохиромжтой бол Сүмийн гишүүд яагаад гэр бүлийн түүхийн ажил хийдэг мөн энэ нь ариун сүмтэй хэрхэн холбоотой болох талаарх сургаалыг хүмүүст заа.

Заах хүн хайж олох ажилдаа гэр бүлийн түүхийг ашиглах боломжуудыг олж харахын төлөө залбир. Бүтээлч байж, боломжит эх сурвалжуудтай танилц.

Судраас судлах

Гэр бүлийн түүхийн талаарх дараах судруудыг судал. Сурч мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ.

Елиагаар дамжин лацдан холбох хүч сэргээгдэв

Нас барагсдын төлөө хийх ажил

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Гэр бүлийн түүхээр дамжуулан заах хүмүүсийг олоход туслах дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу хэд хэдийг хийж үз.

  • Гэр бүлийн түүхийн ажил хийж байсан туршлагатай гишүүнтэй уулзахаар цаг тохир. Орон нутгийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчаар дамжуулан ямар ямар үйлчилгээ авч болохыг мэдэж ав.

  • Уулзсан хүмүүстээ гэр бүлийн түүхийн талаар тусламж үзүүлэхээ хэрхэн илэрхийлэх дадлага хий. Заах хүн хайж олох ажилдаа гэр бүлийн түүхийг оруулахаар төлөвлө.

  • Гэр бүлийн түүхийн ажлын талаар ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Гэр бүл ба ариун сүм товхимлыг уншиж, ярилц. Сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Заах хүмүүс олохдоо Миний гэр бүл товхимол, гэр бүлийнхээ гэрэл зураг эсвэл FamilySearch.org дээрх эх сурвалжуудыг ашигла.

  • Боломжтой бол нээлттэй хаалганы өдөрлөг зохиож, олон нийтийн газар гэр бүлийн түүхийн хичээл зааж, зөвлөгөө өг.

Хэзээ заахаа олж мэдэх

Олох, заах хоёр нь харилцан хамааралтай үйл ажиллагаа юм. Таны зааж байгаа хүмүүст сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн найз нөхөд эсвэл хамаатан садан байдаг. Зааж байгаа хүмүүс тань сайн мэдээний адислалуудыг мэдэрснээр бусадтай хуваалцах хүсэл нь өсөн нэмэгдэх болно (1 Нифай 8:12-ыг үзнэ үү). Хүмүүсийг олох, заах, гишүүдтэй ажиллах зэрэг бүх тохиолдолд “Энэ захиас хэнд ашиг тустай вэ?” гэж асууж бай.

Зааж байгаа хүмүүс тань баптисмын үйл ажиллагаандаа бэлдэж байх үед тэднээс баптисмдаа урихыг хүсэж буй гэр бүл, найз нөхдийнх нь талаар асуу. Бүгдийг ирэхэд урьж, уриалах төлөвлөгөө гарга. Баптисмын үйл ажиллагааны үеэр Сүнс хүчтэй мэдрэгддэг.

Хамтрагчтайгаа судлах

Зааж байгаа хүмүүсийнхээ жагсаалтыг эргэн хар. Сонирхож байгаа хүн байгаа эсэхийг асуусан, асуугаагүй хүмүүсийн жагсаалт гарга. Энэ хоёр бүлгийн хүмүүст сонирхож байгаа хүмүүсийн мэдээлэл өгөх урилгыг хэрхэн өгөх дадлага хий. Төлөвлөгч дээрээ дараагийн уулзалтуудаар энэ урилгаа өгнө гэдгээ тэмдэглэ.

Утсаа үзэж буй эмэгтэй

Заах хүн олсон үедээ заах

Хүмүүстэй уулзаж, тэдний сонирхол, хэрэгцээг тодорхойлохдоо; зааж, гэрчлэлээ хуваалцаж эхэлдэг дадал хэвшилтэй бол. Аврагч болон Түүний сайн мэдээний талаар гэрчилж, Ариун Сүнсний хүчийг мэдрэх боломжийг тэдэнд олгох үедээ та заах өөр олон хүнийг олох болно.

Аз жаргал, зовлон зүдгүүр, амьдралын зорилго эсвэл үхэл гэх мэт сэдвээр заах талаар бодоорой. Эхлээд хэрхэн уулзсанаас үл хамааран Аврагч, Түүний сайн мэдээ болон бошиглогч Иосеф Смитэд өгсөн Түүний дуудлага руу цаг алдалгүй, эвтэйхэн шилж. Энэ бол дэлхий дахинд хүргэх бидний өвөрмөц захиас юм.

Дараах хэсгүүдэд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт, гэр бүлийн ач холбогдлын талаар хэрхэн товчхон зааж болох жишээнүүдийг өгсөн болно.

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар зааж, гэрчил

Есүс Христийн талаар гэрчилж, сэргээгдсэн үнэний товч хураангуйг заа. Жишээлбэл: Та Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар хоёр, гурван өгүүлбэрээр гэрчилж болно.

Олон зуун жилийн дараа, хайраар дүүрэн Бурхан алдагдсан үнэнийг амьд бошиглогчоор дамжуулан сэргээсэн. Гартаа барьж, уншиж, зүрх сэтгэлдээ тунгаан бодож болох нотлох баримт бидэнд бий. Үүнийг үнэн гэдгийг өөрөө олж мэдэхийн тулд уншиж, залбирахад бид таныг урьж байна. Та бидэнд … зөвшөөрч байна уу?

Хэрэв танд цаг үлдсэн бол дараах зүйлийг хэлж болно.

Бидний захиас энгийн. Бурхан бол бидний Эцэг. Бид бол Түүний хүүхдүүд. Бид бол Түүний гэр бүлийн нэгэн хэсэг. Тэр биднийг хувь хүний маань хувьд мэддэг, хайрладаг. Тэр биднийг баяр баясгаланг мэдрээсэй хэмээн хүсдэг. Тэрээр дэлхийн эхэн үеэс нэгэн загварыг дагасан. Тэрээр хайраар мутраа сунган, Өөр дээр нь хэрхэн эргэн ирж болохыг хүүхдүүд нь мэдэж болохын тулд Есүс Христийн сайн мэдээг илчилсэн. Тэрээр Адам, Ноа, Абрахам, Мосе зэрэг бошиглогчдод сайн мэдээг илчилсэн юм. Гэвч олон хүн сайн мэдээг болон үүнийг заасан бошиглогчдыг хүлээн аваагүй. Хоёр мянган жилийн өмнө, Есүс Христ Өөрийн сайн мэдээг Өөрөө заасан. Хүмүүс Есүсийг ч хүртэл хүлээн авсангүй. Есүсийн төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс Бурхан тэргүүтний тухай гэх мэт жинхэнэ сургаалыг гуйвуулсан. Тэд мөн баптисм зэрэг ёслолуудыг өөрчилжээ.

Бидний танд өгөх урилга бол таны аль хэдийн нандигнан хайрладаг үнэнүүд дээр нэмэх явдал юм. Тэнгэрлэг Эцэгийн маань дахин хүүхдүүддээ хайраар мутраа дэлгэн, үнэн сургаал, ёслолуудыг нэгэн бошиглогчид илчилсэн нотолгооны талаар бод. Энэ бошиглогчийн нэрийг Иосеф Смит гэдэг. Энэ үнэний нотолгоо Мормоны Номд байдаг. Та үүнийг гартаа барьж, уншиж, үүний үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ тунгаан бодож чадна. Таныг илүү ихийг мэдэхийн тулд сүмд ирнэ үү гэж бид урьж байна.

Гэр бүлийн ач холбогдлын талаар зааж, гэрчил

Гэр бүлийн ач холбогдлын талаар ярих нь танд Христийн шашинтай ч бай, Христийн бус ч шашинтай ч бай заах хүмүүсийг олоход тусална. Та гэр бүлийн тухай ихэнх хүний мэддэг зүйлийг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөтэй амархан холбож чадна. Та дараах зүйлсийг хэлж болно.

Бидний гэр бүл амьдралд маань үзүүлдэг хамгийн чухал нөлөөллийн нэг байж болно. Бидний гэр бүл биднийг хооронд маань холбож, бусдад хэрэгтэй, хайрлагдсан гэдгээ мэдрэхэд тусалдаг.

Бат бөх, аз жаргалтай гэр бүлтэй байх нь олон хүний хувьд хамгийн эн тэргүүнд тавьдаг зүйл юм. Өнөө үед бат бөх гэр бүлтэй байх, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь маш хэцүү байж болох юм.

Дараа нь та Сэргээлтийн захиас руу шилжиж болно.

Төрөхөөсөө өмнө та Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг байсан. Тэр бол бидний Эцэг. Тэнгэрлэг Эцэг биднийг эргэн ирж Өөртэй нь хамт амьдраасай хэмээн хүсдэг. Та бол Түүний хүүхэд, Тэр танд хайртай. Өөрт нь эргэж ирэхэд туслах төлөвлөгөө Түүнд бий.

Эдгээр болон бусад үнэнийг бидний хайрт Тэнгэрлэг Эцэг амьд бошиглогчоор дамжуулан дэлхийд сэргээсэн билээ. Эдгээр нь Бурханы гэр бүл дэх өөрсдийн байр суурийг ойлгоход бидэнд тусалдаг. Бид эдгээр үнэний талаар илүү ихийг танд зааж болох уу? Та илүү ихийг мэдэхийн тулд сүмд очих уу?

Хамтрагчтайгаа судлах

3-р бүлгийн аль нэгэн хичээлд тулгуурлан нэг минутын захиас бэлтгэ. Үүнийг бие биетэйгээ хуваалцах дасгал хий. Заах хүн хайж олох нөхцөлд тухайн захиасыг хэрхэн хуваалцах талаар бодож үз. Бусдыг Есүс Христийн талаар илүү ихийг олж мэдэхэд урихын тулд зохих нөхцөлд үүнийг хуваалцахаар төлөвлө.

Ямар ч хүчин чармайлт дэмий өнгөрдөггүй

Хүмүүс сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцахаа болихоор шийдсэн үед ч таны хүчин чармайлт дэмий өнгөрөхгүй. Өөр цагт ургах үрийг та суулгасан байж магад. Ийм зүйл болсон ч бай, үгүй ч бай таны үйлчлэл, жинхэнэ хайрын илэрхийлэл таныг ч тэднийг ч адислах болно.

Хэрэв хүмүүс сайн мэдээг хүлээн авахад бэлэн биш бол тэдний амьдралыг баяжуулахын тулд өөр юу хийж болох талаар бодоорой. Таны тогтоосон харилцаа утга учиртай, үнэ цэнтэй хэвээр байна. Найз нь хэвээр бай.

Заримдаа хүмүүст тэднээс хүссэн өөрчлөлтийг бодож үзэхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Сүмийн э-мэйл эсвэл вэбсайтаар дамжуулан захиаснуудыг хүлээн авахад тэдэнд тусал. Тэдгээр захиас нь ирээдүйд илүү ихийг мэдэх урилга хүлээн авахад хүмүүсийг бэлтгэхэд тусалж болох юм.

Хүн сайн мэдээг хүлээн зөвшөөрөхгүй бол урам хугарах нь зүйн хэрэг. Харин ийм үед Их Эзэнд хандахад Тэрээр: “Чамайг Би тэнхрүүлнэ; Чамд үнэхээр тусална; Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ” (Исаиа 41:10) хэмээн амласан.

Христэд итгэх итгэлээр дамжуулан та амар амгаланг мөн хичээл зүтгэл тань талаар өнгөрөхгүй хэмээх тайтгарлыг олж авч чадна. Өөрийн хэн болох мөн яагаад номлогчийн хувиар Их Эзэнд үйлчилж байгаа талаарх алсын хараагаа хадгалан авч үлд. Итгэл нь таныг цаашид урагш тэмүүлж, зөв шударга хүсэл эрмэлзэлтэй байхад тусална.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • Иохан 15:12; Иохан 21:15–17; 1 Тесалоник 2-ыг мөн Мозая 18:8–10-ыг уншина уу. Та бусдыг хайрлаж, үйлчлэх үүрэг хариуцлагаа хэр сайн биелүүлж байна вэ? Та хэрхэн сайжрах вэ? Судлах тэмдэглэлдээ хариултаа бич.

  • 3 Нифай 18:31–32; Алма 24:7–8 болон Алма 32:41-ийг уншина уу. Өмнө нь зааж байсан хүмүүстэйгээ ажиллах талаар эдгээр шүлэгт юу зааж байна вэ? Юу сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич. Хамтрагчдаа үүнийг заа.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Бүсийнхээ шинэ гишүүдтэй уулзахаар төлөвлө. Шаардлагатай бол тэднийг тодорхойлохын тулд Preach My Gospel аппликэйшныг ашиглана уу. Дараах асуултуудыг тавь.

    • Та сайн мэдээг хүлээн авахад хэрхэн бэлтгэгдсэн бэ?

    • Та анх хэзээ, хэрхэн Сүмтэй холбогдсон бэ?

    • Юу таныг номлогчидтой уулзахад хүргэсэн бэ?

    • Таны цаашдын өсөлт хөгжлийг бид хэрхэн дэмжиж болох вэ?

    Эдгээр уулзалтаас баптисм хүртэх хүртэл өсөж хөгжих хүмүүсийг олох талаар та юу сурч мэдсэн бэ? Энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.

  • Доорх сэдэв бүрийг дахин авч үз. 3-р бүлэг дэх хичээлүүдийг ашиглан, заах хүн олох энгийн арга зам бэлд. Заах хүн олж болох дараах орчин нөхцөлд заах дадлага хий. Үүнд:

    • Амьдралд илүү их удирдамж заавар, зорилго хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж байгаа.

    • Бурхантай ойр баймаар байгаа.

    • Чухал шийдвэр гаргахад тусламж хэрэгтэй байгаа.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Заах хүн олох төлөвлөгөөнийхөө алсын харааг тэл” хэсгийг уншиж, ярилц. Хамтрагч бүрээр үнэлгээг хийлгэж дуусга .

    • Энэ санаанууд заах хүн олоход нь номлогчдод хэрхэн тусалж байсан талаар ярилц.

    • Заах хүн олох өөр санаануудыг жагсаан бич. Номлогчдыг өөрсдийн санааг дүрслэн үзүүлэхэд урь.

    • Заах хүн хайж олох ажлаа сайжруулах хувийн зорилго тавихад номлогчдыг урь.

  • Заах хүн олох хэдэн боломжийн жагсаалт гарга.

    • Номлогч бүрд нэг нэг боломжийг оноож өг. Оноосон нөхцөл байдалд номлогч хичээлийнхээ аль нэгэн хэсгийг хэрхэн заахаар бэлтгэхэд нь зориулан таван минут өг.

    • Захиасны урт, богиныг тухайн орчинд тохирсон байлгах хэрэгтэйг онцол.

    • Хэдэн номлогчийг өөрт нь оногдсон нөхцөл байдалд төлөвлөсөн хичээлээ заахад урь.

  • Нэг минутын сайн мэдээний захиасаа бие биетэйгээ хуваалцаж, дадлага хийхэд номлогчдыг урь. Гишүүний гэрт, үүдэнд, явган хүний зам дээр заах эсвэл сонирхож буй хүмүүстэй холбоо барих зэргээр заах хүн олох янз бүрийн нөхцөл байдлыг бэлдэж болно. Эдгээр нөхцөл бүрд номлогчдоор хичээл заах дадлага хийлгэ.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Гэр бүлдээ гишүүн номлогчийн ажлын үлгэр жишээг үзүүл. Туршлагаа номлогчид болон гишүүдтэй хуваалц.

  • Заах хүн олох хамгийн сайн арга замын талаар орон нутгийн санваарын болон байгууллагын удирдагчидтай зөвлөлд.

  • Танай номлол даяарх хичээл заалгаж байгаа хүмүүстэй ярилцах боломжийг үүсгэхийн тулд номлогчийн онцгой цугларалтуудыг зохион байгуул. Гишүүдэд найзуудаа авчрах боломж олгохын тулд орон нутгийн санваарын удирдагчидтай уялдаа холбоотой ажилла. Үг хэлэхээсээ өмнө шинэ гишүүдийг гэрчлэлээ хуваалцаж, хөрвөлтийн түүхээ ярихад урь.

  • Заах хүн олоход нь номлогчдод туслахаар үе үе тэдэнтэй хамт яв.