Амиа хорлох
Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх ба амиа алдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ


Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх ба амиа алдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ

Дэлхийн олон хэсэгт амиа хорлох хувь хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь туйлын санаа зовох асуудал болоод байна. Энэхүү баримт бичиг нь эцэг эх, гэр бүл, Сүмийн удирдагч болон Сүмийн гишүүдэд амиа хорлохын үр нөлөөг амсаж мэдэрсэн хүмүүст тохинуулахыг эрэлхийлэхэд нь туслах зорилготой.

Гишүүд энэхүү эх сурвалжийг амиа хорлох талаарх Сүмийн сургаал, амиа хорлож болзошгүй шинж илэрсэн хэн нэгэнд хэрхэн туслах, амиа хорлосон тохиолдлын дараа ямар хариу арга хэмжээ авах талаар суралцахдаа ашиглаж болно. Удирдагчид энэхүү эх сурвалжийг гадас, тойргийн зөвлөлөөр болон бусад нөхцөлд гишүүдтэй утга учиртай ярилцлага хийхдээ ашиглаж болно. Эдгээр ярилцлага нь амиа хорлох явдлын хор уршгийг мэдэрсэн хүмүүст илүү үр дүнтэй тохинуулахад удирдагч болон гишүүдэд туслах зорилготой.

Хэрвээ амиа хорлох явдлын талаар ярилцлага хийх нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх болон үүний хор уршгийг амсаж мэдэрсэн хүмүүст тохинуулахад туслах зорилготой бол ийм ярилцлагыг насанд хүрсэн хоёр хүн хөтөлдөг байвал зохино. Удирдагчид амиа хорлох явдлын талаарх Сүмийн сургаалыг ойлгож, түүнд хүндэтгэлтэй ханддаг нийгмийн бүлгүүдээс мэргэжлийн хүнийг урьж ярилцлагад оролцуулж болно. 12-оос доош насны хүүхэдтэй хийх ярилцлагыг гагцхүү эцэг эхийг нь хүүхэдтэйгээ зөвлөлдсөний дараа хийж болно.

Гадас, тойргийн зөвлөл энэ баримт бичигтэй танилцаж үзсэний дараа нийгмийн бүлгүүдийн идэвх чармайлтыг дэмжих зохих арга замуудыг хэлэлцэж, боломжтой эх сурвалжуудын талаар гишүүдэд мэдэгдэх хэрэгтэй.

Сургаал, зарчмууд

Их Эзэн бидэнд “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:39) гэж сургахдаа ойлгож, нинжин сэтгэлээр хандахад бүх хүнийг урьсан юм. Биднийг дараах сургаал, заасан зүйлүүдийг бүрэн дүүрэн ойлгодог болоход амиа хорлох явдлын хор уршгийг мэдэрсэн хүмүүст тохинуулах хичээл зүтгэл маань илүү үр дүнтэй болно. Үүнд:

  • Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан мөнх бус амьдралын сорилтуудыг бүрнээр нь туулсан учраас “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу халамжлах” (Aлма 7:11-13) хэрэгтэйг мэддэг. Жэймс Э.Фауст “Аврагч бидний мэдэрч, даван туулах бүхнийг даван туулсан учраас сул дорой хүмүүсийг хүчтэй болоход нь тусалж чадна” гэж заасан (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, 2001 оны 11-р сар, 22).

  • Мөнх бус амьдрал бол Бурханы бидэнд өгсөн хамгаас үнэ цэнтэй —үнэлж, хамгаалах ёстой бэлэг билээ (Сургаал ба Гэрээ 18:10; М.Рассэлл Баллард, “Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, 1987 оны 10-р сар, 6–9).

  • Хэн нэгэн өөрийнхөө амийг егүүтгэх үед зөвхөн Бурхан тэдний бодол, үйлдэл, хариуцлага хүлээх түвшинг шүүх чадвартай. Амиа хорлох нь бодгалийн мөнх амьдралыг тодорхойлох гол шинж чанар байх ёсгүй (1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээ 137:9; Дэйл Г.Рэнланд, “Grieving after a Suicide Loss,” suicide.lds.org дахь видео бичлэгийг үзнэ үү).

Нэмэлт эх сурвалж

  • Сайн мэдээний сэдвүүдийг topics.lds.org дахь Gospel Topics болон Gospel Library апплекэйшнээс үзэж болно.

Амиа хорлож болзошгүйг сэрэмжлүүлэх шинж тэмдгүүд

Амиа хорлох оролдлого хийж буй ихэнх хүн үхэхийг хүсдэггүй, зөвхөн өөрсдөд нь тулгарсан бие махбод, оюун ухаан, сэтгэл санаа эсхүл сүнслэг зовлон шаналлаас ангижрахыг хүсдэг. Хямралд орсон олон хүн амиа хорлохоосоо өмнө амиа хорлож болзошгүй шинж тэмдгүүдийг үзүүлдэг. Хэрэв та эдгээр шинж тэмдгийг мэддэг болсон байвал тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулахад илүү сайн бэлтгэгдсэн байх болно. “Би үхсэн ч яахав” эсвэл “Надгүйгээр бүгд сайн сайхан байх болно” гэх мэт үгсэд анхаарал хандуул. Сэрэмжлүүлэх шинж тэмдгүүдэд дараах зан байдал хамаарна. Үүнд:

  • Амиа хорлох арга зам эрж хайх

  • Мухардаж эсвэл ямар ч амьдрах шалтгаангүй болсон мэт санагдаж байгаа тухайгаа ярих

  • Гарах гарцгүй болсон мэт санагдаж эсвэл тэсэхийн аргагүй өвчин шаналал мэдэрч байгаа тухайгаа ярих

  • Бусдад ачаа дарамт болж байгаа гэж ярих

  • Согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх

  • Ямар ч шалтгаангүйгээр хувийнхаа эд зүйлсийг бусдад өгөх

  • Сэтгэл нь тавгүйдэж, цухалдах эсвэл тайван бус зан байдалтай байх

  • Өөрийгөө бусдаас тусгаарлан, ганцаардмал байдалд орох

  • Уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх

  • Зан ааш нь огцом өөрчлөгдөж байгаа байдал харагдах (Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх үндэсний төвийн туслах утас (National Suicide Prevention Lifeline)-ыг үзнэ үү)

Сэрэмжлүүлэх ганц шинж тэмдэг илрэх нь дангаараа хямралд орсны шинж тэмдэг болохгүй. Харин тухайн хувь хүн амиа хорлох оролдлого хийж байсан бол эсвэл тэр хүн эрс өөрчлөгдсөн байгааг та анзаарсан юм уу олон шинж тэмдэг үзүүлж байгаа бол нэн даруй арга хэмжээ аваарай. Онцгой байдлын тусламжийн төвийн утас болон энэ талаарх нэмэлт мэдээллийг suicide.lds.org-оос авах боломжтой. (Илүү дэлгэрэнгүйг энэ удирдамжийн “Хямралд орсон нэгэнд хэрхэн туслах вэ” хэсгээс сайтар үзнэ үү.)

Бид хамгийн сайнаараа хичээж чармайсан ч бүх амиа хорлох явдлыг урьдчилан сэргийлж чадахгүй. Зарим амиа хорлох явдал ямар ч ил шинж тэмдэггүйгээр болж өнгөрсөн байдаг. Та амьдралаа дуусгавар болгох хэн нэгний сонголтын төлөө хариуцлага хүлээхгүй.

Нэмэлт эх сурвалжууд:

Хямралд орсон нэгэнд хэрхэн туслах вэ?

Тухайн хүн зүгээр л анхаарал татах гэж байгаа мэт аль эсвэл амиа хорлох талаар чин үнэнээсээ бодоогүй мэт танд санагдаж байсан ч амиа хорлох сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүдийг болон амиа хорлох оролдлого хийж болзошгүй аюулыг үргэлж нухацтай хүлээн аваарай. Дэмжлэг үзүүлэхийн тулд Асуу; анхаарч, халамжил; хэл гэсэн гурван алхмыг хэрэгжүүл.

1-р алхам: Асуу. Тухайн хүнээс амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг нь шууд асуу. “Та амиа хорлох талаар бодож байна уу?” гэж асууж болох юм Хэрэв тэд амиа хорлох талаар бодож байгаа гэвэл төлөвлөж байгаа зүйл байгаа эсэхийг асуу. “Та өөртөө хор учруулах зүйл төлөвлөсөн үү?” гэж асууж болно. Хэрэв төлөвлөсөн байгаа бол нэн даруй эмнэлгийн эсвэл эрүүл мэндийн клиникийн төвийн тусламж авахад түүнд тусал. Эсвэл өөрийн нутаг дэвсгэр дэх түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эсвэл онцгой байдалд тусламж үзүүлэх төвийн утсаар холбогдож ярь. (Дэлхий даяарх тусламж үзүүлэх төвийн утсыг олохын тулд suicide.lds.org/crisis сайт руу орж үзнэ үү.) Хэрэв тэдэнд төлөвлөж буй зүйл байхгүй бол 2-р алхмыг хэрэгжүүл.

2-р алхам: Анхаарч, халамжил. Тэдний хэлж байгаа зүйлийг сонсож, анхаарч, санаа тавьж байгаагаа үзүүл. Тэдэнд ямар мэдрэмжтэй байгаагаа тайлбарлах хангалттай цаг хугацааг гаргаж өг. “Таныг ийм их сэтгэлийн шаналал, зовуурьтай байгаад харамсаж байна” эсвэл “Танд ямар хэцүү байгааг би мэдээгүй юм байна” гэж хэлээд, тэдний мэдэрч байгаа зүйлүүдийг хүндэтгэн авч үз. Та яавал амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар аюулгүй байдлын төлөвлөгөө гаргахад нь туслахыг санал болгож болно (“How to Create a Suicide-Prevention Safety Plan,” Doug Thomas, Ensign, 2016 оны 9-р сар, 63-ыг үзнэ үү). Аюулгүй байдлын төлөвлөгөө нь хүмүүст хувийн хүчтэй тал, эерэг харилцаа, аливааг даван гарах эрүүл сайн чадвараа тодорхойлоход тус болно. Түүнчлэн зэвсэг, эм бэлдмэл гэх мэт өөрийгөө хохироох арга хэрэгслийг ашиглах тэдний боломжийг багасгаж чадна. Хэрвээ тэд өөрсдийнх нь мэдрэмжийн талаар хэн нэгэнд хэлэхгүй байхыг хүсвэл та тэдний хувийн нууцыг аль болох хүндэтгэн үзэх болно гэдгээ хэлээд, гэхдээ өөрийн тань үзүүлж чадах тусламжаас илүү их тусламж хэрэгтэй байгаа гэдгийг тайлбарла. Амиа хорлох гэсэн бодлынх нь тухай нууцыг хадгална гэж хэзээ ч битгий амлаарай.

3-р алхам: Хэл. Тухайн хүнд илүү их тусламж үзүүлж чадах хэн нэгэнд энэ байдлаа хэлэхэд нь тэднийг урамшуул. Өөрийн нутаг дэвсгэрт байгаа тусламж үзүүлж чадах эх сурвалжуудтай холбоо барих мэдээллийг хуваалц. Эдгээр эх сурвалж нь орон нутгийн эмнэлэг, түргэн тусламжийн клиникууд эсвэл онцгой байдалд тусламж үзүүлэх төвийн утаснууд байж болно. Хэрэв тэд тусламж эрэлхийлэхгүй бол та тэдний өмнөөс хэн нэгэнд мэдэгдэж, хэлэх шаардлагатай болно. Та “Би таны төлөө санаа зовж, таныг аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Танд шаардлагатай тусламжийг үзүүлж чадах хүнд хэлж өгье” хэмээн хэлж болно. Зөвхөн тусалж чадна гэсэн нэгэнд, тухайлбал, гэр бүлийнх нь хүн, тэр хүний бишоп, сургуулийнх нь зөвлөх, эмч эсвэл өөр эмнэлгийн мэргэжлийн хүнд хэлж, тэдний хувийн нууцыг хадгалж хүндэтгэ. Хэрэв хэнд мэдэгдэх талаараа эргэлзэж байгаа бол өөрийнхөө бишоптой ярилц эсвэл өөрийн орон нутгийн онцгой байдалд тусламж үзүүлэх төвийн утас руу ярь. Зөвхөн та ганцаараа тэр хүнд туслах ёстой биш шүү гэдгийг санаарай.

Анхаарах зүйл: Хэрэв та ярилцлагыг тэргүүлж байгаа бол оролцогчдоосоо эдгээр алхмыг хэрэгжүүлэхийг хүсэх тухай бодож үз. Хэн нэгнийг тэдэн дээр ирээд, амиа хорлох тухай санаагаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг тэдэнд өгч, тэднээс хэрхэн хариу үзүүлэх талаар дадлага хийхийг хүс.

Нэмэлт эх сурвалжууд:

Амиа хорлох тохиолдлын дараа үзүүлэх хариу үйлдэл

Бид хамгийн сайнаараа хичээж чармайсан ч бүх амиа хорлох явдлыг урьдчилан сэргийлж чаддаггүй. Амиа хорлох тохиолдлын дараа, үлдэж буй ар гэрийнхэнд нь өөрсдийгөө үгүйсгэх, хүнд цохилтод орох, өөрийгөө буруутгах, уурлан хилэгнэх, будилж самуурах зэрэг мэдрэмжүүд төрөх нь хэвийн үзэгдэл юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Хэн нэгний амиа хорлох үйлдэл үнэхээр харуусмаар эмгэнэлтэй явдал юм. Яагаад гэвэл энэ ганц үйлдэл нь ардаа маш олон хохирогчийг үлдээдэг. Юуны түрүүнд амь насаа алдсан нэгэн, дараа нь маш олон өөр бусад хүн буюу гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь ард нь үлдээд, зарим нь олон жилийн туршид шаналал зовуурь мэдэрч, хямралд орсон байдаг” гэж хэлжээ (“Suicide: Some Things We Know, and Some We Do Not ,” Ensign, 1987 оны 10-р сар, 7) Энэ хүмүүсийн хувьд аврал нь “бүх зүйлийн доор бууж ирснээр” “бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэддэг” Аврагчаас ирдэг (Сургаал ба Гэрээ 88:6; Алма 7:12). Мэргэжлийн эх сурвалжууд болон зөвлөгөө тус болж болно.

Гадасны болон тойргийн зөвлөлүүд амиа хорлох тохиолдлын дараа үлдэж буй хувь хүнд эсвэл гэр бүлийнхэнд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар ярилцаж болно. Ярилцаж болох асуултуудыг дараах байдлаар тавьж болно. Үүнд:

  • Есүс Христийн сургаал болон Цагаатгал хувь хүн эсвэл гэр бүлийг хэрхэн эдгээж чадах вэ?

  • Тохинуулал хийсэн ах, эгч нар тухайн хувь хүн эсвэл гэр бүлд ямар хэрэгцээ байгааг ажигласан бэ? Тэд ямар үйлчлэл үзүүлсэн бэ?

  • Тухайн хувь хүн эсвэл гэр бүлд үргэлжлүүлэн үзүүлэх ямар сэтгэл санааны болон сүнслэг дэмжлэг хэрэгтэй байгаа вэ? Хэн энэ тусламж дэмжлэгийг үзүүлж чадах вэ?

  • Тухайн хүн эсвэл гэр бүлд тээвэрлэлт, хоол хүнс гэх зэрэг материаллаг тусламж хэрэгтэй байгаа юу?

  • Туслах бүлгүүдийн удирдагчид хайртай нэгнээ алдсан хүүхдүүд, өсвөр үеийнхэнд хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ?

Амиа хорлосон тохиолдлын дараах гашуудал удаан үргэлжилж болно. Хэрэв хэн нэгэн гүн гүнзгий шаналал, уй гашууг мэдэрсээр байвал тэр хүнд санаа тавьдаг бусад хүнтэй зөвлөлд. Та залбирч байгаад, хэрхэн хамгийн сайнаар дэмжлэг тусламж үзүүлж чадах вэ гэдгээ бодоорой. Та тухайн хүнийг санваарын адислал авахад эсвэл өөрийн орон нутагт байгаа эх сурвалжтай холбогдоход нь тусалж болно. Гашуудлын үед дэмжлэг үзүүлэх бүлгүүд, эмч нар эсвэл бусад эрүүл мэндийн мэргэжилтэн тус болж болно,

Анхаарах зүйл: Хэрэв та ярилцлагыг тэргүүлж байгаа бол хохирогч хэрхэн амиа хорлосон тухай битгий ярь. Энэ нь уг дүрсэлсэн зан байдлыг давтах сэдлийг тухайн бүлэгт байгаа хэн нэгэнд санамсаргүйгээр төрүүлж болзошгүй. Хэрэв хэн нэгэн бүлгээрээ цугласан байхдаа эдгээр мэдээллийг дэлгэрэнгүй хуваалцаж эхлэх юм бол яриаг эвтэйхэн өөр тийш чиглүүл.

Нэмэлт эх сурвалжууд:

Бусад эх сурвалж

Сүмийн удирдагчдын зөвлөгөө

Гишүүдийн хувийн туршлагаас

Сүмийн бусад эх сурвалж

Нэмэлт эх сурвалжуудыг suicide.lds.org руу орж үзнэ үү.