2016
Амиа хорлох явдлыг ойлгох нь: Сэрэмжлүүлэх шинж тэмдгүүд ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ
2016 оны 10-р сар


Амиа хорлох явдлыг ойлгох нь: Сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүд ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ

sitting at the edge of a dock

Гэрэл зургийг © iStock/Thinkstock

Кэвинийг 16 настай байхад эцэг, эх хоёр нь салжээ. Энэ үеэс эхлэн тэр сэтгэл санааг нь тогтворжуулахад тусалдаг эпилепси өвчний эмээ уухаа больсон байна. Хоёр туйлт сэтгэцийн өвчинтэй гэдгээ мэдэхгүй байсан учраас тэр дэмийрч, ухаан санаа нь балартаж, сэтгэл гутралд гүн автсан байжээ. Эм нэмэр болохгүй байгаа мэт байв. Энэ нь даамжирсаар тэр бүх зүйлээс залхах болж, бусдад мэдэгдэлгүй амиа хорлохоор шийджээ.

Кэвин амиа хорлохоор завдсан тэр өдрийнхөө тухай ийнхүү ярьсан байна. Тэрээр “Би уйлж байв. Би маш их ядарч цөхрөн, сэтгэл санааны хувьд туйлдсан байлаа. Би хүмүүс рүү харж, хэн нэгэн хүн ‘Чи ЗҮГЭЭР ҮҮ?’ гэж асуугаасай гэж хүсэж байв. Үүнийг хэчнээн их хүсэж байсан ч [толгойд] ‘Чи үхэх ёстой’ гэсэн дуу хоолой сонсогдож байлаа. … Би өөрөөсөө [үүнийг битгий хийгээч] гэж гуйж байсан ч дуу хоолой дэндүү хүчтэй байсан болохоор эсэргүүцэж чадаагүй юм” гэжээ.1

Харамсалтай нь, хэн ч түүний зовлонг олж хараагүй ажээ. Тэр өөрт нь хэн ч санаа тавьдаггүй гэдэгт итгэсэндээ амиа хорлох гэж оролдсон боловч гайхалтай нь амьд үлдсэн юм.

Бид түүний сэтгэлийн шаналал, цөхрөл, чимээгүйхэн тусламж гуйж байгааг бага ч гэсэн мэдрэх байсан болов уу?

Амиа хорлох нь ийм бодол төрдөг хүмүүст болон үлдэж байгаа ар гэрийнхэнд мөнх бус байдалд тохиолддог хамгийн хүнд сорилтуудын нэг юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард: “Миний хувьд гэр бүлд хайртай хүн нь амиа егүүтгэхээс илүү хүнд цаг үе гэж байхгүй. Амиа хорлох явдал бол гэр бүлд маш хүнд тусдаг зүйл юм”2 гэж хэлсэн. Энэ сорилтын ноцтой байдлыг харгалзан үзээд, бүгдээрээ (1) амиа хорлож болзошгүй талаарх шинж тэмдгүүд, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж болох гэх мэт мэддэг зүйлсээ; (2) үлдэж байгаа ар гэрийнхэн болон хүмүүс юу хийж болох; (3) цөхрөлд орохгүйн тулд бид Христэд итгэх итгэл, найдвараа хүчирхэгжүүлэхээр юу хийх хэрэгтэй талаар ярилцацгаая.

Амиа хорлох явдлыг ойлгох нь

Дэлхий даяар жил бүр 800 000 гаруй хүн амиа егүүтгэдэг байна.3 Энэ нь 40 секунд тутамд дэлхий дээр хэн нэгэн хүн амиа егүүтгэж байна гэсэн үг юм. Амиа хорлох гэдэг нь эмзэг сэдэв ба зарим улс оронд хууль бус байдаг тул үүнийг нуун дарагдуулах тохиолдол их байдаг учраас бодит тоо баримт нь үүнээс ч олон байх магадлалтай. Амиа хорлох явдал 15-29 насны хүмүүсийн нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Ихэнх оронд 70-аас дээш насны хүмүүс амиа хорлосон тоон үзүүлэлт хамгийн өндөр байдаг байна. Амиа хорлох нь шууд эсвэл шууд бус замаар нийгмийн дийлэнх хэсэгт нөлөөлдөг.

Аюулын дохио

Амьдралд тулгарах саад бэрхшээл хэрээс маань хэтэрсэн мэт санагдах үед бид ихээхэн дарамтад ордог. Сэтгэл санааны зовлон шаналал дааж давшгүй мэт санагдах үед хүний ухаан санаа уймарч, улмаар үхэл бол цорын ганц сонголт гэж үзэхэд хүргэдэг. Тэд хэн ч өөрсдөд нь тусалж чадахгүй гэж боддог тул нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, гарцгүй, найдваргүй гэсэн мэдрэмж нь улам бүр даамжирч, улмаар амиа хорлохыг цорын ганц гарц гэж бодоход хүрдэг.

Хэн нэгэн хүнд дараах ноцтой шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл4 бид сэтгэцийн эмнэлэг эсвэл цагдаа гэх мэт яаралтай тусламж үзүүлэх байгууллагад хандах хэрэгтэй. Үүнд:

  • Өөрсдийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх

  • Өөрсдийгөө егүүтгэх арга зам, хэрэгслийг эрж хайх

  • Үхэх, нас барах эсвэл амиа хорлох талаар ярих эсвэл бичих

Дараах шинж тэмдгүүд амь насанд аюултай биш ч ийм шинж тэмдэг илэрч байгаа хүнд ойртон дотносож, тусламж үзүүлэх ёстой. Тухайлбал:

  • Мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх

  • Уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх

  • Бодлогогүй үйлдэл хийх

  • Гарах гарцгүй болсон мэт санагдах

  • Согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх

  • Найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах

  • Сэтгэл тавгүйтэх, цухалдах эсвэл зан ааш нь огцом өөрчлөгдөх

  • Нойргүйтэх эсвэл байнга унтах

  • Бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх

Амиа хорлохыг завдаж байгаа хүн бүр энэ тухайгаа бусдад мэдэгдээд байдаггүй. Ихэнх хүнд дээрх шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эдгээр шинж тэмдгийг нухацтай авч үзээрэй!

Мэргэжлийн тусламж шууд авах боломжгүй ч гэсэн чин сэтгэлээсээ санаа тавьдаг найз нөхөд, гэр бүлийнхний хүч чадлыг дутуу үнэлж болохгүй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

elderly man with a cane

Хүн амиа хорлохыг завдах үед гэр бүлийнхэн болон найз нөхдийн тусламж чухал үүрэг гүйцэтгэдэг. Алмагийн заасанчлан бид “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэж, … гашуудах тэдний хамт гашуудаж, тийм ээ тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулж” байх ёстой (Moзая 18:8, 9).

Гэр бүлийнхэн ба найзууд дараах тус болох зүйлсийг хийж болно. Үүнд:

Тусламжийн гараа сунгаж, хайраар сонс. Ахлагч Баллардын зөвлөснөөр, “Зовж буй хүмүүсийг тэврэн авах хайрын мутраас илүү хүчтэй зүйл гэж үгүй.”5 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд “Бид тэднийг … Тэнгэрлэг Эцэгийн нүдээр харах ёстой. Зөвхөн тэгснээр бид тэднийг гэсэн Аврагчийн сэтгэлийг ойлгох болно. … Улам бүр гүнзгийрэх энэ ойлголт бидний зүрх сэтгэлийг нээж, бусдын уй гашуу, айдас, зовлон шаналлыг ойлгоход тусална” хэмээн заасан.6

Бодитой зүйл дээр тусал. Хэн нэгэнд тулгарч байгаа хямрал аюулгүй байдал, үндсэн хэрэгцээнд нь нөлөөлж байгаа бол бодитой тусламж үзүүлэхийг санал болго. Гэхдээ уг хүнээр тусламж хүлээн авах эсэх сонголтыг нь хийлгэх ёстой. Жишээлбэл, ажлаа алдсанаас болж амиа хорлох бодол тээж байгаа хэн нэгэнд нээлттэй ажлын байр олоход туслах сонголтыг гаргаж өгөх нь гацаанд орсон мэт мэдрэмжээс салахад тусална.

Тэднээс амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг асуу. Хэрэв хэн нэгэн сэтгэлийн зовиурт унаж, амиа хорлох гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаад санаа зовж байгаа бол түүнээс амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг асуу. Ингэж асуух нь эвгүй байж болох ч амиа хорлох талаар бодож байгаа эсэхийг шууд асууж, мэдэж авах нь хамгийн зөв зүйтэй арга юм. Энэ нь уг хүнд тулгарч буй асуудал, санааг нь зовоож байгаа зүйлээ ярилцах үүд хаалгыг нээж өгч болно.

Жишээлбэл, “Наадах чинь ямар ч хүнд давж гарахад хүнд л зүйл юм шиг сонсогдож байна. Чи амиа хорлоё гэж бодоогүй биз дээ?” эсвэл “Чи ингэж их зовж байгаа юм чинь амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз? Хэрэв тэд амиа хорлох бодолгүй байгаа бол үүнийгээ танд хэлэх байх.

Хэрэв тэд амиа хорлох тухай бодлынхоо талаар нээлттэй ярилцахгүй байвал юу хийхээ мэдэхийн тулд Сүнсний өдөөлтийг анхааралтай сонс. Тантай нээлттэй ярилцах хүртэл хамт бай гэсэн өдөөлт ирж болно.

Уг хүнтэй хамт байж, тусламж ав. Хэрэв хэн нэгэн хүн амиа хорлох бодолтой байгаагаа танд хэлбэл уг хүнтэй ойр байж, юу тэднийг зовоож байгаа талаар яриул. Хэрэв тэд амиа хорлох тодорхой арга, цаг хугацааны талаар яривал уг хүнд онцгой байдлын үед туслах төвийн утсаар эсвэл сэтгэцийн түргэн тусламжийн тасагтай холбоо барихад нь тусал.

Амиа хорлох явдалд үзүүлэх хариу үйлдэл

Зарим хүн аюулын шинж тэмдэг илэрч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байж байгаад амиа хорлодог. Хайртай хүн нь амиа хорлосон гэр бүлийн гишүүд, найз нөхөд асар их, гүн гүнзгий уй гашууд автдаг. Тэд дараах хариу үйлдлийг үзүүлж болох юм. Үүнд:

  • Ичгүүр, гутамшгийг мэдрэх

  • Хүнд цохилтод орж, итгэхгүй байх

  • Уурлах, тайвшрах эсвэл өөрийгөө буруутгах

  • Үхлийн шалтгааныг нуух

  • Нийгмээс тусгаарлах, гэр бүлийн харилцаанд хагарал гарах

  • Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй, хэт улайран оролцох

  • Яагаад гэдгийг ойлгох гэсэн хүсэлд автах

  • Орхигдсон, хаягдсан мэт санагдах

  • Талийгаачийг ч, өөрийгөө ч мөн бусдыг болон Бурханыг буруутгах

  • Амиа хорлох гэсэн бодолд эсвэл өөрийгөө үгүй хийх гэсэн мэдрэмжинд улам бүр автах

  • Баяр ёслолоор болон нас барсан өдрөөр нь сэтгэлийн дарамтад орох7

Үлдэж буй ар гэрийнхэн болон хүмүүс юу хийж чадах вэ

woman sitting on bench

Шүүмжлэхээс татгалз. Амиа хорлох нь ноцтой үйлдэл боловч ахлагч Баллард “Мэдээж, бид амиа хорлох явдалтай холбоотой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй. Зөвхөн Их Эзэн бүх зүйлийг мэдэх бөгөөд Тэр л ганцаар дэлхий дээрх бидний үйлдлийг шүүх болно. [Их Эзэн] биднийг шүүхдээ генетикийн онцлог, сэтгэл санааны байдал, оюуны чадамж, заалгасан сургамж, эцэг өвгөдийн уламжлал, эрүүл мэнд гэх мэт бүх зүйлийг харгалзаж үзнэ гэж бодож байна” гэж сануулсан.8

Хүн бүрд өөрийнхөөрөө гашуудах боломж олгон, үйлдлийг нь хүндэл. Хүн бүрийн талийгаачтай харилцах харилцаа янз бүр байх тул тэд өөр өөр арга замаар гашуудлаа илэрхийлдэг. Тиймээс бие биенийхээ гашуудаж байгаа арга замыг хүндэл.

Хайртай хүмүүс маань орхин одох үед биднийг хүчтэй, бүр асар хүчтэй мэдрэмж эзэмдэн авдаг. Гашуудаж байна гэдэг нь итгэл дутаж байна гэсэн үг биш юм. Их Эзэн “Чи хайранд хамтдаа амьдрах ёстой, ийнхүү чи нас нөгчсөн тэднийг алдсаныхаа … төлөө уйлах ёстой” хэмээн айлдсан (С ба Г 42:45). Уй гашуу бол талийгаачийг хайрлах бидний хайр, харилцаа холбоо ямар утга учиртай байсны илрэл юм.

Тусламж хүс. Гашуудах үед аливаа зүйл дааж давшгүй мэт санагдаж болно. Тусламж хүссэнээрээ та бусад хүнд таныг хайрлаж, танд үйлчлэх ариун нандин боломжийг олгоно. Тэдэнд туслах боломж олгох нь зөвхөн таныг ч бус тэднийг ч мөн адил эдгээж, хүчирхэгжүүлж чадна.

Холбоотой бай. Зарим хүн дотроо гашуудаж, өөрийгөө бусдаас тусгаарладаг учраас гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө холбоотой бай. Гашуудаж байгаа гэр бүлийн гишүүд, төрөл садан, найзуудтайгаа тогтмол холбоо барьж, тусламж хэрэгтэй байгааг асуу. Яагаад гэвэл тэд өөрсдөө тан дээр ирэхгүй байж магадгүй.

Аврагчид найд. Эцсийн эцэст Аврагч бол эдгээх, амар амгалан байх эх ундарга мөн. “Түүний Цагаатгал … мөнх бус байдлын бүхий л ачаа дарамтыг даван туулах хүчийг өгөхийн тулд бидний бүх сул доройг мэдэрч туулсан Түүнийг дуудах боломжийг бидэнд олгодог. Тэрээр бидний өвчин зовлонг мэддэг бөгөөд Тэр бидэнд туслахад бэлэн байдаг. Сайн самари хүний адилаар Тэрээр замын хажууд шархадсан биднийг олж, бидний шархыг боон, биднийг асрах болно (Лук 10:34-ийг үзнэ үү).”9

Бид бүгдээрээ чадах зүйлээ хийхийг хичээхийн сацуу Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд бүрэн найдах хэрэгтэй гэдгээ ухааран ойлгоцгооё. Үүнийг даруу байдлаар хүлээн зөвшөөрч, зовж шаналж байгаа гэр бүл, хөршүүдээ ойлгохыг хичээн, тэдэнд хайрын гараа сунган, Аврагчид итгэх илүү их итгэл найдварыг хамтдаа хөгжүүлцгээе. Учир нь Тэрээр эргэн ирж “тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно” (Илчлэлт 21:4).

Эшлэлүүд

  1. Кэвин Хайнс, Аманда Бауэрийн “A Survivor Talks About His Leap,” Time, 2006 оны 5-р сарын 24, Time.com.

  2. М.Рассэлл Баллард, Жэйсон Свэнсоны “Elder Ballard Offers Comfort and Counsel to Those Affected by Suicide,” Church News, 2014 оны 12-р сарын 19, news.lds.org.

  3. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Preventing Suicide: A Global Imperative (2014), 2-ыг үзнэ үү.

  4. М.Дэвид Радд болон бусад хүн, “Warning Signs for Suicide: Theory, Research, and Clinical Applications,” Suicide and Life-Threatening Behavior, 36-р боть, № 3 (2006), 255–262.

  5. M.Рассэлл Баллард, “Sitting on the Bench: Thoughts on Suicide Prevention” (видео бичлэг), lds.org/media-library.

  6. Дэйл Г.Рэнланд, “Бурханы мэлмийгээр харах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82.

  7. Жон Р.Жордан, “Is Suicide Bereavement Different? A Reassessment of the Literature,” Suicide and Life-Threatening Behavior, 31-р боть, № 1 (2001), 91–102-ыг үзнэ үү.

  8. M.Рассэлл Баллард, “Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, 1987 оны 10-р сар, 8.

  9. Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50.