2016
Гэр бүлийн түүх: Амар амгалан, хамгаалалт ба амлалтууд
2016 оны 10-р сар


Гэр бүлийн түүх: Амар амгалан, хамгаалалт ба амлалтууд

2015 оны 2-р сарын 14-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод болсон RootsTech Гэр бүлийн түүхийн чуулганы үеэр хэлсэн “Гэр бүлүүдийг цуглуулан, эдгээж, лацдан холбох нь” гэсэн сэдэвтэй үгээс авав.

Таныг гэр бүлээрээ бичээсүүд цуглуулж, зүрх сэтгэлийг анагаан, гэр бүлийн гишүүдийг лацдан холбох ажилд оролцох үед та өөрөө төдийгүй таны үр удам үүрд мөнх адислагдах болно.

family tree chart

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүх нь гэр бүлүүдийн тухай түүх юм. Би гэр бүлүүдийн тухай ярихдаа ээж, аав, хүүхдүүд гэсэн орчин үеийн ойлголтоос өөр зүйлийн талаар ярьж байгаа юм.

Би энэ үгийг Их Эзэний хэрэглэдгээр буюу үндэстэн эсвэл олон үе дамжсан гэр бүлүүд гэсэн утгаар хэрэглэдгийн учир нь хүн бүр гэр бүлтэй билээ. Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө хүүхдүүд нь олон үеийн өмнөх өвөг дээдсээсээ хүч чадал авч, эцэг эхчүүд үр удмаа олон үеэр нь адислахыг эрэлхийлдэг гэр бүл дээр төвлөрдөг.

Энэ утгаараа Мормоны Ном ч гэсэн гэр бүлүүдийн түүхийг өгүүлдэг. Бид эдгээр түүхийг уншиж байхдаа гэр бүлүүд олон зууны туршид тийм ч их өөрчлөгдөөгүй гэдгийг ойлгож авдаг. Тэр ч байтугай өөр цаг үе, газарт амьдарч байсан хүмүүс бидэнтэй олон талаараа адил байдаг бөгөөд хүүхдүүдээ аз жаргалтай, мөнхийн гэр бүлд амьдраасай гэсэн Бурханы хүсэл ч гэсэн өөрчлөгдөөгүй хэвээр.

Яагаад Их Эзэн эдгээр түүхийн цэдгийг хадгалан үлдээсэн бэ? Тэрээр биднийг цэдгүүдээс юу сураасай гэж хүссэн бэ? Тэдгээр нь гэр бүлүүдээ цуглуулан, анагааж, лацдан холбоход гаргах хичээл зүтгэлд маань туслах сургамжийг агуулдаг уу?

Лихайгаас авах сургамж

Мормоны Номын анхны гэр бүл болох Лихайн гэр бүл бидэнд анзааралгүй орхигдуулсан байж болох нэгэн чухал сургамжийг үлдээсэн гэдэгт би итгэдэг. Лихайн гэр бүл бидэнд гэр бүлийн цэдгийн талаар асар их зүйлийг, тэр дотроо яагаад тэдгээр нь Их Эзэнд чухал болох мөн яагаад бидэнд чухал байх ёстой гэдгийг зааж өгдөг.

Түүхийн эхэнд Лихай, Сариа хоёр охин, дөрвөн хүүгээ Иерусалимд өсгөж, энэ агуу хотод тав тухтай амьдарч байгаагаар гардаг. Их Эзэнийг Лихайд гэр бүлээ аглаг буйд руу авч явахыг зарлиглах үед тэдний амьдрал үүрд өөрчлөгдсөн.

Лихай дуулгавартай байж, гэр бүлийнхээ хамт материаллаг эд баялгаа орхин, аглаг буйд руу аялдаг. Хэсэг хугацаанд аялсны дараа Лихай хүү Нифайдаа хандан,

“Болгоогтун чамайг болон ах нарыг чинь Иерусалимд буцахыг Их Эзэн надад зарлиг болгосон нэг зүүдийг би зүүдлэв.

Учрыг болгоогтун, иудейчүүдийн цэдэг мөн түүнчлэн миний эцэг өвгөдийн угийн бичиг Лебенд буй бөгөөд тэдгээр нь гуулин ялтсууд дээр сийлбэрлэгдсэн ажгуу” хэмээн хэлсэн (1 Нифай 3:2–3; онцлон бичилт нэмэв).

Энэ зарлиг байсан учраас бидний гэр бүлүүд Нифайн хэлсэн дараах итгэл, дуулгавартай байдлын агуу тунхгаар адислагдсан билээ. “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” (1 Нифай 3:7).

Гуулин ялтсууд бол цэдэг байсан. Тэдгээр нь судраас гадна Лихайн гэр бүлийн түүхийг агуулж байв. Уг цэдгийг хожмын олон үед зориулан хадгалах нь ямар чухал болохыг Их Эзэн мэдэж байсан.

Та нар Их Эзэн яагаад Лихайг биш, хөвгүүдийг нь цэдгүүдийн араас явахыг зарлигласан юм бол гэж бодож байсан уу? Тэрээр гэр бүлийнхээ патриарх нь байсан юм. Их Эзэн түүнд үзэгдэл өгсөн. Лихай Лебенд хөвгүүдээсээ илүү нөлөөлж чадах байсан юм биш үү?

Яагаад Их Эзэн Лихайн хөвгүүдэд Иерусалим руу буцахыг зарлигласныг бид мэдэхгүй боловч тэднийг Их Эзэний хүссэн зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бэрхшээл амссан гэдгийг мэднэ. Уг даалгавар хүнд байсан бөгөөд итгэлийг нь сорьсон юм. Тэд аглаг буйдад хийх аяллынх нь турш тус болох үнэт сургамжийг хүлээн авсан. Магадгүй хамгийн чухал нь тэд Их Эзэн зарлиг өгөхдөө арга замыг нь үнэхээр зэхэж өгдөг гэдгийг ойлгож авсан байж болох юм.

Хөвгүүд, охидоос маань гэр бүлийн цэдгүүдээ авахаар “буцах” үедээ юуг сурч аваасай хэмээн Их Эзэн хүсдэг вэ гэж бид өөрсдөөсөө асууж болно. Тэрээр хэрхэн тэдэнд арга замыг бэлтгэж өгч байна вэ? Түүнд хүүхдүүдэд маань өгөхийг хүсэж байгаа туршлага байна уу? Бид тэднийг энэ туршлагыг олж авахад урьж байна уу? Бурхан таны охид, хөвгүүдэд ариун сүм болон гэр бүлийн түүхийн үйлчлэлээр дамжуулан ямар адислалууд өгөхийг хүсэж байгаа вэ?

Нифайг болон түүний ах нарыг эцгийнхээ майханд эргэж ирэх үед Лихай “гуулин ялтсууд дээр сийлэгдсэн тэрхүү цэдгийг авч, мөн тэрбээр тэдгээрийг эхнээс нь судалсан авай.” Тэрээр тэндээс “Мосегийн таван ном,” “ариун бошиглогчдын бошиглолууд,” “эцэг өвгөдийнхөө угийн бичгийг олов; иймийн тул тэрээр Иосефын удам байсныг мэдсэн ажээ; … Египетэд худалдагдсан [түүний]” гэдгийг мэдэж авчээ. Мөн Лихай “эдгээр бүх зүйлийг хараад, тэрээр Сүнсээр дүүргэгдэв” (1 Нифай 5:10, 11, 13, 14, 17).

Дараа нь Лихай гуулин ялтсуудаас мэдэж авсан зүйлээ гэр бүлдээ заажээ. Түүний майхан гэр бүлийн түүх, сургалтын төв болсон гэж хэлж болох юм. Бидний гэр орон ч гэсэн тийм газар болох ёстой.

Яагаад Их Эзэн Лихайн гэр бүлд эдгээр цэдэг байгаасай хэмээн хүссэнийг ойлгоход амархан. Уг цэдэг үр удамд нь удам угсааных нь тухай мэдлэгийг өгч, тэднийг өнгөрсөн үеийн итгэлтэй патриархуудтай холбож, “эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг” зүрх сэтгэлд нь суулгасан юм (С ба Г 2:2; Иосеф Смит—Түүх 1:39). Эдгээр цэдэг нь төрөөгүй үеийнхний итгэлд маш чухал байсан учраас үүнгүйгээр бүхэл бүтэн “үндэстэн итгэлгүйдээ бууран доройтох болно” (1 Нифай 4:13) гэдгийг Сүнс Нифайд анхааруулсан.

Мормоны Номон дээрх өөр хүмүүсийн туршлага цэдгүүд алдагдвал үнэн алдагдаж, хойч үеийнхэнд үзүүлэх нөлөө нь хөнөөлтэй гэдэг нь ямар үнэн болохыг харуулдаг.

Мюлекчүүд Лихайн гэр бүлтэй ойролцоо цаг үед Иерусалимаас гарсан. Лихайн гэр бүлээс ялгаатай нь, “тэд өөрсөдтэйгөө цэдгүүдийг авчирсан нь үгүй” байв. Мозая тэднийг 400 орчим жилийн дараа олох үед “тэдний хэл гуйвуулагджээ; … мөн тэд өөрсдийг нь Бүтээгч байдгийг үгүйсгэсэн бөлгөө” (Oмнай 1:17). Тэд гэрээт хүмүүс гэсэн гарал сурвалжаа мартсан байв.

Мозая мюлекчүүдэд өөрийн хэлийг заасан бөгөөд ингэснээр тэд түүнд байсан цэдгүүдээс суралцаж чаджээ. Үүний үр дүнд мюлекчүүд эмх замбараагүй, бурхангүй нийгмээс өөрсдөд нь болон гэр бүлүүдэд нь зориулсан Бурханы төлөвлөгөөг ойлгодог үндэстэн болсон юм.

Гэр бүлтэйгээ хамт эргэж ир

family going to the temple

Бурхантай болон бие биетэйгээ харилцах харилцааны хувьд хэн гэдгээ ойлгох нь бидний бодож, үйлдэх, бусадтай харьцах байдлыг өөрчилдөг. Цэдгүүд нь бидний гарал сурвалж, хэтийн төлөвийн амин чухал хэсэг мөн. Эргэж харах нь биднийг урагш явахад бэлтгэдэг.

Эцэг эхчүүд ээ, та нар гэр бүлээ “буцаж ирэхэд” урьсан уу? Гэр бүл тань цэдгүүдээсээ эсвэл нэг нэгнээсээ ямар нэг байдлаар салсан байна уу? Гэр бүлийн тань одоогийн болон өнгөрсөн үеийн хоорондын холбоо сүлбээнд ан цав гарсан уу? Танай гэр бүлийн түүхэнд ийнхүү салж сарних ямар зүйл болсон бэ? Энэ нь цагаачлал, гэр бүлийн зөрчилдөөн, сайн мэдээнд хөрвөгдөх зэргээс болсон уу эсвэл зүгээр он цагийн урсгалаар бий болсон уу? Та нар ойрд FamilySearch.org дээрээс өвөг дээдсээ хайж олохоор оролдож үзэв үү?

Израилийн угсаа тараагдсан бөгөөд үүнд бидний гэр бүл, цэдгүүдийн тараагдалт мөн адил ордог. Бидний үүрэг хариуцлага бол тэднийг цуглуулж, шаардлагатай үед салалтаас үүссэн шархыг эдгээх явдал юм. Бид хүүхдүүдийнхээ зүрхийг эцгүүд рүү нь эргүүлэхийг хичээнгүйлэн эрэлхийлэх үед бидний зүрх хүүхдүүд рүүгээ эргэж,1 бид хамтдаа энэ ажлыг хийснээр ирдэг амар амгалан, эдгээлтийг олж авах болно (С ба Г 98:16).

Лихай ариун нандин цэдгүүдийг авчруулахаар хөвгүүдээ Иерусалим руу илгээсний адил бүгдээрээ хүүхдүүдээ гэр бүлийнхээ цэдэг рүү явуулцгаая. Их Эзэн Нифайд арга замыг нь бэлдэж өгсний адил хүүхдүүдэд маань гэр бүлүүдээ цуглуулж, эдгээх боломжийг олгох интернэт болон өөр бусад технологийг өгсөн. Түүнчлэн Тэр олсон нэрсээ аваачиж, лацдан холбох ёслолоор дамжуулан цугларалтаа баталгаажуулах ариун сүмүүдийг өгсөн билээ.

Аглаг буйд дахь баяр баясал

Миний эхнэр Шарол бид хоёр гэрлэхдээ дөрвөн хүүтэй болно гэж шийдсэн юм. Харин Их Эзэнд өөр төлөвлөгөө байв. Тэр бидэнд дөрвөн охин өгсөн.

Бид охидтойгоо хамт аглаг буйдад аялдаг байсан бөгөөд одоо тэд маань гэрлэж, үр хүүхдүүдтэй болоод, өөрсдийнхөө аглаг буйдад аялж байна. Аян замд бүх зүйл амар байсан уу? Үгүй. Бид бувтнах үедээ бувтналдаж, саад бэрхшээлтэй олонтоо учирч байсан.

Амьдралын аглаг буйд гэр бүлүүдэд амаргүй байж болно. Хүмүүсийг “Та болон таны гэр бүл сайн уу?” гэж асуухад би ихэвчлэн “Бид яг одоо асуудлаас асуудлын хооронд л явж байна даа. Асуусанд баярлалаа” гэж хэлдэг.

Гэхдээ уг зам дээр жинхэнэ баяр баяслыг ч мөн адил мэдэрдэг. Патриарх, матриархын хувьд бид хүүхдүүдээ аглаг буйдаар аялахад нь туслан хүчирхэгжүүлэхэд асар их цаг зарцуулсан. Өнөө үеийн бошиглогчид гэр бүлийн түүхийн ажил бол “чөтгөрийн нөлөөнөөс хамгаалах хамгаалалт”2 болон “гүн ба удаан хугацаагаар” Аврагчид хөрвөгдөх явдлыг хангадаг хэмээн амласан3. Гэр бүлүүдээ цуглуулан, эдгээж, лацдан холбох нь юутай хүчирхэг арга зам бэ!

Би гэр бүлийнхээ патриархын хувьд охидоосоо цэдгүүдийг олохоор буцаж, нэрсээ ариун сүмд аваачиж, зээ нарт маань бас зааж өгөөсэй гэж хүссэн. Би тэднийг манай гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор хэний үр удам болохоо мэдэж аваасай гэж хүссэн.

Нэгэн амлалт

Та нар хүүхдүүдээ “буцаж очин,” гэр бүлийнхээ цэдгүүдийг олоход уривал хамтдаа Лихай, Сариа нарын адил “асар их баярлаж,” “Израилийн Бурханд таларха[х]” болно гэдгийг би амлаж байна. Та нар цэдгүүдээ судалбал “Сүнсээр дүүргэгдэж,” “тэдгээр нь хүсүүштэй болохыг олж мэдэж; агуу эрхэм чухал” гэдгийг мэдэх болно. Мөн та нар “[өөрсдийн] амлалтын нутгийг зорин аглаг буйдад зорчихдоо [та нар] эдгээрийг [өөрсөдтэйгөө] авч явах нь Их Эзэний мэргэн ухаан буйза” (1 Нифай 5:9, 17, 21–22) гэдгийг мэдэх болно.

Сүмд таны гэр бүлийг энэ аяллын тань турш дэмжиж, хүчирхэгжүүлнэ. Гэр бүл тань бичээсийг цуглуулж, зүрх сэтгэлийг анагаан, гэр бүлийн гишүүдийг лацдан холбох ажилд оролцох юм бол та болон таны үр удам үүрд мөнхөд адислагдах болно гэдгийг амлаж байна.

Эшлэлүүд

  1. Гуулин ялтсууд дээрх цэдгүүд Лихайн үр удмыг хэрхэн эдгээсэн тухай жишээнүүдийг харахыг хүсвэл Алма 37:8–10-ыг үзнэ үү.

  2. Ричард Г.Скотт, “Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116.

  3. Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.