2016
Алс тэртээх Йорданд үйлчилсэн нь
2016 оны 10-р сар


Алс тэртээх Йорданд үйлчилсэн нь

Их Эзэний дуудсан, бидний хэрэгцээ байгаа хаана ч гэсэн

Amman Jordan

Гэрэл зургийг © iStock/Thinkstock

Хэрэгцээ шаардлага асар их байв.

2013 оны эхээр Ойрх Дорнодын улс Йордан дахь Затари нэртэй дүрвэгчдийн хуаранд улаан бурхан өвчний таван тохиолдол илэрчээ. Битүү чихцэлдсэн нөхцөлд амьдарч байсан 100 000 гаруй Сирийн дүрвэгчид энэ халдвартай, аюултай вирусээр өвчлөх аюул нүүрлээд байв. Йорданы засгийн газар өвчний тархалтыг зогсоохын тулд өргөн хүрээний дархлаажуулалтын аян хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөө ёсоор 6 сартайгаас 30 хүртэлх насны 90 000 Сирийн дүрвэгчийг хоёр долоо хоногийн дотор дархлаажуулах байлаа.

Гэвч нэг асуудал гарч ирэв. Эм тариа нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Санд (UNICEF), эмнэлгүүд нь Йорданы Эрүүл Мэндийн Яамны мэдэлд байв. Харин тэдэнд тариурын зүү, хурц багаж зэмсэг хийх сав, эм тариа хадгалах хөргөгч зэрэг хүйтнээр хадгалахад шаардлагатай зүйлүүд байгаагүй бөгөөд хугацаа маш давчуу байлаа.1

Яг тэр үед Рон болон Сэнди Хаммонд гэх халамжийн хоёр ахмад номлогч ХҮГ энэрлийн байгууллагын орон нутаг хариуцсан захирлаар үйлчлэхээр Йорданд иржээ. Рон, Сэнди хоёр НҮБ-ын Хүүхдийн сан ба Эрүүл Мэндийн Яамтай аль хэдийн ажлын харилцаа холбоо тогтоосон байсан учраас ХҮГ энэрлийн байгууллага хэрхэн тусалж чадахыг тодорхойлохын тулд энэ хоёр байгууллагын хамтарсан ажилд шалавхан нэгдсэн байна.

Рон “Бид хүйтнээр хадгалах хэрэгцээт зүйлсийг худалдаж авахад ямар зардал гарахыг асуув. Тэднийг хариулахад нь бид ‘ХҮГ энэрлийн байгууллага тусалж чадна байх гэж бид бодож байна’ гэж хэлсэн юм. Тэд “Хэр хурдан авчирч чадах вэ? Бид түргэн хөдлөх хэрэгтэй байна!” гэлээ.

ХҮГ энэрлийн байгууллага хүйтнээр хадгалахад шаардлагатай зүйлийг худалдан авах саналыг 20 цагийн дотор батлав. Рон “Бид Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын Хүүхдийн санд үүнийг хэлэхэд тэд ТББ (төрийн бус байгууллага) яаж ийм хурдан ажиллаж чадав аа? гэж маш их гайхсан. Дархлаажуулах аян хуваарийн дагуу явагдахын зэрэгцээ орон даяар өрнөсөн Йордан, Сирийн олон зуун мянган дүрвэгчийг вакцинжуулах аяныг эхлүүлсэн юм” гэв.

giving immunizations

Зүүн талын гэрэл зургийг САМИР БАДРАН, UNICEF-JORDAN-Ы зөвшөөрлөөр нийтлэв; арын чимэглэл ба Йорданы Амманы гэрэл зургийг © iStock/Thinkstock

Хямралаас сэргийлж чадсан нь

Үүгээр ч зогсохгүй, НҮБ-ын Хүүхдийн сан, Йорданы Эрүүл Мэндийн Яам, ХҮГ энэрлийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагаа цаашид хамтран ажиллах үүд хаалгыг нээжээ.

Рон, Сэнди Хаммонд хоёр энэ чухал цаг үед Ойрх Дорнодод ирсэн нь Хаммондынхны итгэлийн мөн Сүмийн ахмад номлогчийн хөтөлбөр илчлэлтээр явагддагийн нотолгоо юм.

Номлогч хосууд хэрэгтэй байна

2012 онд Хаммондынхан Айдахогийн Рэксбург ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчилж байжээ. Рон шүдний эмчээр амжилттай ажиллаж, Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн шашны тэнхимд заадаг байв. Гэвч номлолд үйлчлэх өргөдлөө яаралтай явуул гэсэн тод томруун сүнслэг удирдамж хүлээн авснаар тэдний амар тайван амьдралын хэв маяг өөрчлөгджээ. Уг илчлэлт яг энэ цаг үед ирсэн нь тэднийг гайхшируулсан юм. Гэрлэсэн хүүхдүүд нь ажил мэргэжлээ сольж, нүүж сууж байсан бөгөөд Рон тэтгэвэрт гарах хараахан болоогүй байжээ. Гэвч Сүнс тэднийг өөр газарт хэрэгтэй байгааг мөн бүх зүйл сайхан болно гэдгийг баталсан байна.

Яг энэ үед Сүмийн төв байран дахь санваарын удирдагчид Йорданы Амманд ХҮГ энэрлийн байгууллагын захирлаар үйлчлэх зөв хосыг олохоор мацаг барин, залбирч байжээ.

Сэнди “Их Эзэн алсыг харж, бидэнд зориулсан тодорхой үүрэг даалгавраа нарийвчлан бэлтгэж байсан нь тодорхой байсан. Их Эзэнийг үйлчилдэг номлогч бүрийнхээ төлөө үүнийг хийдэг гэдгийг бид мэднэ. Ирэхээс тань өмнө Аврагч таны үйлчлэлд зориулан ажил хэргийг аль хэдийн зохицуулсан байдаг гэдгийг мэдэх нь сайхан” гэж хэлсэн юм.

Харин Рон “Эргээд харахад, бид хаана үйлчлэхээ тодорхой шийдээгүй байсандаа баярладаг. Ийм зүйлийг Их Эзэнд даатгасан нь өөр нөхцөлд хэзээ ч олж авч чадахгүй туршлагыг бидэнд өгөх боломжийг Түүнд олгосон юм” гэж хэллээ.

Уг туршлагад Йорданы хааны гэр бүлийн сонирхлыг татсан олон хүмүүнлэгийн төсөл дээр хамтарч ажиллах боломж орсон байна. Хаммондынхан орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, Йорданы эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нярайн сэхээн амьдруулах чадвар олгох сургалтыг явуулсан бөгөөд үүний үр дүнд нярайн эндэгдэл эрс буурчээ. ХҮГ энэрлийн байгууллага нь тэдний болон өөр номлогч хосуудын хүчин чармайлтын ачаар нүдний эмнэлэгт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг байгууллагуудад сургалт явуулж, тоног төхөөрөмж хандивлав. Хаммондынхны болон өөр халамжийн номлогчдын дэмжлэг үзүүлсэн газруудын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тусгай хувцас, гар урлалын эд зүйлсийн загварыг хэрхэн гаргаж, оёхыг заадаг нэгэн төв байсан юм. Эдгээр чадвар нь суралцагчдад өөрсдийгөө болон гэр бүлээ авч явах боломж олгожээ.

midwives practice neonatal resuscitation techniques

Зүүн талын гэрэл зургийг ХҮГ энэрлийн байгууллагын зөвшөөрлөөр, баруун талын гэрэл зургийг Хаммондынхны зөвшөөрлөөр нийтлэв.

Бусад төсөлд ТББ болон Йорданы засгийн газартай хамтран онцгой нөхцөл байдалд хариу үзүүлэх, жил бүр Бригам Янгийн Их Сургуульд суралцах хоёр тэтгэлгийн нэгийг хүлээн авах Йорданы оюутныг сонгон шалгаруулах ажил орсон байна. Хаммондынхны сэтгэлд хамгийн их таалагдсан туршлагын нэг бол Латин католик сүмтэй хамтран цуглах газаргүй болсон Иракийн Христийн шашинтнуудад сургуулийн өрөөнүүд барих явдал байв.

Их Эзэнтэй хамт Түүний усан үзмийн талбайд

Хаммондынхан Йорданд байхдаа Их Эзэний үйлчилдэг хүмүүстээ өгсөн “Би та нарын өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) гэсэн амлалт хэчнээн үнэн болохыг мэдэж авчээ.

“Бурхан энэ ажилд гар бие оролцдог. Тэр үйлчлэгчидтэйгээ хамт талбайд хөдөлмөрлөдөг. Номлолд үйлчлэх ямар ч хос усан үзмийн талбайд Их Эзэнтэй хамтран ажилладаг билээ. Бид Йорданд гайхамшгуудад итгээгүй, харин гайхамшгууд дээр амьдардаг болохоо харж байсан” гэж Рон хэлсэн юм.

Яах аргагүй “эргэн тойронд”-оо байгааг нь мэдэрч байсан тэнгэр элчүүдэд тэнгэрлэг биесээс гадна мөнх бус хүмүүс, түүний дотор гэрээсээ хол номлолд үйлчлэх шийдвэрийг нь дэмжсэн хүүхдүүд нь багтаж байв.

Үүний хариуд тэдний гэр бүл Их Эзэний хамгаалалт, дэмжигч хүч чадлаар адислагджээ. Хүүхдүүд нь Их Эзэнд хандан, хамтдаа зөвлөлдөж, нэг нэгнийхээ төлөө залбирч, мацаг барьсны хариуд ажил, нүүдэл суудалтай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргаж, төрөхийн хүндрэлтэй холбоотой асуудлыг шийдсэн байна.

Хүүхдүүдийнх нь хүлээн авсан адислал үнэхээр гайхамшигтай байсан учраас Хаммонд ах, эгч хоёрыг хоёр жилийн номлолоо гурван жил болгож сунгахад урихад бүх хүүхэд нь баяр хөөр болон дэмжжээ. Тэдний төлөө хийсэн Их Эзэний онцгой зүйлс эцэг эхийнх нь үйлчлэлтэй шууд холбоотой гэдгийг тэд мэдэж байлаа.

Гэсэн хэдий ч Хаммондын гэр бүлийнхний хувьд нэг нэгнээсээ хол байх нь яах аргагүй золиослол байсан юм. Хайртай хүмүүсээсээ хол, дэлхийн нөгөө өнцөгт байх хэцүү. Гэхдээ энэ нь өмнөх үеийнхтэй адил хэцүү байсангүй. Технологийн тусламжтайгаар энэ гэр бүл хэрэгтэй үедээ нэг нэгнийхээ амьдралд юу болж байгааг мэдэх боломжтой байв. Сэнди “Хосууд гэр бүлийнхэнтэйгээ холбоогоо тасалдаггүй. Бид гэрт үлдсэн хүүхдүүдийнхээ гэр бүлтэй тогтмол холбоо барьдаг байсан. FaceTime, э-мэйл зэргийн ачаар биднийг үйлчилж байх үед төрсөн дөрвөн ач зээ маань биднийг мэддэг болж, эргэж ирэхэд маань халуун дотно угтаж авсан” гэв.

Нүдээ мөн зүрх сэтгэлээ нээх нь

the Hammond family

Зүүн талын гэрэл зургийг ХҮГ энэрлийн байгууллагын зөвшөөрлөөр, баруун талын гэрэл зургийг Хаммондынхны зөвшөөрлөөр нийтлэв.

Хаммондынхан йорданчуудын өгөөмөр, нөхөрсөг занг олж харсан нь үйлчлэлээрээ дамжуулан олж авсан олон адислалынх нэг байлаа. Тэд анх дуудлагаа хүлээж авсныхаа дараа ямар хүмүүст үйлчлэх гэж байгаагаа сайн мэдэхгүй байв.

Рон “Гэхдээ мусульман найзууд маань эелдэг, өгөөмөр болохыг бид олж мэдсэн. Хэрэв бидэнд аюул тохиолдвол амиа хайрлахгүй биднийг хамгаална гэдгийг нь бид сайн мэднэ.

Тэдний энэрэл гайхалтай. Йорданчууд өөрсдийнх нь тусламж хэрэгтэй гэдгийг мэдэх юм бол туслахгүй өнгөрч чаддаггүй хүмүүс. Тэд Давидын өмнөх үеэс эхлэн дүрвэгчдийг хүлээн авсаар ирсэн. Библид ‘Йорданы тэртээгээс’ гэсэн үг орсон олон шүлэг байдаг бөгөөд бид эрт дээр үеэсээ энэрэнгүй байсаар ирсэн энэ улсад энэрлийн үйлчлэл үзүүлэх боломж олдсондоо талархаж, захидлуудаа ‘Йорданы тэртээгээс’ гэж төгсгөдөг болсон юм. Йордан олон зууны турш энэрлийн нутаг байсаар ирсэн бөгөөд үүнийх нь төлөө Их Эзэний хүмүүсийг адисалсан билээ” гэж хэлэв.

Йорданчуудтай ойр дотно ажилласан нь Хаммондынханд бат бөх нөхөрлөх боломж олгожээ. Санди “Биднийг өдөр бүрийн рамадан мацгийг тайлдаг хэд хэдэн ифтар зоогт урьсан юм. Мусульман найзууд маань биднийг бас сүй тавих найр, хурим болон гэр бүлийн өөр үйл ажиллагаануудад урьдаг байсан” гэж хэлсэн.

Сүмийн зүгээс Йорданд эсвэл хуулиар хориотой аль ч газар номлож, мусульманчуудад баптисм хүртээхийг зөвшөөрдөггүй учраас Хаммондынхан Сүмийн талаар мэдээлэл хуваалцаагүй байв. Үүний оронд тэд хааны гэр бүл, орон нутгийн хүмүүнлэгийн түншүүд, хамт үйлчилж байгаа бусад номлогч хос, шашны болон засгийн газрын удирдагчидтай харилцаагаа хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг байжээ. Сүмийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх үед Хаммондынхан сонирхогчдыг LDS.org сайтаар орж үзэхэд урьдаг байв.

Үйлчлэх дуудлага

Гайхалтай туршлага бүхий Рон, Сэнди хоёр үйлчлэхээр дуудагдсан эсвэл дуудагдаж болох хосуудын дотроос өөрсдийгөө ямар нэгэн байдлаар онцгой гэж боддог болов уу?

Тийм, бас үгүй. Хаммондынхан “Их Эзэнд бидэнд буй тодорхой чадвар, туршлагатай хос хэрэгтэй байсан тэр газар, тэр цаг үед бид үйлчилсэн. Гэхдээ энэ нь бүх ахмад номлогчийн хувьд үнэн юм. Үйлчлэх чадвартай бүх хос өөрсдийн хувьд онцгой арга замаар үйлчлэхэд бэлтгэгдсэн байдаг. Тэд зөвхөн Их Эзэний хүссэн газар руу явах итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд Тэр бусдын амьдралыг өөрчлөхийн тулд тэднийг ашиглах болно” гэж хэлсэн юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс “Хосууд өөрчлөлт хийж чадна. Хосууд хэний ч хийж чадахгүй гайхалтай зүйлийг хийж чадна. …

… Хосуудын үйлчилж болох арга замд хязгаар гэж үгүй. Номлолын оффист туслах, удирдагчдын сургалт явуулах зэргээс эхлэн гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил, хүмүүнлэгийн үйлчлэл гээд Их Эзэний та нарт өгсөн ямар ч авьяас чадварыг ашиглах боломжууд хязгааргүй. …

… Та нар амьдралдаа асар их зүйлийг хүлээн авсан учраас урагш явж, Их Эзэн Аврагчийн үйлчлэлд өгөөмрөөр үйлчил. Итгэлтэй бай. Та нар хаана хэрэгтэй байгааг Их Эзэн мэднэ. Ах эгч нар аа, хэрэгцээ асар их байгаа ч хөдөлмөрлөгчид цөөн байна”2 хэмээн хэлсэн.

Эшлэлүүд

  1. “Сири, Йордан, Ливан, Ирак, Туркт дэгдсэн улаан бурхны тархалтын үеэр хийгдсэн олон нийтийг хамарсан дархлаажуулалтын аян,” 2013 оны 4-р сарын 30, unicef.org-ийг үзнэ үү.

  2. Робэрт Д.Хэйлс, “Couple Missionaries: A Time to Serve,” Лиахона, 2001 оны 7-р сар, 30, 31.