2016
Мэлвагийн сүүлчийн зоог
2016 оны 10-р сар


Эргэцүүлэл

Мэлвагийн сүүлчийн зоог

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Та ариун ёслолоос хүртэх гээд оролдоод үзэх үү?” гэж би өнөө маргаашгүй болж, хоногоо хүлээж байсан ээжээсээ асуув.

sacrament with elderly woman

Зураг чимэглэлийг Кристофер Торнок

Ээж минь 92 нас хүрээд, саяхан нас барсан юм. Эмч нар түүнийг эмчилгээгүй, насан өөд болох хүртэл нь аль болох тайван байлгахаас өөр зүйл хийх хэрэггүй гэсэн шийдвэр гаргах үед тэр эмнэлэгт хэвтэж байв.

Түүнийг гэрт нь аваачихаар бэлдэж байхад тэр хавийн тойргийн хоёр ах ирээд, ээжийг минь ариун ёслол хүртэх хүсэлтэй байгаа эсэх талаар надаас асуув. Эхэндээ би тэдэнд “Үгүй дээ, баярлалаа” гэж хэлсэн. Ээж минь юм ч залгиж чадахгүй байсан юм. Дараа нь би “Байзаарай, би түүнээс асууя” гэж хэлэв. Би ээж рүүгээ ойртоод, “Энд хоёр санваартан байна. Та ариун ёслол хүртэх гээд оролдоод үзэх үү?” гэж асуулаа. Сулхан хэрнээ тод сонсогдохуйц дуугаар тэр “Тэгье” гэж хариулсан юм.

Адисалсны дараа би савнаас талхны хэлтэрхийг аваад, өчүүхэн үртэс хэсэглэн авч, ээжийнхээ аманд хийв. Тэр нэлээн удаан зажилж, би удаж байгаад нь ах нараас хүлцэл өчихөд тэд зүгээр ээ гэж хэлэв. Хоёр дахь залбирлын дараа би жижиг хуванцар аягатай усыг түүний уруулд ойртуулав. Жаахан балгасан ч сайн залгиж чадсанд нь би гайхлаа.

Би ах нарт талархаж, тэд ч хажуугийн өрөө рүү оров. Ээж минь ойролцоогоор цагийн дараа тайван гэгч амьсгал хураасан юм.

Дараагийн хэдэн өдөр нь би ямар ариун нандин мөчийг ээжтэйгээ хамт өнгөрүүлэх боломж олдсон болохыг ухаарсан юм. Ээжийн минь энэ амьдралдаа хамгийн сүүлд хийсэн зүйл бол ариун ёслолоос хүртсэн явдал байсан. Хамгийн сүүлчийн үг нь “Тэгье” буюу ариун ёслолоос хүртье, “харууссан зүрх, гэмшсэн сэтгэл”-ээ өргөе (3 Нифай 9:20), өөр дээрээ Есүс Христийн нэрийг авч, Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний Сүнсийг хүлээн авъя гэсэн үгс байсан. Хамгийн сүүлд хүртсэн зүйл нь ариун ёслолын бэлгэдэл байв.

Сүүлчийн зоог нь хэчнээн сайхан амттай байсан бол! Хөдлөх байтугай ярих ч тэнхэлгүй байсан тэрээр Христ дотор ямар эрч хүчтэй байсан бол! Мөнх бус аяллынхаа эцсийн мөчүүдэд өөрийг нь дэмжиж, мөнх амьдралын найдварыг өгч байсан Түүний гэтэлгэгч, боломжийг олгогч хүчинд ээж маань хэчнээн их талархаж байсан бол!

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Тэнгэр дэх Эцэгтэйгээ болон Түүний Хүү Есүс Христтэй адил болох гэж хичээх үедээ гэрээнүүдээ шинэчилж, өршөөл ба ач ивээлийг мэдрэх боломжтой байгаадаа талархах болтугай. Тэгж чадвал талх, ус нь ээжид минь “бүхнээс дээгүүр амттай, … бүхнээс цэвэр” (Aлма 32:42) байсны адил байх болно.