Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн
Итгэлийн тунхгууд
Бүлэг 1
1 Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг.
2 Хүмүүс Адамын зөрчлийн улмаас бус, өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэнэ гэдэгт бид итгэдэг.
3 Христийн Цагаатгалаар дамжин, Сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдаж болно гэдэгт бид итгэдэг.
4 Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх Итгэл; хоёрдугаарт, Наманчлал; гуравдугаарт, нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулах Баптисм; дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн төлөө гар тавилт гэдэгт бид итгэдэг.
5 Хүн сайн мэдээг номлох, үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд бошиглолоор мөн эрх мэдэлтэй хүмүүсийн гар тавилтаар Бурханаар дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг.
6 Анхны Сүмд байсны адил зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгч, бошиглогч, пасторууд, багш нар, евангелистууд зэрэгт бид итгэдэг.
7 Хэлний, бошиглол, илчлэл мөн үзэгдлийн, эдгэрлийн, хэлнүүдийн хөрвүүлгийн бэлэг болон бусад бэлэгт бид итгэдэг.
8 Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг.
9 Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу мөн чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.
10 Израил бодитоор нэгдэн цугларч, мөн Арван овог сэргээгдэнэ гэдэгт; Сион (Шинэ Иерусалим) Америк тивд байгуулагдах болно гэдэгт; Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт; мөн дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн сүр жавхлангаа хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг.
11 Бид өөрсдийн ухамсрын сонголтын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг шаарддаг, мөн бүх хүнд хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх энэхүү онцгой боломжийг нь хүлээн зөвшөөрдөг.
12 Хаад, ерөнхийлөгч, удирдагч, мөн шүүгчдэд захирагдаж, хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг.
13 Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ариун журамтай байхад мөн бүх хүнд сайныг үйлдэхэд бид итгэдэг; чухамдаа бид Паулын энэ анхааруулгыг дагадаг хэмээн хэлж болно—Бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг хүлцэн тэвчиж чадна гэдэгт найддаг. Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлийг эрэлхийлдэг.
Иосеф Смит.