Судрууд
Удиртгал


Удиртгал

Агуу Үнэт Сувд бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэл болон сургаалын олон чухал талыг хөндсөн сонгомол материалуудын цуглуулга бөлгөө. Эдгээр зүйлийг бошиглогч Иосеф Смит орчуулан мөн боловсруулсан бөгөөд түүний үе дэх Сүмийн тогтмол хэвлэлүүдэд ихэнх нь нийтлэгджээ.

Агуу Үнэт Сувд хэмээх нэр бүхий материалуудын анхны цуглуулгыг ахлагч, дараа нь Арван хоёрын зөвлөлийн гишүүн мөн Британи Номлолын ерөнхийлөгч болсон Франклин Д.Ричардс 1851 онд гаргажээ. Үүний зорилго нь Иосеф Смитийн үед хязгаарлагдмал тоогоор гарсан зарим чухал өгүүллийг илүү хүртээмжтэй болгох явдал байлаа. Европ болон Америк даяар Сүмийн гишүүнчлэл өсөж байсан учраас, эдгээр зүйлийг хүртээмжтэй болгох шаардлага гарч ирсэн билээ. Агуу Үнэт Сувд өргөнөөр хэрэглэгдэж, мөн дараа нь 1880 оны аравдугаар сарын 10-нд Тэргүүн зөвлөл болон Солт Лэйк Ситид болсон ерөнхий чуулганы санаачлагаар Сүмийн жишиг бүтээл болжээ.

Сүмийн хэрэгцээ шаардлагын дагуу хэд хэдэн удаа агуулгад хянан засварлалт хийсэн байна. Анхны хэвлэлд байгаагүй Мосегийн номын хэсгүүд 1878 онд нэмэгджээ. 1902 онд Сургаал ба Гэрээнүүдэд давхардан хэвлэгдсэн байсан зарим хэсэг Агуу Үнэт Сувдаас хасагджээ. 1902 онд зүүлт тайлбар бүхий бүлгүүд мөн шүлгүүд болгон ангилан цэгцэлсэн байна. Хоёр баганат хуудаснууд, индекстэй анхны хэвлэл нь 1921 онд гарчээ. 1976 оны дөрөвдүгээр сарыг хүртэл өөр өөрчлөлт хийгдээгүй ба энэ үед хоёр илчлэл нэмэгдэж орсон. 1979 онд уг хоёр зүйлийг Агуу Үнэт Сувдаас авч Сургаал ба Гэрээнүүдэд оруулсан нь эдүгээ хэсэг 137 ба хэсэг 138 юм. Энэ удаагийн хэвлэлд бичвэрийг түрүү үеийн баримт бичгүүдтэй нийцүүлэхийн тулд зарим өөрчлөлт оруулсан болно.

Одоогийн агуулгын товч танилцуулгыг дор харуулав:

  1. Мосегийн номоос авсан цуглуулгууд. 1830 оны зургаадугаар сард орчуулж эхэлсэн Библийн Эхлэл номын Иосеф Смитийн орчуулгаас авсан хэсэг.

  2. Абрахамын ном. Абрахамын бичээсүүдээс сүнслэгээр өдөөгдөн орчуулсан орчуулга. Иосеф Смит египет хэлээр бичсэн папирусыг олж авсныхаа дараа 1835 онд орчуулгыг нь эхэлжээ. Уг орчуулга нь Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Times and Seasons-д цувралаар нийтлэгдсэн байна.

  3. Иосеф Смит—Матай. Библийн Иосеф Смитийн орчуулга дахь Матайн гэрчлэлээс авсан хэсэг (Шинэ Гэрээний орчуулгыг эхлэх бурханлаг тушаалыг Сургаал ба Гэрээнүүд 45:60–61-ээс үз).

  4. Иосеф Смит—Түүх. 1838–1839 онд тэрээр бичээчдийнхээ хамт бэлтгэж мөн Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 15-наас Times and Seasons-д цувралаар нийтлүүлсэн, Иосеф Смитийн албан ёсны гэрчлэл болон түүхээс авсан хэсгүүд.

  5. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Итгэлийн тунхгууд. Вентвортын Захидал хэмээн нийтийн мэдэх Сүмийн товч түүхийн хамт 1842 оны гуравдугаар сарын 1-нд Times and Seasons-д нийтлэгдсэн Иосеф Смитийн мэдэгдэл оршвой.