Судрууд
Иосеф Смит—Түүх 1


Иосеф Смит—Түүх

Бошиглогч Иосеф Смитийн Түүхээс авсан хэсгүүд

Бүлэг 1

Иосеф Смит өөрийн өвөг дээдэс, гэр бүлийн гишүүд, мөн тэдний анх оршин сууж байсан газруудын тухай өгүүлэв—Шашны талаар ер бусын сонирхол баруун Нью-Йоркт өрнөв—Тэр Иаковын зааврын дагуу мэргэн ухааныг эрэлхийлэхээр шийдэв—Эцэг мөн Хүү үзэгдэн, мөн Иосеф өөрийн бошиглогчийн тохинуулалд дуудагдав. (Шүлэг 1–20.)

1 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсөлт болон дэвшилтэй холбоотойгоор хилэнцэт санаа бодолтой бөгөөд зальхай хүмүүсийн нийтэлсэн олон нийтлэлд бүгдэд, эдгээрийг бичигчид Сүмийн шинж чанарын эсрэг мөн дэлхий дэх үүний дэвшил хөгжлийн эсрэг ширүүн дайралт хийж буйн улмаас—би энэ түүхийг бичиж, өөрт байгаа баримтын хэмжээгээр, хүмүүсийн буруу ойлголтыг залруулах мөн өөртөө болон Сүмд аль алинд нь холбогдох баримтуудыг болсон байдлаар нь үнэнийг эрэлхийлэгч бүхэнд мэдэгдэхээс аргагүйд хүрэв.

2 Энэ түүхэнд би энэ Сүмд холбогдох янз бүрийн үйл явдлуудыг болсон байдлаар нь, эсвээс, болж байгаа байдлаар нь үнэн ба зөв шударга ёсонд толилуулах болно, мөн эдүгээ [1838] уг дурдсан Сүм зохион байгуулагдсанаас хойш найман жил болж байна.

3 Бидний Их Эзэний нэг мянга найман зуун таван онд, арван хоёрдугаар сарын хорин гурав дахь өдөр Вермонт мужийн Виндсор гүнлэг дэх Шарон хотод би төрсөн. … Намайг арав орчим настай байхад миний эцэг, Ахмад Иосеф Смит Вермонт мужийг орхиж, тэгээд Нью-Йорк мужийн Онтарио (одоогийн Вэйн) гүнлэгийн Палмира руу нүүсэн юм. Эцэг минь Палмирад ирснээс хойш дөрөв орчим жилийн дараа, тэр гэр бүлтэйгээ Онтарио гүнлэг дэх Манчестер луу нүүв—

4 Түүний гэр бүл арван нэгэн хүнээс бүрддэг байв, тодруулбал, миний эцэг Иосеф Смит; миний эх Люси Смит (гэрлэхээсээ өмнө түүний овог Мак, Соломон Макийн охин байв); миний ах нар, Алвин (1823 оны арван нэгдүгээр сарын 19-нд, 26 насандаа нас барсан), Хайрум, би, миний эрэгтэй дүү нар Самуел Харрисон, Виллям, Дон Карлос; миний эмэгтэй дүү нар Софрония, Катерин, мөн Люси байв.

5 Биднийг Манчестерт нүүж ирснээс хойш хоёр дахь жилд нь бидний амьдарч байсан газарт шашны сэдвээр ер бусын хөдөлгөөн өрнөсөн билээ. Энэ нь методистуудаас эхэлсэн хэдий ч удалгүй улсын тэр бүсийн шашны бүх урсгалын дунд нийтлэг болов. Чухамдаа, улсын тэр бүс нутаг тэр чигээрээ үүнд татагдан орсон мэт байв, мөн хүмүүсийн дунд их үймээн, хагарлыг бий болгож байсан шашны янз бүрийн бүлгүүдэд олон хүн өөрсдөө нэгдэн, зарим нь “Ийшээ харагтун”, бас бусад нь “Тийшээ харагтун” хэмээн хашхирч байв. Зарим нь методист шашнаа, зарим нь пресбитериан шашнаа, бас зарим нь баптист шашнаа хамгаалан маргалдаж байв.

6 Учир нь, хөрвөгчид нь эдгээр янз бүрийн шашинд хөрвүүлэгдэхдээ агуу хайрыг илэрхийлж байсан хэдий ч мөн хүн бүрийг хөрвүүлэхийн тулд, үүнийг тэд хөрвүүлэх гэж нэрлэх дуртай байв, тэд аль таалагдсан шашныхаа бүлэгт нэгдэг хэмээн шашны талаарх энэ ер бусын хөдөлгөөнийг дэмжин хөгжөөхөд идэвхтэй оролцож байсан уг шашнуудын лам нар ихээхэн чармайдаг байсан хэдий ч; гэсэн ч хөрвөгчдийн зарим нь шашны нэг бүлэгт, нөгөө хэсэг нь өөр нэг бүлэгт нэгдэж эхлэх үед пристүүд болон хөрвөгчдийн аль алиных нь сайн бодол санаа жинхэнэ биш, хуурмаг байсан нь илэрхий байв; учир нь их будилаан болон муу муухай бодол санаа—прист пристийнхээ эсрэг, түүнчлэн хөрвөгч хөрвөгчийнхөө эсрэг маргалдах нь бий болов; тийнхүү бие биеийнхээ талаарх сайн сайхан санаа бодол, хэрэв энэ нь тэдэнд байсан бол, үгийн сөргөлдөөн, санал зөрөлдөөнд бүхэлдээ алга болж байв.

7 Энэ үед би арван дөрвөн настай байв. Миний эцгийн гэр бүл пресбитерианы шашинд хөрвүүлэгдээд байлаа, мөн тэднээс дөрөв нь, нэрлэвэл, миний ээж Люси, ах Хайрум, дүү Самуел Харрисон, эмэгтэй дүү Софрония нар тэр сүмд нэгдэв.

8 Энэхүү их хөдөлгөөний үеэр миний оюун нухацтай эргэцүүлж мөн их зовниж байв; хэдийгээр миний бодол санаа гүн гүнзгий мөн хурц байсан хэдий ч, хэдийгээр би тэдний зарим нэг цуглаанд чадах үедээ оролцдог байсан ч гэсэн, би эдгээр бүх бүлгээс өөрийгөө хол байлгадаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам миний оюун методист урсгалд ямар нэг байдлаар татагдаж, мөн тэдэнтэй нэгдэх хүсэл надад төрсөн юм; гэвч шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будилаан болон сөргөлдөөн тийм их байснаас, хүмүүстэй болон юмстай төдийлөн танилцаж амжаагүй над шиг залуу хүний хувьд, хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв.

9 Миний оюун зарим үед нэн их догдолж байв, учир нь чимээ шуугиан болон үймээн самуун туйлын их бөгөөд тасралтгүй гарч байлаа. Пресбитериан шашинтнууд нь баптистууд болон методистуудыг хамгийн их эсэргүүцэж, тэдний алдааг нотлохын тулд, эсвээс наанадаж л тэд буруу хэмээн хүмүүст бодогдуулахын тулд, шалтаглал болон зальжин шалтгааны аль алиных нь бүх хүчийг ашигладаг байлаа. Нөгөө талаас, баптистууд болон методистууд хариуд нь өөрсдийн шашны номлолуудыг үнэн хэмээн батлахаар сөрж мөн бусад бүгдийн бурууг тогтоохоор нэгэн адил махран зүтгэж байв.

10 Үгийн болон үзэл бодлын үймээн самуунтай энэхүү дайны дунд би: Яах билээ? Эдгээр бүх бүлэглэлээс хэн нь зөв бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол аль нь юм бол, мөн би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн өөрөөсөө олонтоо асуудаг байлаа.

11 Шүтлэгтнүүдийн энэ бүлэглэлүүдийн зөрөлдөөнөөс бий болсон туйлын хүнд байдал дор шаналан байхдаа би нэг өдөр Иаковын захидлын нэгдүгээр бүлгийн тавдугаар шүлэгт: Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг, энэ нь түүнд өгөгдөх болно гэснийг уншив.

12 Хүмүүний зүрх сэтгэлд судрын аль нэг хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хэзээ ч ирж байгаагүй буюу. Энэ нь миний зүрх сэтгэлийн мэдрэмж болгонд агуу хүчтэйгээр нэвчин орох мэт санагдав. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдэж байсан тул би энэ талаар ахин дахин тунгаан бодсон; учир нь би юу хийхээ мэдэхгүй байлаа, мөн тэр үед өөртөө байснаас илүү мэргэн ухааныг би олж авахгүй л бол би хэзээ ч үүнийг мэдэхгүй; учир нь өөр өөр урсгалуудын шашны багш нар судрын яг адил хэсгүүдийг өөр өөрөөр ойлгодог байсан нь Библид хандан асуудлыг шийдэх бүх найдварыг үгүй болгодог байв.

13 Нэг бол би харанхуй болон төөрөгдөлд үлдэх эсвэл Иаковын зааснаар, Бурханаас гуйх ёстой гэдэг дүгнэлтэд би эцэст нь хүрэв. Хэрэв мэргэн ухаан дутсан тэдэнд тэрбээр мэргэн ухааныг, мөн чөлөөтэй өгдөг, бас буруутгадаггүй юм бол би ч гэсэн оролдоод үзье гээд, “Бурханаас гуйхаар” эцэст нь шийдэв.

14 Ийнхүү, би Бурханаас гуйхаар шийдсэнийхээ дагуу үүнийг оролдоод үзэхээр ой руу очив. Энэ бол нэгэн мянга найман зуун хорин оны хаврын нэгэн цэлмэг, сайхан өдрийн өглөө байлаа. Би амьдралдаа ийм оролдлогыг анх удаа хийсэн нь энэ байв, учир нь өөрийн бүхий л зовнилын явцад би хэзээ ч чанга залбирч үзээгүй байлаа.

15 Очихоор өмнөөс товлосон газартаа очсоныхоо дараа би эргэн тойрноо хараад, ганцаараа байгаагаа мэдэж, өвдөг сөгдөн суугаад, зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв. Дөнгөж эхэлмэгцээ би намайг бүхэлд нь эзэмдсэн ямар нэг хүчинд баригдан, мөн ярьж чадахгүй болтлоо хэл минь гацаж, тийм нэгэн гайхмаар нөлөөлөлд автав. Миний эргэн тойронд түнэр харанхуй болж, гэнэтийн устгалын хувь тавилан надад ирсэн мэт надад түр зуур санагдаж байв.

16 Гэвч, намайг барьж авсан энэхүү дайсны хүчнээс өөрийгөө чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчлах зуураа, мөн цөхрөлд живж, бас өөрийгөө устгалд тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр мөчид—хий төсөөлсөн устгалд биш, харин би хүмүүн биед урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй гайхмаар хүч бүхий, үл үзэгдэх ертөнцийн нэгэн бодит хүчинд өөрийгөө тавьж өгөхөд—энэхүү агуу түгшүүрийн яг тэр мөчид би өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана байхыг харсан ба энэ нь над руу алгуурхан доош бууж ирэв.

17 Энэ нь үзэгдмэгц миний бие намайг хүлсэн тэрхүү дайснаас чөлөөлөгдөв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход, гэрэл гэгээ болон сүр жавхланг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх рүүгээ зааж—Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс! хэмээв.

18 Их Эзэнээс асуухаар ирсэн миний зорилго бол бүх урсгалаас аль нь зөвийг, мөн алинд нь би нэгдэж болохыг мэдэх явдал байв. Тиймийн тул, би биеэ эзэмдэж, ярьж чадахуйц чадалтай болонгуутаа бүх урсгалаас аль нь зөв болохыг (учир нь бүгдээрээ буруу гэдэг нь тэр үед миний зүрх сэтгэлд огтхон ч бодогдоогүй байв), мөн алинд нь нэгдэх ёстойгоо би өөрийнхөө дээр гэрэл дотор зогсож байсан Хүмүүсээс асуув.

19 Тэдгээрийн алинд нь ч чи нэгдэх ёсгүй, учир нь тэдгээр нь бүгдээрээ буруу хэмээн надад хариулав; мөн надад хандан ярьсан мөнөөх Хүн, тэдний бүхий л итгэл үнэмшил өөрийнх нь мэлмийд жигшүүрт явдал хэмээн; сүсэг бишрэл тунхаглагч тэд бүгдээрээ ялзарсан хэмээн; мөн “тэд уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг; тэд хүмүүсийн зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлаг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” хэмээн хэлэв.

20 Тэрбээр намайг тэдний алинтай нь ч нэгдэхийг дахин хориглов; мөн өнөө үед миний бичиж үл чадах бусад олон зүйлийг тэрбээр надад хэлсэн буюу. Мөн бибээр дахин ухаан ороход тэнгэр өөд харан нуруугаараа хэвтэж байв. Гэрэл алга болоход би бүр хүчгүй болсон байлаа; гэвч удалгүй тодорхой хэмжээгээр сэргээд, би гэр өөдөө явсан юм. Мөн намайг пийшин налан зогсож байтал ээж надаас юу болсныг асуув. Би “Зүгээр ээ, бүх юм сайн—Би дажгүй ээ” хэмээн хариулав. Тэгээд би ээждээ, “Пресбитерианы сургаал үнэн биш гэдгийг би өөрөө мэдэж авлаа” хэмээн хэлэв. Амьдралын минь бүр эхэн үед намайг өөрийнх нь хаант улсыг эсэргүүцэгч мөн өдөгч байх тавилантайг уг дайсан мэддэг байсан бололтой; тийм бус аваас харанхуйн хүчнүүд яагаад миний эсрэг нэгдэх билээ? Яагаад тэрхүү дайсагнал болон хавчлага намайг бараг л нялх байхад миний эсрэг эхэлсэн юм бэ?

Зарим номлогчид болон сүсэг бишрэлээ тунхаглагч тэд Анхны Үзэгдлийн талаарх яриаг эсэргүүцэв—Дарамт хавчлага Иосеф Смит дээр овоологдов—Тэрээр уг үзэгдлийн үнэн бодитойг гэрчлэв. (Шүлэг 21–26.)

21 Би энэ үзэгдлийг үзсэнээс хэдэн өдрийн дараа, дээр дурдсан шашны хөдөлгөөнд нэн идэвхтэй байсан методист номлогчдын нэгэнтэй хамт байсан юм; мөн, шашны сэдвээр түүнтэй ярилцаж байхдаа өөрийн харсан үзэгдлийн талаарх түүхийг түүнд мэдүүлэх боломж надад олдсон билээ. Түүний ааш авирт би нэн их гайхав; тэр миний ярьсан зүйлд хөнгөмсөг хандсан төдийгүй, харин ч бүр ихэд зэвүүцсэн байдалтай хандаж, энэ бүхэн чөтгөрөөс хэмээн хэлээд, эдүгээ үед үзэгдэл юм уу илчлэл мэтийн юмс байдаггүй хэмээн; энэ мэтийн зүйлс төлөөлөгчдөөр дууссан, мөн тэдгээрээс аль нь ч цаашид хэзээ ч байхгүй байх болно хэмээн хэлэв.

22 Гэвч миний хэлсэн түүх нь сүсэг бишрэл тунхаглагчдын дунд миний эсрэг их сэжиглэлийг төрүүлж, мөн улам өсөн нэмэгдэж буй агуу хавчлагын шалтгаан болж байсныг би төдөлгүй ойлгов; мөн хэдийгээр би зөвхөн арван тав ч хүрээгүй, олны мэддэггүй хөвгүүн байсан ч, мөн миний амьдралын нөхцөл байдал намайг дэлхийд чухал болгохоор байгаагүй ч, өндөр хэргэм зэрэгтнүүд олон нийтийн санаа бодлыг миний эсрэг өдөөхүйц хангалттайгаар анхаарал тавин, их хавчлагыг үүсгэж байсныг би олж мэдсэн билээ; мөн энэ нь бүх бүлэгт адилхан байсан бөгөөд бүгд миний эсрэг хавчлагад нэгдсэн билээ.

23 Дөнгөж арван дөрөв гарч яваа, өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулахаас аргагүй байсан, олны танил бус хөвгүүн тэр үеийн хамгийн нэр хүнд бүхий шашнуудын алдар нэртэй хүмүүсийн анхаарлыг татахуйц чухал хэмээн бодогдож, хамгийн харгис хавчлага бөгөөд доромжлолын бодлыг тэдэнд төрүүлсэн нь тэр үед надад туйлын хачирхалтай санагдсан ба түүнээс хойш энэ тухай олонтоо бодсон билээ. Гэвч хачирхалтай ч бай, үгүй ч бай, тийм л байсан ба энэ нь ихэнхдээ миний их шаналлын шалтгаан байсан юм.

24 Хэдий тийм ч, миний үзэгдэл харсан нь бодит явдал байв. Үүнээс хойш би өөрийгөө гэрэл харж, дуу хоолой сонссон, үзэгдэл харсан хэмээн Агрийп хааны өмнө тоочин, өөрийгөө хамгаалж асан Паултай адилаар бодох болов; гэвч цөөн хэдээс бусад нь түүнд итгээгүй юм; зарим нь түүнийг шударга бус хэмээн хэлж, бусад нь түүнийг галзуу хэмээн хэлж байв; мөн тэр дооглуулж бас доромжлуулж байсан билээ. Гэвч энэ бүхэн түүний үзэгдлийн үнэн бодитойг устгаж чадаагүй юм. Тэрээр үзэгдэл харсан, үүнийгээ тэр мэдэж байсан бөгөөд тэнгэрийн доорх бүх хавчлага үүнийг өөрчилж чадаагүй юм; хэдийгээр тэд түүнийг үхтэл нь хавчсан ч тэрээр гэрэл харж мөн өөртэй нь ярьсан дуу хоолойг сонссоноо эцсийнхээ амьсгалыг хураах хүртлээ мэдэж байсан бөгөөд бүх дэлхий түүнд өөрөөр бодуулж мөн өөрөөр итгүүлж чадаагүй билээ.

25 Миний хувьд ч бас тийм байв. Би үнэхээр гэрэл харсан бөгөөд тэр гэрлийн дунд хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ; намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө хавчиж, мөн үзэн ядаж байсан хэдий ч, энэ нь үнэн юм; мөн тэгж хэлсний учир тэд намайг хавчиж, намайг доромжилж, миний эсрэг хуурамчаар янз бүрийн хилэнцтийг ярьж байх үед, би зүрх сэтгэлдээ ийн хэлэхэд хүрэв: Үнэнийг хэлсний төлөө намайг яагаад хавчиж байгаа юм бэ? Үнэндээ би үзэгдэл харсан шүү дээ; Бурханы эсрэг зогсож чадах хэн юм бэ би, яагаад үнэхээр харсан зүйлээ үгүйсгэхийг дэлхий надаас хүснэ вэ? Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй, мөн ингэж зүрхлэх нь үгүй; ингэснээр Бурханыг гомдоох бөгөөд буруутгал дор ирнэ гэдгийг би яавч мэдэж байсан.

26 Шашны бүлэглэлүүдийн тухайд би одоо сэтгэл хангалуун байх болов—тэдний аль нэгэнд нэгдэх нь миний үүрэг биш, харин би цаашдын удирдамж авах хүртлээ энэ хэвээрээ үлдэх ёстой байв. Би мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас гуйж мөн олж авах бөгөөд буруутгагдах нь үгүй гэсэн Иаковын гэрчлэл үнэн болохыг мэдэж авсан юм.

Моронай Иосеф Смитэд үзэгдэв—Иосефын нэр бүх үндэстний дунд сайн болон муугаар мэдэгдэх болно—Моронай түүнд, Мормоны Ном болон Их Эзэний ирж буй шүүлтийн тухай ярьж мөн олон судраас эш татав—Алтан ялтаснуудыг нуусан газар илчлэгдэв—Моронай бошиглогч Иосефт зааварчлахаа үргэлжлүүлэв. (Шүлэг 27–54.)

27 Би мянга найман зуун хорин гурван оны есдүгээр сарын хорин нэгэн хүртэл ердийн ажлаа үргэлжлүүлэн хийж, үзэгдэл харсан гэдгээ баталсаар байсан учраас энэ бүх цагийн туршид шүтлэгтэй болон шүтлэггүй янз бүрийн хүмүүсийн гарт хүнд хэцүү хавчлагыг эдэлсээр байлаа.

28 Би үзэгдэл харснаас хойш мянга найман зуун хорин гурван он хүртэлх хэсэг хугацаанд—тэр үеийн шашны бүлгүүдийн аль нэгэнд нэгдэх нь надад хориглогдсон байсан учир, мөн бага залуу настай байсан учир, мөн найз нөхөд минь байж, надад элэгсэг хандах учиртай тэднээр, хэрэв намайг хууртагдсан гэж үзэж байсан бол, тэд намайг засаж залруулахаар эелдгээр халамжлахыг хичээх учиртай тэр хүмүүсээр хавчигдаж байсан учир—би янз бүрийн уруу таталтад орж байв; мөн янз бүрийн хүмүүстэй хутгалдаж, би удаа дараа олон мунхаг алдаа гарган, өсвөр насны сул тал болон хүний төрөлхийн дутагдалт талыг харуулж байв; энэ нь Бурханы мэлмийг гомдоохуйц олон янзын уруу таталтад намайг хөтөлснийг хэлэхэд ч харуусалтай байна. Ийнхүү тоочиж байгааг минь, намайг аливаа их, эсвээс хор хөнөөлтэй нүглүүдэд гэмтэй хэмээн хэн ч бодох хэрэггүй. Иймийг үйлдэх санаа миний уг мөн чанарт хэзээ ч байгаагүй. Гэвч над шиг Бурханаас дуудагдсан хүнд байвал зохих шинж чанартай үл нийцэх хөнгөмсөг гоомой байдалд, наргианч бүлэгтэй зарим үед холбоо сүлбээтэй байсан зэрэгт би буруутай байлаа. Гэвч миний залуу насыг эргэн санадаг, түүнчлэн миний төрөлхийн хөгжүүн баяр хөөртэй зан чанарыг мэддэг хүнд энэ нь их хачин гажууд санагдахгүй биз ээ.

29 Эдгээр зүйлийн улмаас, сул тал болон төгс бусынхаа улмаас буруутгагдаж байгаа хэмээн надад олонтоо санагддаг байв; дээр дурдсан есдүгээр сарын хорин нэгний орой, тэр шөнө унтахаар хэвтсэний дараа, би Бүхнийг Чадагч Бурханд хандсан залбирал мөн даруухан гуйлтад өөрийгөө зориулан, миний бүх нүгэл бас тэнэглэлүүдийг уучилна уу хэмээн, мөн тэрчлэн түүний өмнөх өөрийн байдал болон байр суурийг мэдэж болохын тулд илэрхийлэлтийг өгнө үү хэмээн залбирав; учир нь, өмнө нь би нэгийг хүлээн авсны адилаар, бурханлаг илэрхийлэлтийг хүлээж авна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байв.

30 Тийнхүү Бурханыг дуудах зуураа би өрөөнд маань нэгэн гэрэл үзэгдэхийг олж мэдэв, мөн энэ нь тэрхүү өрөөг үд дундынхаас илүү гэрэлтэй мэт болтол үргэлжлэн нэмэгдэж, нэгэн хүмүүн бие тэр даруй миний орны дэргэд, агаарт тогтон үзэгдэв, учир нь түүний хөл шаланд хүрэхгүй байлаа.

31 Тэрбээр туйлын цагаан, элбэг орхимжтой байв. Энэ нь миний урьд үзсэн газар дэлхийн бүхнээс үлэмж цагаан байсан бөлгөө; бас би газар дэлхийн нэгээхэн ч зүйл ийм үлэмжийн цагаан мөн туяаран харагдахаар болгогдож чадна гэж бодохгүй байна. Түүний гар нь, мөн түүнчлэн бугуйнаас ялимгүй дээгүүр шуу хүртлээ ил байв; түүнчлэн, үүний нэгэн адил, түүний хөл нь, мөн шагайнаасаа ялимгүй дээгүүр шилбэ хүртлээ нүцгэн байлаа. Түүний толгой мөн хүзүү нь түүнчлэн ил байв. Би ил цухуйж буй түүний цээжийг хараад тэрбээр энэ орхимжноос өөр хувцас өмсөөгүйг мэдэв.

32 Түүний орхимж үлэмж цагаан байсан төдийгүй, бас түүний бүхий л бие нь үгээр дүрслэхийн аргагүй гэрэлтэн, мөн түүний дүр төрх үнэхээр цахилгаан мэт байв. Өрөө үлэмж гэрэлтэй байсан хэдий ч, тэр хүмүүний эргэн тойрон дахь шиг тийм хурц байсангүй. Би түүнийг анх хармагцаа айв; гэвч тун удалгүй тэр айдас намайг орхилоо.

33 Тэрээр намайг нэрээр минь дуудаад, мөн надад хандан тэр Бурханы оршихуйгаас надад илгээгдсэн элч гэдгийг, мөн түүний нэр Моронай гэдгийг хэлж; надад зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг; мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдаж, өөрөөр хэлбэл миний нэр бүх ард түмний дунд сайн болон муу, аль алинаар нь яригдах болно гэдгийг хэлэв.

34 Алтан ялтаснууд дээр бичиглэгдсэн, энэ тивийн эртний оршин суугчдын тухай, мөн тэд хаанаас үүсэж бий болсон эх сурвалжийн шастирыг агуулсан нэгэн ном хадгалагдсаныг тэрээр хэлэв. Түүнчлэн Аврагчаар эртний оршин суугчдад хүргэгдсэн үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг тэр хэлэв;

35 Түүнчлэн, мөнгөн хүрээнд суулгагдсан хоёр чулуу нь—мөн энэ чулуунууд цээжний хуягт бэхлэгдэж, Урим ба Туммим гэгчийг бүрдүүлдэг—ялтаснуудтай хамт хадгалагддаг хэмээн; мөн эртний буюу хуучин цагт эдгээр чулууг эзэмшин мөн хэрэглэсэн нь “үзмэрчид” гэгддэг байсныг; мөн Бурхан тэдгээрийг уг номыг орчуулах зорилгын тулд бэлтгэснийг буюу.

36 Эдгээр зүйлийг надад ярьсныхаа дараа, тэрээр Хуучин Гэрээний бошиглолуудаас эш татаж эхлэв. Тэрээр эхлээд Малахийн гуравдугаар бүлгийн хэсгийг эш татав; мөн тэрээр тэрчлэн уг бошиглолын дөрөвдүгээр буюу сүүлчийн бүлгийг бидний Библид байдаг тэрхүү хэлбэрээс бага зэрэг өөрөөр эш татлаа. Бидний номуудад байдаг нэгдүгээр шүлгийн эшлэлийн оронд тэрээр үүнийг ийн эш татав:

37 Учир нь болгоогтун, зууханд адил шатах тэрхүү өдөр ирэх бөлгөө, мөн бардамнагчид бүгд, тийм ээ, мөн ёс бусыг үйлддэг тэд бүгд тарианы ёзоор мэт шатах болно; учир нь ирэх тэд нь тэднийг шатаах болно, тэгснээр энэ нь тэдгээрийн үндсийг ч бас мөчрийг нь ч эс үлдээх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

38 Мөн түүнчлэн, тавдугаар шүлгийг тэр ийн эш татав: Болгоогтун, Их Эзэний агуу болон аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно.

39 Тэрбээр тэрчлэн дараачийн шүлгийг өөр байдлаар эш татав: Мөн тэрээр эцэг өвгөдөд нь өгөгдсөн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцэг өвгөд рүүгээ эргэх болно. Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.

40 Эдгээрээс гадна, тэрээр Исаиагийн арван нэгдүгээр бүлгийг эш татан, энэ нь гүйцэлдэх гэж буй хэмээн хэлэв. Тэрээр тэрчлэн Үйлсийн гуравдугаар бүлэг, хорин хоёр болон хорин гуравдугаар шүлгийг бидний Шинэ Гэрээнд байдагтай яг адилаар эш татлаа. Тэрхүү бошиглогч нь Христ байсныг; гэхдээ “түүний дуу хоолойг сонсдоггүй тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах” тэрхүү өдөр хараахан ирээгүй хэдий ч, удахгүй ирэх болно хэмээн тэрбээр хэлэв.

41 Тэрээр түүнчлэн Иоелын хоёрдугаар бүлгийг, хорин наймдугаар шүлгээс сүүлчийнхийг хүртэл эш татав. Энэ нь хараахан гүйцэлдээгүй ч гэсэн, удахгүй тохиох болно хэмээн тэрээр бас хэлэв. Мөн харийнхны бүрэн байдал удахгүй тохиох болно хэмээн тэрээр цааш нь өгүүлэв. Тэрбээр судрын өөр олон хэсгийг эш татан, мөн энд дурдаж болохгүй олон тайлбарыг өгөв.

42 Түүнчлэн, тэр надад, би түүний ярьсан уг ялтаснуудыг авах үедээ—учир нь тэдгээрийг авах цаг хараахан бүрдээгүй байв—би тэдгээрийг; мөн Урим ба Туммимтай цээжний хуягийг нэг ч хүнд үзүүлэх ёсгүй хэмээн хэлэв; үүнийг үзүүлэхийг надад зарлигласан зөвхөн тэднээс бусад хэнд ч буюу; хэрэв тэгвээс би устгагдах болно хэмээв. Уг ялтаснуудын тухай түүнийг надтай ярилцаж байх зуур миний оюунд үзэгдэл нээгдэн, би уг ялтаснуудын хадгалагдсан газрыг, мөн би тэнд очихдоо уг газрыг дахин танихуйц маш илэрхий бас тодорхойгоор харж чадав.

43 Энэхүү харилцааны дараа, өрөөн дэх гэрэл надад ярьж байсан түүний биеийн эргэн тойронд хуралдахыг би харсан ба энэ нь түүнийг хүрээлснээс бусдаар, өрөө дахин харанхуй болтол үргэлжлэв; би тэр даруйд, шууд тэнгэр өөд дээш одох суваг мэт зүйлийг харж, мөн тэрээр үзэгдэхгүй болтлоо дээшлэн одов, мөн өрөө энэхүү тэнгэрлэг гэрэл үзэгдэхээс өмнө байсан янзаараа үлдэв.

44 Би уг явдлын өвөрмөц байдлыг бодон, мөн энэ ер бусын элчээр надад хэлэгдсэн зүйлд үлэмж ихээр гайхширан хэвтэж байв; ийнхүү бодлогошрон байх зуураа, өрөө маань дахин гэрэлтэж эхлэхийг би гэнэтхэн ажиглав, мөн агшин зуурын дотор мэтэд, мөнөөх тэнгэрлэг элч дахин орны минь дэргэд байв.

45 Тэрээр ярьж эхлэн, мөн өөрийн эхний айлчлалын үед ярьсантайгаа адил зүйлсийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр дахин өгүүлэв; үүнийг үйлдээд, тэрээр газар дэлхий дээр ирж буй агуу шүүлтүүдийн тухай, өлсгөлөн, илд мэс мөн өвчин тахлаар ирэх агуу сүйрлүүдийн талаар надад мэдүүлэв; мөн энэ хатуу шүүлтүүд энэ үеийнхэнд дэлхийд ирнэ хэмээн буюу. Эдгээр зүйлийг өгүүлээд, тэрээр дахин урьдын адил дээшлэн одов.

46 Энэ үед, миний оюунд маш гүнзгий сэтгэгдэл төрснөөс нойр минь хулжин, мөн би харсан болон сонссон түүний тухайд гайхалдаа эзэмдүүлэн хэвтэж байв. Гэвч би мөнөөх элч орны минь дэргэд байхыг дахин хараад, мөн тэрээр надад урьдын адил зүйлсийг давтан өгүүлэхийг сонсоод хэчнээн их гайхсан гээч; мөн надад сэрэмжлүүлэг болгон нэмж, (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагавар болгон) ялтаснуудыг баяжих зорилгын тулд авахад Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв. Үүнд тэрээр надад хориг тавин, би уг ялтаснуудыг авахдаа Бурханыг алдаршуулахаас өөр ямар ч зорилготой байх ёсгүй хэмээв, мөн түүний хаант улсыг байгуулахаас өөр ямар нэгэн хүслийн нөлөөлөлд автагдах ёсгүйг; өөрөөр бол би тэдгээрийг авч чадахгүйг хэлэв.

47 Энэ гурав дахь айлчлалын дараа, тэрээр дахин урьдын адил тэнгэрт дээшлэн одов, мөн би дөнгөж тохиолдсон зүйлийн хачныг гайхан тунгааж, дахин ганцаараа үлдэв; мөнөөх тэнгэрлэг элч намайг гурав дахь удаагаа орхин дээшилсний дараа бараг тэр даруй, азарган тахиа донгодов, мөн би өдөр ойртож буйг, иймээс бидний уулзалт бүхэл шөнийг эзэлснийг мэдэв.

48 Би үүний дараа удалгүй орноосоо босож, мөн ердийн байдлаараа өдрийн зайлшгүй хийх ажилдаа гарлаа; гэвч ердийнхөөрөө ажиллахыг хичээх зуур, ажиллах боломжгүй болтлоо хүч минь шавхагдсаныг олж мэдэв. Надтай хамт ажиллаж байсан миний эцэг, миний жирийн бус байдлыг ажиглаад, гэртээ харь гэж надад хэлэв. Би байшин руугаа очих санаатай явж эхлэв; гэвч бидний байсан талбайгаас гарахаар хашаа давахаар оролдох үед, миний бүх хүч шавхагдан, би өөрийн эрхгүй газарт унаж, мөн хэсэг хугацаанд юу ч мэдэхгүй ухаан алдсан байлаа.

49 Миний юун түрүүнд санаж байгаа зүйл нь надад хандан ярьж, намайг нэрээр минь дуудах дуу хоолой байлаа. Би дээш харж, мөн мөнөөх элч миний толгойн тус газар, урьдын адил гэрлээр хүрээлүүлэн зогсож байхыг үзэв. Тэгээд тэрээр урьд шөнө надад ярьсан зүйлээ бүгдийг дахин ярьж, мөн намайг аав дээрээ очиж бас түүнд өөрийн хүлээн авсан тэр үзэгдэл мөн зарлигуудын тухай хэлэхийг надад зарлиг болов.

50 Би дуулгавартай даган; талбайд аавдаа буцаж очоод, мөн бүхий л болсон явдлыг түүнд давтан хэлэв. Энэ нь Бурханаас байсан хэмээн тэрээр надад хариулж, мөн уг элчээр зарлиг болгогдсоны дагуу явж мөн хий гэж надад хэлэв. Би талбайг орхин, мөнхүү элчийн уг ялтаснууд хадгалагдан байгааг надад хэлсэн тэр газар луу явлаа; мөн үүний талаар би үзэгдэлд тодорхой харсан учраас, би тэнд очсон даруйдаа уг газрыг танив.

51 Нью-Йоркийн Онтарио гүнлэгийн Манчестер тосгоны ойролцоо, орчин тойрондоо хамгийн өндөр болох нилээд томоохон гүвээ байдаг. Энэ гүвээний баруун талд, оройноос нь холгүй, томоохон чулууны дор, чулуун хайрцганд хадгалагдсан ялтаснууд байв. Энэ чулуу нь төв рүүгээ дээш товойсон зузаан, харин захаараа нимгэвтэр учир төв хэсэг нь газраас дээш харагдахаар, харин эргэн тойрон бүх захын хэсэг нь шороонд булагдсан байлаа.

52 Шороог нь зайлуулаад, би хөшүүрэг олж аван, түүнийг би чулууны зах доогуур ивж, мөн бага зэрэг хүчлээд үүнийг дээш өргөв. Би дотогш харж, мөн элчийн дурдсан уг ялтаснуудыг, бас Урим ба Туммим мөн цээжний хуягийг үнэхээр харав. Тэдгээр зүйл дотор нь байсан уг хайрцаг нь чулуунуудыг ямар нэг зуурмагаар тогтоон барьсан байлаа. Уг хайрцагны ёроолд, хоёр чулууг хэрээс болгон хөндөлдүүлэн тавьж, мөн эдгээр чулуун дээр ялтаснууд болон тэдгээртэй хамт бусад зүйлс тавигдсан байв.

53 Би тэдгээрийг гаргахаар завдсан боловч, элчээр хориглогдож, мөн тэдгээрийг урагш авчрах цаг нь хараахан болоогүй бөгөөд тэр цагаас дөрвөн жилийг улиртал энэ нь тохиохгүй хэмээн дахин сануулагдав; харин тэр намайг тэр цагаас яг нэг жилийн дараа уг газарт ирвэл зохино гэдгийг, мөн тэр тэнд надтай уулзана гэдгийг, мөн би уг ялтаснуудыг авах цагийг иртэл тийн үйлдэх ёстойг тэрээр надад хэлсэн бөлгөө.

54 Надад тийн зарлигласны дагуу, би нэг жил өнгөрөх тутам очиж, мөн тухай бүрд би мөнөөх элчтэй тэнд уулзаж, мөн түүнтэй уулзах бүрдээ, Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн түүний хаант улс хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдагдах ёстой тухайд заавар ба мэдлэгийг түүнээс хүлээн авч байлаа.

Иосеф Смит Эмма Хейлтэй гэрлэв—Тэрээр алтан ялтаснуудыг Моронайгаас хүлээн авч мөн зарим дүрс бичгийг нь орчуулав—Мартин Харрис дүрс бичгүүдийг болон орчуулгыг Профессор Антонд үзүүлэхэд, тэрээр “Би лацдагдсан номыг уншиж чадахгүй юм байна” хэмээн хэлжээ (Шүлэг 55–65).

55 Миний эцгийн амьдралын нөхцөл туйлын хязгаарлагдмал байсан учраас, бид боломж олдсоноор өдрийн хөлсний ажил олж хийх, эсвээс өөр байдлаар хөлслөгдөн, бид өөрсдийнхөө гараар хөдөлмөрлөх зайлшгүй шаардлагатай байлаа. Заримдаа бид гэртээ, заримдаа гэрээсээ хол байдаг байв, мөн зогсолтгүй хөдөлмөрлөснөөр бид ая тухтай байдалд байх боломжтой байв.

56 1823 онд миний том ах Алвин нас барснаар эцгийн минь гэр бүлд их зовлон зүдгүүр учрав. 1825 оны аравдугаар сард Нью-Йорк мужийн Ченанго гүнлэгт амьдарч асан Жозиа Стоал нэртэй нэгэн настай эр намайг хөлсний ажилд авлаа. Тэрээр Пеннсильвани мужийн Саскүэханна гүнлэг дэх Хармонид испаничуудын нээсэн мөнгөний уурхайн талаар ямар нэг зүйл сонссон байв; тэгээд намайг хөлслөхөөсөө өмнө, хэрэв боломжтой бол уурхай олж нээхийн тулд, газар ухаж байжээ. Намайг түүнтэй хамт амьдрахаар очсоны дараа тэрээр мөнгөний уурхай ухахаар намайг үлдсэн ажилчдынхаа хамт авч яван, би тэнд бараг нэг сар ажилдаа амжилт эс гарган ажилласан юм, би тэгээд эцэст нь мөнөөх настай эрд үүнийг ухахаа зогсоохыг ятган итгүүлж чадав. Намайг мөнгө ухагч байсан тухай нэн өргөн тархсан түүх үүнээс үүдсэн юм.

57 Би ийм ажилтай байсан үеийн туршид, тэр нутагт амьдардаг ноён Исаак Хейлийн гэрт амьдрахаар илгээгдсэн юм; тэнд би эхнэрээ, (түүний охин) Эмма Хейлийг анх удаа олж харж билээ. 1827 оны нэгдүгээр сарын 18-нд, намайг ноён Стоалын төлөө ажиллаж байх үед маань бид гэрлэв.

58 Би үзэгдэл харсан хэмээн батлан хэлэхээ үргэлжлүүлж байсны улмаас, хавчлага намайг дагасаар л байв, мөн миний эхнэрийн гэр бүл бидний гэрлэлтийг туйлын их эсэргүүцэж байлаа. Тиймийн тул, би түүнийг өөр газар луу авч явах зайлшгүй шаардлагатай болов, тиймээс бид тэндээс явж, тэгээд Нью-Йоркийн Ченанго гүнлэгийн Сауф Бейнбрижид Сквайре Тарбиллын гэрт гэрлэв. Би гэрлэснийхээ дараа ноён Стоалынхыг орхиж, тэгээд эцгийндээ очин, тэр улиралд түүнтэй хамт газар тариалан дээр ажиллав.

59 Эцэст нь уг ялтаснуудыг, Урим ба Туммим, мөн цээжний хуягийг авах цаг болов. Нэг мянга найман зуун хорин долоон оны есдүгээр сарын хорин хоёрны өдөр, ердийн адил тэдгээрийн хадгалагдсан газарт, жил болсны дараа ирэхэд, урьд уулзсан тэнгэрлэг элч тэдгээрийг надад гардуулан, энэ үүргийг хүлээлгэв: Би тэдгээрийн төлөө хариуцлага хүлээх ёстой; хэрэв би тэдгээрийг өөрийн хайнга эсвээс хайхрамжгүйгээс алдвал, би тусгаарлагдах ёстой болно; гэвч хэрэв би өөрийн бүх хүчээр тэдгээрийг хадгалахыг чармайх аваас, уг элч тэдгээрийг авахыг хүсэх хүртэл тэдгээр нь хамгаалагдах болно хэмээн буюу.

60 Би яагаад тэдгээрийг аюулгүй байдалд хадгалах тийм хатуу чанд үүрэг хүлээн авч, мөн миний гарт даалгагдсаныг хийж гүйцэтгэсний дараа, тэрээр тэдгээрийг буцааж авах болно хэмээн уг элч юуны учир хэлсний шалтгааныг удалгүй олж мэдсэн бөлгөө. Тэдгээр нь надад байгаа гэдэг нь мэдэгдмэгц, тэдгээрийг надаас авахын тулд хамгийн шаргуу оролдлогууд хэрэглэгдэж байв. Уг зорилгын тулд хүний санаанд орж болох бүхий л заль мэх сэдэгдэн хэрэглэгдэж байлаа. Хавчлага урьдынхаасаа улам харгис бас хүнд болж, мөн бүлэг хүмүүс, хэрэв боломж олдвол тэдгээрийг надаас авахаар үргэлж бэлэн байдалд байв. Гэвч Бурханы мэргэн ухаанаар, гарт минь даалгасан түүнийг биелүүлтэл тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд үлдсэн юм. Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг өгсөн билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд, энэ өдөр болох нэг мянга найман зуун гучин найман оны тавдугаар сарын хоёр дахь өдрийг хүртэл байлгаж буй болой.

61 Гэсэн хэдий ч, сэтгэл хөөрөл үргэлжилсэн хэвээр байж, мөн миний эцгийн гэр бүлийн болон миний талаар мянган худал хуурмаг цуу үг үргэлжлэн тарсаар байв. Хэрэв би тэдгээрийн мянганы нэг хувийг өгүүлэх аваас, энэ нь олон ботийг дүүргэх биз ээ. Гэсэн хэдий ч хавчлага тэсэхүйеэ бэрх болж, би эхнэрийнхээ хамт Манчестерыг орхин Пеннсильвани мужийн Саскүэханна гүнлэг рүү явахаас аргагүйд хүрэв. Эхлэхээр бэлтгэж байсан үедээ—нэн ядуу байсан ба хавчлага ийм хүнд бэрх байхад бид өөрөөр байх ч боломжгүй байв—зовлон зүдгүүрүүдийнхээ дунд Мартин Харрис хэмээх нэртэй нэгэн хүнтэй бид найзалсан ба тэр бидэн дээр ирж, аянд маань бидэнд туслахын тулд надад тавин доллар өгөв. Ноён Харрис Нью-Йорк мужийн Вэйн гүнлэгийн Палмира хотхоны оршин суугч, түүнчлэн хүндэтгэл хүлээсэн тариачин байв.

62 Цагаа олсон энэ тусламжийг ашиглан би Пеннсильвани дахь хүрэх газартаа очих боломжтой болов; мөн би тэнд очмогцоо ялтаснуудын дүрс бичгүүдийг хуулбарлаж эхлэв. Тэдгээрээс нилээд олныг нь хуулбарлаж, мөн Урим ба Туммимыг ашиглан би тэдгээрийн заримыг нь орчуулсан ба эхнэрийнхээ эцгийн гэрт хүрч ирсэн арван хоёрдугаар сар, мөн хоёрдугаар сарын хооронд үүнийг хийсэн бөлгөө.

63 Энэ хоёрдугаар сард, дээр дурдсан ноён Мартин Харрис манайд ирж, ялтаснуудаас миний хуулбарлаж авсан дүрс бичгүүдийг авч Нью-Йорк хот руу явав. Түүнд болон уг дүрс бичгүүдэд юу тохиолдсон тухайд, тэрээр эргэж ирснийхээ дараа тэдгээрийн талаар надад өгүүлсний дагуу, нөхцөл байдлын талаарх түүний өөрийнх нь мэдээллийг би эш татъя, ийн өгүүлсэн байв:

64 “Би Нью-Йорк хотод очиж, бичиг үсгийн мэдлэгээрээ алдаршсан, боловсон эр, профессор Чарльз Антонд орчуулагдсан дүрс бичгүүдийг тэдгээрийн орчуулгын хамт үзүүлэв. Орчуулга нь египет хэлнээс орчуулагдсан, өмнө нь түүний үзсэн аль ч орчуулгаас илүү зөв байсныг профессор Антон нотлов. Тэгээд би орчуулагдаагүй байсан тэдгээрийг түүнд үзүүлэхэд тэрээр тэдгээр нь египет, халдеи, ассири болон араб хэлээр байна хэмээн хэллээ. Тэдгээр нь жинхэнэ дүрс бичиг байсан ба орчуулагдсан тэдгээрийн орчуулга тэрчлэн зөв байсныг Палмирагийн хүмүүст нотлон тэрээр надад гэрчилгээ өгөв. Би гэрчилгээг аваад, үүнийг халаасандаа хийж, тэднийхээс гарах гэтэл ноён Антон намайг гэдрэг дуудаж, тэр залуу хүн уг алтан ялтаснууд тэр газарт байсныг хэрхэн олж мэдсэнийг надаас асуув. Би Бурханы нэгэн тэнгэр элч үүнийг түүнд илчилсэн хэмээн хариулсан юм.

65 “Тэрбээр тэгэхэд ‘нөгөөх гэрчилгээг чинь үзье’ хэмээн надад хэлэв. Тэр дагуу би үүнийг халааснаасаа гаргаж түүнд өгөхөд тэрээр үүнийг аваад, жижиг хэсгүүд болгон урж хаяад, эдүгээ тохинуулагч тэнгэр элч нар гэгч юм байхгүй хэмээн, хэрэв би ялтаснуудыг түүнд авчирч өгөх аваас тэрээр тэдгээрийг орчуулна хэмээн хэлэв. Би түүнд ялтаснуудын нэг хэсэг нь лацдагдсан бөгөөд мөн тэдгээрийг авч явахыг надад хориглосныг мэдээллээ. “Би лацдагдсан номыг уншиж чадахгүй” хэмээн тэрбээр хариулав. Би тэндээс гаран, доктор Митчел рүү очсон ба тэр дүрс бичгүүд болон орчуулгын аль алиных нь талаар профессор Антоны хэлснийг баталсан юм.

· · · · · · ·

Оливер Каудери Мормоны Номыг орчуулахад бичээчээр үйлчлэв—Иосеф, Оливер хоёр Баптисч Иоханаас Аароны санваар хүлээн авав—Тэд баптисм хүртэж, томилогдож, мөн бошиглолын суу билгийг хүлээн авав. (Шүлэг 66–75.)

66 1829 оны дөрөвдүгээр сарын 5 дахь өдөр Оливер Каудери манай гэрт ирэв, энэ үеийг хүртэл би түүнийг огт харж байгаагүй байлаа. Тэр миний аавын амьдардаг газрын сургуульд багшилдаг байсан учраас, мөн аав маань хүүхдүүдээ явуулдаг байсан хүмүүсийн нэг байсан учраас, тэр түүний гэрт хэсэг хугацаанд амьдрахаар очиж, тэгээд тэнд байхад нь эцгийн маань гэр бүл ялтаснуудыг хүлээн авсан миний нөхцөл байдлуудын талаар түүнд ярьж, мөн тэр дагуу надаас асуухаар ирлээ хэмээн тэрээр надад ярив.

67 Ноён Каудерийг ирснээс хойш хоёр өдрийн дараа (дөрөвдүгээр сарын 7-н байв) би Мормоны Номыг орчуулж эхлэн, мөн тэрээр надад туслан бичиж эхлэв.

· · · · · · ·

68 Бид орчуулгын ажлаа үргэлжлүүлж, ялтаснуудын орчуулганд нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын талаар дурдагдсан байсныг бид олж мэдээд, үүний талаар Их Эзэнээс асуухаар дараагийн сарын (1829 оны тавдугаар сар) нэг өдөр ой руу явлаа. Бид ийнхүү залбирч мөн Их Эзэнийг дуудаж байтал тэнгэрээс нэгэн элч гэрэлт үүлэн дотор доош буун ирж, бидэн дээр гараа тавиад тэрбээр биднийг томилон, ийн хэлэв:

69 Надтай хамтран үйлчлэгч та хоёрт би Мессиагийн нэрээр Аароны санваарыг хүртээж байна, энэ нь тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулж гүйцэтгэх баптисмын түлхүүрүүдийг атгадаг; мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс дахин хэзээ ч авагдахгүй байх болно.

70 Тэрээр энэ Аароны санваар нь Ариун Сүнсний бэлгийг өгөхөөр гар тавих хүчийг агуулдаггүй, гэхдээ энэ нь бидэнд хожим хүртээгдэх болно хэмээн хэлэв; мөн явж мөн баптисм хүртэхийг тэрээр бидэнд зарлиглаж, мөн би Оливер Каудерид баптисм хүртээх ёстой, мөн тэгээд дараа нь тэрээр надад баптисм хүртээх ёстой хэмээх заавруудыг бидэнд өгөв.

71 Тэр дагуу бид явж мөн баптисм хүртэв. Эхлээд би түүнд баптисм хүртээж, тэгээд дараа нь тэр надад баптисм хүртээв—үүний дараа би түүний толгой дээр гараа тавьж мөн түүнийг Аароны Санваарт томилов, мөн дараа нь тэрээр над дээр гараа тавьж мөн намайг энэ Санваарт томилов—учир нь бид ийн зарлиглуулсан болой.*

72 Энэ үйл явдлаар бидэнтэй уулзаж мөн бидэнд энэхүү санваарыг хүртээсэн уг тэнгэр элч өөрийн нэрийг Иохан хэмээн, Баптисч Иохан хэмээн Шинэ Гэрээнд нэрлэгддэг тэрхүү нэгэн хэмээн хэлж, мөн Мелкизедек Санваарын түлхүүрүүдийг атгадаг Петр, Иаков, Иохан нарын удирдлага дор ажиллаж байгаагаа, мөн цаг нь болохоор бидэнд тэрхүү Санваар хүртээгдэх болно гэж, мөн намайг Сүмийн анхны Ахлагч, мөн түүнийг (Оливер Каудери) хоёр дахь нь хэмээн дуудагдах болно гэж хэлэв. Энэхүү элчийн гар дор бид томилогдон, мөн баптисм хүртсэн нь 1829 оны тавдугаар сарын арван тавны өдөр байлаа.

73 Бид баптисм хүртээд уснаас гарч ирсэн даруйдаа Тэнгэрлэг Эцэгийнхээ агуу болон гайхамшигт адислалуудыг мэдрэв. Би Оливер Каудерид баптисм хүртээсэн тэр даруйд Ариун Сүнс түүн дээр ирж мөн тэрээр босож, удахгүй улиран тохиох ёстой олон зүйлийг бошиглов. Мөн түүнчлэн, би түүгээр баптисм дөнгөж хүртээгдмэгц, бас бошиглолын суу билигтэй болж, босож зогсоод энэ сүмийн өсөн мандалт бөгөөд Сүмтэй холбоотой бусад олон зүйлийн талаар, мөн хүмүүсийн үрсийн энэ үеийнхний талаар бошиглов. Бид Ариун Сүнсээр дүүргэгдэж мөн авралынхаа Бурханд баясав.

74 Эдүгээ бидний оюун гэгээрснээс, судрууд нь бидний ойлголтод нээгдэж эхлэн, мөн тэдгээрийн илүү нууцлаг хэсгүүдийн жинхэнэ утга болон зорилго нь бидний урьд өмнө хэзээ ч олж авч чадахааргүй байсан, өмнө нь бидний хэзээ ч бодож байгаагүй тийм байдлаар бидэнд илчлэгдсэн бөлгөө. Тэр хавьд аль хэдийн илэрхий байсан хавчлагат хандлагын улмаас, бид санваар хүлээж авсан мөн баптисм хүртсэн нөхцөл байдлаа тэр үед нууц байлгахаас аргагүйд хүрсэн юм.

75 Танхайрагч бүлгүүд, мөн үүнчлэн сүсэг бишрэлийг тунхаглагчид ч бидэн рүү дайрахаар үе үе заналхийлж байлаа. Мөн бидэнд халдан дайрах тэдний санаархал гагцхүү миний эхнэрийн эцгийн гэр бүлийнхний нөлөөгөөр (Тэнгэрлэг халамжийн дор) л саатуулагдаж байв, түүний гэр бүл надад нэн нөхөрсөг болж, мөн дур зоргоороо авирлагчдын эсрэг байж, бас орчуулгын ажлыг тасалдуулалгүй үргэлжлүүлэх боломжийг надад өгөхөд бэлэн байв, тиймийн тул, боломжийнхоо хэрээр бүхий л хууль бус үйлдлүүдээс биднийг хамгаалахыг санал болгож мөн амласан юм.

  • Оливер Каудери эдгээр үйл явдлыг ийн дүрсэлжээ: “Энэ өдрүүд хэзээ ч мартагдах аргагүй юм—тэнгэрийн сүнслэг удирдамжийг давтан өгүүлэх дуу хоолойн дуун дор сууж, энэ зүрх сэтгэлийн туйлын баяр талархлыг мэдэрсэн билээ! Урим ба Туммимаар, эсвээс ‘хөрвүүлэгчид’ хэмээн нифайчууд хэлдэг байсан түүгээр, ‘Мормоны Ном’ гэж нэрлэгдсэн тэрхүү түүх буюу цэдгийг тэрээр орчуулж байхад нь би түүний хэлснийг тасалдалгүйгээр өдрөөс өдөрт бичиж байлаа.

    “Мормон болон түүний үнэнч хүү Моронайн өгүүлсэн, нэгэн цагт тэнгэрийн хайр, ивээлд байсан хүмүүсийн тухай сонирхолтой шастирыг цөөн үгээр дурдах нь төлөвлөж байснаас минь илүү билээ; тиймийн тул би үүнийг хожмын цаг хүртэл хойшлуулъя, мөн би оршилд өгүүлсэнчлэн, энэ Сүмийн өсөлт хөгжилттэй шууд холбоо бүхий зарим нэг үйл явдлууд руу шууд оръё, энэ нь ялгаварлан үзэгчдийн дургүйцэл болон хоёр нүүртнүүдийн гүтгэлгийн дунд Христийн Сайн мэдээг тэврэн авсан хэдэн мянган хүмүүсийн саналд нийцэм байж болох юм.

    “Мөн ялангуяа хүмүүсийн дундах ялзрал нь бүхий л хэлбэрүүд болон тогтолцоо даяар тодорхойгүй байдлыг бий болгосон үед Өөрийн сүмийг өсгөн бэхжүүлэх нарийн тодорхой арга маягийн талаар Аврагчийн амнаас нифайчуудад өгсөн удирдамжуудыг өөрийн эрүүл саруул ухаанаар орчуулж мөн бичсэн ямар ч хүнд, ‘Есүс Христийн амилалтаар ирдэг сайн ухамсраар’ зөвтгөхийн тулд, усан булшинд оршуулагдсанаараа зүрх сэтгэлийнхээ хүслийг үзүүлэх онцгой хүсэл төрөхгүй байна гэж үгүй бөлгөө.

    “Энэ тив дээр Иаковын үр удмын үлдэгдэлд хийсэн Аврагчийн тохинууллын шастирыг бичсэний дараа, бошиглогчийн хэлсэнчлэн, дэлхийг харанхуй бүрхэж мөн түнэр харанхуй нь хүмүүсийн оюуныг бүрхсэн байсныг харахад төвөггүй байв. Цааш тунгааж үзэхэд, шашны талаарх агуу тэмцэл болон шуугианы дунд, Сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг Бурханаас хүлээж авсан хүн байхгүй байсныг харахад амархан байлаа. Учир нь дэлхийн бүхий л үеүдэд, түүний гэрчлэл нь бошиглолын суу билиг адил бөгөөд Тэрбээр дэлхий дээр хүмүүстэй байгаа үед Түүний шашин, тэр даруйд ирэх илчлэлүүд дээр үндэслэгдэн төлөвшиж мөн дэмжигддэг байсан болохоор, тэгвэл Христийн нэрийг хэрэглэх эрх мэдэл нь илчлэлүүдийг үгүйсгэдэг хүмүүст байж болдог уу гэдэг асуулт тавигдаж болох юм. Хэрэв энэ баримтууд, нэгэнтээ хүмүүсийн нүүрэн дээр гэрэлтүүлбэл мэргэжил нь аюулд хүрж болох хүмүүсээр нуугдан мөн хичээнгүйлэн далдлагдсан байсан аваас, тэдгээр нь цаашид бидэнд далдлагдсан биш байна; мөн ‘Босож мөн баптисм хүрт’ хэмээх зарлиг өгөгдөхийг л зөвхөн бид хүлээж байв.

    “Үүнийг хүлээн автлаа удаан хугацаагаар хүсээгүй билээ. Нигүүлслээр баян, даруу хүмүүсийн байнгын залбиралд хариулахад ямагт бэлэн Их Эзэн, Түүнийг бид хүмүүсийн гэр орноос хол зайд, чин сэтгэлээсээ дуудсаны дараа, Өөрийнхөө тааллыг бидэнд илчлэхээр бууж ирсэн билээ. Гэнэт, мөнх оршихуйн гүнээс Аврагчийн дуу хоолой бидэнд амар амгаланг ярьж байхад, гивлүүр хуваагдан мөн сүр жавхлангаар хувцасласан Бурханы тэнгэр элч доош бууж ирэн, хүсэн хүлээж байсан захиасуудыг болон наманчлалын Сайн мэдээний түлхүүрүүдийг хүргэн ирэв. Ямар баяр хөөртэй! Ямар гайхамшигтай! Ямар гайхалтай вэ! Энэ дэлхийнхэн тарчилж мөн самуурч—сая сая хүн сохор мэт хананд хүрэхээр тэмтэрч байхад, мөн бүх хүн олноороо тодорхой бус зүйлд найдаж байхад, бидний нүд болгоож, бидний чих сонссон билээ, цэлмэг өдрийн гэрэл адил, тийм ээ, үүнээс илүүгээр—тэр үед цацрах гэрэл нь байгалийн гадаргуу дээгүүр гялалзан байсан тавдугаар сарын нарны туяанаас ч хурц гялалзаж байв! Тэгээд түүний дуу хоолой, намуухан хэдий ч биеийн төвд нэвтрэн, “би чамтай хамтран үйлчлэгч” хэмээх түүний үг бүх айдсыг үргээв. Бид сонсож, бид цоо ширтэн харж, бид биширцгээв! Энэ бол хаант улсаас ирсэн тэнгэр элчийн дуу хоолой байлаа, энэ бол Бүхний Дээдээс ирсэн захиас байлаа! Мөн бид сонсоод баяр хөөртэй байв, Түүний хайр бидний сүнсэнд дүрэлзэж мөн бид Бүхнийг Чадагчийн үзэгдэлд бүрхэгдсэн байв! Эргэлзэх зай тэнд байсан уу? Хаана ч байгаагүй; тодорхой бус байдал зугтан одов, эргэлзээ хэзээ ч босож ирэхгүйгээр живэв, худал зүйл болон хууран мэхлэх явдал үүрд зугтан одов!

    “Гэвч, хайрт анд минь, хормын төдий ч атугай цааш нь бодоод үз дээ, биднийг түүний гар дор Ариун санваар хүлээн авахад тэрээр, ‘Надтай хамтран үйлчлэгч та хоёрт би Мессиагийн нэрээр энэ Санваар болон энэ эрх мэдлийг хүртээж байна, энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөж болохын тулд дэлхий дээр үлдэх болно’ хэмээн түүнийг хэлэхэд бидний зүрх сэтгэл ямархуу баяр баяслаар дүүрснийг, мөн ямархуу гайхширалтайгаар бид сөхөрснийг (учир нь хэн ийм адислалд өвдөг сөхрөхгүй байх билээ?) бодоод үз дээ!

    “Зүрх сэтгэлийн энэхүү мэдрэмжийг, бас уг үйл явдлын үеэр биднийг хүрээлсэн сүр жавхлант гоо үзэсгэлэн болон алдар сууг би та нарт дүрслэхийг хичээхгүй; харин дэлхий ч, хүмүүс ч, уран гоёор илэрхийлэх цаг үеийн туршид хуримтлуулсан туршлагаараа, энэ ариун хүн шиг тийм сонирхолтой бас урам хайрласан, сэтгэл догдлом байдлаар хэлийг илэрхийлж үл чадна хэмээн намайг хэлэхэд та нар итгэнэ. Үгүй; энэ дэлхий Ариун Сүнсний хүчээр хэлэгдсэн өгүүлбэр бүрд агуулагдсан баяр хөөрийг нь өгөх, амар амгаланг нь бэлэглэх хүчгүй, мэргэн ухааныг нь ойлгох хүчгүй бөлгөө! Хүн өөрийн анд хүмүүсийг мэхэлж болно, нэг мэхлэлт нөгөөгөө дагалдаж болно, тэрчлэн ёс бус нэгний хүүхдүүд мунхаг болон боловсролгүй тэднийг уруу татаж болно, худал хуурмагаас өөр юу ч олон түмнийг дэмжин тэтгэхгүй болтол нь, түүнчлэн худал хуурмагийн үр жимс бодолгүй гэнэн нэгнийг өөрийн урсгалаар булш руу тээж аваачих хүртэл нь буюу; харин түүний хайрын хуруу ганц удаа хүрэх нь, тийм ээ, дээд дэлхийгээс ирэх сүр жавхлангийн ганц туяа, эсвээс Аврагчийн амнаас, орчлон ертөнцийн дундаас ирэх ганц үг нь энэ бүгдийг хэрэггүй болгож, үүнийг оюунаас үүрд зайлуулдаг бөлгөө. Бид тэнгэр элчийн дэргэд байсан тухай баттай мэдлэг, Есүс Христийн дуу хоолойг сонссон тодорхой байдал, түүнчлэн Бурханы хүсэл зоригийн дагуу ариун хүнээс цутган гарах толботоогүй үнэн нь миний хувьд дүрслэхийн аргагүй, мөн би амьд байхаар зөвшөөрөгдсөн байгаа цагтаа Аврагчийн сайн сайхны энэхүү илэрхийллийг гайхширал болон баяр талархалтайгаар цаг ямагт харах болно; түүнчлэн төгс байдал оршдог мөн нүгэл хэзээ ч ордоггүй тэрхүү харшуудад, хэзээ ч төгсөх нь үгүй тэрхүү өдөр шүтэн бишрэхэд би найднам.”—Messenger and Advocate, боть 1 (1834 оны аравдугаар сар), х. 14–16.

Хэвлэх