Судрууд
Иосеф Смит—Матай 1


Иосеф Смит—Матай

1831 онд бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн Библийн орчуулгаас авсан хэсэг оршвой: Матай 23:39 ба бүлэг 24.

Бүлэг 1

Иерусалимын ойртож буй устгалыг Есүс угтан хэлэв—Тэрбээр түүнчлэн Хүний Хүүгийн Хоёр дахь Ирэлт, мөн ёс бусыг үйлдэгчдийн устгалын тухай өгүүлэв.

1 Учир нь би та нарт хэлж байна, энэ цагаас хойш та нар намайг харахгүй, мөн бошиглогчдоор тухайлан бичигдсэн тэр нь бибээр билээ гэдгийг мэдэх нь үгүй, та нар: Их Эзэний нэрээр тэнгэрийн үүлэн дунд ирэх тэрбээр мөн түүнтэй хамт байх бүх ариун тэнгэр элч адислагдсан болой хэмээн хэлэх хүртлээ буюу. Тэгэхэд шавь нар нь түүнийг Бурханы баруун гар талд алдаршиж мөн титэм хүртсэний дараа тэрээр дэлхийд дахин ирэхийг ойлгосон болой.

2 Мөн Есүс гарч, мөн ариун сүмээс гарч явав; мөн шавь нар нь түүнийг сонсохын тулд, түүн рүү хүрч очин, хэлсэн нь: Эзэн, тэдгээр нь нураагдаж мөн та нарт эзгүйрч үлдэх болно хэмээн та өөрийн хэлсэн ариун сүмийн барилгуудын талаар бидэнд үзүүлнэ үү.

3 Мөн Есүс тэдэнд хэлэв: Та нар эдгээр бүх зүйлийг харахгүй байна уу? Мөн та нар тэдгээрийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр би та нарт хэлнэ, энэ ариун сүм дээр, нэг чулуу нөгөө дээрээ үлдэхгүйгээр нураагдах болно.

4 Мөн Есүс тэднийг орхиж, мөн Чидуны Уулан дээр гарав. Мөн түүнийг Чидуны Уулан дээр сууж байхад, шавь нар нь түүн дээр ганцаарчлан хүрч ирцгээн: Ариун сүмийн, мөн иудейчүүдийн устгалын талаар таны айлдсан эдгээр зүйл хэзээ тохиохыг бидэнд хэлнэ үү; мөн таны ирэлтийн, мөн дэлхийн төгсгөлийн, эсвээс дэлхийн төгсгөл болох ёс бусыг үйлдэгчдийн устгалын тэмдэг нь юу вэ? хэмээн асуув.

5 Мөн Есүс хариулж, мөн тэдэнд хэлэв: Хүмүүн та нарыг мэхлэхгүйн тулд сэрэмжтэй байгтун;

6 Учир нь, олон нь миний нэрээр ирэн, би Христ байна хэмээн хэлж, мөн олныг мэхлэх болно;

7 Тэгээд тэд та нарыг зовоохоор баривчилж, мөн та нарыг алах болно, мөн та нар, миний нэрийн улмаас бүх үндэстнээр үзэн ядагдах болно;

8 Мөн тэгээд олон нь итгэлээ алдах болно, мөн нэг нь нөгөөгөөсөө урвах болно, мөн нэг нь нөгөөгөө үзэн ядах болно;

9 Мөн олон хуурамч бошиглогч гарч ирэх болно, мөн олныг мэхлэх болно;

10 Мөн алдас газар авсны улмаас, олны хайр хөрөх болно;

11 Гэвч тууштай хэвээр үлдэх мөн дийлэгдэхгүй тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.

12 Тиймийн тул, та нар Иерусалимын устгалын талаар бошиглогч Даниелаар хэлэгдсэн, эзгүйрэлд хүргэх жигшүүрийг үзэх үед, тэгэхэд та нар ариун газарт зогсох ёстой; уншдаг хэн боловч тэрээр ойлгог.

13 Тэгэхэд Иудеад байгаа тэд уулс руу зугтаг;

14 Дээвэр дээр байгаа тэрбээр зугтаг, гэрээсээ юу ч авахаар буцаж бүү ирэг;

15 Мөн талбай дээр байх тэрбээр хувцсаа авахаар буцаж бүү ирэг;

16 Тэр өдрүүдэд хөл хүндтэй байх тэдэнд, мөн хүүхдээ хөхүүлэх тэдэнд халаг;

17 Тиймийн тул, та нарын зугтах нь өвлөөр байхгүйн тулд, Хүндэтгэлийн өдөр байхгүйн тулд та нар Их Эзэнд залбирагтун;

18 Учир нь тэгэхэд, тэр өдрүүдэд, тэдний хаант улсын эхлэлээс энэ цагийг хүртэл урьд нь Израил дээр Бурханаас илгээгдэж байгаагүй, мөн Израил дээр дахин хэзээ ч илгээгдэх нь үгүй тийм агуу гай зовлон иудейчүүд дээр, мөн Иерусалимын оршин суугчид дээр тохиох болно.

19 Тэдэнд тохиосон бүх зүйл нь тэдэн дээр ирэх тэрхүү зовлонгуудын зөвхөн эхлэл нь бөлгөө.

20 Мөн тэр өдрүүд богиносгогдохоос бусдаар, тэдний маханбодоос нэг нь ч аврагдах нь үгүй, гэвч гэрээний дагуу, сонгомол хүмүүсийн төлөө тэр өдрүүд богиносгогдох болно.

21 Болгоогтун, би та нарт иудейчүүдийн талаар эдгээр зүйлийг ярилаа; мөн түүнчлэн, Иерусалим дээр тохиох тэр өдрүүдийн тэрхүү гай зовлонгийн дараа, хэрэв хэн нэгэн нь, Харагтун, энд эсвээс тэнд Христ байна хэмээн хэлэх аваас, түүнд бүү итгэ;

22 Учир нь тэр өдрүүдэд түүнчлэн хуурамч Христүүд, мөн хуурамч бошиглогчид гарч ирэх болно, мөн агуу тэмдгүүд болон гайхалтай зүйлсийг үзүүлэх болно, үүний хэрээр, хэрэв боломжтой бол, гэрээний дагуу сонгогдсон тэд байх сонгомол хүмүүсийг мэхлэх болно.

23 Болгоогтун, сонгомол хүмүүсийн төлөө би эдгээр зүйлийг та нарт ярилаа; мөн та нар тэрчлэн дайнуудын тухай, бас дайны цуурхлуудыг сонсох болно; та нар түгшихгүй байхаа мэдэгтүн, учир нь миний та нарт ярьсан бүхэн тохиох ёстой; гэвч төгсгөл хараахан болоогүй байна.

24 Болгоогтун, би та нарт өмнө нь ярьсан билээ;

25 Иймийн тул, хэрэв тэд та нарт: Болгоогтун, тэрээр цөлд байна хэмээн хэлэх аваас; урагш бүү явагтун; болгоогтун, тэрээр нууц өрөөнд байна гэвэл; үүнд бүү итгэ;

26 Учир нь өглөөний гэрэл дорно зүгээс мандаж мөн өрнөд зүгийг хүртэл гэрлээ цацруулж, мөн бүх дэлхийг бүрхдэг адил, тийн Хүний Хүүгийн ирэлт нь үүнчлэн байх бөлгөө.

27 Мөн эдүгээ би нэг сургаалт зүйрлэлийг та нарт өгүүлье. Болгоогтун, хүүр нь хаана байна, бүргэдүүд тэнд хамтдаа цугларах болно; яг үүнчлэн миний сонгомол хүмүүс дэлхийн дөрвөн зүгээс цугларах болно.

28 Мөн тэд дайнуудын тухай, мөн дайны цуурхлуудын тухай сонсох болно.

29 Болгоогтун бибээр өөрийн сонгомол хүмүүсийн төлөө ярьж байна; учир нь үндэстэн үндэстний эсрэг, мөн хаант улс хаант улсын эсрэг босох болно; янз бүрийн газарт өлсгөлөн, өвчин тахал, бас газар хөдлөлт байх болно.

30 Мөн түүнчлэн, алдас газар авсны улмаас, хүмүүсийн хайр хөрөх болно; гэвч үл дийлэгдэх тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно.

31 Мөн түүнчлэн, бүх үндэстэнд гэрч байхын тулд Хаант улсын энэхүү Сайн Мэдээ бүх дэлхийд номлогдох болно, мөн тэгээд төгсгөл, өөрөөр хэлбэл ёс бусыг үйлдэгчдийн устгал ирэх болно;

32 Мөн дахин, бошиглогч Даниелаар яригдсан, эзгүйрэлд хүргэх жигшүүрт хэрэг гүйцэлдэх болно.

33 Мөн тэр өдрүүдийн гай зовлонгийн яг дараахан нь нар харанхуйлж, мөн сар гэрлээ өгөхөө больж, мөн одод тэнгэрээс унаж, мөн тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.

34 Үнэнээр, би та нарт хэлж байна, эдгээр зүйл үзүүлэгдэх энэ үе нь, та нарт миний ярьсан бүхэн гүйцэлдэх хүртэл улиран одох нь үгүй бөлгөө.

35 Хэдийгээр тэнгэр болон дэлхий улиран одох тэрхүү өдрүүд ирэх хэдий ч, миний үгс улиран одох нь үгүй, харин бүх зүйл гүйцэлдэх болно.

36 Мөн, би өмнө хэлсэнчлэн, тэр өдрүүдийн гай зовлонгийн дараа, мөн тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэний дараа, тэгэхэд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт гарч ирэх болно, тэгэхэд дэлхийн бүх овог гашуудах болно, мөн хүч чадал болон агуу сүр жавхлантайгаар тэнгэрийн үүлэн дунд ирж буй Хүний Хүүг тэд харах болно;

37 Мөн миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй, учир нь Хүний Хүү ирэх болно, мөн тэрбээр бүрээгээ агуугаар дуугарган тэнгэр элч нараа өөрийнхөө өмнө илгээх болно, мөн тэд түүний сонгомол хүмүүсийн үлдсэнийг нь дөрвөн зүгээс, тэнгэрийн нэгээс нөгөө хязгаарыг хүртэл хамтад нь цуглуулах болно.

38 Эдүгээ инжир модны тухай сургаалт зүйрлэлийг мэдэж авагтун—Мөчрүүд нь нялх хэвээр байхад, мөн энэ нь нахиалж эхлэхэд, зун ойртож буйг та нар мэддэг билээ;

39 Яг үүнчлэн, миний сонгомол хүмүүс эдгээр бүх зүйлийг хараад, тэрбээр ойрхон буйг, бүр хаалган дээр байгааг тэд мэдэх болно;

40 Гэвч тэр өдрийн, мөн цагийн тухай хэн ч мэдэхгүй; тэнгэр дэх Бурханы тэнгэр элч нар ч мэдэхгүй, гагцхүү Эцэгээс минь өөр хэн ч мэдэхгүй бөлгөө.

41 Гэвч Ноагийн өдрүүдэд энэ нь байсанчлан, мөн энэ нь Хүний Хүүгийн ирэлтэд тэрчлэн байх болно;

42 Учир нь үерийн өмнө байсан тэр өдрүүдэд байсны адилаар энэ нь тэдэнд байх болно; учир нь Ноа хөвөгч авдарт орсон тэрхүү өдрийг хүртэл тэд идэж, ууж, хуримлаж мөн хадамд гаргаж байсан бөлгөө;

43 Мөн үер ирж мөн тэднийг бүгдийг нь урсган одох хүртэл мэдсэн нь үгүй; Хүний Хүүгийн ирэлт бас үүнчлэн байх болно.

44 Эцсийн өдрүүдэд, талбайд байх хоёроос нэг нь аваачигдан, мөн нөгөөх нь үлдэх болно хэмээн бичигдсэн тэрхүү зүйл тэр үед гүйцэлдэх болно;

45 Тээрэм эргүүлж байх хоёрын нэг нь аваачигдан, мөн нөгөөх нь үлдэх болно;

46 Мөн би нэгд хэлснийгээ бүх хүнд хэлнэ; тиймийн тул, сэрэмжтэй байгтун, учир нь Их Эзэн чинь ямар цагт ирэхийг та нар мэдэх нь үгүй.

47 Гэвч үүнийг мэд, хэрэв гэрийн сайн эзэн ямар цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол, тэрээр сэрэмжилж, мөн гэр оронд нь хулгай орохыг зөвшөөрөхгүй, харин бэлэн байх байсан буюу.

48 Тиймийн тул, та нар үүнчлэн бэлэн байгтун, учир нь Хүний Хүү та нарын бодоогүй тийм цагт ирнэ.

49 Тэгвэл, үнэнч бас ухаалаг зарц нь, эзэн нь гэрийнхээ захирагч болгосон тэр нь, зохих цагт нь тэдэнд хоол өгөхөөр томилогдсон тэр нь хэн билээ?

50 Эзэн нь ирэх үед, үүнчлэн үйлдэж байх тэрхүү зарц адислагдсан болой; мөн би үнэнээр та нарт хэлж байна, тэрбээр түүнийг бүх эд хогшлынхоо захирагч болгоно.

51 Харин хэрэв хилэнцэт зарц зүрх сэтгэлдээ: Эзэн минь ирэлтээ хойшлуулж байна хэмээн хэлж,

52 Мөн бусад зарцыг цохих аваас, мөн согтуучуудтай хамт идэж, мөн ууж эхлэх аваас,

53 Тэрхүү зарцын эзэн өөрийг нь тэрээр хүлээж байгаагүй тэр өдөр, мөн түүний сэрэмжгүй байсан тэр цагт ирэх болно,

54 Мөн түүнийг тасар цавчин, мөн хоёр нүүр гаргагчдын хамт түүнд хувийг нь хүртээх болно, тэгээд уйлж мөн шүдээ хавирах нь байх болно.

55 Мөн тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно хэмээн хэлсэн Мосегийн бошиглолын дагуу, ийнхүү ёс бусыг үйлдэгчдийн төгсгөл ирнэ; гэвч дэлхийн төгсгөл хараахан болоогүй, гэхдээ ойрхон мөн удахгүй ирнэ.