Судрууд
Мосе 4


Бүлэг 4

(1830 оны зургаадугаар сараас аравдугаар сар)

Сатан хэрхэн чөтгөр болсон нь—Тэр Еваг уруу татав—Адам, Ева хоёр унав, мөн үхэл дэлхийд ирэв.

1 Мөн Их Эзэн Бурхан бибээр Мосед ярьж, хэлэв: Миний Төрсөн Ганцын нэрээр чиний зарлигласан тэр Сатан, мөн эхлэлээс байсаар ирсэн тэр нэгэн, мөн тэрээр миний өмнө ирж,—Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль алдагдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, мөн үүнийг би гарцаагүй хийх болно; иймийн тул та өөрийн алдар хүндийг надад өгөгтүн хэмээв.

2 Харин, болгоогтун, миний Хайрт мөн эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү минь надад—Аав аа, таны таалал хэрэгжих болтугай, мөн алдар суу нь үүрд таных байх болтугай хэмээн хэлэв.

3 Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гарган мөн Их Эзэн, Бурхан миний хүмүүнд өгсөн сонгох эрхийг устгахаар эрэлхийлэн мөн тэрчлэн би өөрийн хүчийг түүнд өгөх ёстой гэсний учир би Төрсөн Ганцынхаа хүчээр түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө;

4 Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, бүх худал хуурмагийн эцэг болж, хүмүүсийг мэхлэн мөн харалган болгохоор, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл анхаарах болгоныг тааллаараа олзлон дагуулах хөтлөгч болсон билээ.

5 Мөн эдүгээ Их Эзэн Бурхан миний хийсэн хээрийн ямар ч амьтнаас илүү зальтай нь хорт могой байв.

6 Мөн Сатан үүнийг хорт могойн зүрхэнд хийн (учир нь тэрээр олныг араасаа дагуулсан буюу) мөн тэрээр тэрчлэн Еваг мэхлэхийг эрэлхийлсэн ажгуу, учир нь тэрээр Бурханы оюуныг мэддэггүй байв, иймийн тул тэрээр дэлхийг устгахыг эрэлхийлсэн болой.

7 Мөн тэрээр уг эмэгтэйд хэлэв: Тийм ээ, та нар цэцэрлэгийн мод бүрээс идэж болохгүй хэмээн Бурхан хэлсэн биз дээ? (Мөн тэрээр хорт могойн амаар ярьж байв.)

8 Мөн эмэгтэй хүн хорт могойд хэлэв: Бид цэцэрлэгийн моднуудын жимснээс идэж болно;

9 Харин цэцэрлэгийн гол дунд чиний болгоож буй тэр модны жимсний талаар, Бурхан—Та нар үүнээс идэх ёсгүй, та нар үхэхгүйн тулд үүнд хүрэх ч ёсгүй хэмээн хэлсэн.

10 Мөн хорт могой эмэгтэй хүнд хэлэв: Чи гарцаагүй үхэхгүй ээ;

11 Учир нь та нар үүнээс идсэн тэр өдөр, тэгэхэд та нарын нүд нээгдэх болно, мөн сайн ба мууг мэдсэнээр та нар бурхад шиг болох болно гэдгийг Бурхан мэддэг.

12 Мөн тэгээд эмэгтэй хүн уг мод хоол болгоход сайн байсныг харахад мөн энэ нь түүний нүдэнд тааламжтай болов, мөн энэ нь түүнийг мэргэн болгох хүсүүштэй мод болохыг хараад, тэрээр үүний жимснээс авч, мөн идэв, мөн тэрчлэн нөхөртөө өгөв, мөн тэр нь идсэн ажээ.

13 Мөн тэр хоёрын нүд нээгдэж, мөн тэд нүцгэн байснаа мэдэв. Мөн тэд инжрийн навчнуудыг цуглуулан зүйж мөн өөрсдөдөө хормогч хийв.

14 Мөн тэд цэцэрлэг дундуур өдрийн сэрүүнд алхаж явахдаа Их Эзэн Бурханы дуу хоолойг сонсов; мөн Адам болон түүний эхнэр, Их Эзэн Бурханы оршихуйгаас өөрсдийгөө нуухын тулд цэцэрлэгийн моднуудын дунд оров.

15 Мөн Их Эзэн Бурхан бибээр, Адамыг дуудаж, мөн түүнд хэлэв: Чи хааччихав аа?

16 Мөн тэрээр хэлэв: Би цэцэрлэгт таны дуу хоолойг сонсоод мөн бибээр айсан буюу, учир нь өөрийгөө нүцгэн байгааг харсан, мөн би өөрийгөө нуусан бөлгөө.

17 Мөн Их Эзэн, Бурхан бибээр Адамд хэлэв: Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлэв? Чи идэх ёсгүй, хэрэв идэх аваас чи гарцаагүй үхнэ хэмээн чамд миний зарлигласан тэр модноос идсэн үү?

18 Мөн уг эрэгтэй хүн хэлэв: Таны надад өгч, мөн тэрээр надтай хамт үлдэх ёстой хэмээн зарлигласан тэр эмэгтэй, тэр уг модны жимснээс надад өгч мөн би идсэн.

19 Мөн Их Эзэн Бурхан, бибээр уг эмэгтэй хүнд хэлэв: Чи чинь юу хийчих нь энэ вэ? Мөн тэр эмэгтэй хэлэв: Хорт могой намайг мэхэлж, тэгээд би идчихсэн.

20 Мөн Их Эзэн Бурхан бибээр хорт могойд хэлэв: Чи үүнийг хийсэн учир бүх мал амьтнаас мөн хээрийн амьтан болгоноос илүүгээр зүхэгдэх болно; чи хэвлийгээрээ мөлхөж мөн амьдралынхаа бүх өдөрт тоос идэх болно;

21 Мөн эмэгтэй та хоёрын хооронд, чиний үрс болон түүний үрсийн хооронд би дайсагнал байлгах болно; мөн тэрээр чиний толгойг гэмтээх болно мөн чи түүний өсгийг гэмтээх болно.

22 Их Эзэн, Бурхан бибээр уг эмэгтэйд хэлэв: Би чиний зовлон мөн чиний жирэмслэн төрүүлэх зовиурыг үлэмж ихээр өсгөн нэмэх болно. Чи зовлонд хүүхдүүдийг төрүүлж мөн хүсэл чинь нөхөрт чинь байх болно, мөн тэрээр чамайг захирах болно.

23 Мөн Их Эзэн, Бурхан бибээр Адамд хэлэв: Чи эхнэрийнхээ дуу хоолойг анхаарч мөн чамд миний—Чи үүнээс идэх ёсгүй хэмээн хэлж, зарлигласан модны жимснээс идсэн учир, чамаас болж газар зүхэгдэх болно; мөн чи үүнээс амьдралынхаа бүх өдөр зовлонд идэх болно.

24 Өргөс тэрчлэн, мөн өргөст халгайг энэ нь чамд урагш гаргах болно, мөн чи талбайн ургамал идэх болно.

25 Чи газарт эргэж ирэх хүртлээ нүүрнийхээ хөлсөөр талхаа олж идэх болно—учир нь чи гарцаагүй үхэх болно—учир нь чи үүнээс авагдсан бөлгөө: мөн чи тоос байсан бөгөөд мөн чи тоосондоо буцаж очих болно.

26 Мөн Адам эхнэрээ Ева гэж нэрлэв, учир нь тэрээр амьд бүхний эх байв; учир нь Их Эзэн, Бурхан бибээр, олон байгаа бүх эмэгтэйгээс эхнийхийг нь ийн нэрлэв.

27 Адамд мөн тэрчлэн түүний эхнэрт Их Эзэн, Бурхан бибээр арьсан хувцас хийж, мөн тэднийг хувцаслав.

28 Мөн Их Эзэн, Бурхан бибээр, өөрийн Төрсөн Ганцад хэлэв: Болгоогтун, уг хүн сайн ба мууг мэдсэнээр бидний нэгэн болов; мөн эдүгээ тэрээр гараа урагш сунгаж мөн амьдралын модноос тэрчлэн бас хүртэж мөн үүрд амьдрахгүйн тулд,

29 Тиймийн тул, Их Эзэн, Бурхан бибээр, өөрийг нь авсан тэрхүү газрыг боловсруулахаар түүнийг Едений Цэцэрлэгээс явуулах болно;

30 Учир нь Их Эзэн, Бурхан бибээр амьдардгийн адил, үүнчлэн миний үгс хий хоосон байхгүй бөлгөө, учир нь тэдгээр нь миний амнаас гарсан тул тэдгээр нь биелэгдэх ёстой.

31 Иймээс бибээр хүнийг хөөж, мөн амьдралын модны замыг хамгаалахын тулд зүг бүрд эргэлдэгч херубим болон галт илдийг Едений Цэцэрлэгийн зүүн талд байрлуулсан бөлгөө.

32 (Мөн эдгээр нь өөрийн үйлчлэгч Мосед миний ярьсан үгс болой, мөн тэдгээр нь миний тааллын дагуу үнэн бөлгөө, мөн тэдгээрийг би чамд ярилаа. Намайг зарлиглах хүртэл, итгэдэг тэднээс гадуур, тэдгээрийг чи хүмүүнд үл үзүүлэхийг мэдэгтүн. Амен.)